Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #47 - Сэлэнгэ аймгийн нутгаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/262
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
55 км
Давааны тоо
1
Өндөр авалт
345 м
Өндөр алдалт
-357 м
Их өгсөлт
4.2 %
Их уруудалт
-6.2 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2023 оны 1 сарын 20 Баасан гараг, 19:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

1 сар 20 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 20:30 цагт хөдлөх УБ-Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар - Ерөө (20000 төг), ирэх Сүхбаатар - Улаанбаатар (21200 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр болох 4900 төгрөг нэмж төлнө. Өөрөөр хэлбэл эдгээр зардал нийтдээ 51000 төгрөг болно.

1 сар 21 өдөр, Бямба гариг
Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны Ерөө өртөө дээр өглөөний 04:38 цагт бууна. Галт тэрэгний буудалд түр бууж, өглөө 10:00 цагт аялал эхлэнэ. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Засмал замаар тосгоноос гарч Ерөө голын хөндий өгсөн "Дөрвөн зам"-ын уулзвар хүрнэ. Цааш төв замаар Арангатын даваа өгсөн даваж, Тужийн нарсан дундуур өгсөж уруудан жийсээр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хүрч аялал дуусна. Нийт зай 55 км орчим болно.
Эндээс оройн 20:55 цагт хөдлөх Сүхбаатар- УБ чиглэлийн 264 дугаар галт тэргэнд сууна.

1 сар 22 өдөр, Ням гариг
Өглөөний 06:16 цагт УБ хотод бууна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өвлийн жийлт хийсэн аяллын чиглэлүүд (2017-2023 онуудад)

Зураг 1. Сэлэнгэ 2017-2023 он

Сэлэнгэ Дулаанхаан 2023

“Арангатын даваа”  Улбар шар тэмдэгт гишүүн Д.Цолмон

"Уулын унадаг дугуйн" Группт орсноос хойших 2020, 2022, 2023 он гээд гурав дахь удаагаа өвлийн улиралд Сэлэнгэ нутгийг зорьж байгаа минь энэ. Унадаг дугуйн группийн маань өвлийн уламжлалт аялал болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот орчимд болдог унадаг дугуйн жийлт 2021 оны дэлхийг хамарсан хэцүү нэртээс болж л нэг удаа тасарсан ч бусад бүх жилүүдэд ийнхүү уламжлал болон зарлагддаг билээ. Энэ удаа дөрвөн есийн хүйтэнд зарлагдсан нь тийм ч сүрдэм зүйл биш юм. Админ бүхий л боломжтой цаг агаарыг эртнээс судалж, тухайн өдөрт тохирсон замыг давах даваа, тохиолдох бартаа саадтай, туулах км-тай бүгдийг тооцож зарласныг мэдэх тул ердөө л аялах гоё байдаг сэтгэлзүйгээр ура хашгиран бүртгүүлдэг нь бараг үнэн. Өмнөх өвлийн аяллууд бүгд галт тэргээр Сүхбаатар хотод очоод илүү ачаа бараагаа тэнд түр үлдээгээд Сүхбаатар хот, Орхон гол, Сэлэнгэ мөрний орчин тойрон жийдэг байсан бол энэ удаа огт өөрөөр буюу Сүхбаатар хотоос нааш 55 км-т байх Дулаанхаан тосгоны Ерөө өртөөгөөс аялал эхэлж хойд чиглэлд Сүхбаатар хотруу дунд нь байх Арангатын даваа давж жийж очихоор зурагдсан нь сонин бөгөөд сүрдмээр. Учир нь өвлийн улиралд унадаг дугуйгаар даваа давж жийх нь битгий хэл тэгш замаар жийхэд ч амаргүйг хэн бүхэн мэдэх хойно “амаргүй байхдаа” гэсэн бодол орж ирлээ ч энэ бол аяллаас татгалзах шалтгаан биш юм даа.

Зураг 2. Тужийн нарс, 11:30 цаг

Ингээд бидний аялал эхлэх баасан гаригийн орой ажлаа тарцгаан бэлтгэлээ базааснаа дундын чатаараа мэдээлэл солилцоод галт тэрэгний буудалд тээш онгойх 19:40 минутаас өмнөхөн бүгд цуглалаа. Гадаа -28 хэм гэж байсан ч “өлчиржих дадлага” гэж нэрлээд бүгд дотор оролгүй гадаа аяллын тухай ярилцан тээш онгойх цагийг хүлээх нь нэн таатай. Энд аялалд оролцох 7 гишүүнээс гадна үдэж өгөхөөр ирсэн 2 дугуйчин маань байлаа. Дархан хотоос 1 дугуйчин бидэнтэй нэгдэнэ.

Удалгүй тээш онгойж бүгд дугуйгаа ачуулсанд 1 дугуй 11400 төгрөгийн үнэ төлөв. Энэ их сонин юм болсон. Бид уг нь кг-аар хэмжиж ачааг ачдаг тээшинд өгөхөөр үдээс хойш эрт ирэхэд УБ-Ерөө өртөө хүртэл ачаа ачихгүй тул та нарын дугуйг одоо бусад ачаатай хамт авбал буулгахгүй. Тиймээс та нар яг явах вагондоо өг гэсэн тайлбарыг ойлгоогүй ч дагаж ийнхүү явах цагтаа суух цувааныхаа ачаанд шууд ачуулж байгаа нь энэ. Тээшинд өгөхөөр буулгахгүй, шууд ачихаар буулгана. Сонин байгаа биз.

Аялал бүхэн ер бусын догдлол авчирдаг мэдэрхүй ямар гоё гээч. 20 цаг 40 минутанд хөдөлсөн вагоны хагас унтлагын /плацкарт/ хэсэгт 23 цаг өнгөртөл бидэнд өөр өөрийн суудалд тухалж олон олон сэдвээр галт тэрэгний жигд түжигнэх чимээнд хөөрөлдөн инээлдэж зураг хөрөг даруулан өөр өөрсдийн цүнхнээс гарах амттанаар биесээ дайлах гээд ажил дуусахгүй.

