Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
"20 хар, 1 сарнай" аяллын тэмдэглэл
Тэмдэглэлийг УТГ Д.Цолмон /Цоко/ бичив.
Хаврын жирийн нарлаг өглөө цонхоор харагдав. Жоохон бие нозоорсонд хальтхан явах уу байх уу гэж эргэлзсэнээ аялалдаа явахгүй бол хэсэгтээ л харамсаж, хаашдаа сэрсэн нойр ямар хүрэх биш ухасхийн бослоо. Цуглах цэг манай гэрээс 28 км-ын зайтай Хонхор суурин тул яаран хоёр цагийн өмнө гарч байгаа минь энэ. Гэрээс гараад хагас км явав уу гүй юу хувцасаа тохируулалгүй арай нимгэн гарснаа мэдрэв. Сэрэхэд тунгалаг тэнгэр харагдаж байсан бол одоо нарны наагуур сиймийсэн үүл хаагаад хүйтэн салхи сэвэлзэн "өнөөдөр тийм ч дулаан биш шүү гүйцэд хайлаагүй уулын цас, замын хажуу, сүүдэр газрын цас монгол нутагт хаврын дулаан бүрэн ирээгүйг илтгэхгүй байна уу" гэж зэмлэх мэт. За дүүрсэн аялалд гарсан л бол дуусаа. Аандаа жийгээд ирэхээр бие халаад, өдрийн дулаан ч бас туслах биз гээд санаа шулуудан аяллын замдаа шуудрав.
Энхтайваны гүүр өнгөрөөд ойрд аялалд яваагүй удсан хуучин гишүүнтэй таараад түүний гадуурх жакетийг "дээрэмдэж" арай дээрдэв. Гэсэн ч өөдөөс үлээх хүйтэн салхи жиндүүлсээр л. Уулзалгүй удсан гишүүнтэй хол ойрын сонин ярилцан явтал Дүнжингаравын зам дээр бас гишүүн гүйцэж ирээд Цоко эгч салхинд суу гээд 20 км/цаг дээр хурдыг бариулан тасралтгүй жийв. Баянзүрх товчооны Сансар супермаркет өнгөрч явахдаа энд цуглуулчихгүй дээ гэж бодогдсон нь ядарч даарч байгаагийн илрэл.
Хоёр залуугийн дунд жийсээр Ургах наран хорооллын наах нь яг автобусны буудалтай зэргэцэх үед Налайхын автобус ирж таарангуут шууд л урдуур нь дарж ороод Хонхор хүртэл суучие тэгэх үү гэж өөрийн эрхгүй л амнаас гарч орхив. Мэдээж хүйтэн өглөө эмэгтэй хүнийг суулгалгүй яахав дээ. Ингээд автобусанд орж цаг харвал 8 цаг 20 минут. Жийсэн бол аялал эхлэх 9 цагаас өмнө амжихгүй байсан бишүү гэж бодож амжаад хэдэн буудал газар автобусдсанаа мэдэхээр буудал зарлагчийг анхааралтай сонсоход Хонхор хүртэл 5 буудал зарлах шиг болсон. Гэхдээ хотоос гарч байгаа зам болохоор тэр үү буудлууд хоорондоо нэлээдгүй хол санагдсан шүү.
Ингээд ямартаа ч цуглах цэгт амжиж ирээд буухад хотоос жийсэн нэлээн хэдэн гишүүдтэй таарав. Манайхан цуглах цэгийн урдах нь хашааны нөмөрт цуглаж байсан дээр очоод бас нэг гишүүний цамцыг бээлийтэй нь "дээрэмдэж" дулаалав. Энэ аялалд бүртгүүлсэн өөр нэг эмэгтэй гишүүний гэрт ажил гарсан тул өнөөдрийн аялалд ганц эмэгтэй нь боллоо. Аялал бол нөхөрлөлийн талбар. Ялангуяа манай групэд эмэгтэй гишүүд цөөн тул би мэтийн даварсан нөхөд даарлаа гэж бусдын хувцасыг, өлслөө гэж хоолыг нь "булаах"-д эрчүүд бараг л хууль аятай өгнө. Дандаа хэлдэггүй ч та нартаа үнэхээр их баярлаж явдаг шүү.
Групийн алтан дүрмээр аялал цагтаа эхлэхэд 16 дугуйчин хөдөллөө. Хөдлөөд удалгүй 1 гишүүн хоцорч ирж яваа мэдээ ирэв. Зарлал дээр бүх зүйл, аяллын зам тодорхой тул гүйцээд ирнээ гээд аялал цааш үргэлжлэв. Уншиж судлавал группийн аяллын зарлал үнэхээр тодорхой гардаг.
