Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 марафон #6 - УБ 240/24 2023

UB 240/24 буюу УБ 240/24 нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн марафон юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/268
Аяллын төрөл
УБ 240/24 марафон
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
3
Өндөр авалт
2183 м
Өндөр алдалт
-2183 м
Их өгсөлт
7.5 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
18
Эхлэх цаг
2023 оны 6 сарын 24 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

ЧИГЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Уламжлалт УБ 240/24 аяллын чиглэл энэ жил цаг хугацаа болон замын хувьд өөрчлөгдсөн болно. УБ хотын нутаг дэвсгэрээс "гарч", Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумын нутгаар аялана. Замын гадаргын хувьд шороон замаар 80 км (33%), засмал замаар 160 км (66%) жийнэ. Энэ чиглэл нь УБ- Дархан- Сэлэнгэ аймгийн автомашины төв зам болон орон нутгийн туслах замуудтай давхцах юм. Хугацааны хувьд жил бүрийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог Зуны туйл өдрүүдэд зохиогдож байхаар боллоо. Аяллын зайн эхлэл, төгсгөлийг Сүхбаатарын талбайгаас тооцсон болно.

БАГИЙН ХУВИАРЛАЛТ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Энэ жил жийлтийн эрчимээр олон багт хуваагдаж аялна. Баг нь ахлагч (багаа удирдана, аяллын тэмдэглэл оруулна), орлогч (ахлагчийн туслах), чиглүүлэгч (гар утсандаа аяллын замын чиглэлийг "суулгаж" чиглүүлнэ), холбоочин (бүртгэлийн цэгээс мэдээ дамжуулна), цоожлогч (багийн ард аюулгүй байдлыг хангах гэрэл, дарцагтай явна) гэсэн зохион байгуулалтанд орно. Багийн ахлагч багийн гишүүдийн үүргийг хувиарлана. Баг нь 5 болон түүнээс дээш хүнтэй байна. Баг нэртэй байж болно.

ЧИГЛЭЛИЙН ЗАДАРГАА
Гараа буюу Бүртгэлийн цэг 1: Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан, админд бүртгүүлээд, төрийн дуулалаа хамтдаа дуулж сонсон, өглөөний 6.00 цагт аялал эхлэнэ. Засмал замаар 9 км орчим жийгээд Санзайн амны дэлгүүрээр шороон зам руу салж Хадлангийн даваа өгсөнө. Даваа уруудан, гишүүтэй овооны хяраар дамжин Халзангийн ам руу орж явсаар Хүйн голыг гарамаар гарч Ногоонтолгой (Гарц 1, 42 дахь км) суурин хүрнэ. Шороон замаар 18 км жийнэ.

Бүртгэлийн цэг 2: Автомашины засмал замаар 20 км жийж Батсүмбэр сумын төв (Гарц 2, 62 дахь км)-д хүрч багийн Холбоочин анхны мэдээгээ дамжуулна. Энэ цэг дээр ирээд "гарцгүй" болно. Өөрөөр хэлбэл аяллын замаас "гарах" гишүүд энэ "гарц"-аар буцна.

Бүртгэлийн цэг 3:  Сумын төвөөс хойш гарч, уулын хормой ороон баруун зүг Хунцал голын хөндийгөөр өгсөн 16 орчим км яваад баруун хойш чиглэсэн замаар өгсөн Нарстийн даваа давна. Даваа уруудан цаана нь байх Морин даваа руу зам чиглэнэ. Доод замыг барьж уулын бэл ороож тойроод явах өөр зам бий. Аль нь ч болно. Ийнхүү тариа, ногооны талбай бүхий хөндийгөөр Сүжигт голын хойд дэнж даган уруудаж явсаар аяллын хамгийн хойд талын цэг болох Борнуур сууринд ирнэ. Багийн Холбоочин мэдээ дамжуулна. Шороон замын нийт зай 44 км орчим.

Бүртгэлийн цэг 4: Суурингаас гарсан засмал замаар уруудан УБ-Дархан- Сэлэнгэ чиглэлийн төв автомашины замтай нийлнэ. Энэ замаар багаараа хамтдаа жийх, мөн багийн Цоожлогч арын улаан, цагаан гэрэл (унадаг дугуйн зориулалт бүхий аюулгүйн туяалзсан өндөр иштэй, тод өнгийн дарцаг байж болно)-ээ анивчуулан явахыг зөвлөх байна. Төв аймгийн Баянчандмань сумын төвөөр дайран гарч, 61-ын даваа даваж уруудан, Хар модотын (52-ын) даваа даваж Дэлгэр булгын хөндий туулан бага шиг хоёрын зэрэг гүвээ даван 60 орчим км зам туулан 361 гарам дээр ирнэ. Багийн Холбоочин мэдээ дамжуулна.

