Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #134 - Төмөр замын дагуу 361 хүртэл

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/270
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
0
Өндөр авалт
592 м
Өндөр алдалт
-593 м
Их өгсөлт
6.5 %
Их уруудалт
-5.9 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2023 оны 3 сарын 11 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХҮЙТЭН САЛХИТАЙ НӨХӨРЛӨСӨН НЬ
Цэлмэг нартай өглөө боллоо. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр -7 градус, салхины хурд 8 м/с, баруун хойноос чиглэлтэй байхыг харсан тул нэмэлтээр малгай, бээлий авлаа. Аяллын үдийн хоол идэх 361 гарам хүртэл салхи сөрөхөө мэдэж байсан тул дотроо бодолтой байлаа.

Цуглах цэг явах замдаа нэг зогсож хамгаалалтын малгай дотроо нимгэн баф давхарлаж чихээ хучлаа. Овоо хүйтэн салхи байна шүү гэж хамт явж буй гишүүнтэй ярилцанхан жийсээр, Толгойтын төмөр замын гарам дээр бас нэг гишүүнээ "олж" аваад, замдаа CU орж халуун унд, хүнс идээд, цуглах цэгт 9.10 цагт ирлээ. Манай гурван гишүүн аль түрүүн ирээд дэлгүүр дотор тухалжээ.

Аялал 9.56 минутанд эхлэв. Хүйтэн салхи сөрөх тул таталтын эхний цэг болох төмөр замын гарам руу баг бөөндөө хоёр эгнээ болон 20 км/цагийн хурд барин хөдөллөө. Салхины хурд арай л их юм шиг санагдаж билээ. Цуваа эгнээгээ алдалгүй 3 орчим км яваад зарим нь гээгдээд эхэлсэн боловч, зогсохгүй жийсээр араас ирэх болохоор ер юм бодсонгүй. Таталтын цэг дээр сунгалтын дасгал хийгээд замдаа гарлаа. Намхан уулын энгэр бэл ороосон өөд уруу хөлдүү шороон замаар жийсээр Шар хөвийн дөрөлжийн хойд талаар даван Эмээлт суурин орж ирээд хальтхан нэг татаад хөдлөв.

Уг нь яг төмөр зам даган мурилзсан уулын бэл ороосон замаар багаа аваад явчихья гэж бодсон боловч төмөр замын даланд хуйсагнасан салхи тухайн замыг цас мөсөн саадаар битүү хучсаныг алсаас хараад болилоо. Яг л нондин жилийн хавар явсан замаар явахад гүвээний өгсүүр цасанд дарагдан тарлантсан тул холоос тод зам нь харагдахгүй, хөөрхөн будилуулаад авлаа. Байгалиа гэж төгс өнгөлөн далдлалт хийхдээ гарамгай юм даа.

Манай багынхан шууд гүвээний өгсүүр замаар жийчихлээ. Ховилтой шороон зам нь хөлдүү хөр цасаар дүүрч хажуу талаар нь цас шажигнуулан мурилзан өгсөв. Гүвээн дээр хүйтэн салхи маань баярлан хүлээж байлаа. Бүгд дугуйран зогсож, энэ өндөрлөг газар аяллын Ногоон тэмдэг болон Улаан тэмдгийн болзол хангасан хоёр гишүүнд халуун алга ташилтын дор тэмдгийг нь гардуулж өгөв.

Зураг 1. Улаан тэмдэг, Ногоон тэмдгийн болзол хангасан гишүүд. Зурган дээр хүчтэй салхи харагдахгүй байна.
Нэг зураг дарах хооронд гар шууд бээрч байлаа. Шууд уруудав. Салхи сөрж байсан тул хурд 14-17 км/цагийг зааж байв. Давааны өртөө хүрч хашааны нөмөрт нэг татан амраад, шууд 361 гарам руу хөдөллөө. Жийлтийн хэмнэлээс болж ерөнхийдөө гурван бүлэг болсон. Товлосон газраа эхний гишүүд 12.30 цагт ирлээ.
Зураг 2. Манай баг. 361 гарам
Тухтайхан зоогийн газар хооллож, сайхан амараад 13.40 цагт замдаа гарав. Хүй долоо худагийн хөндий өгссөн замаар араас жишүүдүү үлээх нөгөө салхиндаа туугдан жийсээр Эмээлт суурин хүрч нэг гишүүний ажлаар орон халуун цай ууж тухтай амарлаа.