Нэг л мэдэхэд вагоны гэрэл унтарч амрахыг сануулна. Маргааш эрт үүрээр аялал эхлэх тул амарч хүч сэлбэх ёстой. Гэвч бараг тогтсон гэмээр нэг зүйл галт тэрэгтэй аялалд бий. Учир нь аяллын өмнөх шөнө нойр хүрдэггүй. Харин аяллаас буцах замд нам унтдаг. Энэ дүрэм энэ удаа ёсоороо үйлчилж бид бас л эргэж хөрвөөж бараг унталгүй 04 цаг болголоо. Удалгүй 40 минутын дараа буух тул бүгд бэлтгэлээ базаагаад Ерөө өртөөн дээр буулаа. Буух хаалган дээр Дархан хотоос энэ аялалд 2 дахь удаагаа хамт жийж байгаа Алтангэрэл хүү ирж нэгдсэнээр бидний аялал 8 хүнтэй бүрэн бүрдлээ.

Өвлийн шөнө тас харанхуй. Жижиг өртөө нам гүм. Бид өртөөний вокзалыг хайн орвол гэрэл нь унтраастай ч хаалга нь цоожгүй тул гэрлийг нь асаагаад ороход угаасаа тийм байдаг уу, бидний ирэхийг сургаар мэдсэн үү таримал цэцэг дүүрэн дулаахан өрөө биднийг угтлаа.

Зураг 3. Ерөө өртөөний вокзал дахь хүлээлгийн танхимд, 05:03 цаг

Энд бид аяллын бяцхан газын тулгандаа хоол цай хийж идэн, админы авч явсан кофе чанагчинд амттай кофе чанаж уугаад хэсэг амрах зуур админ гарч тэнгэрийн байдлыг ажиглаж орж ирээд үүрийн 6 цаг дөнгөж өнгөрч байхад “мориндоо” командаа өглөө. Энэ бол аяллаа эхлье гэсэн “тушаал” юм. Уг нь аяллын зарлалд 10 цаг хүртэл энд амраад гэгээ бүтэн оруулж, өглөөний жавар уярсаны дараа хөдлөхөөр бичигдсэн байсан ч энэ бол тухайн аяллын онцлог, тэр өдрийн цаг агаар нөхцөл байдал гээд олон зүйлээс шалтгаалан запастай зарлагддагийг бид гадарладаг тул хэн ч яагаад цагаасаа эрт хөдөлж байгааг үл асууна. Харин ч яаж 10 цаг хүртэл хүлээнэ дээ гэж бүгд дотроо бодож байсан нь /гэвч хэн ч аяллын зарлалд бичигдсэн 10 цагийг хүлээлгүй эрт хөдлөе л дөө гэж админд түрүүлж хэлэхгүй/ ойлгомжтой тул шууд л баяр хөөр болоод бэлэн боллоо.

За дараагийн таталт 4 зам гэж хэлээд бүх гэрэл чийдэнгээ асаасан 8 дугуй 2022 он 1 сарын 21 ний Бямба гаригийн үүрээр Ерөө өртөөнөөс Дулаанхаан тосгонруу /4 орчим км/ Дулаанхаан уулын урд энгэрээр зүүн тийш жийж эхэллээ. Гялалзсан цас бударсан идэр есийн шөнө. Хаа нэг нохой хуцах, ганц нэг машин зөрөхөөс өөр чимээгүй нам гүм. Над шиг энэ газар анх удаа хөл тавьж байгаа хүнд осолдохгүй өртөөнөөс хойд болоод зүүн хойд зүгийг барин жийж байгаа мэдрэмж баруун хойно сүүмэлзэн харагдах дүнхийсэн хар уулаас өөр мэдэгдэх зүйл үгүй. Харин ч аяллаас өмнө газрын зурагт Дулаанхаан уул, аяллын замыг хальт харж баримжаалсан тул ийнхүү гадарлаж байгаа юм. Заримдаа урьдчилж харахгүй админд бүгдийг даатгаад “нүдээ анин” жийх нь олон.

Аялал эхлээд удалгүй миний ард хэн ч байхгүйг анзаарангуут төрөлх далжигар зангаар дотор сонин болж аминдаа айх гэж байгаа ухаантай “ганцаараа эмэгтэй явж байхад бүгд урд гараад байхдаа яахав дээ” гэж бодогдох гээд унангуут эрх биш хэдэн жил энэ хэдтэйгээ аялаж сурсаных уу, аяллаас өгсөн хүмүүжил үү дорхноо тайвширч “аялал эхлэх сэтгэхүй ямар байдаг билээ дээ, дугуйгаа шалгах, жигдрүүлэх, газрын байдалтай танилцах гээд хэсэгхэн зуурын дараа миний дэргэд ирцгээнэ дээ" гэсэн уужуу бодол урсаж орж ирээд удаагүй байтал эрчүүд хурдаа татан дундаа оруулан жийж эхлэсэндээ. Аялал бүр ийм л байдаг. Угаасаа бүгд нэг дор явна гэж байхгүй. Аюулгүй байдал талаасаа админ толгойн сэргийлэх хийх 2 оос дээш туршлагатай хүнийг томилоно. Тийм хүнгүй үед админ өөрөө нэлээн урд явж хамгийн аюулгүй замыг судалж мэдээд буцаж жийж ирж багаа урагшлуулна. Бид ингэж санаа амар судлагдсан замаар жийдэг билээ. Эмэгтэйчүүдтэй тэр тэр үлдэж хамт жийгээрэй ч гэж хэн нэгнийг тохоон томилохгүй. Гэсэн ч хамгийн мундаг жийдэг нь өөрийн хурдаа татаад тухайн аяллын сүүл мушгин явах нэгнээ бараадан хань бараатай урагшилдаг гээд л бодчих. Ийм л сайхан сэтгэл, хүн чанартай хүмүүстэй би хамт унадаг дугуй жийдэг. Тосгоноос гарахын үед авч явсан ачааны нэгээхэн хэсэг газрын зургаа өртөөний байранд мартсанаа гэнэт санан хоёр дугуйчин маань “та нар явж байгаарай” гээд буцаад өртөөрүү жийчихлээ. Өөрийгөө яая гэж байж миний сэтгэл нөгөө хоёртоо зовоостой. Шинэ газар шөнийн цагаар гайгүй байгаа. Тэр орхисон зүйлээ тэр чигт нь мартдаг байж уу. Ингээд үлдсэн зургаан дугуйчин цааш дараагийн таталтын цэг 4 замын уулзвар хүрч тэнд буцсан хоёрыгоо хүлээхээр жийлээ.