Бүртгэлийн цэг 5 буюу бариа: Хүй долоо хөндий чиглэсэн засмал замаар өгсөн жийсээр баруун аймгууд явах автомашины төв замыг хөндлөн гарч Хүйтний ам уруудан, Туул голын гүүрээр гарч, Өлзийт хорооллын замаар Айдасын даваа даваад Буянт Ухаа дахь Амгун төвийн дор байрлах CU дэлгүүрийн бяцхан талбайд ирж бариандаа орно. Багийн Холбоочин мэдээ дамжуулна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Жил бүрийн 6 сард зохиогддог уламжлалтай УБ240/24 буюу 240 км урт зам бүхий маршрутыг 24 цагийн дотор жийж дуусгадаг унадаг дугуйн аялал 2023 оны 6 сарын 24-ний өдөр 6 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус аялалд нийт 18 дугуйчин оролцож үүнээс 13 нь аяллын маршрутыг бүрэн жийж дуусгасан байна. Замын дундаас гарсан 5 дугуйчны 2 нь эрүүл мэндийн шалтгаанаар, 1 нь техникийн саатал, өөр 1 нь унадаг дугуйн хэмжээ тохироогүйн улмаас, үлдсэн нэгийн баг нь өөр гишүүнгүй болж ганцаардсан зэргээс болж тийнхүү маршрутын дундаас жийлтээ өндөрлөжээ.

УБ240/24 аяллуудын эхний хэдэн жилийн арга хэмжээг дугуйчдын дунд бүрэн нээлттэй зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд бүртгэл дээр нь нэмэлт зохицуулалт хийдэг болсон. Хэрэв та уг аялалд оролцохоор төлөвлөж буй бол үүний дагуу эхлээд УБ уулын дугуйн аялал группийн аль нэг аялалд бүртгүүлэн, заасан маршрутыг бүрэн дуустал жийж оролцоно. Түүнчлэн УБ240/24 аялалд оролцохоор төлөвлөсөн УБ уулын дугуйн аялал группийн гишүүд уг аяллын эхлэхээс сар гаруй хугацааны өмнөөс тус аяллын маршруттай уялдуулсан өдрийн аяллуудад оролцох байдлаар нэгдсэн бэлтгэл хийдэг.

Багуудын барианд орсон цаг

УБ240/24 нь багийн аялал бөгөөд багийг хэрхэн зохион байгуулахыг энэхүү аяллын веб хуудас дээр тусгайлан бичиж заасан байдаг. Энэ оны хувьд аялалд оролцох гишүүдийг жийлтийн эрчмээр нь багуудад хуваасан. Аялалд оролцсон багуудын барианд орсон цагийг дор нэгтгэн жагсаав.

  1. УУДАГ-1 баг 18:15
  2. УУДАГ-2 баг 19:20
  3. УУДАГ-3 баг 22:00
  4. УУДАГ-4 баг барианд ороогүй.

Багийн барианы цагийг сүүлийн гишүүнийх нь амжилтаар тооцсон.

Дээрх мэдээнд дурдсанчлан УУДАГ-4 баг барианд ороогүйгээс гадна бусад зарим багуудаас нэжгээд гишүүн гарсан. Тэмдэглэлийн эхэнд буй тоонд оруулсан тэдгээр гишүүдийн нэг нь өмнөх жилийн УБ240/24 аяллыг хамгийн түрүүнд дуусгаж байсан, нөгөө гурав нь бас л уг аяллын ард гарч байсан бол үлдсэн нэг нь энэ жилийн маршрутыг торох юмгүй дуусгах байсан билээ. Гэвч уулын зам, даваа оролцсон 240 км бол нэн ялангуяа мэргэжлийн бус дугуйчдаас бие бялдар, сэтгэл зүйн чамгүй бэлтгэл шаарддаг юм. Түүнчлэн аливаа дугуйчдаас унадаг дугуйн техникийн бэлтгэлийг ч шаарддагийг онцлууштай. Чухам үүнээс болж энэ оны аяллыг бардам дуусгах байсан хоёр ч гишүүн замын дундаас гарсан.

