Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #29 - Энхтал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/272
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
112 км
Давааны тоо
0
Өндөр авалт
572 м
Өндөр алдалт
-836 м
Их өгсөлт
7.8 %
Их уруудалт
-9.6 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2023 оны 3 сарын 24 Баасан гараг, 17:40 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

АЯЛЛЫН ЕРӨНХИЙ ХУВААРЬ (А хувилбар)
3 сар 24 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд урьдчилан унадаг дугуйгаа өгч 18:40 цагт хөдлөх Улаанбаатар- Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар- Хөтөл (17900 төг), ирэх Энхтал- Улаанбаатар (19500 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

3 сар 25 өдөр, Бямба гариг
Сэлэнгэ аймгийн Хөтөл сууринд өглөөний 03:57 цагт бууна. Галт тэрэгнээс буугаад шууд шөнийн жийлтэнд шилжинэ. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Орхон голын баруун талын дэнж, хөндийг уруудан Сэлэнгэ аймгийн Сант сум, Хушаат сумын төвөөр орон жийсээр, Дархан Уул аймгийн нутагт орших төмөр замын Энхтал зөрлөг хүрч аялал дуусна. Нийт зай 112 км орчим болно. Зөрлөгөөс шөнийн 22:23 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 244 дугаар галт тэргэнд сууна.

3 сар 26 өдөр, Ням гариг
Өглөөний 06:16 цагт УБ хотод бууна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн аяллын онцгой нэг төрөл нь галт тэрэг ашиглан зохиогддог хоногийн аялал билээ. Ийм аяллын замын урт 150 км хүртэл, аялагч гишүүд өдрийн аялалд оролцож буй мэт "шалдан" дугуй унаж, өдрийн хүнс хоолоо үүрдэг, галт тэрэгт хоног өнгөрүүлдэг тул майхан, унтлагын хөнжил шаардагддаггүй, аль нэг өртөө дээр буугаад өөр өртөө рүү аялан цаанаас ирэх галт тэргийг угтан сууж төрөлхи хотдоо буцаж ирдэг. Хөдөө, орон нутагт зохиогддог "Өдрийн аялал". Гэхдээ алслагдсан орчинд явагддаг тул байгаль цаг уур, орчны байдлыг урьдчилан судалж, аюулгүй байдлыг чухалчлан хэд хэдэн нөөц төлөвлөгөөтэй замдаа гардаг онцлогтой аялал.

Энэ аяллын агуулгыг үндсэн 5 хэсэгт хувааж аяллын тэмдэглэлээ сийрүүлэхийг зорьлоо. Өөрөөр хэлбэл доорхи 5 шатыг дамжин үргэлжилж аяллын ЭНЭ ТҮҮХ бүтсэн юм.

1. Аяллын гараа

Өглөө үүрээр манай баг 3.57 цагт Хөтөл суурингийн галт тэрэгний буудал дээр буулаа. Буудлын цомхон барилга бүхий цэвэрхэн хүлээлгийн өрөөнд тулга, газаа өрдөн цай, кофе, хоол хийж идэн бид амарлаа. Унадаг дугуйгаа гэрэл, чийдэн, хурд хэмжигч, аяны богц, ачаа зэргээр "өвч зэвсэглэн", гинж, араагаа тослон аялалдаа бэлтгэн, хүн бүр завгүй. Хэзээ аялал эхлэх бол гэж бодовч энэ талын яриа бидний дунд үл өрнөнө. Шөнийн тэнгэрт одод анивчин, салхи үгүй мэт нам гүм өглөө болж байлаа. Аялал яг 5.30 цагт эхлэв. Өндөрхөн товцог дээр байрлах буудлаас уруудан Хөтөл суурингийн төв рүү орж ирэн сүлжин явсаар Эрдэнэт хот руу чиглэх төв замд нийлэн оров. Гэрэл чийдэнгээ анивчуулсан унадаг дугуй гэдэг шөнийн орчинд хэн хүний а нхаарал татсан гахамшигтай чимэг байдагсан. Хаа нэгтээ хашааны ноход боргон эртэч жолооч нарын унасан автомашин зам дээр зөрөн одно.

Зураг 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын дундуур

Засмал зам руу орон хагас км хиртэй хоёр эгнээгээр бөөндөө жийж явсанаа аажмаар хэсэг бусгаар тасран гишүүн бүр хувийн бие халаалт хийн, тухайн өдрийн биеийн байдлаа шинжин жийсээр бид урагшилж байв. Салхи баруун болон баруун урд зүгээс үлээж байв. Хаврын улирал гэдэг заримдаа үл ойлгогдох танихгүй хөрш мэт санагддаг. Салхи нь хүйт татуулан бүх зүйлийг "нэвтэрч чаддаг шид"-тэй тул манайхан жаахан жихүүцэж байх шиг харагдав. Намхан толгодын дундуурхи замаар уруудаж өгсөн жийсээр Орхон голын хөндий рүү тонгойн орох үед гэгээ орж эхлэв.

