АЯЛЛЫН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
Энэ жилийн аяллын чиглэлд өөрчлөлт орсон бөгөөд Гүнжийн сүмийн зүүн талд байрлах уулын бага шиг ам хүртэл яваад отоглоно. Барагцаалбал очих газраас 2 км орчим зайтай.
4 сар 29 өдөр, Бямба гариг
Тэрэлж суурин дээр цуглан өглөө 10.00 цагт аялал эхлэнэ. Баруун Баянгийн голын хөндий өгсөн голоо хоёр удаа гарамаар туулж гаран, Хөх Чулуутын голыг гатлан уулын ам руу өгсөн гүдэн давж уулын бага шиг амны энгэрт тохиромжтой газар отоглоно. Аяллын замд олон удаа гол ус гарах, шавар ус бүхий саад бартаа элбэг ажгуу.
4 сар 30 өдөр, Ням гариг
Өглөө 8.00 цагт хөдлөн Гүнжийн сүмний туурь хүрээд, ирсэн замаараа буцаж Тэрэлж суурин хүрч аялал дуусна. Гишүүд хоногийн аяллын үндсэн бэлтгэл болох майхан, унтлагын хөнжил, гудас, тогоо тулга, хоёр өдрийн хоол, хүнс, ус базааж явах шаардлагатай. Хаврын улирлын хуурайшил эхэлсэн тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж аялана.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ТАНИЛ БОЛОВЧ ТАНИАГҮЙ ОРЧИН ХЭМЭЭХ ОРШИЛ
Хотоос буйдхан орших энэ газар руу яагаад хүмүүс яваад байдаг, мандан бадарч, доройтон буурах асан түүхийн ул мөр аажмаар арилан байгалийн хүчний өмнө аргагүй хүчин мөхөсддөг жамын харах гэж, эсвэл тордож арчилахгүй байвал хүний гараар бүтсэн ямар ч гайхамшигт байгууламж ийнхүү үрэгдэж дарагдаж мөхдөг сургамжийг анзаарах гэсэн юм болов уу гэх олон салаа бодлын үзүүрийг мухарлах гэж оролдох нь танин мэдэхүйн балар шугуйд аялах дуртай хүний өвөрмөгц нэгэн араншин гэлтэй. Групп жил бүрийн 4-р сарын сүүлийн долоо хоногийн амралтын хоёр өдөр энд аялсаар 7 жил болжээ. Дэндүү танил мэт боловч бас огт таниж мэдэлгүй өнгөц бодсон анд мэт тайлагдашгүй олон нууц агуулсан байгалийн бүтээл энд цогцолсон болохоор жил болгон өөртөө шинэ нээлт хийж гайхан биширдэг билээ.
Урьд жилийн аяллууд явагдсан сонгодог зам нь Хөх чулуутын голын доод хөндий рүү огт хавьтдаггүй байсныг "нээлээ". Дээд хэсгээр нь бол Гүнжийн сүм рүү явахдаа их туучиж байсансан. Гялалзахын гол гэдэг нэртэй мөсөн баринтаг нь 7-р сард ч хадан энгэр бүхий багахан хавцалын ёроолд цайран харагддаг хүйтэн голын хойд дэнж дээр бид отоглодог байсан. Энэ голыг "анх"-аасаа Хөх чулуутын гол гэж эндүүрэн бодож, урьдын аяллын тэмдэглэлд огт буруугаар нэрлэн, бичиж байжээ. Аливаа түүхийн бичиглэл ингэж ташаа бичигдэх явдал байдаг бололтой. Газар усны нэрийг ийнхүү ташаарах нь хойшид аялах шинэ залуу үеийг "төөрөлдүүлэх" гэмтэй.
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
УШТГ Э.УУГАНБАЯР
Их том хариуцлага хүлээсэн (энэ удаагийн аяллын дугуй ачих хариуцлагатай үүрэг ирсэн) хүн чинь их унтаж болохгүй (орой ажлаа тарж ирээд шөнө хугасалтал аяллын бэлтгэлээ базаасаар), бас бага унтаж болохгүй (ядраад ачаатай дугуйгаа жийж хүчрэхээ байчихана) ямар ч атугай өглөө 6 цагт гозойн босож 8 цагт офицерийн урд дахь CU-гийн үүдэнд бэлэн байх ёстойгоо умартан 7 цаг хүртэл нам унтаад замаараа улаан тэмдэгт гишүүнээ Хангай хотхоноос ачиж аваад давхиж хүрвэл аль хэдийн админ өөр нэг эртэч гишүүн нар ирсэн кофедож байлаа.