Аяллын эхлэл

Цуглах цэгт аялалд оролцсон 18 гишүүнээс хамгийн эхнийх нь 05:35 цагт иржээ. Харин аялал эхлэх цаг болоход хоёр л гишүүн дутуу буюу хоцорсон байв. Ингээд УБ240/24 аяллын уламжлал ёсоор гарааны цэгт Төрийн дууллаа хамтдаа дуулаад 06:00 цагт дугуйндаа мордон жийж эхлэв. Маршрутын дагуу чанх хойд зүгийг барин хэсэг жийтэл хойд уулсын оройгоор битүү манан буусан нь анхаарал татлаа. Өнөөдөр түр зуурын ширүүвтэр бороо аяллын маршрутын дагуу орох цаг агаарын прогноз байсан тул ийнхүү тэнгэр ажиглаастай жийсэн нь тэр буюу. Яг одоогоор манантай нь энэ хавьд бороо орохгүй гэсэн үг. Цаг агаарын прогноз ёсоор Батсүмбэр өнгөрсөний дараа бороонд цохиулах нь гарцаагүй байсан. Харин чухам хаана вэ гэдэг л сонирхол татаж байв.

Засмал замын төгсгөл - Хадлангийн даваа руу өгсөн шороон замын уулзвар дээрх эхний таталтын цэг дээр гишүүдийн ирц бүртгэв. 06:00 цагт эхэлсэн аялалд гишүүд хоцролгүй жийж ирцгээжээ. Энд зарим нь түр зогсоход зарим нь даваа руу өгсөж л байя хэмээн шууд явж өнгөрнө. Ийм урт замд сул зогсолтоо багасгах нь ачаалал багатай жийж улмаар зорьсон маршрутаа амжилттай дуусгах нэг үндэс юм.

Хадлангийн даваа давж уруудах явцад гишүүд хэсэг бусаг болж тарсан тул Хүйн голыг янз бүрээр гаталжээ. Ихэнх гишүүд машин туулж гардаг гармаар туулж гарсан бололтой. Харин Ногоонтолгойгоос хойш байдаг хоёр гүүрээр цөөн хэдэн гишүүд ганц нэгээрээ гарсан байна. Ийнхүү голын усанд хэн нь ч хөлөө норголгүйгээр Хүйн голоор амжилттай гарсаны дараах ойрын зорилт бол Батсүмбэр сумын төв хүрэх явдал юм. Яг одоогоор 07:40 цагаас эхлэн бид Батсүмбэр сумын хилийн дээс - хаалгаар увж цувсаар жийн орцгоож байна.

Батсүмбэр сумын төвд эхний аялагч 08:12 цагт очив. Харин эндээс хөдлөхдөө хоёр баг болж гарав. Эхний баг түрүүлж хөдөлсөн бол хоёр дахь баг сүүлийн гишүүнийг ирэн иртэл удтал хүлээж байж хөдөлсөн. Маршрутын дундаас гарсан тэр аялагч гишүүний ирэхэд ерөнхий админ "Эндээс аяллаа дуусгах юм биш үү?" гэсэн санааг хэд хэдэн янзаар тойруулан асуусан ч хатуу шийдсэн өнөөх гишүүн "би явна аа" л гэсэн хариу өгөв. Ээ юу л болдог бол доо хэмээн түүний өмнөөс халшрангуй бодлоо.

Зураг 1. Батсүмбэр сумын төвөөс гарч буй нь

Аяллын өрнөл

Батсүмбэр сумын төвөөс хоёр бүлэгт хуваагдан хөдөлсөн бид Хунцал голын хөндий болон Нарстын давааны өгсүүр зэрэгт шигшигдсээр эхнээсээ 11:34 цагт Борнуур сумын төвийн төвд хүрч очсон бол сүүлийн хоёроос "Борнуур дээр та нар хооллож амраад хүлээлгүй хөдлөөрэй. * бид хоёр их удаан явна. * харагдахгүй ард үлдсэн." гэсэн мсж 13:35 буюу яг хоёр цагийн дараа иржээ. Харин Борнуурын төвөөс эхний бүлэг 12:15 цагт хөдөлсөн бол удаах нь бүр 14:40 цагт хөдөлсөн. Эдгээрийн цаана "Ахиад 130 орчим км жийх атлаа аялалд хамт оролцож буй бусдыгаа 3 цаг хүртэл хугацаагаар хүлээсэн" гэсэн далд утга санаа нуугдана. Хэрэв энэ аяллын баг зохион байгуулалтыг "ганцаарчилсан" гэсэн байсан бол 240 км-ыг эхний оролцогч хэдэн цагт ч дуусгах байсан бол гэсэн асуулт гарна. Угаасаа жилийн жилд л ийм асуулт гардаг.