2. Эхлэл хэсэг- Сант сум

Хөндийн татамд орших замын хажуугийн дэлгүүр (мэдээж өглөө эрт ажиллахгүй)-ийн гадаа талбай дээр хальтхан татаад, Орхон голын гүүр гаран Дааган дэл уулын урд бэл өөд өгсөн Сант сум руу зурайх засмал зам руу саллаа. Энд түр амралтын талбай, саравч бүхий сумын нэр бүхий хөшөөтэй цогцолбор буй. Наран мандаж цэлмэг өдөр тогтуун өдөр болох шинж мэдэгдэв. Салхи уу, яг тооцсоноор бидний араас буюу баруун урд зүгээс зөөлөн үлээж биднийг дэмжинэ.

Зураг 2. Сант сумын зүг

Хэдхэн жилийн өмнө ашиглалтанд орсон засмал замаар жигд хурдтай жийсээр тариан талбайн дундуур харьцангуй тойруу тавигдсан замаар явсаар Сант сумын төв дээр 8.00 цагт ирлээ. Сумын төв “нойрмог” байлаа. Дэлгүүр хаалттай, цайны газар бүр ч найдалт үгүй. Мухар сум (сумын төв нь төв замаас буйдхан оршдог, тодорхой зорилго бүхий хүмүүс очдог суурин гэх юм уу даа) бүхэнд байдаг нийтлэг нэгэн орчин, ажин түжин, хэдэн ноход уралзан хөөцөлдөж, бидэнтэй уулзсан нэг хар хүн туслах санаа өвөрлөн дэлгүүр, цайны газрын хүнтэй утсаар ярина.

3. Өрнөл хэсэг- Орхон голын баруун талын хөндий

Бусдад найдалгүй өөртөө найд гэсэн группийн үзэл баримтлал энэ удаа үйлчилж, бид аяллын замаа үргэлжлүүлэв. Учир нь гишүүн бүрт нэг өдрийн хоол, хүнсний нөөц байгаа бөгөөд цааш аялах бүрэн бололцоотой байв.

Сумын төвөөс гарч Орхон голын баруун талын дэнжийн шороон замаар Толгойн сэргийлэгч нар урдаа гарч, цоожлогч гишүүн цувааны сүүл барин жийж явлаа. Хэсэг яваад цоожлогч урагш гарч Админд хойно тэр тэр яваа гэж цагийн байдлыг хэлээд урагш сугаран өөрийн хэмнэлээр эрчтэйхэн жийж хэсэг явсанаа замын хажууд зогсон, үүргээ гүйцэтгэхээр буцаад явах нь бахархал төрүүлнэ. Аяллын замын толгойн сэргийлэхийн чиглүүлэгч гишүүн маань тун сайн бэлтгэлтэй энэ аялалд иржээ. Одоо уул талаа барина, тэгээд нэг хөндий уруудана, алсын чиг тэр уулын урд сугаар өнгөрнө, цаана Усан сээр баг арай болоогүй гэж хэлэн багаа хөтлөн итгэлтэй урагшилна.  Уулын ам болгонд айлын өвөлжөө үзэгдэнэ. Уулын бэл хоорондын хөндийн замд үе үе хэсэг бусаг хайлаас бүхий хөндлөн жалга элбэг тул мурилзсан замаар өгсөж уруудан урамтай жийж явлаа. Таталт багатай жаахан шахах маягийн хэмнэлтэй аяллын цуваа  60 км зай тууллаа. Орхон голын тохой голдрилоос жавартай салхи ар талаас жишүүхэн үлээнэ.

Зураг 3. Аяллын замын ерөнхий чиглэл

Өргөст тороор хашсан, тариан талбайн захад бид 12 цагийн орчимд үдлэв. Бөөгнөрөн сууж цай, кофе чанан, өдрийн хоолоо идлээ. Аялал цагтаа багтах нь нэгэнт тодорхой байсан ч гэсэн аяллын замд юу ч тохиолдож болох эрсдлээс сэргийлэн аль болох эрт Хушаат сум орохыг бодож байсан. Усан сээрийн баг байрлах хавчиг амны гол (Усан Сээр)-ыг доогуур мөсөн дээгүүр жийж гараад цааш гүвээ өгсөн даваж цэлгэр хөндий рүү бууж ирэв. Уулын талаас Зэнэгэрийн хотгор, гол талаас Бумбатын булан гэж нэрлэх уужим хөндийгөөр жалга руу нэг орон гаран жийсээр Ишгэнт нуурын дээрээс өнгийгөөд ороод ирэв. Одоо эндээс Хушаат сум 10 орчим км зайтай. Энхтал хэмээх яруу сонсголонт нэртэй тариан талбай бүхий тэгш хөндий туулан 14.00 цагт сумын төв дээр ирсэн юм.

