Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын эхэн сарын нартай цэлмэг, салхи зүүн урдаас салхилсан өдөр тохиолоо. Шархадны автобусны эцсийн буудал дээр байрлах CU дэлгүүрт 9.00 цаг яльгүй өнгөрөөгөөд орлоо. Манай хоёр гишүүн ч намайг хараад хүрээд ирлээ. Аливаа аяллын өмнө ийнхүү эрт ирэх нь олон талаар давуу байдаг гэдгийг гишүүд маань тун сайн ойлгодог. Гадуур хувцас, үүрсэн үүргэвчээ тайлж өөрийн хүслээр өглөөний цай ууж тайван суух нь аяллын гарааны өмнөх олдошгүй богино жаргал мэт санагдаад олон жил болжээ. Манайхан цуглаж дэлгүүр дотор сар шинийн мэнд бие биедээ хүргэн золгоод яг 10.00 цагт аялал эхэллээ. Манайхан ч хөлийн загтнаагаа гаргаад авья гэсэн шиг ухас гээд л жийгээд алсарч байна. Хашааны гудамжууд өнгөрөөд эхний тааралдах уулын бяцхан толгойн дор татаж, бүгдээрээ дасгал хийн биеийн чилээ гарган багаа бүртгээд хөдөллөө. Хаврын нээлтэнд 24 гишүүн (4 бүсгүй) оролцов.
Дараагийн таталт Еэвэнгийн дэлгүүр гэж хэлээд, салхи нь үгүй дулаахан орчинд Улиастай голын баруун талын татамын замаар жийж явахад ирж буй улиралын өнгөнд уусан, хамтдаа жийн хөгжилтэй зүйлс ярилцан урагшлах нь ёстой л шавиа нь ханана гэдгийн нэг жишээ байх шүү. Сүүлийн нэг сар цас бага орсон нь мэдэгдэж байв. Алаг цоог болон цоохортсон харьцангуй хар замаар жийсээр Еэвэнгийн дэлгүүр дээр хальт татаад, цааш хөдлөв.
Жил бүрийн хаврын нээлтийг хийдэг Улиастайн голын хөндийг баруун, зүүн салаа болон хуваан түрж орж ирсэн хадан цохио бүхий бараатайхан хошууны энгэрт 12 цагт багаараа ирлээ.
Энд хоёр гишүүн Ногоон тэмдэг, нэг гишүүн Улбар шар тэмдгээ авлаа.
Хоол ундаа идэж цайлаад, дурсгалын зургаа авахуулан буцлаа. Үзэгддэггүй салхи маань харин өөдөөс үлээж байв.
Бага шиг суурин өнгөрч Улиастайн голоо гарч зүүн талын дэнжийн замаар буцлаа. Найман ес эхэлсэн болохоор нал шал байв. Нойтон цас, шавар ус тойрон заримдаа дайруулан шавар шавхаанд будагдан жийсээр Улиастайн эцсийн буудлын замаар төв замтай нийлэн багаараа хамт жийсээр (сүүлийн 1 гаруй км замд уралдсан) Дүнжингаравын талбай дээр 15.00 цагт ирэн, энэ жилийн хаврын нээлт тун амжилттай болж өнгөрлөө. Группийн нээлтийн аялалд оролцон нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн баг хамт олондоо халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.