Манай багийн зарим гишүүд хувцсаа нимгэдүүлсэн нь анзаарагдсан боловч хэн ч энэ тухай том "гомдол" мэдүүлсэнгүй.

Зураг 3. Аялагч дугуйчин хаана ч амарч чаддаг юм.

Ийнхүү хот руу Шар хөвийн дөрөлж даван жийсээр 15.30 минутанд Таван шар орж, аялал амжилттай болж дууслаа. Хүйтэн салхины урсгал сөрөн золбоо цогтой жийсэн аяллын баг хамт олондоо чин сэтгэлийн халуун баяр хүргье. Зүгээр л жий.

Энэ аяллаар УЛААН ТЭМДЭГ-ний болзол хангасан дугуйчин Цолмонгийн аяллын тэмдэглэл

Монгол улсын хилийн урт 8158 км буюу Анхны аялал

2019 оны 3 сарын 9 ний хаврын багавтар нартай өдөр зарлал харж байгаад унадаг дугуйгаар аяладаг "Улаанбаатар уулын дугуйн аялал" нэртэй групп дээр унадаг дугуйн дээр тогтдогийгоо дугуй унаж чаддаг гэж бодчихсон юу ч мэдэхгүй би гэдэг хүн давхиад очиж байсан юм. Том том дугуйтай өндөр өндөр дан эрчүүд. Нэг ч эмэгтэй хүн байхгүй. Тэр өдрийн аялал 88 км. “Ганцаараа эмэгтэй юм байна, эд нарыг гүйцэхгүй байх больё” гэж бодохоо ч мэдэхгүй дагаад л гарсан.
За тэгээд аяллын замд хэрхэн ядарч хэрхэн ёстой үзээгүйгээ үзэж байж Эмээлт, Сэрүүний ам, Өлзийт хороолол гэж цагийн зүүний эсрэг жийсээр Өлзийтийн баруун үзүүрт хурдны зам дээр гарсныг бичихээс аймаар. (Хөшигтийн хурдын зам тэр үед ашиглалтанд ороогүй байсан) “Юу вэ ямар хүмүүс дээр ирчихэв дээ. Цолмон минь чи юу хийж яваа юм бэ” гэж л өөрөө өөртөө үглэж явснаа сайн санадаг. Гэхдээ дотроо муухан хор шартай байсан юм шиг байгаа юм. Эмээлтрүү засмалаар жийж явахад хэд хэдэн хотгор гүдгэр байдаг даа. Тэр бүгдрүү байдгаараа хичээж гарах бүрдээ “за яаж ийж байгаад энэ хэдэн гүвээг давчихаад нөхрийгөө ирж ав гэж дуудья” гэж дотроо тэссээр дуусгаад таван толгойн цэргийн ангируу салдагийн наах нь урагшаа шороон замруу Сэрүүний амруу эргэсэн юмдаг. Хэрэв тэр гүдгэрүүдийг давж чадалгүй тэр дороо нөхрийгөө дуудан авахуулсан бол өнөөдрийг хүртэл 4 жил дугуйгаар аялахгүй ч байсан байх. Анхны тэр аяллыг арайхийн дуусгаад гэрлүүгээ жийж явахдаа өөрийгөө ялж замаа дуусгасандаа баярлах бус “дахиж дугуй унахгүй, би яг галзуурсан байх, дан эрчүүдтэй ийм хол замд яваад байхдаа яахав дээ” гэж хамаг бие ядарч өвдсөндөө уйлж явсандаа.
Харин гэртээ хариад амарсаны дараа группийн админаас өнөөдрийн замаа бүрэн дуусгасанд баяр хүргэе, маш сайн байсан, дараагийн аялалд ирж оролцвол бид их баярлана гэсэн талархал ирэхээр нь ихэд гайхан харин ч таталт бүр дээр маш их хүлээлгэж залхаасан баймаар юм гэж бодож билээ. Харахад хэнийг ч тоохооргүй туршлагатай дугуйчид зориод ирсэн сонирхол нэгт нэгнийгээ хүндэтгэн угтаж тэр хүн л өөрөө шантрахгүй бол ямар ч үед дундаа оруулан “аваад” жийдгийг энэ олон жил аялал бүр дээр мэдэрч суралцаж явдаг билээ.

