Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #44 - Гэнэтийн жийлт буюу Гоймонгийн дэлгүүр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/259
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
52 км
Давааны тоо
0
Өндөр авалт
251 м
Өндөр алдалт
-251 м
Их өгсөлт
2.9 %
Их уруудалт
-2.9 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2022 оны 12 сарын 24 Бямба гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

МҮЭСТО-ны зүүн урд уулзвараар нэвтэрч явтал хэн нэгэн мэндэлсэн нь группийн аялалд 9 дэх удаагаа оролцохоор зорин явж буй нэгэн гишүүн байх ажгуу. Ингээд хамтдаа цаг эрт байна аажуу жийхгүй бол очоод жиндэнэ гэж ярилцан хэрдээ аажуу жийсэн ч цуглах цэгт бүтэн гучин минутын өмнө хүрэв. Тийнхүү очиход өөр нэг залуу аль хэдийн ирчихсэн байх агаад бид хоёрыг мишээсээр угтлаа.

Зураг 1. Өнөөдрийн жийлтэд оролцогсод

Дугуйчид тасралтгүй жийх хөдөлгөөнөөрөө л дулаацдаг болохоор хөдөлгөөнөө таг хорьж өглөөний жаварт жиндэхгүйн тулд эртлэн ирсэн нийт таван дугуйчин цуглах цэгийн урдхантаа байх GS25 орж биесийг био-шатахуунаар цэнэглэж эхлэв. Төд удалгүй зургаа дахь гишүүн маань ч хүрэлцэн ирсэнээр энэхүү гэнэтийн жийлтийн багийн бүрэлдэхүүн бүрэн бүрдэв.

Хэд хоногийн өмнөөс л цаг агаарын урьдчилсан мэдээ харж жийж баймаар өдөр байна хэмээн олзуурхан, группийн ерөнхий админ аялал зохионо доо гэж бодож байсан ч сүүлдээ группийн зарим гишүүд чатаар "аялал ч хударлаа даа, аялалгүй гэдгийг нь мэдсээр байж маргааш эрт сэрж тэнэгтэнэ дээ" гэх мэтчилэн үгсийг Тунгалаг Тамир киноны Хонгорын бодол болон хэвтдэг кадр дээр хадсан меме шидэлцэхдээ хүрэх нь тэр. Яг үүнийг мэдсэн юм шиг бямба гарагт гэж эртнээс төлөвлөсөн ажил ням гараг руу шидэгдсэнээр энэхүү жийлт шуударсан юм.

Зураг 2. Буянт хүлгийнхээ нэр нүүрээр буйдхан сууринд тухлан саатсан нь

Жийлт 09:35 цагт эхэлж Дүнжингаравын дугуйн замаар бөөндөө жавартай салхи сөрсөөр гучин минутад Амгалангийн уулзвар хүрч улмаар голын мөсөн замаар дайран хөндийн зүүхнээр уул нөмөрлөн цасан хунгар зүсэн жийцгээлээ. Энэ үест манайхны нэгний дугуйд таагүй эгзэг нь тохиож нэжгээд хэгээс нь тас үсэрчээ. Цасан хунгар дайрахдаа хүчлэн жийтэл хойд дугуй нь шарваснаа л эвгүй болсон гэнэ. Ер нь хойд дугуй шарвахад хүчлэн жийж явсан хүн дугуйгаа гэмтээх явдал түгээмэл бололтой. Ядаж л гинж мултардаг шүү дээ. Тэр байтугай салхинд цохиулж хойд дугуй талаасаа шарван нисэж унасан нэг залуугийн гинж тасарсан явдал одоо санагдаж байна. Гэтэл энэ удаад хэгээс тасарчээ. Хэгээстэй ноцолдож эхлэх үед цаг 11:20 болж байв.

