Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #138 - УБ 240 аяллын бэлтгэл I шат буюу Цокогийн өдөр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/275
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
132 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1085 м
Өндөр алдалт
-1086 м
Их өгсөлт
7.2 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2023 оны 4 сарын 8 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ жил шинэ чиглэлээр зохиогдох УБ 240 аяллын замыг хагаслан аялах "Бэлтгэл I шат" аялал эхэллээ. Гишүүд жийлтийн эрчимээр олон багт хуваагдаж аялна. Багууд баг дотроо менежмент (ахлагч, чиглүүлэгч, холбоочин, цоожлогч гэх мэт) хийнэ. Багийн гишүүд аяллын замыг "нүдлэх", мөн багаараа аялах дадалтай болох зорилготой.  Аяллын өмнө гараан дээр багт хуваагдана. Аяллын явцад хувь гишүүн баг хооронд нэг удаа (дэвших буюу улирах) шилжиж болно. Бүгдэд амжилт хүсье. Зүгээр л жий.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Хоёр багийн гишүүд гарааны цэг дээр

УУДАГ 2 БАГИЙН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Тогтуухан салхи баруун өмнө зүгээс үлээсэн, цэлмэг тэнгэр, наран гийсэн хаврын сайхан өглөө боллоо. Цуглах цэг дээр 8 цаг арай болоогүй байхад ирэхэд хоёр гишүүн ирсэн байв. Манайхан хотоос цувсаар 8.30 цаг гэхэд 22 гишүүн аяллын замд гарахаар жигдэрлээ.

Энэ аяллаар жийлтийн эрчимээр хоёр багт хуваагдан, багийн холбоочин ямар цэгээс мэдээ дамжуулахыг хэлээд, аяллын гараа 8.55 цагт эхлэв. Жийлтийн эрчим өндөртэй багт 11 гишүүн, дундаж жийлттэй багт 12 гишүүн (хоёр бүсгүй) хуваагдсан болно. Нэг гишүүн араас ирэн нэгдсэнээр аялалд бүртгүүлсэн 23 гишүүн 100% ирцтэй аялалд оролцов. Гараанаас бөөндөө гарч жигд хурдаар хоёр эгнээ болон жийсээр Майхан толгойн салдаг гарц дээр ирээд Аян замдаа сайн яваарай гэсэн ерөөлөөр үдүүлэн эхний баг урагш тасран жийж одов.

Манай баг Санзайн аманд цуваагаар ирээд Хэрэмхэн дэлгүүр дээр зогсон замын бага сага хүнс аваад, Хадлангийн даваа өгсөх мөс, цас ус, шавар бүхий шалчигнуур замаар махийлаа.

Зураг 2. Давааны зам мөс цасаар хучигджээ

Алсын өгсүүртэй намхан сайхан даваа. Давааны уруудах зам мөс цасанд дарагджээ. Урдах багийн гишүүд цасан дундуур бас зарим нь дугуйгаа түрээд буусан мөр харагдана. Цаад хяраа өгсөн гишүү бүхий овоо дээр татлаа. Наран ээгээд, зөөлөн салхи сэвэлзсэн цэвэр агаарт тайван суух жаргал билээ.

Зураг 3. Даваа давах агшин

Халзангийн ам уруудах зам цасанд тарлантан холоос бараантан харагдана. Уулын энгэр бэл дагасан өндөр талын замаар жийсээр доод голыг гаран уужим тавиу амны адаг руу жийсээр, Ногоонтолгой цэлийн харагдах энгэр газар татлаа. Цаг 11 болж байв.

Зураг 4. Халзангийн амны энгэрт ээлжит таталт

Хүйн голын хөндий цас мөсөн баринтагаасаа салаагүй харагдана. Голоо болгоомжтой гаран төмөр замын гарам чиглэн жийх үед яг өмнө зүгээс хүчтэй салхи салхилж байлаа. Төмөр замын мөстсөн ус бүхий нүхэн гүүрээр (нэг гишүүн хөл алдаж норсон) амжилттай гараад, засмал замд орох гарц дээр эхний багийн залуус хүлээн зогсож байв.

Зураг 5. Ногоон толгой алсад харагдана. Хүйн голыг гатлах агшин

Нүхэн гүүрээр гарахдаа ихэнх гишүүд нь хөл, гутлаа норгосон тул мушгиж хатааж, амарч байжээ. Хамтдаа бөөндөө салхи сөрөн хоёр эгнээгээр хөдөллөө.

