Энэ бямба гаригт групп Сэлэнгэ аймагруу холын галт тэрэгтэй аялал зарласан тул уг аялалд явж амжихгүй гишүүддээ Улаанбаатар хот орчимд өдрийн аялал давхар зарласан билээ. Аялал ахлах үүргийг админ надад үлдээсэн болохоор маршрутаа судлан хаагуур эргэх, хаана татах, зам зуур содон тэмдэг юу байх зэргийг хэрэндээ л ажиглалаа. Энэ аялалд оролцох гишүүдийн бүртгэлийг харвал бас чиг туршлагатай гишүүд хэд харагдсанд санаа амрав.
Уг нь энэ чиглэлд групп энэ жил хоёр дахь удаагаа аялаж байгаа хэдий ч эхнийх нь битүү цастай дүн өвлөөр байсан бол харин энэ удаа саяхан шуурсан болоод энэ тэнд шаазгай алаг зүстэй адуу шиг цоохортох цастай хаврын эхэн сарын жихүүн салхитай өдөр таарсан тул өмнө нь аялж байгаагүй шинэ чиглэл шиг санагдаж байлаа. Аяллын замд өмнө нь туршлагатай аялагчийн “ирсэн замаараа буцахад л тэр нь тэс өөр шинэ зам шиг байдаг” гэж хэлж байсан нь өнөөдөр ёстой биелэж буй мэт санагдсан.
Ийнхүү миний хувьд анх удаа аялал ахлах болсон маань шинэ мэдрэмж, шинэ айдас, илүү хариуцлага мэдрүүлсэн олон анхдагчтай аялал боллоо. Аялалд бүртгүүлсэн 8 гишүүн замаа бүрэн дуусгаж 14 цаг 45 минутанд аялал дуусах цэгт ирснээр энэ бямба гаригийн аялал амжилттай өндөрлөсөн билээ.