Бямба гарагт агаарын хэм -6 градус хүртэл дулаарах таатай завшааныг ашиглаж Баянзүрх хайрханы оргил руу гарах гэнэтийн жийлт зарлаж байна. Уулын оргилын дор байдаг автомашины зогсоол хүртэл дугуйтай жийж харин оргил руу нь дугуйгаа түрж эсвэл үүрч гарна. Эндээс Туул голын хөндийн өвлийн үзэсгэлэнг харах боломжтой.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ аяллын хамгийн сайхан нь Баянзүрх хайрханы оргил руу эхлээд шороон замаар дугуйгаа жийж, дараа нь уулын огцом налуу ташлангаар дугуйгаа түрж, үүрч явах, улмаар хайрханы орой дээр гараад алсын бараа харах явдал байлаа. Иймдээ ч оргил дээр гарсан залуусын заримаас "ээ, ямар сайхан юм бэ" гэж уулга алдах нь чих дэлссэн биз ээ.
Дөнгөж 2 дугаар сарын эх буюу дүн өвлөөр зарласан жийлтэд тэмдэгтэй тэмдэггүй харьцангуй олон хүн бүртгүүлсэн нь аялал товлосон надад анзаарагдаж байлаа. Цуглах цэгт аялал эхлэх цагаас нэлээн хэдэн минутын өмнө очиход хоёр гишүүн ирчихсэн байв. Тэр хоёрын нэг нь өмнөх аяллаас хоцорсон тул өнөөдөр ийнхүү зориуд эртлэн ирсэнээ хэлэв. Ер нь группийн аялал товлосон цагтаа л эхэлдэг уламжлалтай билээ. Тэгээд хөдлөөд явсан хойно ядаж л 5 минут хоцорсон хүн аяллын цувааг гүйцэж очиход бэрх байдаг гэсэн. Ерөөсөө ямар ч бараа сураггүй болчихдог гэж хоцорч үзэж байсан гишүүд хэлдэг. Бас хоцорчихоод элдэж хөөсөн ч гүйцэлгүй бүр тэнэсээр дууссан явдал ч урьд өмнө хэдэнтээ тохиолдож байсан гэлцдэг. Харин энэ удаад аялалд бүртгүүлсэн гишүүдээс хоёр нь л 2 минутаар хоцорсон бололтой нь төд удалгүй гүйцэж ирсэнээс нь харагдаж байв.
Дүнжингаравын урд байх GS25-аас хөдөлсөн бид шууд л Дүнжингаравын дугуйн зам руу орсон. Тус замаар групп өнгөрөгч 1-р сарын Сэлэнгийн аяллын өмнө хэд хэд жийхэд битүү цастай байсан нь одоо бараг хайлж алга болж буй нь шууд мэдрэгдэв. Ингээд дугуйтай явахад барагдаж өгдөггүй өнөөх замаар жийсээр Амгалангийн уулзвар, Баянзүрхийн товчоо, Ургах Наран хорооллоор дайрч Баянзүрх хайрханы өвөр бэлээс өгсөж эхэллээ. Манайхны зарим нь аялал одоо л жинхэнээсээ эхэлж байна гэлцэнэ. Үнэхээр тийм юм. Үүнийг ч зөвтгөх мэт агаар, салхины эрчим шал өөр болчихов.
Уулын ам өөдөө чиглэх замын эхний сул шороо, тоос цааш залгуулан үргэлжлэх дэржигнүүр чулуу сэлт хараахан хайлаагүй цасны ачаар гайгүй дарагдсан байв. Энэ нэг талаар бидэнд ашигтай өгсүүр газрын цас хальтиргаа шарваа үүсгэх тул өөрийн гэсэн өвөрмөц бэрхшээлээ учруулна. Зам ийм байхыг угаасаа төсөөлж байсан тул хүрдээ тасралтгүй эргүүлж, эрчээ алдалгүй жийсээр зорьсон цэг - хайрханы оргилын доохно байх автомашины зогсоолд хүрнэ гэж тооцоолсон юм. Манайхан ч толгой дараалан тэгж жийцгээлээ.
Үүнээс нэн ялангуяа группт шинээр нэгдсэн залуус сайн жийснийг тэмдэглэх хэрэгтэй юм. УУДАГ-тай хамт анх жийж эхлэхэд угаасаа л хүнд байдаг. Тэгж ярихдаа хүрвэл сүүлийн хэдэн аялал алгассан хуучин гишүүдэд ч жийлт хүнд тусдаг юм гэнэ билээ. Нөгөө талаас өвлийн аялал урин дулаан цагийн аяллаас бараг хоёр дахин хүнд байдаг. Ийм байтал даваа, өгсүүр бүхий аяллын ард гарцгаана гэдэг нь цаашдаа ирээдүйтэй аялагч гишүүдийн шинэ үе түрэн орж ирж буйн илрэл юм уу гэлтэй.
Ийнхүү жийсэн өнөөдрийн аялал 14:05 гэхэд багийн үндсэн бүрэлдэхүүн Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээний төвийн өмнө хүрэлцэн ирсэнээр амжилттай өндөрлөлөө. Группийн олон олон аяллын төгсгөл болж байсан цаашид ч болох энэ цэгт нар ээгээд тавтай тухтай байдаг үе нь эхэлжээ. Үүний өмнөх аяллуудаар бид Дүнжингаравын өмнө тухалж саатах нь байтугай зогсоолынх нь амнаас шууд тарцгааж ч байсан билээ.
Ийнхүү тэмдэгтэй тэмдэггүй гишүүд хэсэг амсхийнгээ аяллын талаар элдвийг хөөрөлдөөд гэснээс энэ удаагийн аялалд зөвхөн улбар шар тэмдэгтэй ба тэмдэггүй гэсэн аялагч гишүүдийн хоёр "бүлэг" оролцжээ. Аялалд нийтдээ 10 гишүүн оролцсоноос 5 нь улбар шар тэмдэгтэй харин үлдсэн 5 нь тэмдэгггүй гишүүд байсан нь өвөрмөц тохиолдол юм. Энэ нь группийн аялагч гишүүдийн өөр нэг шинэ үе хүч түрэн орж ирж буйн илрэл юм болов уу. 2021 оны хавраас жийж эхэлсэн одоо ихэнх нь шар, улбар шар тэмдгэнд хүрчихээд буй бидний хэдэн залуусыг ч бас бусад гишүүд маань нэг үе болон орж ирсэн гэлцдэг юм. Тэгэхээр сүүлийн үед жийж эхэлсэн болон группийн өдрийн аяллын хаврын нээлтийг хүлээн суугаа анхны жийлтээ хийх залуус ч бидэн шиг тэмдгийн болзол биелүүлж улмаар эрчээ хадгалан хойшид залган орж ирэх шинэ үедээ үлгэр дууриал болон тасралтгүй жийцгээнэ биз ээ.
Үүгээр өвлийн нэгэн гэнэтийн жийлтийн тэмдэглэлээ өндөрлөе. Хамт жийсэн бүх аялагч гишүүддээ баярлалаа. Зүгээр л жий!