Зураг 3. Хамтдаа жийхийн давуу тал буюу хэгээс нь тасарч явах аргагүй болсон дугуй засаж буй нь

Ингээд "болгоомжтой жийгээрэй" гэдэг хоёр үгийг "бөгсөө сайн хавчиж яваарай" гэх буюу "хүчтэй унгаж болохгүй" хэмээн амаа чихээ хүртэл шахуу мар мар болгочихоод зургаан эр зорьсон цэгээ чиглэн замаа хөөцгөөлөө.

Цааш хэсэг жийтэл салхи, жавар ч багасан төд удалгүй 12:20 гэхэд зорьсон сууриндаа хүрч очив. Тэрхүү сууринд байх нэг дэлгүүрийг манай группийн залуус Еэвэнгийн дэлгүүр хэмээн "эрт цагт" нэрийдсэнийг нь группийн эдүгээ цагийн түүхийг бүтээгсэд ч өвлөн тээсээр яваа бөлгөө. Харин Еэвэнгийн дэлгүүр маань өнөөдөр хаалттай байлаа.

Зураг 4. Маршрутын оргил цэг - Еэвэнгийн дэлгүүрийн үүднээ

Ингээд зам зууртаа онгорхой байхыг нь анзаарсан өөр нэг дэлгүүр оров.

Зураг 5. Биднээс Гоймонгийн дэлгүүр хэмээх нэр хүртсэн дэлгүүр

Мөнөөх дэлгүүрийн худалдагч эмэгтэй биднийг арын өрөөндөө оруулж, бидний худалдан авсан бэлэн хоолны гоймонг дэвтээх ус буцалгаж өгсөн тул бид дулаан газарт халуун хоол идэж бүр зарим маань чийгтсэн хувцсаа хатаагаад ч авсан.

Зураг 6. Гоймонгийн гэж нэрийдсэн дэлгүүрийн арын өрөөнд гоймондоцгоож буй нь

Биднийг дэлгүүрт анх ороход үйлчлүүлж байсан нэг ах хүү биднээс уулын бэлд ойр байдаг гэртээ дөхүүлж өгөхийг гуйсан явдал эхэндээ бидний гайхшийг барсан ч угтаа биднийг мототой яваа гэж бодсоноос болсон юм гэнэ ээ гэснээс мань хэдийг Батсүмбэр, Зуунмод, Багахангай, Алтанбулагаас бусад газарт очоод унадаг дугуйгаар яваагаа хэлэхэд эхэндээ итгэн ядаж, эцэстээ бахдан хүлээн авдаг билээ. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй ч гэсэн эхэндээ бас л мототой яваа залуус байна гэж бодсон гэсэн. Ингээд хотоос гадна, дээр нэр дурдсан газруудаас бусад газарт биднийгээ бахдал, хүндлэлд хүргэдэг буянтай хүлгийнхээ ачаар тухтай сайхан хооллож аваад мордоход цаг 13:20 болж байв.

Буцах замдаа бид хэд хунгар цасыг хэн нь илүү хол зүсэж орохоо үзэх, 360 градус видео бичлэг хийх гэх мэтчилэн чамгүй хөгжилдсөөр явлаа.

Зураг 7. 360 бичлэг хийцгээж буй нь

Ийнхүү бид өглөө жийлтээ эхлүүлсэн цэгтээ эргэн ирэхэд цаг яг 15:00 болж байв. Эндээс бид гэр, ажил бас нэг маань унадаг дугуй засварын газар зорьцгоосноор жийлт маань өндөрлөлөө. Хамт жийсэн ахмад залуу нийлсэн таван эрдээ баярлалаа. Мөн энэхүү жийлтээр Улбар шар тэмдгийн болзол хангасан, групп анх үүсгэн байгуулсан 2016 оноос эхлэн жийсээр буй Батмөнх ахдаа баяр хүргэе!

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат Т.Ган-Очир П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 6955 км
  • 72
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9547 км
  • 98
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10456 км
  • 100
  • 10
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11169 км
  • 112
  • 7
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!