Цуглах цэг нь УБ хот (Сүхбаатарын талбай)-оос 29 орчим км зайтай оршдог. Энэ "хамгийн өндөр" цэгээс уруудсаар Туул голын хөндий даган, Дэндий амын эх, Гацуурт суурингаар дамжин Дүнжингарав худалдааны төвийн талбай хүрч аялал дуусах онцлогтой.
Аяллын замд анх удаа явж байгаа болон "ичээ"-нээс гарч буй гишүүдийн биеэ дасгах, аяллаа эхлэхэд тохиромжтой чиглэл гэж үзэж байна. Энэ удаа цагийн зүүний эсрэг чиглэлээр "анх" аялана.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Аялал эхлэх цэгт эхний гишүүн 09:20 гэхэд аль хэдийн ирчихээд сельфи зурагаа бусад гишүүдэд илгээсэн байжээ. Энэ нь бүр Налайхад байх цуглах цэгт 40 гаруй минутын өмнө жийж очсон гэсэн үг юм. Группийн түүхийн хуудсыг сөхөн үзвэл үүнээс өмнө Налайхын Оргил худалдааны төвийн урд таван удаа цуглаж байжээ. Холдоо орох энэхүү цуглах цэгт группийн бараг бүх гишүүн зүүнээс баруун зүгт тасралтгүй үлээх хүчтэй жавартай салхийг үл ажран жийсээр хүрч ирцгээв. Хамгийн түрүүнд ирсэн гишүүн шиг аялал эхлэх цагаас хэдэн минутын өмнө ирсэн нь тэнд байх цайны газарт орж халуун унд ууж, хөнгөн хоол идэж эрч хүчээ сэлбэж амжсан бол тулгуу ирсэн хэдэн гишүүн тэр чигээрээ л мордов. Учир нь УБ уулын дугуйн аялал группийн аялал яг товлосон цагтаа эхэлдэг билээ. Ийнхүү өнөөдрийн аялал 10:03 цагт (аялал удирдсан ерөнхий админы цаг ганц хоёр минут хоцорсон бололтой) эхлэв.
Ингээд өгсүүр нь үгүй замын хагаст нь шааригдаж хагаст нь дэмнэн жийж маршрутын дагуу Туул голын эхний салаанд хүрлээ. Групп энд түр татан сугарсан болон цагаасаа хоцорсон зарим гишүүдээ гүйцэж ирэх бололцоо олгов. Ингэхдээ зүгээр зогсоцгоолгүй уламжлалт дасгалаа бүгдээрээ хийсэн ба улмаар зарим нь завшааныг ашиглан мөсөн шагайгаар наадах, зураг хөргөө авахуулах, унадаг дугуйны талаар зөвлөлдөх зэргийг амжуулав.
Ийнхүү танагтай хоцорсон хэдэн гишүүнийг ирэхтэй зэрэгцэн хөдөлж, Туул голын удаах салаануудыг мөсөн замаар хөндлөн гарч уужим тэгш хөндий рүү орлоо.
Эхний хөтлийг давсаны дараа группийн ерөнхий админ аяллын багийн үндсэн бүрэлдэхүүнийг чиглүүлэн маршрутын дагуу жийсэн бол хөх тэмдэгтэй нэг гишүүний хамтаар удаах хөтөл рүү халз өгсөн гарах зэргээр өөр хэдэн гишүүдийн хамт салаа зам гарган жийв. Тэр хөтөл зүүн урдаасаа ганц доруйхан өгсөнгүүт баруун хойшоо тавиухан уруу тул үндсэн багийн түрүүчийг алсаас ажигланхан хааяа хааяа тоормос атгасаар уруудав. Ингээд маршрутаа дагасан ба хадуурсан хоёр багийн түрүүч хальт уулзаад урд хойноо орж хэсэг жийж байтал маршрут дагагсад гэнэт л алга болсон байв. Ингээд уулын бэл дагасан, алсын бараатай замаар хадуурч давхисан бид хэд модны зах руу орохын өмнөхөн 11:30 цагийн орчимд зогсож шороон замын уртад цувсан гишүүдээ татан бөөгнүүллээ. Энэ үед аяллаас тамтаггүй хоцорсон хоёр нэхэн ирэв. Хотоос нэлээн оройтож гарсан ч жийсээр байгаад гүйцээд ирсэн нь энэ ажээ. Харин ерөнхий админаар замчлуулсан үндсэн баг руу нийлээгүй нь тэд Туул голын жижиг салаануудыг дайран гарахаар голын шугуй руу орж аль хэдийн бараа сураггүй болсоныг илтгэж буй явдал хэмээн дүгнэв.
Сугарч хоцорсон гишүүд ирэнгүүт анхнаасаа голоос зай авч уулын бэл рүү шахсан бид хэд мөнөөх замаа цааш үргэлжлүүлэв. Угаасаа халз өгсөөд уул даваа давахгүй л бол өөр гарах газаргүй тул ийнхүү жийхэд яав л гэж. Аяллын маршрутыг анх харж байхад л ер нь уул ба голын шахаа дагаж яагаад болдоггүй юм бол хэмээн бодолхийлж байсан билээ. Ийнхүү цас хальтиргаагүй, шавар шарваагүй үед араа, гадар сайтай дугуйгаар жийгээд давчихаж болохуйц, даваад Бага хуандайн ам руу орох замын бараа тодорхой харж аваад уулын ташлангаар хоёр ч жалга хөндлөн гарч уруудсаар гол руу огцом шахсан бэлд хүрэв. Шахааны тэгш хэсгээр жаал жийтэл голын халиа мөнөөх нарийхан газрыг нэлийсэн мөс болгосон тул дугуйнаасаа бууцгаан мөсөн дээгүүр алхацгааж байтал урдхан алхах хоёр гишүүний нэг нь үндсэн багийнхныг урдхан байгааг харсанаа хэлж мэдэгдэв. Тэд голын сүүлийн гармаар гаралгүй буудалласан нь тэр байв.
Минж үржүүлэг гэсэн пайзны харалдаа буудалласан аяллын багийнхан дээр очиход ерөнхий админ "зогсож буудаллаад хоол ундыг нь уулгаж идүүлэхгүй бол юу юугүй Гацуурт орох нь ээ" хэмээх аж. Аялал Налайхаас эхэлсэний дээр цаг хугацаа хумслах өндөр даваагүй тул аяллын маршрут яах ийхийн зуургүй дуусчих гээд байсан нь үнэн л дээ. Одоо дугуйндаа нэг мордоход л Гацууртын автобусны эцсийн буудал хүрнэ.
Минж үржүүлгийн дэргэд багагүй хугацаагаар тухлан саатсан бид Гацууртын автобусны эцсийн буудал дээр 12:45 цагт очиж улмаар маршрутын үлдсэн хэсгийг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хоёр эгнээ бүхий нэгдсэн цуваагаар жийж 13:40 цагт аяллын төгсгөлийн цэг болох Дүнжингарав худалдааны төв дээр ирсэнээр өнөөдрийн аялал амжилттай өндөрлөлөө.
Аялалд оролцож жийсэн бүх гишүүддээ баяр хүргэе. Зүгээр л жий!