Удалгүй гэрэл чийдэн болсон замын хэсэг дөхөхөд админ энэ 4 зам байх гэнгүүт дотроо “ээ ашгүй минь” гэж бодонгуут арай биш байнаа болоогүй байна гэхэд нь “өө хүн хуураад” гэж ундууцах жишээний даварч явдаг даа би. Өртөөнөөс гарахадаа админ арваад км жийгээд 4 замын уулзварт хэсэг амарч гэгээ оруулна гэсэн тул өвөлжин дугуй жийлгүй удсан би амрах гэж тэгж яарсан хэрэг.

Өртөөнөөс гараад 10 км жийсний баталгаа 4 замын уулзварт хүрч ирэхэд шатахуун түгээх газрууд, мини маркет, цагдаагийн хэсэг биднийг угтсан. Урьдчилж хэлсэн Сэлэнгийн дугуйчин нөхдийн тусаар үүрийн 7 цагт мини маркет бидэнд худалдаа хийж өглөө. Цагдаагийн хэсгийнхэн байрандаа амарч байгаад хөдлөхийг зөвшөөрлөө. Энэ бол аян замд таарах халуун сэтгэлүүд билээ.

Зураг 4. Сэлэнгийнхэн 4 зам гэлцдэг уулзвар дахь хүнсний дэлгүүр, 07:40 цаг

Араас хоёр дугуйчин маань өртөөнд мартсан зүйлээ аваад удалгүй хүрээд ирлээ. Угаасаа ир нь ханасан гэдэг шиг дугуйн дээр эцэж цуцахыг мартсан эрч хүчтэнгүүдийн төлөөлөл хоёр явсан л даа. Бүгдэд талархан баярлаад амарч аваад өглөөний 09:30д аялал маань Арангатын давааг чиглэн хөдөллөө.

Зураг 5. Умар зүгт орших Арангатын даваа чиглэн жийж яваа нь, 09:10 цаг

Одоо бол түрийнийхээс өөр. Гэгээ бүрэн орсон, автомашины хөдөлгөөн ихэссэн бүрхэг өглөө бид Сүхбаатар хотыг зорьсон автозамын захын хэсгээр аяллаа үргэлжлүүллээ. Мэдээж үүр шөнийг бодвол гэгээ ороход тэнгэр хуйсганадаг ёсоор багавартар шуурга өөдөөс үлээнэ. Яг ийм үед бүгд дотроо хувцас хэрэглэл, гутал хэр дааруулах бол . . .гэж тестлэн жийдэг билээ. Өвлийн жийлтийн хэцүү хэсэг бол хөдөлгөөнгүй явдаг хөл гарын хуруу, ил явдаг хацар нүд хамгийн их даарч хөлддөг талтай. Аялал эхлэхийн өмнөх өдөр админ гутлынхаа гадуур давхар зузаан оймс углахыг зөвлөсөн тул ёсоор хийсэн нь тусыг олж хөл даарсангүй. Энэ аялалд зориулж авсан нэг хуруутай зузаан бээлийний дотуур таван хурууны бээлий өмссөн нь онож гарын хуруу огт даарсангүй. Цасны шил, зузаан баф ороолт нүүрийг дааруулсангүй. Дотроо баярлаж овоо ш дээ энэ удаа хувцас хэрэгсэл яг таарчээ, чи өөрөө л сайн жийвэл болох юм биш үү гэж өөртөө хэлж явлаа. Бусад маань ямар байгаа бол гэж бодох зуур бүгд золбоотой хүчтэй жийхийг хараад би л эдэндээ ганц эмэгтэй нь гэж төвөг удахгүй бол эд нар маань ч яах ч үгүй хүчирхэгүүддээ гэж мэдэж байлаа.

Зураг 6. Аялагч гишүүн Б.Сүхбат

Тэгш зам алсын өгсүүрээр бага багаар солигдохыг анзаарвал дэргэд явах админ даваа эхэлж байна гэв. Даваа өөд бөөндөө явна гэж байхгүй, хүн бүр өөрийн тэмпээр биеийн байдалдаа тохируулан жийх ёстой. Админ залуусд даваан дээр гараад ямар байвал татах, ямар байвал татахгүй шууд уруудаад ямар газар татах зэрэг зөвлөгөөг зам зуур өгөхтэй зэргэцээд тэд маань пирр хийн алга болж өглөө. Мэдээж Цоко бол зогсолтгүй жийж гарвал их юм. Юун залуус шиг хурдан жийх. Админ миний байдлыг мэдэх тул надтай хамт үлдлээ. Хоёул элдвийг ярин та даарч байна уу, чи даарч байна уу гэсээр эхний эргэлтийг давж тойроод тэгширэхэд цаана нь яг адилхан мушгирсан өгсүүр алсад харагдана. Ээ хөөрхий ийм мушгирсан өгсүүр дөрөв тавыг даваад хүч дуусах үед админ за одоо дууслаа хичээгээрэй гэхтэй зэргэцээд бараг бүх хүч дуусахад тэрээр араас түрэхэд нь жийж дийлэлгүй дөрөөгөө сул орхисонд “өөрөө даваа өгсөж байгаа хүн дээрээс нь намайг түрэхэд жийж дэм болох нь битгий хэл өгсүүрт өнхөрч байдаг, би ийм л дүүрсэн хүн” админ цочиж хүүе ээ жийгээчээ юу болоод байнаа, өгсүүрт өнхөрнө гэж юу байдаг юм гэж шооллоо. Ийнхүү ёстой арайхийн даваан дээр гарангуут за шагналаа ав гэж админыг хэлээд давааны уруу ёстой жийрийлээ дээ. (Даваа өөд өгсөж ядраад дээр нь гараад уруудахыг шагналаа авах гэж бид нэрлэдэг)
Даваа өгсөж байхдаа урд яваа хэдийгээ яанаа хаана зогсож намайг хүлээж даарч байгаа бол гэж санаа зовж байсан тул давааны уруу энэ сэтгэл улам яарч өөдөөс үлээх салхийг ч тоолгүй яаран яаран буухад манайхан харагдсангүй. Админ зэргэцэж ирээд Галаа мэдэж байгаа удалгүй татсан байх ёстой гэж хэлээд тэгшрээд хэсэг жийтэл замын дэргэд манайхан зогсоод хүлээх зуураа даарахгүйн тулд нааш цааг гүйж байгаа нь харагдлаа.