Зураг 4. Анхны аяллын дараа нүүр номонд оруулж байсан пост

Өвчин биш болохоор ядарсан булчин ганц хоноод л амарч дахин аялах хүсэл төрснөөр дахиж дугуй унахгүй гэсэн хүн чинь дараа дараагийн аялалд дахин дахин очсоор ядарсаар, унаж бэртсээр, бас өөрийгөө ялж хол хол замыг дуусгасаар нэг л мэдэхэд яг 4 жилийн босгон дээрээ Монгол улсын хилийн урттай ижил км буюу 8158 км-ийг Уулын дугуйн аяллын групптэйгээ аялаж 2023 оны 3 сарын 11-ний Бямба гаригийн аяллаараа УЛААН ТЭМДЭГНИЙ эзэн боллоо.
Энэ тэмдэг бусдад бол зүгээр л нэг жижиг цагаан даавуун дээр улаан утсаар оёсон дугуйчны дүрс бүхий 8158 км гэсэн бичиг. Харин бидэнд бол эхлээд монгол улсынхаа хойноос урд хил хүртэлх 1259 км замыг, дараа нь баруунаас зүүн хязгаар хүртэлх 2392 км-ыг, үргэлжлүүлээд Монгол улсын хойд хилийн урт 3485 км, урд хилийн урт 4673 км замуудыг групптэйгээ хамт жийж бараад энэ бүхний дараа Монгол улсын нийт хилийн урт 8158 км-тэй ижил замыг унадаг дугуйгаар жийсний нотолгоо, өөрийгөө ялж тууштай унадаг дугуйгаар аялсны баталгаа ДӨРВӨН ЗҮГ нэрт тэмдэг билээ.
Юм гэдэг сонин. 8158 км-ийг жийсэн миний 77 удаагийн аялалд инээд, нулимс, ялалт, ялагдал, цас, бороо, нар, салхи шуурга, жилийн дөрвөн улирал бүгд байсан. Групптэй анхны жийлтээ хийхээр ирж буй шинэ дугуйчны дэргэд 8158 км жийсэн хүн гэдэг яах аргагүй туршлага, туулсан зам, сэтгэл зүй гээд бүх талаараа давуу гэдэг нь ойлгомжтой. Гэвч амьдрал гэдэг баялаг, хүн гэдэг таашгүй гэдгийг өдөр бүр мэдрүүлдэг “АЯЛЛЫН ЗАМ” хэмээх хүчирхэг удирдагч улаан тэмдэг авсан энэ өдөр ч надад өөрийн хүч чадлаа мэдрүүлсэнд үнэхээр гайхан бишрээд барамгүй. АЯЛЛЫН ЗАМ тэр чигтээ АМЬДРАЛЫН СУРГУУЛЬ.
Дөрвөн жилийн өмнө дугуй жийж эхлээд сар гаран л болж байсан байх, ээлжит нэгэн аяллаар аанай л хөл ядран Хандгайтын уул өөд өнжмөл хөвдөнд зууралдаад арайхийн жийгээд өгсөж байхад админ хэлж байсан. “Чи өмнө нь дарга, цэрэг, хоригдол, эрх гүнж хэн байсан чинь яг энэ аяллын замд огтоос хамаагүй. Бас чи өмнө нь дэлхийн хамгийн хүчирхэг цоо эрүүл хүн байсан ч тэр чинь яг одоо энэ замд хэнд ч хүртээлгүй. Харин чи яг одоо ингээд өөрийнхөө төлөө ямар нэг зүйлд өөрийгөө сориод ядарсан ч гэсэн ийнхүү дугуйгаа чадан ядан эргүүлж байгаа чинь гайхамшиг. Хүн байгуулж байсан сайн сайхнаараа бахархаж, гаргаж байсан алдаа онооноосоо суралцах нь зүйн хэрэг ч өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд үлдээгээд өнөөдөр чи хэн байх чинь л чамд болоод чиний эргэн тойрон, улс оронд чинь хэрэгтэй байдаг юм. Тиймээс амьдарч буй өнөөдрийн цаг мөч бүрдээ өөртөө болоод амьдралд үнэнч амьдрах ёстой юм шүү дээ” гэж хэлж байсан юм. Үүнийг би мартдаггүй.
Энэ бол хүний өнгөрсөн нас, цаг хугацаа нь амжилттай сайхан байсан бол тухайн үеийнхээ өөрийн чадлаар амьдарсан хамгийн шилдэг, алдаж эндсэн бол хамгийн харамсмаар амьдрал байдгийг л надад ойлгуулсан хэрэг. Иймээс л маргааш маргааш гэлгүй олдсон өдөр бүхнээ талархан угтаж дуртай зүйлээ хийж, янз бүрийн шалтаг тоочилгүй аз жаргалыг бүтээж амьдар гэсэн утга юм даа.