Ингээд л Богд уулын араас Мак, Хоолтын даваа чиглэн давахаар жийхэд шороон замд ачаалал нэмэгдэхэд бие халж овоо дулаацсан ч толгойн боолтыг бас л нимэгдүүлсний гайгаар хамгаалалтын малгайн нүх бүрээр тархируу хүйтэн салхи сийгэх нь онцгүй ч өөртөө "хохино ээ Цоко чиний л буруу, аялалд гарсан л бол гоншигнох эрх хэнд ч байхгүй. Өөрөө өөрийгөө тээвэрлэж, хооллож, удирдаж бусдад төвөг удахгүй явна" гэдэг группийн дүрмийг үг дуугүй дагах ёстойг өөртөө сануулан явлаа. Багаараа зогсож бие халаалт сунгалтын дасгал хийх зуур нэг гишүүн ямар хүйтэн салхитай өдөр вэ гэсээр гүйцээд ирлээ. 17 уулаа болов.
Груп энэ замаар өмнө нь жийж байсан гэх авч сүүлийн жилүүдэд жийгээгүй болохоор тэр үү, манай улсын хот төлөвлөлтийн бохир ээдрээт ойлгомжгүй байдлаас зам зуур газар авсан айлуудын хашаа, төмөр тор байсхийн тохиолдож дахин энэ замаар аялах хэрэггүйг сануулна. Налайхаас Багахангай явдаг замын баруун талд байдаг буяны газрын араас давж засмал замтай нийллээ. Уруудаад энэ аяллын замд ганц тохиолдох дэлгүүрийн дэргэд ирэхэд өглөө ажлаасаа буугаад биднийг тосон Төв аймаг, Сэргэлэнгийн замаар угтаж жийсэн нэг гишүүн хүлээж байхтай таарав. Энд хэсэг амрах зуур хотоос хоцорч гарсан гурван гишүүн шуугиад л ороод ирлээ. Ингээд 16 уулаа гараанаас хөдөлсөн груп 21 үүлээ болж аваад Хоолтын даваа хүртэл хоёр өндөр гүдэнг хэрэндээ л махийж даваад яг Хоолтын давааны наагуур Арга билиг гэсэн нэртэй амралт сувиллын газрын үүдээр баруун зүг эргэх нь энэ аяллын эргэлтийн цэг байлаа.
Энэ ормын газрын онцлог чулуу багатай зөөлөн хөрстэй болохоор жийхэд урамтай ч өөдөөс үлээх салхи хүч бараад амаргүй. Салхин сэнстэй өртөөгөөр нэвт гарч төмөр замын доод хэсгээр Төв аймгийн урдуур гардаг засмалруу чиглэнэ гэж тооцоолсон авч тэрхүү өртөөг нэвт гарах боломжгүйгээр хаасан тул бид төмөр зам гарч чадалгүй зүүн талыг нь даган уулаар өгсөж уруудан салхитай тэмцэлдэн нэлээн давхив. Энэ янзаараа явбал маршрут ёсоор Ширээт хайрханаар давж Ширдэгтийн амаар уруудан буцаад Хонхор орох маршрут зүүн зүгрүү ихээхэн далийх тул бид төмөр замаа нэвт гарахаар шийдэн төмөр замын доогуурх ус зайлуулах хоолойруу шургахаар шийдэв. Амсар том ч малын өтөг бууцтай шар ус тэр нүхээр урсаж дотор нь хөлдсөөр хүн босоогоороо явах аргагүй толь шиг мөс шатлан тогтсон байв. Үүгээр л аргалаад гарчихвал аялал зурагдсан маршрутаар уулаар өгсөж уруудах биш төмөр зам дагасан нам замаар хойшоо явж чадах тул, за аяллын замд юу эс тохиолдох билээ. Гулгавал гулгаад мөлхвөл мөлхөөд гарцгаая гэж шийдсэн нь хэрэндээ л хөөрхөн сорилго боллоо. Дугуйгаа хэвтүүлэн чирнэ, өөрөө толь шиг мөсөн дээр хагас бөгтийж явна гэдэг амаргүй. Жоохон тэнцвэр алдахад давчуу хоолойн доторх мөсөн дээр тас савж байсан болохоор бүүр бөгсөөрөө сууж аваад хажуудаа дугуйгаа чирэн бага багаар урагшилна. Шаталсан мөс ямар ч барьцгүй тул ирмэг давах бүрд ямар ч жолоодлогогүй ахар сүүлээрээ тас тас хийн бууж байлаа. Хажуугаар нь хог новш, малын бууцтай хөлдсөн мөсний үнэр. Тэгсэн ч унасан нэгнээ шоолон, бие биедээ тусалсаар нүхнээс гарсандаа. Энэ хэсгийн үйл явдал зурагнаас ойлгогдоно хэ хэ.