Зураг 7. Аяллын тэмдэглэл дээрх үйл явдал өрнөж байх мөч, 10:24 цаг

Админ намайг тэгш дээр жийх зуураа амарсаныг гадарласан тул эд нар хүлээгээд даарсан байх шууд жийж чадах уу гэхэд нь за гэж сулхан дуугарсанд одоо удахгүй хэдхэн гүдгэр даваад нэг жоохон өгсөөд Тужийн нарсны захруу орно тэгээд татья гэв. Залуустай зэргэцэж ирээд /ш . . ш . ./ буюу шууд яв гэдэг дохио өгөөд хажуугаар нь өнгөрөхөд залуус ч ойлгон араас гүйцээд ирэв. Миний тэмпээр нэлээн хол замыг туулсан админы залхуу нь хүрсэн байх, намайг залуустай орхин одоход Цокоог манаж явах үүргийг хэн ч хэлээгүй байхад өөртөө хүлээсэн нэг дүү маань үлдэж бусад нь бас админы араас хурдаллаа. Залуус маань ийм л хүнлэг.

Үүрэг хүлээсэн дүүтэй хамт чадлаараа жийвч миний чадах зүйл зогсолтгүй жийж чадна гэхээс хурдалж үнэхээр чадахгүй тул уяа сойлго нь таарсан хурдан адууг илжигний хүзүүнээс зүүсэнтэй адил явуулж байгаадаа дотроо зовохоос өөрийг үл хийж дэмий л зогсолтгүй жийхийг л хичээнэ. Ингээд нөгөө хэдэн гүдгэрийг давж багахан өгсүүрийг дуусах үед үнэхээр бүх хүч дууслаа. Нөгөө Тужийн нарсны эхлэл хаана ч байгаан бүү мэд. Уг нь тэр хүрвэл бууж амрах ёстой. Хамт яваа дүүд хэлж дугуйгаа түрж жоохон алхаж хөлөө амраагаад эргээд жийлээ. Бүүр ядраад хэсэг чирүүлж ч үзэв. Гэнэт л гэдэс өлсөөд унав. Унадаг дугуйг өөрийн хар хүчээр жийж явахад хоол унд бол бензин билээ. Гэхдээ өлслөө гэх болгонд зогсоод идээд явна гэсэн үг бас биш.

Зураг 8. Ачааны резин даруулгын өөр хэрэглээ

За таталт хүрээд юм иднэ гэж бодоод жийхэд улам л өлслөө. Сүүлдээ бараг нулимс гарахнээ. Хэн нэгэнд юунд ч юм гомдох гээд маяглаж өгч байнаа нөгөө ходоодондоо захирагдсан Цоко чинь. Ашгүй хамт яваа дүү манайхан татсан юм шиг байна гэв. Хаана гэж асуугаад харах зуур мэлийсэн цагаан цасан замд харагдах юм алга Яг манайхан мөн үү гэхэд мөн байна гэв. Жийсээр очиход манай хэд замын эсрэг талд хүлээн зогсоход нь цааш үргэлжлэх зам уруу тул шууд явчихвий гэж айсандаа “би амармаар байна, юм идмээр байна” гэж явуут дундаа орилоод зэргэцэж ирэнгүүтээ дугуйгаа хаяад цасан дээр тэрий хадаж халуун цай 2 аяга 1 печеньтэй цааш нь харуулаад босч ирэхэд шинэ хүн болсон мэт л цэнэглэгдлээ.

За одоо Тужийн нарс зам бараг уруу гэж хэлээд багаараа хөдлөөд жийх үед салхины хүч улам ширүүссэн үү хацар дээр цас тогтож сормуус мөстөн үе үе наалдаж мөсөө явуут дундаа зулгааж унагасаар явахад амарч хүч орсоныг маань залуус та бүүр биеэ даачихлаа шүү гэж цаашлуулна.

Унадаг дугуй бол нөхөрлөлийн талбар. Нэлээн урд замын баруун гар талд нэгэн машин хажууд нь нэг дугуйтай хүн зогсож байсанд админ Сэлэнгийн дугуйчид биш үү гэхэд нь ахиулан харвал тэртээ хойноос нэлээн хэдэн дугуйчид бидний өөдөөс уруудаж байгаа харагдлаа. Хол замд хэн нэгнээр үдүүлж угтуулах ямар сайхан билээ дээ. Удалгүй тэднийг Сүхбаатар хотын Мөнгөн хэгээс холбооны дугуйчид болохыг мэдэж анд нөхдийн халуун тэврэлтээр хоёр талын дугуйчид уулзлаа. Өнгөрсөн жил бидэнтэй жийсэн Дугуйтай Сэлэнгэ клубийн Баярбат хүү ч бас иржээ. Мөнгөн хэгээс холбооны админ Баатарцогт биднийг Шаамар 3 гэдэг газраа халуун аарц, амтат боорцогтой ийнхүү угтсан нь унадаг дугуйтай нөхөрлөлийн нандин хэсэг юм. Энд аяллын сонин сайхнаа ярилцаад хэсэг амраад хөдлөхөд сэтгэл зүрх ямархуу сайхан байсныг илэрхийлэх үг алга. Нөхөрлөл гэдэг ийм сайхан ажээ. Ингээд бүх дугуйчид нийлж аваад багахан хол жийх зуур дахин замын уулзвар, шатахуун түгээгүүр, дэлгүүр тааралдсан нь Шаамарын уулзвар байлаа. Энд бидний багийн түрүүлж явсан хоёр дугуйчин амарч хүлээж байсантай нэгдэн байх зуур дугуйтай нөхөрлөлийн үргэлжлэл болсон мөн Сүхбаатар хотын Дугуйтай Сэлэнгэ клубын админ Нямлхагва бүсгүй зарим дугуйчидтайгаа биднийг тосоод хүрээд ирлээ. Хүсэл сонирхол ижил, биедээ хүндэтгэдэг спортын хүмүүжил ийм гайхамшигтай ажээ. Идэр есийн хүйтэнд энэ 2 клубынхэн биднийг ийм их явдал суудал болж тосохгүй байж болох л байсан. Гэтэл тэд хэн хэн нь үүрэг мэт ийнхүү дугуйчидтайгаа жийх нь жийж, басхүү хол замд хүйтэнд ядарсан хүн байж ачиж суулгаж магад гээд Мөнгөн хэгээс холбооныхон суудлын болон ачааны автомашин хөлөглөн ирснийг хамгийн сайхан зүйлтэй зүйрлэхээс өөр аргагүй юм. Та нартаа маш их баярлалаа анд найзуудаа.