Зураг 6. Төмөр замын нүхэн гарам

Эхний багийн гишүүд аргагүй хүч бяртай тул тасран, манай багынхан засмал замаар цуван жийсээр Жаргалант суурингийн дэлгүүр хүрч татлаа. Нэг бүсгүй гишүүн маань өөр дугуйчинтай мөргөлдөн өвдөгөө гэмтээсэн тул аяллын замаа дуусган, Гүнтийн даваа руу замын унаанд суун явсан мэдээ ирэв. Манай баг 11 хүнтэй болов. Дэлгүүрийн хажуудах цайны газар хооллож, ундалж тавтай амраад, хоёр эгнээ болон 14-16 км/цагийн хурд хадгалан бөөндөө жийлээ. Салхи халз урдаас, заримдаа хажуугаас цохино. Ээлжлэн салхиа авч урагшилсаар Рашаант суурин дээр хальт татаад 361 гарам руу жийлээ. Замын эргэлт өөрчлөгдөн яг ар талаас ташуудуу туух нь таатай байв. 361 гарамын зоогийн газар хооллов. Эндээс хоёр гишүүн Баруунтуруунаар даваж хот руу явахаар боллоо. Манай баг 9 хүнтэй болов.

Гарамаас хөдлөн Хүй долоо худагын зам руу эргэх мөчид салхи араас дэмжин 20 км/цагийн хурдтай манай баг 3 эгнээ болон бөөндөө урагшилж явтал нэг гишүүний өвдөгний бэртэл сэдрэв. Хамтдаа зөнгөөр нь жийлгэж явсаар наадмын талбай хүрээд хотоос автомашин дуудав. Аяллын замд юу ч тохиолдсон бид хамтдаа давдаг хүнлэг заншилтай. Анхны аялалдаа оролцож буй шинэ гишүүн маань хотоос автомашин дуудаж маш том дэмжлэг үзүүлсэн юм. Ингээд манай баг 8 хүнтэй боллоо.

Төв засмалаас гарч Хүйтний ам уруудан харин ч нэг жавхаатай жийсэн. Ус шавар бүхий замаас зай аван сүлжилдэн уруудсаар Туул голын гүүр гарч Өлзийтийн засмал руу орлоо.

Зураг 7. УТГ Д.Цолмон. Манай багийн бахархал

Манай багийн ганц бүсгүй дугуйчин энэ өдөр үнэхээр жавхаатай, бяртай байлаа. Бүсгүйгээ харан бахархаж, дагасан манай баг Айдасын давааг сүнхийтэл даваад, уруудан Нисэхийн наана байх аялал дуусах цэг дээр 17.20 цагт ирлээ. Биднийг ирэн иртэл хүлээж асан эхний багийн залуус угтан авах нь аяллын замын нөхөрлөл, бие биенээ гэсэн халуун сэтгэлийн илэрхийлэл болдог группийн хамгийн төгс ялгуун чанар билээ. Та нартаа маш их баярлалаа. Энэ удаагийн аялалд шинэ гишүүн, мөн 5 жил завсарлаад ирсэн хуучин гишүүн гэх мэт олон төлөөлөл оролцон аяллын замаа нэр төртэй дуусгасан юм. Зүгээр л жий.

УУДАГ 1 багийн тэмдэглэл буюу учиг зангилаа

Хадлангийн давааны үндсэн өгсүүр хүртэл бүх юм номоороо өрнөж байлаа. Даанч шалчиг балчиг байсан зам улмаар мөс болж жийхийн эцэсгүй болсон нь өнөөдрийн аяллын зурхайн зурлагыг зурж байгааг хэр олон гишүүн тааварласан бол? Ингээд давааны "хулхи" оройд баг эхний таталт улмаар Халзангийн амны адагт удаах таталт хийв. Даваанаас уруудах зам цастай, цасгүй бол шалбайтал дэвтэж шавар болсон хөрс байсан тул багийн гишүүд дор бүрнээ тус тусын сонгосон замаар жийцгээв. Ийнхүү хальтиргаатай замаар жийцгээсэн тул баг сунайн цувж бас мэр сэр "газардсан". Ер нь нэг газардаад дугуйны гадар замтай зууралдах байдлыг бодитоор мэдэрчихсэн нь амар байдаг гэвэл алдас болохгүй буй за. Хамгийн сүүлд газардсан нэг гишүүн өмднийхөө өгзөг хэсэгт наалдсан шаврыг цэвэр цасаар арилгах гэж үрж суусан нь камерт эгээтэй л үлдчих шахсан. За ерөөсөө бичигдээд үлдсэн ч байж магад.