Эхний таталт суваргатай овоо хүртэл салхи араас зөөлөн дэмнэж ачаатай дугуй (миний хувьд хоосон дугуйтай явахаар нэг л урагшилж өгөхгүй, хойш татаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм, энэ сэтгэлзүйтэй л холбоотой байх гэж боддог оо) намбалзан зөөлөн урагшилсаар нэг мэдэхнээ ирлээ. Эндээс хөдөлж ахин нэг хөндийг туулсанаар алсын өгсүүрийн чиг юмандаа орж байгаа нь тэр ээ. Самбуу гуайтай аялал энэ тэр ярьж явж байж яг явах замаараа биш арай тойруугаар эргэх гэснээ болиод шууд чиг хатган дээш аахилсаар жийх замд Сүхбат бичлэг хийгээд зогсож, мөн ерөнхий админ жийж ирэхтэй яг таарав. Салхи уулсын сугыг зөөлнөөр эргэн баруун хойноос, хойноос эсхүл баруун урдаас чиггүй илбэж байлаа.
Эндээс дараагийн таталт Баруун Баянгийн голын эхний гарам тул голоо дээш өгссөөр байлаа. Салхи бас араас биш өөдөөс эргэж доогтой нь аргагүй үлээсээр, бид ч хамаг байдгаар бөхийн урагш зүтгэсээр... Энэ зуур харин манай мототой гишүүн түрүүлж явж замын байрлал, гармын аюулгүй байдлыг хангаж хаагуур явахыг зөвлөж байв.Эхний гарамд ирж зарим нь дайрч, зарим нь түрж гараад голын эргийн хэсэг модтой тохойд хүрээлэн сууцгааж өдрийн ундаа ууцгаалаа. Хийсэн хоолоо барахгүй байсан тул бусад найзууддаа өгч идүүлж дууссанаар цааш явсаар дараагийн гармыг мөн гаталж бараад дээш явсаар байлаа. Салхи өөдөөс, өгсүүр өөдөөс энэ ер нь замын тэг дунд нь явж байгаа нь илт л дээ, гэхдээ нэг л тамир дуусаад хөл урагшлахдаа их л залхуутай удааширсан санагдаж байлаа.
Энэ жилийн сонгосон зам шууд Гүнжийн сүм төдөн км гэдгээр бус Зуугийн рашаан төд гэсэн хойд чигийг заасан замаар өгссөөр (энэ зам үргэлжилсэн шавар багатай, хэсэг хэсэг судагт л багахан шавартай, тун боломжийн) нутгийн айлын үүдээр гарч багашаархан өгсөөд хуучин хаваржааны урдтай байгалийн үзэмж төгсөрсөн (тойроод үзэсгэлэнт хэлбэр дүрс бүхий хадтай) энгэр ээвэр газар хоноглохоор их үд нэлээд бүр нэлээд өнгөрсөн хойно энд ирэв. Ачаа сэлтээ орхиж энэ өдөртөө багтаан зорьсон Гүнжийн сүмээ үзэхээр өмнө нь явж байгаагүй шинэ газраар өгсөж уруудаж очиход 3 орчим км л зам туулав. Газрын байдал уруу ер нь байхгүй уруу юм шиг харагддаг, санагддаг өгсүүрүүдтэй их шавартын хойд жижиг горхийг туулан чүд чүд баруун тийш яваад гол замтайгаа нийлэн ахиад жаахан өгссөнөөр сүмийн барилгын үүдэн хэсгийн суваргын цайвар хана харагдаж эхэлнэ (горхио гараад шигүү ургасан ой дундуурх жимтэй). Ирж байх замд Баруун Баянгийн голын эхний гармын орчимд цайлж суухад хажуугаар хойш чиглэж одсон машинтай хүмүүс ирээгүй юм уу ирчихдээ явчихсан юм уу бүү мэд байхгүй байсан, мөн арав гаруй морьтой гэдэс нь өвдчихөөгүй байгаа даа гэмээр амитас гэлдүүрлэн явж асан нөхөд ч ирээгүй, харин гурав дөрвөн мотоциклтой хүмүүс сүмийн хашааны үүдэнд цайлж сууж байлаа.Хавар болоод ч тэр үү, нар их халахгүй, тогтнуун салхитай, уулсын мөс цас хайлж амжаагүй байдаг тул гол горхины хэмжээ бага зарим эргээрээ мөсөн хөшигтэйгөө байдаг нь сайшаалтай. Гол анхаарууштай нь ил гал түлж болохгүй, нэг оч үсрээд л тэр сайхан хөндий талыг байхгүй болгож зэвхий хар өнгө, үхмэл ертөнцөд аваачих гай нь их тул тун болгоомжтой байх хэрэгтэй шүү. Гүнжийн сүмийн талаарх илүү дэлгэрэнгүй, шинжлэх ухааны чанартай мэдээллийг Ц. Дамдинсүрэнгийн “Гүнжийн сүм” аян замын тэмдэглэл номыг уншаарай гэж зөвлөе. Цахимаар татаж аваад унших холбоос: https://e-nom.mn/book?bid=MjA1OA==enomMjA1OA==
Маргааш дулаарна, дулаахан байх юм байна, тэгсэн гэсэн яриа хөвөрч, майхнаа хүрээ үүсгэн дугуйруулан барьж, нөхөд үүд үүдэндээ болжмор аятай сууцгааж оройн ундаа хийж сууна (айл айлын хоолноос амсаж, амтат шорлогноос идэж цадаж авав). Хооллож дууссаны дараа шорлогийн зуухаа хүрээн дундаа аваачиж түүнээ тойрон сууцгааж төрсөн өдрийн эзэндээ баярын дуу дуулж, өдрийн сонин сайхан, адал явдлаа ярилцсаар цаг оройтсон тул унтацгаалаа. Маргаашийн зам өгсүүр үгүй, байсан ч байхгүй гэсэн үг. Бөөнөөрөө явахын давуу тал юу гээч, юу ч бодох шаардлагагүй, зүгээр л урагшаа л явж байвал болдог юм даа кк.