Зураг 5. 2019 оны 5 сарын 5 ны өдрийн УБ-Хандгайтын даваа-Улиастайн дээд эх-Бэлхийн зүүн салаа Хадат виллагийн дээд даваа-УБ маршруттай 74 км-ийн аялал. Зууралдсан өнжмөл хөвдөн дунд арайхийн жийж явахад админ санаа авч хүч орох олон зүйл хэлж өгч байсан билээ.

За эргээд 8158 км-ийн улаан тэмдэг авсан өдөртөө очье. Энэ өдөр 3 сарын 11 ний бямба гариг. Өвлийн хүйтнээс дулаанд шилжиж бараг дахин хүйтрэхгүй мэт олон хоногийн үргэлжилсэн дулаанд дасаад байж байтал гэнэт л хүйтрэн баруун хүйноос хүчтэй салхитай -8 хэмийн хүйтэн өдөр хуучин 22 ийн товчооны Номин агуулах дэлгүүрийн гаднаас аялал эхэлж Баруун турууны наадах төмөр замын гарам хүрээд баруун тийш уулруу гарч Эмээлт өртөө, Давааны өртөө туулан 3-61 гарам хүрээд эргээд наадмын Хүй-7-гийн замаар уруудан засмалаар хотод ирэх аялалдаа гарсан юм. Мэдээж энэ аялалд явчихвал миний нийт туулсан км Улаан тэмдэгийн болзол хангах тул явах ёстой гэсэн тушаалаар гэрээсээ цоглог гарсан ч 5 шар хүрэхийн үеэс л эхлэн хөлийн булчингууд өөдөөс үлээх салхинд ялагдан өнөөдрийн аялал нэг л таатай бус санагдаж хэд хэдэн удаа аяллаа цуцалмаар санагдавч тэмдэг авах болзолоо хангах хүсэл, мөн анд нөхдийн маань өнөөдөр Цоко эгч улаан тэмдэгээ авна гэсэн хүлээлт дотроос яаруулан ямартаа ч аялал эхлэх цэг дээр 9 км жийгээд очсон. Аялал ч цагтаа эхэлж Баруун турууны наад талын гарам хүрээд замаас гарч уулруу өгсөх өртөө хоорондын уулын замын байн байн тохиолдох өгсүүр уруу үнэхээр миний үгэнд орохгүй булчинд маш хэцүү байлаа. Яг л анхны аяллаа хийж байгаа мэт.
Яахав анхны аяллыг бодвол сэтгэл зүй хэдийнээ тогтож, араа хүрдээ тохируулж дотоод сэтгэлдээ тэгтлээ ядарч шатахгүй байх нь жоохон илүү байсан байх. Тасралтгүй өөдөөс эсэргүйцэх салхи үнэхээр цуцааж энэ аяллын хамгийн өндөрлөг цэг болох Давааны өртөөний наад өндөр гүвээрүү өгсөж явахад буугаад хэвтчихмээр л байсан. Гэвч хэзээ ч ялангуяа өнөөдөр шиг хүйтэн салхитэй өдөр гүвээн дээр түрүүлж очоод миний тэмдэгийг хийморлог газар гардуулахаар хүлээж байгаа залуусаа удаан хүлээлгэж буух, хэвтэх үйлдэл огтоос байж болохгүй юм. Тиймээс ёстой эцсийн хүчээ шавхан жийсээр гүвээн дээр гарах үед салхи бүүр галзуурч бараг буцаагаад уулын бэлд аваачихаар ширүүсэвч манайхан намайг хүлээж тойрон зогсож зогсолтгүй жийж гарч ирсэнд баяр хүргэж үргэжлүүлэн УЛААН ТЭМДЭГ гардуулан баяр хүргээд бушуухан доош бууцгааж Давааны өртөөний эхний айлын хашааны нөмөрт дулаацан бөөгнөрлөө. Аялал бол нөхөрлөлийн талбар.

