Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө 09:40 цагт эхэлсэн аялал хадуурч давхидаг 3, гэнэт алга болсон нэг гэсээр их үд гэхэд оргилдоо хүрэв. Төлөвлөсөн ёсоор Хүрэлтогоот хүртэлх цастай замаар жийж гарцгаагаад түүнээс цааш уулын жим даган дугуйгаа түрсээр багахан цохио хүрч буудаллалаа. Ой дотор нөмөртэй дулаахан гэж жигтэйхэн. Дүнжингаравын унадаг дугуйн замаар өглөөний жавар сөрөн дэрчийтлээ жийж байхад "яах ч гэж яваад байгаа юм" хэмээн бодож явлаа хэмээн тус замын төгсгөлд манайхны зарим нь "халаглацгааж" байсны хариулт чухам энд л байв. Ер нь Хүрэлтогоот өөдөө өгссөн зам руу оруут л пүн хийгээд явчихсан л даа. Улмаар өвлийн ойн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, цас туучин алхах нь ёстой л энэ цаг улирлын жаргал байлаа.
Яг энэ жаргал эхлэхийн өмнөхөн манайхны нэг буцсан нь сүүлд сонсоход дугуй нь хагарсанаас болсон гэнэ. Учрыг бүр сүүлд мэдсэн гишүүд дугуйг нь нөхөөд өгчихөө бас тэр байтугай эвдрэл гэмтлийг аргалж байснаа хэлцгээж байлаа. Тухайн үед зүгээр л би буцлаа гэсэн ажээ. Буцлаа гэснийг нь манай нэг залуу бидэнд уламжилсан юм.
Хүрэлтогоот өөдөө өгсөхдөө бид цастай, халтиргаатай мөнөөх өгсүүрийг хөлөө газарт хүргэлгүй жийсээр яах ийхийн зуурт барж орхисны эцэст "Аа, сүр болцгоогоод байдаг биш билүү? Гэтэл шалихгүй л юм байсан байна шүү дээ." гэж санагдсаныг нуух юун. Эндээс бид буудаллаж, үдийн хоолоо идэхэд зохимжтой газар эрэлхийлэхээр шийдэж зурж төлөвлөсөн маршрутаа 11:35 орчимд түр орхилоо.
Тэр хавийнхаа оргил гэмээр цэгт хүрсэн бид түр саатаж буудаллангаа зайдас, бууз тэргүүтэн ил гал дээр шарж идэхийн тулд гал ноцоохоор болцгоов. Хаа сайгүй битүү, гүнзгий цас байсан тул нэг том чулуу дээр гал түлэхээр болж цасыг нь арилгаж хаяад, тэр хавиас цуглуулсан унанги гишүү өрлөө. Гишүү хуурай боловч хүйтнээс болоод ноцох температуртаа хүрч олигтой асаж өгөхгүй байсаар бид нэг л мэдэхэд овоо ноцолдсон байв. Гэвч уйгагүй оролдсоор асааж дөнгөсөн. Ингээд аялалд бүртгүүлсэн боловч оролцож чадаагүй нэг аялагч гишүүний хэлсэнчлэн "шарсан зайдас ажиллагаа" эхлүүлж улмаар "шарсан бууз ажиллагаа" болж өргөжүүлцгээсэн билээ. Ийнхүү үдийн хоолоо хээрийн гал тойрцгоон идсэн бид түлсэн галаа бөөн бөөн цасаар нам дарж унтраачихаад төлөвлөсөн маршрутдаа шууд нийлэхийн тулд уулын дориухан ташлангаар халзагнан бууцгаалаа.
Тийнхүү хадан цохионоос доош үргэлжилсэн үхэр чулуунуудыг шувт дайран гарахад нэвсийсэн зузаан цас их дэм болж байлаа. Ингээд дугуйгаа заримдаа өргөж, заримдаа түшиж, гүнзгий цас туучин том том алхалсаар сүр сархийн бууцгааж улмаар Скайресортын хашааны явган хаалгаар орлоо. Ийнхүү бид 14:05 цагт төлөвлөсөн матршрутдаа эргэн орж буй нь энэ.
Ингээд хэд алхтал дугуй жийж болмоор явган жим зурайгаад гараад ирэв. Бэл рүү шахсан тэрхүү жимээр уруудсаар засмал замд яах ийхийн зуурт хүрэв. Улмаар хэсэг зуур засмалаар явсаны дараа голын мөсөөр гарч сүүлийн үед хэдэнтээ жийсэн Дүнжингаравын унадаг дугуйн замаар яралзтал жийсээр Дүнжингарав дээр 15 цаг багахан өнгөрөөж ирсэнээр аялал амжилттай өндөрлөлөө.
Улс үндэснийхээ ойн баяраар хамт жийсэн аялагч гишүүддээ баярлалаа.
Зүгээр л жий.