4. Төгсгөл хэсэг- Хушаат сум

Сумын төвд байрлах хоёр жигүүрэн хаалгатай, Хүнс барааны дэлгүүр гэсэн шар бичигтэй, улаан өнгийн хөөрхөн байшин шууд анхаарал татав. Том том хашаа бүхий айлуудтай, гадаргын хувьд дэрс гололсон энгийн нэг сум нүднээ дурайна. Худалдагч бүсгүйн зан ааль, бидэнд үйлчлэх чин сэтгэлд нь халуун талархал илэрхийлье. Бид дэлгүүрийн гадаа хашаан дотор тулгаа, тогоогоо нийлүүлэн амрав.

Зураг 4. Хушаат сумын зүг

Дэлгүүрээс бууз авч сайхан сэтгэлт эмэгтэйн гэрт очиж жигнэх боллоо. Ер нь Хушаатынхан зочломтгой, хүнд тусархаг сайхан сэтгэлтэй хүмүүсийн нутаг юм байна гэсэн урамтай бодол сэтгэлийг минь дүүргэсэн юм. Айлд очиж амттай бууз жигнүүлэн идэж багаараа тун сайхан амрав. Багийн чиглүүлэгч, цоожлогч хоёр маань өөрсдийн санаачлагаар 10 км зайд байх Энхтал зөрлөг рүү урьдчилан очиж орчны нөхцөл, байр байдлыг хараад ирье гэв. Үлдсэн бид айлд бага зэрэг нойр авч сайхан амарлаа. Цаг орчмын дараа Энхталаас мэдээ дуулгав. Зөрлөг тул галт тэрэгний буудал, мөн дэлгүүр, цайны газар байдаггүй гэнэ. Наанаа хүлээж байгаарай гэж хэлээд бид 18 цаг гээд замдаа гарч билээ.

5. Аяллын бариа- Энхтал зөрлөг

Хушаат сумаас сайжруулсан шороон зам даган гарч уулын суга барин явсаар бага шиг хөтөл даван Орхон голын гүүрээр гаран Энхтал зөрлөг рүү шууд хатгав. Наран удалгүй жаргаж сэрүү орлоо. Эль хуль жижиг зөрлөг байв. Зөрлөгийн бүсгүй бидэнд туслаж зөрлөгийн жижиг байшингийн үүдний өрөөнд орохыг урьсан юм. Галт тэрэг ирэхэд хэдийгээр 3 цагийн нөөц байсан хэдий ч аяллын тухай хөгжилтэй яриан дунд цаг тун хурдан өнгөрлөө.

Зураг 5. Орхон голын хөндий Энхтал зөрлөг

Галт тэрэг цагаасаа үл ялиг хоцрон ирлээ. Тээшний вагонд дугуйнуудаа ачин залгаа вагонд нь шууд яваад ортол бидний суудал захиалсан 1-р вагон байлаа. Аяллын алжаалаа тайлан маш сайхан амраад өглөө 6.16 цагт УБ хотод буухад хаврын улиралын нэгэн тунгалаг өглөө угтан авсан юм.

Улбар шар тэмдэгт гишүүн Э. Ууганбаярын аяллын тухай зурвас

Орой нар жаргаж сэрүүс орох үеэр Улаанбаатарын вокзалд бидний суух галт тэрэг баруун зүгээс залхуутайяа гэлдэрсээр ирж зогслоо. Бид дугуйгаа (манай багийн улаан тэмдэгт эгч урьдчилан 8 дугуйны төлбөрийг төлж ачааны барааны тэмдэг авсан тул шууд ачааны тээшинд өгч буй хэрэг) ачуулж 25 дугаар вагоны 2 хэсэг суудлыг эзэлснээс надад 44 дүгээр дээд ор таарсан байв. Юутай ч эртхэн нойр л авах хэрэгтэй гэж бодсоор хэвтсэн ч нөхөд "чи наад хувцсаа тайлаад унт, амрахгүй" гэгдсэнээр, мөн дугуйны зөөлөн нэмэлт памбперстай турсик өмссөн байсан тул салтаа хөлсөнд норж хүйтэн, нойтон сонин мэдрэмж галт тэргэн дотор тухгүй байсан учир (яагаад гэхээр бандааштай чигээр дугуйны памбперстай турсик өмсөхөөр салтаа саам холгож хорсгодог тул гэртээ тайлж орхисон) галт тэрэгний ариун цэврийн хэсэгт орж өмднийхөө учрыг олоод ирэх зуур өөр нэгэн улаан тэмдэгт эгч маань миний унтах орыг зассан байлаа. /УУДАГ группт улаан тэмдэгтэй хоёр л эмэгтэй байдаг ба хоёулаа энэ аяллын багт орсон байсан/