Өмнөх аялал буюу УБ хотоос Төв аймгийн Алтанбулаг сум хүрэх 50 км-т эрчүүдтэй хамт нэг ч зогсолтгүй жийж очоод буцаад 50 км, нийт 100 км асуудалгүй жийсэн хөл энэ өдөр зүгээр л анх удаа дугуй жийж байгаа мэт мод. Ийм л ойлгомжгүй байдал хүний биед үүсдэг тул тухайн өдрийн байдлаа л чухалчил. “Би өмнө нь тийм байсан, би тэдэн км-т тэдэн цаг минут жийдэг тул надад өнөөдрийн тэдхэн км юу ч биш” гэх мэтээр өмнөх хойтохоо огтоос дурдах хэрэггүй гэж аяллын зам сургадаг нь энэ байлаа. Мөн группээс авсан тэмдэг тухайн дугуйчны туулсан замын илэрхийлэл болдог хэдийд ч хэний ч бие махбод яаж ч өөрчлөгдөн хямарч болдог. Үүнд тухайн өдрийн цаг агаар, салхи нар, тэр өдрийн өмнөх дугуйчны амралт, биеийн байдал сэтгэл зүй бүгд нөлөөлдөг тул хэмжих аргагүй гэж админы хэлдэг нь ч энэ өдөр 100 хувь батлагдаж байлаа. Тиймээс тэмдэгтэй гишүүд мундаг, би тэмдэг аваагүй тул үлдэх байх, чадахгүй байх гэсэн ойлголтыг мартах хэрэгтэй гэж аяллын зам хэлдэгийг дахин дахин ойлгосон өдөр байсан юм.
Ийнхүү анхны аяллыг санагдуулж, хойшдоо сэтгэл ханаж өөрийгөө дайчлахаа орхиузай хэмээн ойлгуулан надад ирсэн группийн 5 дахь тэмдэг буюу УЛААН ТЭМДЭГ минь эх орны минь хилийн урттай ижил километр замыг Улаанбаатар уулын дугуйн аяллын групптэйгээ хамт жийсний баталгаа билээ.

Зураг 6. Улаан тэмдэгээ аваад 3-61 ийн гарам хүрээд амарч буй мөч

Аяллаа дуусгасан уу гэж үү. Групп эхлэсэн л бол аяллаа заавал дуусгадаг. Мэдээж бид хүйтэн салхиа сөрсөөр 3-61-ийн гарам хүрч амарч хооллоод эргээд маршрут ёсоор Хүй-7 гийн замаар уруудан жийсээр төв замтай нийлэн тэрнээс нааш дан засмалаар давхисаар өглөө 10 цагт гарсан аялал маань 90 км зам туулан үдээс хойш 15:30д хотод ирснээр амжилттай өндөрлөсөн юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Дөлгөөн Ж.Батдаваа С.Отгонбаатар Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Д.Цолмон Э.Ожго
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Б.Сүхбат
  • 4999 км
  • 49
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7120 км
  • 75
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Ган-Очир Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1306 км
Зүгээр л жий!