Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бямба гаригийн өглөө босоод нэг л зүйл дутагдаад, бие маань дотроос шаардаад, үгүйлэгдээд байлаа. Ингэж оройтон өглөөний 9 цагт аялалдаа бүртгүүлж байсангүй. Цэлмэг жавартайхан өглөө хотын баруун урд чигт байх цуглах цэг рүү жийж явахад биеийн хөшингө аажмаар уяран тавирч, нэгэн хэмийн хурдаар урагшлах унадаг дугуйны өнхрөлт улам л нэмэгдээд байх шиг санагдаад байв. Буянт ухаа уруудан замын урд талд байрлах CU дэлгүүр дээр 9.45 цагт ирлээ. Манайхан аль эрт ирчихээд тухтайхан сууж байлаа. Яаруухан кофе уугаад, нэг пирожки идчихээд залуусын жавхаалаг хэмнэл дунд орон Морингийн даваа чиглэн аялал 10.00 цагт эхэллээ.
Уужимхан өгсүүрт урамтайхан жийж гараад даваа уруудан хүйтэн салхинд хөл яльгүй даараад ирэхэд, Сонгино суурингийн автобусны буудал дээр Админ маань татаад хүлээж байв. Цааш засмал замаар бөөндөө хоёр эгнээ болон хамтдаа жийсээр Туулын гүүр рүү баруун тийш салав. Энд замаас урагш гарч эртний түүхэн сурвалжаар Хэрэйд аймгийн Ван Тоорил ханы Туулын хар түнэл гэж нэрлэгдэх ордоны туурийг үзэж сонирхов. Энэ туурин дээр одоогоос 800 орчим жилийн тэртээ Тэмүүжин хар булган дахаа барьчихаад явж байсан даа гэж бид хөөрөлдөв. Энэ газар 2006 онд археологчид малталт хийсэн юм байна. Мөн энд дурсгалын самбар байрлуулсан байв.Цааш Сонгино хайрхан уулын баруун урд сугаар гарч, карьерын замаас зай аван цас шороо холилдсон хээрийн замаар Шар хөвийн дөрөлж рүү чиглэн жийлээ. Салхи үгүй болж пөнхийгээд өвлийн өнтэй өдрийг мэдрэн тааваараа манай баг өгсөж байлаа. Нэг гишүүний маань хойд дугуй хагарсан байсныг Жавхаа механик нам нөхлөө.
Цааш цасан зам руу орж гулбилзан, шарванхан жийсээр цахилгааны дэд станцын зүүн талын энгэр дээр татаж, цай хоолоо идэв. Эндээс урд зүгт Сонгино хайрханы ноён оргил тов тод дурайн харагдана. Шар хөвийн дөрөлжөөр уруудан хотод орж ирэхүй дор Сонсголонгийн уулзвар хүрээд автомашины зам битүү түгжирсэн байв. Хажуугаар нь орж гарч жийсээр хэн хаана яваа нь мэдэгдэхгүй тул, ингэж явсаар багынхандаа баяртай гэж хэлж чадахгүй тарах болж байна уу даа гэсэн бодол толгойд эргэлдэнэ.Хархорин зах өнгөрөөд, ашгүй толгойн сэргийлэгч нар CU дээр татсан харагдана. Орж ундаа уучихаад, гарлаа. Үйлчлүүлэгч гэхээсээ илүү 00 орох хүн нь ихдээд оочир үүссэн харагдав. Хотын гудамж автомашинаар дүүрчээ. Эндээс 300 автомашин "гүйцэж түрүүлээд" гэртээ очихуй дор цаг 15.20 болж байлаа.
Ийнхүү энэ удаагийн өвлийн гэнэтийн жийлт тун сайхан болж өнгөрлөө. Аяллаа амжилттай удирдсан Махгал админдаа болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.