Хоёр дахь таталтын дараа Хүйн гол хөндлөн гарах ажилд оров. Голын мөс ханзарч шууд гарах боломжгүй болжээ. Голын энэ хэсгээр олон дахин гарч гармаа нүдэлсэн гишүүд байгаагүй ч юм уу гэмээр бүгд харсан зүгтээ дайрч зарим нь гутлаа бүр цаашлаад бөгсөө хүртэл норгоод орхив. УУДАГ 2 багийн ахлагч - ерөнхий админ биднийг төмөр замын гармаар гарахдаа гутлаа норгосон гэж бодсон ч яг үнэндээ Хүйн гол дээр л норгоцгоосон билээ. Уг нь голын эрэг дагаж нааш цааш хэсэг явахад л аятайхан гарч болохоор газар байсан. "Муу санаатай"-гаасаа биш харин голын эрэгт сүүлдэж очсон би ийм газар олж хөнгөхөн харайгаад гарсан. Гэхдээ ахалж явсан багийн цөөнгүй гишүүдийн хөлийг норохоос сэргийлж амжаагүй нь таагүй юм аа. Нөгөө баг бидний гарсанаас хэдхэн алхмын дээгүүр гол гарсан нь тэдний дарсан фото зургаас тодорхой харагдана.

Зураг 8. Хүйн голын хүйтэн усыг мэдэрсэн хэдэн хөлийн хоёр нь

Машин хүртэл зоогдож орхисон тэр гол руу манайхан арай л зоригтой дайрсан ажээ. Өнөөдрийн аялалд УУДАГ 1 багийн гишүүд ийнхүү нүд нь орой дээрээ гарсан мэт явцгаасан нь ганц үүгээр дуусахгүй.

Ингээд УУДАГ 2 баг Ногоонтолгой суурингийн барааг хараад татаж байхад бид хэд төмөр замын гармаар гарах тун дөхөж явав. Гарам битүү устай бас гүйцэд гэсээгүй мөстэй байсан нь хэрэв эвгүйдвэл хөл норгохоор заналтай харагдана. Гэвч манай багийн хэн нь ч энд эвгүйдсэнгүй. Төмөр замын нүхэн гармаар гараад засмал замын хажууд татахад 11:07 цаг болж байв. Энэ үед нөгөө баг Хүйн голыг эхнээсээ гаталж эхэлж байсан болов уу. Ингээд манай багийн нойтон хөлтнүүд оймсоо мушгиж байх зуурт нөгөө багийн гишүүдийн бараа харагдах нь тэр. Өнгөрөгч замд нэг их хурдлах боломж байгаагүй тул хоёр багийн хооронд ердөө л 12 минутын ялгаа гарчээ. Мөн татсан цэгүүд нь ч яг ижил байсан нь сонирхолтой мэт санагдав ч угтаа нэг группийн аялагчид тул мэдээжийн л юм. Ийнхүү замын адармаатай хэсэгт УУДАГ 2 баг 1-р багийг гүйцэж ирсэн нь ахлагч - ерөнхий админы л туршлагын ач тус хийгээд багийн гишүүдийнх нь ахлагчаа туйлбартай дагасны л үр дүн биз ээ.

Ногоонтолгойгоос 361-ийн гарам хүртэлх замд УУДАГ 1 багийнхан маань хэсэг бүлгээрээ урагш тасран буудаж бараг чанх өөдөөс үлээх чамгүй хүчтэй салхитай хамтын хүчээр тэмцэлдэн давхисаар алсран одов. Хэн нь сугарч хоцрох бол доо гэж бодон маршрутаа даган жийв. Үүний өмнөх аялал дээр бас ийм ширүүн салхины эсрэг хүчилж өвдгөө хэт ачаалж хөндүүр болгож байсан тул энэ удаад тэгж хүчилсэнгүй. Тийнхүү салхины хүчээс хамааруулан 12-оос 20 км/ц гэсэн хэлбэлзэлтэй хурдаар жийсээр Рашаант ороход нэг гишүүн тэндхийн дэлгүүрээс дөнгөж хөдөлж байв. Бас цаахна өөр нэг гишүүн түр зогсоод хөдөлж байв. Бусад нь бөөндөө 361 орсон ажээ. Ийнхүү 361 дээр очих үед буудсан хэдийн зарим нь хоолоо ч бүрэн захиалж амжаагүй байв. Сажилж л байвал хүрнэ гэдэг энэ буюу. Иймээс л УБ уулын дугуйн аялал группийнхэн "Замд дураараа амрахгүй, зогсолтгүй урагшилна." хэмээн андгайлдаг билээ.