Өвлийн хүйтэнд хөлдсөн дугуй, ядарсан булчинд аяллын замын төгсгөл хамгийн хэцүү болохоор сайн хүн санаагаар гэдэг шиг энэ хоёр клубын тосолт надад лав хамгийн их хэрэг болсон. Учир нь бидний сүүлийн 10 км-т өвлийн үдээс хойш эхэлж, цаг агаар муудаж өөдөөс шуурах салхи ширүүссэн тул хүч барагдаж ёстой л хүрээ гэдэг хол, хүний амь гэдэг бөх юм гэж шүд зуун жийх үед тоссон залуусаас эрч хүчтэй нэгэн хүү байн байн араас түрж Сүхбаатар хотод бараг 30 минутын өмнө авчирсандаа намайг. Ингээд хамгийн сүүлд ирсэн миний цагаар буюу 13:30 минутанд энэ удаагийн аяллын унадаг дугуйн жийлт амжилттай дууслаа. Даарсан хөлдсөн, гэмтсэн хүн үгүй, эвдэрсэн дугуй үгүй, баг бүтнээрээ замаа бүрэн жийж дуусгалаа. Өвөл жийвэл хууль адил нэгээс илүү газардаж ёсолгоо хийдэг би энэ удаа нэг ч удаа дугуйнаасаа унаагүй нь тэнгэрийн аврал гэлтэй. Ямартаа ч хөл гар нь энд тэндээ хөх няц хүн гэртээ харихгүй нь ашгүй. . .

Дугуйтай Сэлэнгэ клуб өөрийн тун сайхан байртай болж тохижуулжээ. Дугуйтай юутай хээтэйгээ ороод хувцасаа тайлахад бүх хувцас нэвт норж хөлдөж эхлэснийг мэдээд “туршлагатай админ өвлийн цаг агаарт хэдэн км жийж хэдэн цагт барианд орохыг яг тохируулжээ. Хэрэв энэнээс илүү жийсэн бол энэ нойтон хувцас хөлдөөд, гадаа цаг агаар оройсон хүйтэрч аяллын хувь заяа яаж төгсөх нь ойлгомжтой байжээ” гэж өөрийн эрхгүй бодогдсон доо.

Ядарсан бие, хувцас хатах зуур халуун цай амттанаар дайлуулан анд нөхөдтэйгөө хуучлан амраад гарч Дельфин гэдэг газар амтат хоол идэж, бас чиг алдарт Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн цуглуулж зах зээлээр жаал яваад ирэх зуур буцах галт тэрэгний цаг дөхсөн байлаа. Энэ удаа Мөнгөн хэгээс холбооныхон маань өөрсдийн байрандаа урьсан ч хараахан очиж амжаагүйдээ уучлал хүсье. Дараагийн аяллаар заавал зочлох болноо.

Аялал амжилттай болсон баяр хөөр, анд нөхдийн угталт үдэлт, Сэлэнгэ нутгийн цэвэр агаар бүгдээр цэнэглэгдээд Бямба гаригийн оройн 20:40 ийн галт тэргэндээ сууж төрөлх хотруугаа сүнгэнүүлвээ. Мэдээж ядарсан бие нам унтаад өглөөд 6 цагт Улаанбаатартаа бууснаар аялал өндөрлөв. Энэ эрч хүчээр хоёрдугаар сард эхлэх дугуйн клубынхээ Хаврын нээлтэнд давхиад л очно доо.

Арангатын даваа миний сэтгэлд аймаар олон өгсүүртэй хэцүү газар биш, алсаас зөөлөн дуудаад энхрийлэн өргөх эхийн дулаан хайраар төсөөлөгдөн үлдсэн. Энэ газрыг зорьсон баасан гаригийн шөнө галт тэргэнд унтаа сэрүүний дунд байхдаа ээжийгээ их л тод сайхнаар зүүдлэн уулзсан билээ.

Өвлийн Сэлэнгэ 2023

Вагонтой аялал нэг л дотно санагддагУлбар шар тэмдэгтэй гишүүн Б.Жавхлантөгс

Цаг хугацаагаар аяллаж үзмээр байвал вагонд суугаад үзээрэй гэж зөвлөх байна. Анх 2003 онд сууж үзэж байхад ямар байсан яг л тэр хэвээрээ. Тэрнээс өмнө хэдэн арван жил яг л ийм байсан нь социализмын үеийн кинонууд дээрээс ч харагддаг. Өмнөд солонгосын кино уран бүтээлчид Хойд Солонгосод болсон үйл явдлын талаар зураг авалтаа манай төмөр замд ирж хийсэн нь  үүнийг нотлох мэт.

Группын аялал заримдаа хайбрид хэлбэрээр явагддаг. Дугуйн аялал эхлэх цэг хүртэл вагоноор явж очоод тэндээсээ дугуйн аяллаа хийгээд тодорхой нэг цэгт хүрээд вагондоо суугаад ирдэг. Дугуйтай аяладаг бид нарт бол эхлэх цэг хүртэл тав тухтай дугуйгаа ачуулаад өөрөө суугаад явчихдаг ачтай унаа байгаа юм. Энэ удаагийн Сэлэнгэ аймагруу аяладаг уламжлалт өвлийн аялал УБ-с Сэлэнгэ аймгийн Ерөө өртөө (Дулаанхаан тосгон) хүртэл вагоноор, тэндээсээ жийгээд Арангатын даваа давж Тужийн нарсаар дайраад Сүхбаатар хот хүрээд оройн вагонд суухаар маршрут зохиогджээ. Дөрвөн есийн хүйтэнд орон нутгаар жийх нь урин дулаан цагаар дугуй унахаас бүх зүйлээрээ өөр. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж явахгүй бол горьгүй. Биеэрээ хэт их зузаалбал хөлрөнө, хувцас норвол аяллын замд саатах үед дааруулах эрсдэлтэй байдаг болохоор яг тохируулж хувцаслах хэрэгтэй. Мөн жийхдээ өндөр ачааллаж болохгүй хөлрөх, даарахын яг дундуур л темпээ барьж явдаг гэх мэт онцлогтой.

Баасан гаригийн өглөө ачаа сэлтээ бэлтгэж жин тан болгоод орой шууд вагонд сууна гэсэн төлөвлөгөөтэй гарав. Өдөр ачаагаа шалгаж үзтэл зарим зайлшгүй шаардлагатай зүйлсээ мартаж орхижээ. Ажил тараад гэрээр орж мартсан зүйлсээ цуглуулж аваад төв вокзалруу жийлээ. 19:40 цагт манайхан хэдий нь ирээд дугуйгаа ачаанд өгөхөөр хүлээж байна. Аяллын баг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээс нэг нь эмэгтэй.