Ингээд бүхний учрыг зүүдэнд орхиод үүр шөнийн 03: 54 цагт "Хөтөл" өртөөнд ирэхэд бид буув. Өртөөний цэлгэр уужим хүлээлгийн танхимд хүн бүр авч ирсэн бэлэн хоол хүнсээ чанах ба зарим нь бүр кофе чанаж ууж, хол зам туулах дугуйгаа ч шалгаж бэлдэн цаг наашлахыг хүлээн амарлаа. 

Үүрийн 05:30 цагт хоёрын цуваагаар Хөтөл суурин дундуур баруун хойд зүгийг чиглэн урагшиллаа. Орхон голын гүүр өнгөрөөд л будаа болох байх даа гэсэн таамаг маань биелэлээ олж Орхон голын урдах Бэлэндалайн хөндийн жавар хацар хайрч, хуруу гарны үзүүр мэдээ алдарч Орхон голын гүүр хүртэлх засмал замын уруу шааригны эргэлтийн хурд мэдэн тэмүүлцгээсээр, Сант сумын хаалганд (Орхон голын гүүрнээс хойхно баруун тийш) ирэхэд нар мандлаа.

Үүнээс цааш юу ч яримааргүй байна. . .  гэхдээ бичнэ ээ. Бүхэл бүтэн 9 сар унадаг дугуй гэдэг чинь юүвлээ гэхээр мартсан байснаас болж миний гүзээ сэвс ургаж гүйцээд гутлаа үдэхэд хүртэл төвөгтэй санагддаг болчихсоноо, надад байдаг хамаг хувцас ч чихэлдэж ордог болчихсоноо гэнэт санасан хэрэг л дээ. Гэнэт нүд нь нээгдсэн юм шиг, ухаан орсон аятай дугуйгаа жийе гээд хоногийн аялалд бүртгүүлчихсэнийх хэд хоногтоо догдолж явсаар аялалдаа гарсан минь энэ. Сант сумын урт хөндийгөөс эхлээд л сугарч үлдсээр ёооо ёох ёох Энхталын барагдашгүй хөндийг туулан хотруу буцах Энхтал зөрлөгт 113 км зам туулан ирснээр аялал өндөрлөв.

Унадаг дугуйгаа мартвал бие чинь ямар болохоор байна гэдгийг сануулсан аялал байлаа. Аялалд хамтдаа бүхнийг туулсан та бүхэндээ талархаж явдаг шүү.

Би лийрэн тарган гөлөг мөн.

АЯЛЛЫН ФОТО ЦОМОГ

Эдгээр зургийг аяллын багийн чиглүүлэгч УШТГ Б.Жавхлантөгс авсан болно.

Зураг 6. Болзоотын бор толгой болсон УБ Төмөр замын буудлын талбайд. Галт тэрэг хүлээхүй.

Зураг 7. Хөтөл өртөөний зорчигчдын хүлээлгийн танхимд, үүрийн цайны цаг

Зураг 8. Сант сум руу салах уулзвар өөд, гэгээ орж байлаа

Зураг 9. НТГ Б.Сүхбат

Зураг 10. НТГ Т.Ган Очир

Зураг 11. УШТГ Э.Ууганбаяр

Зураг 12. УТГ П.Золзаяа

Зураг 13. Аялагч гишүүн Д.Ганболд

Зураг 14. УТГ Д.Цолмон

Зураг 15. Манай баг, аяллын замд

Зураг 16. УШТГ Г.Махгал, аяллын цоожлогч

Зураг 17. Аяллын замд

Зураг 18. Аяллын замд

Зураг 19. Аялах сайхан

Зураг 20. УШТГ Б.Баттөмөр

Зураг 21. Ээлжит нэгэн таталт

Зураг 22. Дугуйтай аялагч хүн хаана ч амарч чадна

Зураг 23. Энхтал зөрлөг дээр ирлээ

Аяллын видео бичлэг

Дараах видео нь НТГ Б.Сүхбатын бүтээл болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Т.Ган-Очир Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!