Хэрэв цаг зуны хуваарьт шилжсэн тохиолдолд "хуучин цаг"-ыг баримтлан ЦУГЛАХ ЦЭГ дээр ирнэ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тун сайхан аялал болон группийн түүхэнд үлдлээ. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс "эмээж" асан боловч тэнгэр хангай харин ч нэг тогтуухан "дүлэгнэж" баруун хойд зүгээс хүйтэвтэр хүчтэйхэн салхиар дэмжсэн өдөр тохиолоо.
Өглөө зүүн зүгт наран үүлэн дундаас ёлтойн нэг харагдсанаа алга боллоо. Хойд зүгээс 7-8 м/с хурдтай үлээх салхи сөрөн цуглах цэг рүү жийж очих үе, өнөөдрийн аяллын хамгийн хүнд, "концерт эхэлсэн" мөч байсан юм. Манайхан ч бүгд жавхаатай жийсээр сүүлийн хүн 9:25 цагт Жигжидийн уулзварт ирлээ. Салхины хүчийг тооцоолон аялал эхлэх цагийг 30 минутын нөөцтэй зарласан нь оносон бололтой шүү. Аялал 9.35 цагт эхлэв. Манай баг 19 хүнтэй. Хоёр эгнээ болон салхиа сөрж 18-19 км/цагын хурд хадгалан бөөндөө жийсээр тун удалгүй Майхан толгойн ам руу саллаа. Шороон замаар цувран өгссөөр давааны дээд энгэрт модны чөлөөнд нэг татлаа. Өнөөдрийн аялалд нэг гишүүний анхны, бас нэг гишүүний хоёр дахь аялал нь байлаа. Залуус сайн жийж байна. Давааны зам мөстжээ. Өнгөрсөн өдрүүдийн дулаанд уулын энгэр, ар газрын цас хайлан урсаж байснаа саяны цочир хүйтрэлтээр шөнөдөө хөлдөн мөсөн бүрхүүл үүсгэсэн байв. Дээш өгсөн Дугуйчдын даваа дээр гарч овоогоо нэг тойрчихоод уруудлаа. Мөн л мөсөн бүрхүүл бүхий замаар түрээд буучихлаа.
Ар Гүнтээс уруудсан засмал зам дээр татах тул багийн гишүүд өөр өөрсдийн хурд, хэмнэлээр уужим ам уруудан давхилдан одов. Харин ч нэг бахтайхан уруудсаар засмал зам хүрч бүгд хоёр эгнээ болон салхиа сөрөн уруудав. Нэг км явалгүй цуваа хэд хэдэн хэсэг болж тасарлаа. Толгойн хэсэг 27 км/цагийн хурдтай эмх цэгцтэй тун сайхан явж байтал, нэг гишүүний дүрсгүй зан хөдлөн жий жий, хурдаа нэм гэсээр залуус ч ухас хийн уралдаж толгойн хэсэг задарч эхлэв. Доод хошуу тойрон эргэж салхины өөдөөс ёстой л цацагдсан шагай мэт цувсан даа. Батсүмбэрийн засмал зам хүрч чиглэл өөрчлөгдөж, одоо салхи бидний араас түрж туслах таатай мөч ирлээ. Рашаант суурингийн дэлгүүр орж хооллоё гэж хэлээд баг замдаа гарлаа. Салхинд туугдан харин ч нэг буудлаа. Ер нь 27-33 км/цагын хурдыг замын ихэнх хэсэгт гаргасан. Рашаантын дэлгүүр дээр бид сайхан амарч, тавтайхан ундлаад 13 цаг өнгөрөөгөөд хөдлөв. Харин энэ удаа бараг 361 гарам хүртэл багийн ихэнх дугуйчид хоёр эгнээгээ алдалгүй бөөндөө жийж чадсан. Сүүлийн дугуйчин ирэнгүүт бүгд Баруунтурууны даваа өөд хөдөллөө. Салхины дэмжлэг мэдэгдэхүйц байсан тул тун амархан даваа дээр гаран шууд уруудав. Зарим дугуйчин давааны уруу 72 км/цаг хүртэл хурдалсан байв. Биднийг хотын баруун захад ирэх үед салхи хойд талаас хүчтэй салхилан цасан зөөлнөөр бударч эхлэв.
Хотын зүүн талд орших гэртээ 16:00 цагт орж ирэхэд цасан будраа маань шамарга болон ширүүсэж эхэллээ. Ийнхүү бүрхэг нэгэн өдрийн хамтдаа хийморьтой аялан гэрэлтүүлж чадсан багийн хамт олон та нартаа талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Цомогт НТГ Т.Ган-Очир, УШТГ П.Батмөнх болон УШТГ Б.Жавхлантөгс нарын бүтээлийг ашиглав.