Вагон 20:40-д хөдлөөд Ерөө өртөөнд 04:40-д бууна. Шөнийн вагонд унтаж нойроо аваад буух нь маргаашийн аяллын эрч хүчээ нөхөж авахад тустай боловч миний хувьд сүүлийн хэдэн аяллуудад анзаараад байхад очих чиглэлдээ вагонд унтаж чаддаггүй болсноо олж мэдсэн. Ямартай ч хэвтэж нурууны чилээгээ гаргаж аваад буух нь зөв. Бид вагондоо сууцгааж өөрсдийн бэлтгэж авчирсан хоол хүнсээр биенээ дайлж цайлж, аяллын амттай яриа хөөрөө өрнүүлэн хэсэг хөгжилдөж аваад 23 цагт тус тусын местийг эзлэн амархаар хэвтлээ. Унтаа сэрүүний хооронд сэрвэлзсээр л, вагон хэсэг яваад л зогсоно. Ингэж тэгсээр байтал буух өртөө маань иржээ.

Зураг 9. Өртөөний хүлээлгийн танхимд буй хэдийг цонхны цаанаас тагнуулдваас, 04:50 цаг

05:00 цаг гэхэд бид өртөөний танхимд байрлан хоол унд, цай кофегоо ууж идэн амарцгаана. Нар мандтал дахиад 3 цаг гаран байна. Нэгэнт вагонд унтаж чадаагүй тул аялал эхлэтэл бас ч гэж зай байна. Жоохон ч гэсэн нойр аваадхая гэж бодоод чийгний гудсаа дэвсээд хэвтэж байлаа. 06:30д админы мориндоо гэсэн коммандаар бүгд л хүлээж байсан мэт ухасхийн босцгоож ачаа бараагаа цэгцлээд аяллаа эхлэвээ.

Гадаа -25... -30 градус байх шиг, салхигүй тогтуухан, бага зэрэг цас хялмаалаад жийхэд асуудал алга. Харанхуй замд дугуйн чийдэнгийн гэрэлд цуваагаар жийсээр Дулаанхаан сууринд хүрэх үедээ бага зэрэг зүг чиг алдан суурин дотор нэг тойроод авав. Цаашаа зөв замаа олон суурингаас гартал Ерөө өртөөнд юмаа мартжээ. Сүхээтэй хамт буцаад ирэх үү гэж ярилцаад, "явж байгаарай" гэж ойрхон явж байсан нэгэндээ дуулгаад хоёуулаа буцааж жийлээ. Саяхан гарч ирсэн Ерөө суурингийн гэрэл харагдаад л байдаг ойртож байгаа шинжгүй. Ерөө суурийн дээр очоод км-ээ харвал Ерөө-Дулаанхаан хоёрын хооронд нийт 8 км жийжээ. Манайхан цаашаа дөрвөн замын уулзмар хүртэл дахиад 6км орчим жийх учиртай тэнд очоод цайны газар хоол унд идэх төлвөлгөөтэй учир бид 2 нэг их яарах шаарлагаггүй ч ширүүхэн темптэй жийсээр очиход бие нэвт хөлөрчээ. Цаашдаа туулах зам хол тул ингэж хөлөртлөө жийж болохгүй юм байна гэж бодож явлаа.

Энэ аяллын маршрутыг газрын зураг дээр харвал яг л шанаганы хэлбэртэй юм. Бид Ерөөгөөс гараад дөрвөн замын уулвар хүрэхэд шанаганы урд хэсгийн ирмэгийг туулжээ. Манайхан дөрвөн замын уулзварт байрлах цагдаагийн постны амрах танхимд хэдийн орж байрлаад хүлээж байлаа.

Зураг 10. Аяллын тэмдэглэлүүдэд дурдагдсан цагдаагийн пост, 08:30 цаг

Цааш Арангатын даваа өөд өөр өөрийн темпээр жийж эхлэв. Нар манджээ, гэрэл чийдэнгээ унтраалаа. Цас хялмаалсаар, агаар тогтуухан байгаа ч үүлтэй бүрхэг байгаа тул агаарын температур хэвэндээ байх шиг. Давааруу хүчилж жийвэл хөлрөөд цааш уруудахад даарах эрсдэлтэй тул бие хуурай гарахын тулд зуугуухан жийсээр өгслөө. Манай гурван гишүүн ширүүхэн жийгээд түрүүлээд явчлаа. Энэ давааны онцлог нь нэг баруун, нэг зүүн гэж мурилзаад л хэзээ дуусах нь мэдэгдэхгүй алгуурхан уужуу өгсүүлдэг аж. Хамт яваа Сүхээтэйгээ ойр зуурын юм яриад явж байтал давааны оройд дээр гараад ирлээ. Даваан дээр гараад орчин тойронтойгоо танилцан амс хийж байтал араас Баттөмөр ах ч гараад ирлээ. Араас явж байгаа хоёрыгоо харагдана уу гэж асуутал, бараа нь харагдахгүй байсан даа гэв. Гурвуулаа болж аваад уруудлаа.

Дөрвөн замын уулзвараас даваа давах хүртэл бид шанаганыхаа ул хэсгийг туулжээ. Давааны ар талын ууруу нь огцом эргэлттэй юм байна. Торомзоо зууруулан уруудаад цаашаа шулуун хэсэгт сайхан хурдлав. Хурдлах тусам гар, хөлийн хурууны үзүүр тасрах шахтал хайраад эхлэв. Бээлий, оймсоо л тааруулсангүй дээ гэж бодонгоо хуруунуудынхаа үзүүрийг хөдөлгөж дулаацуулах гэж оролдож явлаа. Уруудсаар зам тэгшрэх хэсэгт нөмөр газар Галаа хүлээгээд зогсож байлаа. Хаана хэзээ зогсож татахаа сайн мэддэг хүндээ. Дөрвүүлээ араас ирж яваа 2 гишүүнээ хүлээхээр болов. Өвлийн улиралд холын замд хэдий туршлагатай хүмүүс ч гэлээ 2 гишүүнээсээ хол тасарч орхиж огт болохгүй. Дугуйнаасаа буугаад жоохон алхаж доороо гүйж үзвэл гар хөл дулаацаад таатай болж байна. Удалгүй манай хоёр ч ороод ирлээ. Харин урагшаа явсан хоёр хаана яваа юм бүү мэд.