Өглөө хүмүүс эрт босоцгоож байгаа бололтой дүнгэр дүнгэр хийцгээнэ, шөнө нэлээд даарсныг хэлэх үү, өнөө майхнаар нарны гэрэл ч байхгүй нь тиймдүү ч зуны аагим халуунд гоё байж магадгүй л юм (нар шараад байхгүй), өмнөх улаан майхан байсан бол нар гялбууланхан сэрээдэг шүү дээ, намайг. Жаахан хөрвөөж байгаад өндийтөл манайхан ихэнх нь дээшилчихсэн өглөөний умдаанаа угсарсан харагдана. Ер нь ганц нэгхэн хүн л даарсан гэж “үнэн” ээ хэлснээс бусад нь даараагүй юм байлгүй, дуугай л байцгаана билээ. Майхан саваа хурааж ачаалаад, гинжиндээ нус (тос) нааж аваад хөдөлцгөөлөө, Ганбаяр түрүүлэн давхиж айлын нохойг хориулсан харагдсан, хажуугаар нь аажуу талбиу өнгөрч голоо даган уруудсаар эхний таталт эхний их гарам, дараагийн таталт суварга байлаа. Ноднин, уржинанг бодвол салхи баруунаас бага зэрэг, ер нь хажуунаас илж байсан л даа. Энэ удаа ядарч амжилгүй Тэрэлж голын зүүн их салаанд ирж өдрийн цайгаа ууцгаалаа. Отогоос энэ салаа хүртэл 3 цаг гаранхан хугацааг туулжээ.
Энд нэг яриа гарлаа, энэ яриа хотод ирээд, бүр даамжирч асан одоо замхарсан болов уу? Даамжирсан болов уу? За байз уу... юугээд байлаа,
- Энэ чинь Дэнсмаа юу даа (Монголын уран сайхны “Сэтгэлийн дуудлагаар” киноны ярианы хэсэг)
- Күй тийм байлгүй дээ, Би бүр гайхаад байсан юм.
- Одоо юу нь муудаав . . . (Монголын уран сайхны “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн хамраараа гуншин ярьдаг ярианы хэсэг). Гэнэт л энэ яриагаар бие биеэ цаашлуулсаар элгээ хөшөөж эвхэрч унаталаа хөхрөлдсөөр явж байлаа. Энэ салааны их цайллагын дараа мототой гишүүн эхлээд, араас нь өөрсийн унаагаар ирсэн 4 түрүүлэн явж одлоо. Отог дээр ачаагаа янзлаад үлдсэн Мөнхбат ч араас ганцаар ирж хотруу жийнэ гээд явав. Ингээд бид арав мөн ачааны машинд дугуйнуудаа, суудлын машинд өөрсдийгөө ачааллаж аваад хотын зүг хөдөлсөн нь энэ удаагийн Гүнжийн сүмийн аялал амжилттай явагдаж дуусч байгаагийн илрэл юм. Хотод “Тэнгэр плаза” гэх зүүн бүсийн драгонд ирж дугуйгаа буулгаж, хөхрөлдөж, коладаж, хөхрөлдсөөр явах гэхэд группийн дугуйчин Батмөнх ах замд байх ажил дээрээ ирж кофе уу гэснээр тийш довтлон очлоо. Энд мөн өнөө киноны үгээр баахан хөхрөлдөж аваад гэртээ ирснээр “Гүнж”-ийн аялал өндөрлөлөө. Эцэст нь хэлэхэд би л лав даг ядраагүй ээ.