Ямартаа ч үндсэн замдаа орсон аялал хойд зүгт ном ёсоороо жийж эхлэсэн ч хүйтэн салхи аанай л хүчээ хурцлан биднийг эсэргүүцэнэ. Энэ цагаан талд бууж хооллох газар энэ хүйтэн салхинд үнэндээ л алга. Ашгүй багахан гүвээний цаана том хашаа харагдахад багийн толгой хашааруу эргэсэнд ашгүй тэнд хоол идэх нь гэж бодсон ч салхины нөмөр огт үгүй байснаас тэнд зогсолгүй баг цааш явлаа. Холгүй Сэргэлэнгийн дивизийн араар явдаг засмал зам харагдаж эхлэхэд эхний гишүүд зам гараад татаж байхад нь баярлав. Ингээд засмал замаа нэвт гараад Шаварт хайрханы харалдаа амны эхэнд цагаан талд өдрийн хоолоо идэцгээлээ. Өөр яах билээ дээ. Аялагч хүн тав тух шаардаад байлгүй ямар ч үед хаана ч хэсэгхэн зуур амарч хооллож хүчээ сэлбэх чадвартай байх ёстой гэж аяллын зам сургадаг.
Өнөөдрийн хувьд энэ цагаан талд дулаахан амралтын өрөөнөөс ялгаагүй (хэдийгээр салхинд цохиулсан ч) үнэхээр сайхан амарч хооллож авлаа. За энэ хойдох сайхан тэгшдүү оройтой бөмбөгөр уул бол Шаварт майхан уул, түүний зүүн талаар харагдаж байгаа замаар даваад цааш Ширдэгтийн богино амаа уруудаад л Хонхор шүү дээ гэж админ хэлээд аялал хөдөллөө. Уулын алсын өгсүүр өөдөөс түлхэх салхи үнэхээр хамаг хүч барж, хүчирхэг гишүүд жийгээд гарахад зарим нь түрээд баг бүрнээрээ давааны оройд хэсэг амраад уруудав. Харин энэ удаа шагналаа маш сайн өгдөг даваа таарч бид ёстой уртын урт жаргаж уруудав. Энэ аяллын жаргал энэ байлаа. Юу юугүй төмөр замын нүхэн гарц доогуур гарч Хонхорын рашааны дэргэдүүр өнгөрөөд Хонхорын баруун урдах айлуудын дундуур нохой шуугиулан давхисаар аялал эхлэсэн цэг дээрээ 15 цагт 21 үүлээ ирсэн дээ.
Одоо бол дугуйн замаараа хотруу чиглэхэд уруу тул санаа амар хөдөллөө. Өглөө өдөржин аль ч зүгрүү явсан өөдөөс үлээсэн салхи, аанай л баруун зүг биднийг эргэхэд ааш нь хувирчихсан өөдөөс л үлээнэ. Дөрвөн уулын дундах салхи, дээрээс нь ааш нь олдохгүй хаврын салхиа гэж ёстой. Үнэхээр зүггүйтэнэ гэж л энэ байх.
Аяллын зорилго биелэлээ . . . хүйтэвтэр салхитай бүүдгэрдүү өдөр багаггүй даарсан ч замаа дуусгасан, даван туулсан бахдалтай мэдрэмжээ дагуулсаар бөөнөөрөө салхийг ялан Дүнжингарав дээр ирснээр аялал амжилттай өндөрлөв.
Аяллын тэмдэглэлийн нэрний учир юун сонин юм гэж санагдаж магад. Одоо тайлбарлья. Дүнжингарав дээр аялал дуусах мөчид нэг гишүүн "өнөөдөр 20 хар, 1 сарнайтай аялал болсон шүү" гэснээр энэхүү тэмдэглэлээ нэрлэсэн билээ.
Муу цаг агаар гэж байдаггүй. Хувцасаа тохируулаагүй муу аялагч л гэж байдаг ба тэр нь өнөөдөр Цоко байсан.