361 гармын наадах хөтөл давах дөхөж явтал өөдөөс дугуйтай хоёр хүн ирсэн нь биднийг аяллын замд угтах гэсэн ШТГ Азжаргал, ХТГ Тэмүүлэн нар байв. Тэд засмалын дугуйчидтай Баянчандмань хүртэл жийгээд улмаар биднийг тосож уулзахаар буцах замаасаа гарсан нь энэ ажээ. Мөн тус хоёр гишүүн маань УУДАГ 1 багийг Хүйтний хөндийн шороон зам хүртэл үдэн гаргаж өгөхөөр хамт жийцгээсэн.

Зураг 9. Цаг хугацааны харгалзаа буюу УУДАГ 1 баг 361 дээрээс хөдөлж байх 12:55 цагийн үед УУДАГ 2 баг Рашаантын төмөр замын гарам дээр зогсож буй нь

Хэн нэгний хэлсэнчлэн "ахлагчаа хаяж явдаг" УУДАГ 1 багийн гишүүд 361 гарам дээрээс сүр сархийн хөдөлсөн нь хаяад ч явсан юм уу, зугтаагаад ч явсан юм уу гэдгийн аль нь болохыг бүү мэд. Туршлагатай бас бяртай, хурдтай гишүүнээ багийн чиглүүлэгчээр томилсон тул тэдний ийнхүү явахад нь санаа зовохгүй байв.

Ингээд зугтаагчдыг элдэж хөөсөөр маршрутын шороон замын хэсэгт жалганд тулж мухардаад зөв зам руу чиглэн явж байхад гүйцэж очоод сүүлийн хэдийг нь амдасхийн барьж авав. Ийнхүү шороо тээх буруу замаар орсон нь чиглүүлэгчээ анхаарч яваагүйгээс болсон эсэхийг тэднээс өөр хэн ч мэдэхгүй биз ээ. Ийнхүү зугтагчдыг барьж аваад "Та нар ингэж явдаг бий вий" хэмээн хөгжөөв. Таталтын цэг дээр ийнхүү хэлчихээд жаахан юм гүйцэд балгаж амжаагүй байхад манай хэд бас л зугтаад явсан ч өндөр хөтлөөс огцом уруудах замын зохимжгүй хэсэг рүү орчихсоныг бас л амдаад урд нь оров. Чингээд шороон зам ч дуусаж аяллын маршрут шувтрах шатандаа шилжлээ. Одоо ийм эгзэгтэй үед та хэдийгээ тавиад туучихгүй байх аа мэдье ээ.

Зураг 10. Туулын гүүрээр гарч буй нь. Зарим хүмүүс газарт харин зарим хүмүүст тэнгэрт нисээд л ...

Одоо бид маршрутын дагуу Өлзийт хорооны замаар жийнэ. Энэ замд ямар ч салхигүй, бүгчим халуун байв. Манайхан эхлээд салхитай үзэлцээд дараа нь засмалын хоёр дугуйчин дагаж буудаад эцэст нь шороон замд сэгсчүүлсэндээ ч тэр юм болов уу даа гэмээр нэлээн мууджээ. Шороон замын, хөнгөн, нарийн дугуйтай өөр нэг гишүүнтэй зуузай холбоод 30 км/ц-аас багагүй хурдаар буудчихмаар байсан ч тэндхийн нэг дэлгүүр дээр зогсох уу гэхэд бүгдээрээ л дуртай байв. Аяллын замд хүчээ зөв хуваарилах нь маш чухал юм. Нөгөө багаас ийм гишүүн гарсан нь УТГ Д.Цолмон (Цоко) бөгөөд багийнхаа бахархал хэмээн өргөмжлөгджээ.

Улмаар маршрутын дагуу Айдсын даваа давж аялал өндөрлөх цэгт ирсэний дараахан нөгөө баг Өлзийт дээр ирж байна гэсэн мэдээг нэг гишүүн дуулгав. Тэднийг хүлээхдээ унадаг дугуй, группийн аялал сэдвээр ярилцацгаахад цаг хугацаа харвасан сум мэт өнгөрчээ. Нэг л хоббигоор нэгдсэн болохоор л тэгдэг болов уу.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Золзаяа Д.Ганболд С.Отгонбаатар Т.Баярсайхан Ч.Гомбосүрэн С.Лувсан Ж.Батдаваа У.Хосбаяр А.Отгонбаяр Б.Элбэгзаяа Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!