Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группийн өдрийн аяллын хаврын нээлтийн яг өмнө зохиогдсон тус жийлтэд группийн 9 аялагч гишүүн хүрэлцэн ирж оролцлоо.
Аяллын зар дээр заасан цуглах цэгт аялал эхлэх цагаас 50 гаруй минутын өмнө очиход группийн хоёр гишүүн ирчихээд тэнд байх CU дэлгүүр дотор аль хэдийн тухлаад амжсан байв. Улмаар гишүүд уван цуван ирсээр аялал эхлэх цагт 15 минут дутуу байхад бараг бүгд хүрэлцэн ирлээ.
Ингээд 10:00 цаг болж дугуйндаа мордоцгоон хөдлөхтэй зэрэгцэн УШТГ Бадрах ирсэнээр аялалд бүртгүүлсэн гишүүд бүгд бүрэн боллоо.
Цааш автозамаар хоёрын цуваагаар жийсээр Хөшигтийн хөндий дэх нисэх буудал чиглэсэн тууш замын доогуур гарч улмаар Чингисийн хүрээ амралтад хүргэх засмал замаар жийв. Тун удалгүй шороон замаар баруун гар тийш салж улмаар жижигхэн хөтөл даван жийв. Яг эндээс л агаар туйлын цэвэр, тунгалаг болж буй нь бидэнд мэдрэгдэн жийлтийн зорилго буюу цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах нь жинхэнээсээ хэрэгжиж эхэлсэн юм. Ийнхүү багахан өгсүүр шороон замаар жийсээр бугын аж ахуйн хаалганд тулж очоод эхний таталт хийв. Энэ үед цагт 10:30 болж байлаа. Энэхэн зуурт УШТГ Жавхлантөгс, аялагч гишүүн Ган-Очир нар шинэ гишүүдийн нэгнийх нь дугуйны механик дискэн тоормосыг тохируулаад амжив.
Цааш хөдлөхөд автозам төд удалгүй дуусаж явган жим залгав. Үүгээр шулуухан түрэх нь түрж, жийхээр оролдох нь хүчлэн зүтгүүлж бас зарим нь жимээсээ гарч үзсээр явтал уулын богино ам нэг л мэдэхэд дуусчихав.
Уулын амыг дуусган уулын хяр дээр гараад жижигхэн хадан цохио нөмөрлөн буудаллаж 11:15 цагт үдийн цайгаа ууцгаалаа.
Үдийн цайгаа уун сууцгаах бидний нүднээ Өвөр Зайсангийн ам цэлийн харагдана.
Цааш бид зузаан хунгар туучих нь туучиж, цас багатай энгэр дагах нь дагаж уулнаас бууж сууринд хүрч нэг таталт, Төв аймгийн замын уулзварт удаах таталт, Өлзийт хорооны замын уулзварт сүүлийн таталт хийгээд Айдасын давааг өөр өөрсдийн жийлтийн эрчмээр давцгаан давааны уруу замд жирийлгэсээр 10:00 цагт орхин явсан Амгун төв дээр 13:15 цагт буцаж ирсэнээр энэхүү жийлт өндөрлөв.
Хамт жийсэн группийн гишүүддээ баярлалаа. Мөн группийн аялалд оролцож, анхны жийлтээ амжилттай дуусгасан Д.Нямтөгс гишүүнд баяр хүргэе!
Зүгээр л жий!