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
НТГ Б.СҮХБАТ
Дугуйтай аялал сонирхоод сонирхоод ч гэж дээ эхлэхдээ ганц аялалд яваад үзье гэж ирээд тулталаа миараад ахиж барахгүй юм байна гэж бодсон ч маргаашнаас нь эхлээд дараагийн аяллыг яагаад ч юм хүлээж явахгүй л бол болохгүй юм шиг санагддаг болоод нэгэнт 2090 км-ийг унадаг дугуйтай аялах зорилгоор туулсан байна. Энэ хүртэл аялхад хамгийн их явж үзэхийг хүссэн аялал нь дугуйтай хоногийн аялал байлаа. Яагаад гэж үү унадаг дугуйн дээрээ майхан, мишок, хоол, унд, гээд хүн аялхад, хээр хоноход юу хэрэг болдог бүгдийг ачиж явдаг нь их сонирхол татдаг юм.
Аялал эхлэх өдрийн өмнөх орой унадаг дугуйндаа бүх ачаагаа ачиж бэхлэн хоноод өглөө гэрээс гарч жийхэд замд таарсан хүмүүс их сониуч зарим нь надаар бахархах мэт хөөх гэж харах нь эвгүй ч юм шиг нэг тийм шинэ мэдрэмж. Гэхдээ гоё байсан. Ачаатай дугуй гэдэг бас дан дугуй унахаас өөр юм аа.
Ачаа нь таарсан 30
Авгайдаа яарсан жолооч
Явна гэж тоосоороо булж байна гэдэг билүү.
Тэрэн шиг л явган замын дэржигнүүр, засмал замын нүхийг тоох шинжгүй намбайж, тохьтой гэдэг нь яана.
Ямар ч аялал ер нь л сонирхолтой байдаг. Гэхдээ дугуйгаар аялах нь байгалийг илүү их мэдрэх мөн бартаа саадыг биеийн хүчээр давах гэх мэт сорилт ихтэй. Гарам дээр очиход хамт аялагчид маань хамтын хүчээр гармыг гутлаа норголгүй давж байлаа. Яаж гэж үү. Эхний хүн гараад дараагийн хүн дугуйгаа эхний хүнд дамжуулж өгөөд өөрөө үсэрч гараад дараагийн хүний дугуйг татаж авах гэх дарааллаар. Бүгд гарам гарсны дараа тэндээ бүгд хоолоо хийж идэн үдэллээ. Тухайн мөч бас сонирхолтой анх аялаж байгаа хүнд бол хэний хэрэглэж байгаа юм гоё, яг аялалд зохицсон байна гэдгээс эхлээд маш олон санаа. Хамт аялагч Жавхлантөгс ахын хэлсэн шиг л бөөн судалгаа, туршлага яг л хэлснээр нь болж байв.
Цааш үргэлжлүүлж явсаар бид Гүнжийн сүмийн зүүн гүдэнгийн зүүн энгэрт айлын хаваржааны ойролцоо хоноглохоор тохирч, хоноглох газраа ачаагаа үлдээн гүдэнгээ даван Гүнжийн сүмээ үзэх тухай админ ярьж байв. Аялагч гишүүд маань бүрэн ирж дуусаагүй байхад админ ачаагаа буулгаад бөөгнүүлээд тавьчих гэж байна. Хэн ч тухайн үйлдлийг хийсэнгүй би ч хийхгүй тэмээгээ хариулна даа. Хонох цэг баттай болсон нь илт болж туршлагатай гишүүд ачаагаа буулгаж эхлэхэд би ч бас буулгаж эхлэв. Бүгд ярилцсан ёсоор Гүнжийн сүм ээ үзэхээр хөдлөв. Хоноглох энгэрийн баруун өгсүүр сайхан өгсүүр эхнээсээ сайхан шиг эргүүлж гарахаар зорин жийсээр ганцаараа түрүүлж гарч ирсэн чинь Галаа шиг хажуу талынх нь өгсүүрлүү дахиад жийчихмээр ч юм шиг тийм мэдрэмж. Галаа гэж хэн бэ? гэж үү “Уул харвал нүд нь сэргэдэг, өгсүүр замд хөл шороодож үзээгүй веб админ, аяллын цоожлогч дуурсах гуншин олонтой аялагч гишүүн бий” Галаа энэ аялалд яваагүй болохоор л би түрүүлж гарч байгаа юм. Бусад аялалд бол өгсүүр харагдлаа Галаагийн гутлынх нь тавхай гялалзаад алга болно би бараадах ч үгүй. Байхгүйд нь бурхангүй газрын бумба галзуурч байгаа юм л даа. “Одоо юун муудааав”.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Жамъяндорж | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4770 км |