Дээрх цагийн ялгаа гарахад замын бартаа, давааны өгсүүрээс гадна ширүүвтэр орсон бороо чамгүй нөлөөлсөн. Аялалд оролцогчдын эхний хэсэг тэрхүү бороотой уралдан Борнуур сумын төвд хүрсэн бол үлдсэн хэд нь бороонд нүдүүлж, норж дэвтсэн замд улам удааширсаар дээрх цагийн ялгааг гаргасан байна. Ийнхүү 45 минут орчим үргэлжлэн орсон усархаг бороо энэ жилийн УБ240/24 аяллын нэг онцлог болж үлдлээ.

Зураг 2. УБ240/24 2023 аялалд оролцогчдын хоёр дугаар бүлэг

Аяллын оргил

Борнуураас аялалд оролцогчдын хоёр дугаар бүлэг хөдөлж байхад эхний бүлэг аль хэдийн Баянчандмань сумын төвд хүрч байжээ.

Зураг 3. УБ240/24 2023 аялалд оролцогчдын эхний бүлэг Баянчандмань сумын төвд шинээр нээгдсэн CU сүлжээ дэлгүүрийн нэг салбарын гадаах талбай дээр түр амарч буй нь

Бас чухам энэ зуурт л аяллын замын дундаас гарах нь гарч бас гарах тохироо нь бүрдсэн байна. Үүнээс хойш эхний бүлэг хоёр салж УУДАГ-1 ба УУДАГ-2 баг бас хоёр дахь бүлэг ч хоёр хуваагдаж УУДАГ-3 ба УУДАГ-4 багууд үүсэж улмаар уг тэмдэглэлийн эхэнд дурдсан цагийн амжилт гаргацгаасан юм.

Зураг 4. УБ240/24 аялалд оролцогч УУДАГ-3 багийнхан Баянчандмань сумын төвд түр амарч буй нь

Аяллын төгсгөл

Баянчандмань сумын төвөөс цааших хэсгийг аяллын төгсгөлд хамааруулж болох юм. 361 гарам, Хүй долоон худаг, Өлзийт хороо зэрэг тов тодорхой ойлгомжтой замуудаар хэрхэн жийсэн талаар бичих нь илүүц биз. Харин Хүйтэний амаар уруудан Туулын гүүр хүртэлх шороон зам руу орох болон гарах бас олон салаанд нь бага зэрэг будилах явдал байсан нь анзаарагдаж байлаа. Аяллын маршрутын эхэн хагас дахь Нарстын даваа хүрэх замд ч группийн нэг гишүүн бага зэрэг будилсан тухайгаа өгүүлж байсан.

361 гармаас цааших маршрутын дагуух үлдсэн замд аяллын цувааг группийн админ ба чиглүүлэгч нар цоожлох бас Хүйтэний амны шороон зам руу төв замаас салж орох хэсэгт хяналт тавих зэргээр онцгойлон анхаарал хандуулсан. Харин өмнө зохион явуулсан аяллуудад оролцож замаа мэддэг болсон бөгөөд жийлт нь эргэн сэргэсэн зарим гишүүд барианы цэгт хүрч очихоор шуударсан буюу түрүүлж жийгээд бараагүй болжээ.

Зураг 5. УБ240/24 2023 аяллын барианд орогсдын сүүлийн хэсэг барианы цэгт

Зураг 6. УБ240/24 аяллын барианд түрүүлж орсон УУДАГ-1 багийн гишүүн барианы цэгт

Ингээд сүүлдэсхийн явсан дөрвөн аялагч гишүүн Өлзийт хорооны засмал замыг жийж бараад улмаар Айдасын давааг жийж даваад аялал өндөрлөх цэгт яг 22:00 цагт ирсэнээр энэ удаагийн УБ240/24 аялал амжилттай өндөрлөсөн юм.

Дараа жилийн УБ240/24 аялал даанч хол байна даа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ууганбаяр С.Нямдорж О.Адъяасүрэн Д.Цолмон Э.Ожго А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Ч.Азжаргал Г.Бат-Оргил Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Баасансүрэн Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8377 км
Б.Элбэгзаяа Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1340 км
Н.Даваасүрэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1330 км
Зүгээр л жий!