Зураг 11. Улбар шар тэмдгийн болзол биелүүлсэн аялагч гишүүн С.Мөнхбат

Ингээд тавуулаа нэгдэж аваад цааш хөдлөв. Одоо нэг их өгсүүр байхгүй бараг уруу шахам тул ойрхон бараатай явцгаав.  Бид нэгэнт шанаганыхаа хойд ирмэг хэсгийг туулжээ. Одоо үлдсэн зам маань шанаганы иш хэсэг. Тужийн нарсруу ороод хэсэг зураг авалт хийлээ. Өвлийн улиралд тэр тусмаа дугуйтай Тужийн нарсаар аялах тохиол тийм ч олон тохиолдохгүй тул энэ сайхан газар хэсэг саатахгүй байхын аргагүй. Цааш жийсээр Шаамар 6 гэх амрах талбайтай хэсэгт Сэлэнгэ аймгийн унадаг дугуй сонирхогчдын "Мөнгөн хэгээс" клубын залуус халуун савтай аарц, боорцогтой тосов. Халуун юм ууж эрч хүчээ сэлбэж аваад цаашаа жийв. Удалгүй Шаамар гэсэн самбарын дэргэдэх дэлгүүр дээр түрүүлж явсан 2 маань хүлээж байлаа.

Зураг 12. Биднийг тоссон Сэлэнгийн дугуйчид, 11:57 цаг

Энд "Дугуйтай Сэлэнгэ" клубын дугуйчид бас тосоод ирлээ. Ингээд гурван клубын 20 орчим дугуйчид нийлж аваад цааш Сүхбаатар хотын зүг жийлээ. Эндээс цааш жийсээр Сэлэнгэ орох тул бодож санах юмгүй буудаж орхилоо. Манайхан өөр өөрийн темпээр жийсээр сүүлийн хүн Сүхбаатар хотод 13:30д орж ирснээр аялал өндөрлөв.

Зураг 13. Аяллаа түрүүлж өндөрлөсөн гишүүд Дугуйтай Сэлэнгэ клубын байранд, 13:40 цаг

Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүнүүд болох Аврага том хмелийн талх, даршилсан ногоонууд ч авлаа. Үдээс хойш "Дугуйтай Сэлэнгэ" клубын байранд амарч байгаад оройн вагонд суугаад 22 цаг өнгөрөөд унтхаар хэвтлээ. Урд шөнө нойр дутуу болон жийлтийн алжаалаас болоод толгой тавиад л нам унтжээ. 05:30д Улаанбаатарт өртөөнд ирэхтэй зэрэгцээд л л сэрж байна. Өглөө ачаанаас дугуйгаа аван гэр гэрийн зүг жийн одов.

Анх удаа вагонтой аялалд гарсан сэтгэгдэл ... Аялагч гишүүн Б.Сүхбат

7 хоногийн ажлын сүүлийн өдөр орой 20 цаг 40 минутаас галт тэргэнд сууна. Аяллын багийнхантайгаа уулзахыг хүлээхээр ажлын цаг дуусдаггүй дээ. Тээшинд дугуйгаа өгөхийн өмнө Баттөмөр ахын ажил дээр цуглаж байгааг мэдэж буй тул ажлаас 18 цаг гэж гараад шулуухан жийсээр очиход ажлынх нь гадаа хэдийнээ манайхан дугуйгаа Цагаан сараар шинийн нэгэнд золголтонд сойгдсон морьд шиг цан хүүрэг татуулан зэрэгцүүлж зогсоожээ.

Би  ч мөн хажууд нь жавар сөрж жийж ирсэн дугуйгаа зэрэгцүүлж зогсоон дотогш орж аяллын багийн цугласан гишүүдтэй уулзаж мэнд мэдэж байх зуур араас цуг аялалд явах гэж байгаад үнэхээр амжаагүй нэгэн аялагч гишүүн маань бид нарыг гаргаж өгөх гээд ирлээ хэмээн уутанд хайраад удаагүй халуунаараа гэрийн боорцог авч ирэн биднийг дайлав. Удалгүй админ дугуйгаа тээшинд өгье хэмээснээр бид дугуйгаа түрэн вокзалын зүг алхав. Биднийг очоод удаагүй байтал галт тэрэг зам дээр тавигдаж тээш ачиж эхлэх үеэр бүгд дугуйгаа тээшинд өгч гаргаж өгөхөөр ирсэн 2 аялагч гишүүндээ талархлаа илэрхийлэн сайхан аялаад ирье хэмээн галт тэргэнд сууцгааж аяллаа эхлүүллээ.

Галт тэрэг хөдөлж бүгд суудлаа эзэлсний дараагаар хамаг том админы сууж яваа тасалгаанд орж хавь ойрын хөгжилтэй, хөгтэй бүр заримынх нь мартагдсан дурсамжийг эргэн сануулж ярихыг сонсож явах нь анх удаа дугуй жийхгүйгээр хамт тухтай аялж байгаа миний хувьд их олзуурхууштай бас сонирхолтой байсан нь энэ аялал бүр эхлэлээсээ л гоё аялал байх нь тодорхой байлаа.

Ийнхүү хэсэг элдэв сонин сонсож бас ярьж, хэсэг нойр авсны эцэст Ерөө өртөөн дээр буух цаг болж бүгд тээшнээс дугуйгаа аван Ерөө өртөөний хүлээлгийн танхимд тухлан хоол унд, кофе цай гэж дор бүрнээ өөрсдийн бэлдсэнээрээ бор ходоодоо борлуулаад аялал эхлэх 10 цагийг хүлээнэ хэмээн бодож суутал Админ 06 цагийн үед гарч тэнгэр ажиж орж ирснээ мориндоо гэсэн команд өгсөн учир бүгд аялал эхлэхэд бэлэн болж байлаа. Гэтэл би бүх юмаа дэлгээд тавьчихсан ямар ч бэлтгэлгүй байсан учир нэлээн мунгиналаа. Тэр хооронд ажаад байх нь ээ манайхан админы занг ерөнхий мэдэхийн учир эрт хөдөлнө гэдгийг таамаглан дор бүрнээ ачаагаа эмхэлчихсэн сууцгааж байсан хэрэг. Харин би мориндоо гэдэг командаар л давхарлах хувцас, кофены хэрэгсэл гэх мэт хамаг ачаагаа санд мэнд өмсөж, хамж цүнхэлж эмхэллээ. Ийнхүү бэлэн болоод гарч ирэхэд хамт аялагч гишүүд маань дугуйн дээрээ мордчихсон намайг гарч ирэхийг хараад л бүгд ухас хийн хөдлөх нь тэр шүү. Цаашдаа ч ахиж ингэж гэнэдэхгүй дээ гэсэн бодол л төрж байсан даа.

Аялал эхэлж Дулаанхаан тосгоноор дамжин жийж явтал Ерөө өртөөн дээр нэг зүйл мартсан тул буцаж явахаар болж Жавхаа ах бид 2 буцаж жийв. Гэхдээ би мунгинаж байгаад мартаагүй шүү өөр юм хэхэ. Мартсанаа аваад буцаж байхад Дулаанхаан уул хойд талд дүнхийх нь яг л биднийг аялаад бай нөмөрлөөд өгье гэж буй мэт юутай бахдалтай сайхан байсан гээч. Түрүүлж явж буй багийн нөхдийн араас бас ч гэж өндөр темптэй жийж буй тул бид 2 дөрвөн зам дээр ирэхдээ иймэрхүү хурдаар жийвэл цаашдын аяллын замд бүр их хөлрөх юм байна. Тэгэхээр үргэлжилж буй аяллын хурдаа зөв тохируулж явах нь зүйтэй гэдгийг дор бүрнээ ойлгосон байлаа. Дөрвөн замын уулзвар дээр биднийг дулаан байрандаа оруулж гэгээ ортол байлгасан тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн алба хаагчдадаа бас баярласан шүү. Түр хорогдсон цагдаагийн байрандаа бид өөрсдийн савандаа халуун уух зүйлсээ бэлдэж базаан аяллаа үргэлжлүүллээ.

Энэ цэгээс хөдлөөд дараагийн таталт хаана гэдгийг би сонсоогүй ч юм уу эсвэл мэдээгүй байсан мөн Арангатын даваа өөд жийж байсан учир өөрийн хурдаар алгуурхан жийж эхлэв. Багийнхан ч мөн өөрийн хурдаар жийх бөгөөд наймуулаа явсан бидний 3 нь урагш тасран жийж удалгүй бараа нь харагдахгүй болов. Энэ үед ямар ч байсан хамгийн сүүлд яваа биш юм чинь гэсэн бодол толгойд эргэлдэж жийж буй хурдаа нэмэхийг мөн хасахыг ч хүссэнгүй. Ер нь холын аялал хүчээ гамнаж жигд хурдаар жийж замаа дуусгах нь л чухал гэж бодох болсон тул ихэнх аялал дээр нийт аялагчдын дунджаар л явдаг болсон доо. Арангатын даваан дээр гарч хэсэг амс хийгээд гурвуулаа болж аван уруудаж эхлэв. Уруудах зам халтиргаатай бас хэт хурдтай явбал өвөл гар болон хөл даарах шинжтэй тул зугуухан бууж цааш аяллаа үргэлжлүүлэн жийх зуур хэсэг яваад нэг аялагч гишүүн маань хүлээж байхтай таарлаа. Энэ бол Галаа. Миний мэдэхээр уул, даваа ер нь өндөрлөг газар харагдвал хамгийн түрүүнд дээр нь гардаг ганц хүн бүр гарах гарахдаа ямар ч өндөр байсан жийж гардаг ганц хүн. Тиймийн учир давааг түрүүлж даваад уруудаад нөмөртэй газар олон хүлээж буй нь тэр байлаа. Бид 4 цуг араас ирэх аяллын багийн 2 аялагчаа хүлээхээр шийдэн хэсэг саатлаа. Тэр цэг дээр аяллын багийн 6 гишүүн цуглан цааш үргэлжлүүлэн жийв. Наймуулаа аялж байгаагүй билүү гэж бодсон уу? Ер нь дээр наймуулаа гэж бичсэн билүү яалаа. Ямартай ч наймуулаа аялж байсан юм аа. Хоёр аялагч маань зогсолтгүй урагш жийж байсан учир бидэнд бараа нь харагдахгүй холдсон байсаан.

Жийж явсаар бид Тужийн нарс руу орж ирлээ. Тужийн нарс гэж туулаад өнгөрөхөд дэндүү хайран тухлаад суухад дэндүү жаргалтай үзэмж нь төгс, дулаахан, нөмөртэй үлгэрийн гэмээр цас нь бужигнасан мэдрэмж нь нэг тийм гоё бичсэн бичлэг, авсан зурганд биеэрээ мэдэрснээс илүү буухааргүй байсандаа.

Аялал үргэлжилсээр Шаамар гурав гэдэг газар очиход Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мөнгөн хэгээс дугуйн клубийн дугуйчид угтан жийж ирэн халуун аарц, боорцгоор дайлсан нь идэр 4 есийн хүйтэнд тасралтгүй 30-аад км жийсэн бидэнд яг л ядарч байхад хүч оруулах унд хоол мөнөөсөө мөн байсан билээ. Угтаж ирсэн дугуйчдын хамт бид цааш аяллаа үргэлжлүүлэн Шаамар 6 (Тэдний нэрлэснээр) гэх газар мөн Дугуйтай Сэлэнгэ дугуйн клубийн дугуйчид угтаж ирж уулзсанаар цааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу 13 км замыг туулахаар 20-иод дугуйчид жийж эхлэв.

Гэхдээ яагаад ч юм гэнэт ядарсан уу эсвэл Тужийн нарсанд нөмөрлөж явж байгаад Буурын гол болон Орхон голын жаварт даарсан уу үлдсэн 13 км-ийн талаас эхлэн зам нэг л хорж өгөхгүй ёстой л нөгөө хүрээ гэдэг хол юм хүний амь гэдэг бөх юм гэдэг шиг л. Урдхан харагдах Сүхбаатар хотод уруудаад орчихно гэж бодтол зогсолтгүй үлээх жаврыг сөрөн зугуухан шүд зуун жийсээр аяллаа өндөрлөсөн дөө.

Дугуйтай аялах нь зүгээр л аялал юм, зүгээр л жийх юм, зүгээр л өөрийгөө ялан дийлэх юм, зүгээр л би хаана хүрч чадах вэ? юм гээд л аймар юм бичих гэж байна шүү. Зүгээр л аялах сайхан байдаг даа.

Хамт аялсан аяллын багийнхандаа баярлалаа. Зүгээр л жий...

Аялагч гишүүн Б.Сүхбатын видео тэмдэглэл

Дулаанхаан - Арангатын даваа - Тужийн нарс - Сүхбаатар

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!