Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #28 - Дорнын говь буюу хоногийн гэнэтийн аялал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/257
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
101 км
Давааны тоо
0
Өндөр авалт
568 м
Өндөр алдалт
-553 м
Их өгсөлт
3.4 %
Их уруудалт
-5.8 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2022 оны 11 сарын 4 Баасан гараг, 17:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

11 сар 4 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 17.30 цагт хөдлөх УБ-Замын үүд чиглэлийн 296 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар- Сайншанд, ирэх Улаан Уул- Улаанбаатар гэсэн чиглэлд тасалбар захиална.

11 сар 5 өдөр, Бямба гариг
Дорноговь аймгийн Сайншанд хотод өглөөний 4.20 цагт бууна. Галт тэрэгний буудалд түр бууж, өглөө 8.00 цагт аялал эхлэнэ. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Засмал замаар 75 орчим км жийж явсаар шороон зам руу салж, Эрдэнэ сумын төв Улаан Уул өртөө хүрч аялал дуусна. Эндээс оройн 17.30 цагт Замын Үүд- УБ чиглэлийн 295 дугаар галт тэргэнд сууна.

11 сар 6 өдөр, Ням гариг
Өглөөний 7.30 цагт УБ хотод бууна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

9 сарын 24-нд группийн аялалд оролцсоноос хойш зав, зай гарахгүй хагассайн өдрүүдийн аяллыг алгасаар байтал групп маань 10 сарын 22-нд намрын хаалтын аяллаа ч хийчихэв. Өө үгүй байлгүй дээ, хүн яг завтай болж байхад чинь … Хаалтын аялал болсон ч гадаа харьцангуй дулаавтар хэвээр ... Ойрд жийгээгүй надаас гадна хэд хэдэн аялагчид маань иймэрхүү өдрүүдээр группээс гэнэтийн жийлт зарладаг даа гэсэн битүүхэн хүлээлттэй. Би ч өдөр бүр байсхийгээд группийн вебсайтруу аялал зарласан байж магадгүй гэж шагайсаар байтал 10 сарын 28-нд өдрийн ч биш бүр хоногийн аяллын зар ороод ирлээ шүү. Үзэж хараагүй, олон сайхан газраар явж, байгалийн сайхныг мэдэрч аялдаг тул би хоногийн аялалд дуртай. Үүнийг л хүлээж байсан хүн чинь бөөн баяр. Хэдний өдөр аялах гэсэн огноог нь ч анзаарахгүйгээр 5дахийн орой 17:30д аялал эхэлнэ гэдэг нь нүдэнд тусав. “Өө үгүй ээ, хүсэхэд хясна гэхчээр өнөө орой хүлээн авалттай байдаг. Ажил уу, аялал уу … Мэдээж ажил … Байзаарай байзаарай … Манайхан аяллын мэдээг сонсоод билетээ эртхэн захиалах тухай ярилцаад байх шиг … Угаасаа өнөө оройны аялалд юун эрт, орой билет захиалах билээ гээд зараас аяллын болох өдрийг нягталтал дараа долоо хоногийн 5дахьд болж таарав. Тийм байлгүй дээ гээд санаа амраад вебдээ бүртгүүлээд, билетний бүртгэлээ хийхээр төлөвлөв. Аялал гэдэг бидний хувьд хоног тоолон хүлээх амьдралын жаргалтай мөчүүдийн нэгээхэн хэсэг аль хэдийн болжээ...

Зураг 1. Аяллын баг УБ Төмөр замын Төв вокзал дээр, ням гарагийн өглөө

Хоног өдрүүд үргэлжилсээр 11 сарын 4-ний аялал эхлэх өдөр ч боллоо. Билетээ бичүүлсэн тул дугуйгаа ачаанд өгөхөөс бусдаар санаа зовох зүйлгүй. Өдөр 15:17-д эхний аялагч маань, админы хамт “Дугуйгаа тээшинд ачуулсан, 15:30 хүртэл ачаа авна” гэж байна гэсэн мэдээ дамжуулав. Даанч ажил арай дуусаагүй тул тэгж очиж чадахгүй нь ойлгомжтой болж вагон хөдлөхөөс өмнө нь л очиж дугуйгаа шууд ачуулах сонголт үлдэв. Галт тэрэг хөдлөхөөс 40-өөд минутын өмнө тээшний вагон дээрээ ирээд, хамт аялах багийн нэг гишүүнтэй нэгдэж, хоцорч ирснийхээ төлөөсөнд кг-лж ачуулснаас бараг 3 дахин их тарифаа төлөөд дугуйгаа ачуулчихлаа. Шууд ачуулахад арай нэмэгдэлтэй ачуулахаа мэдэж байсан ч арай ингэж нугална гэсэн хүлээлтгүй байсан юм. Дараа иймэрхүү аялалд дугуйгаа эртхэн авчраад ачуулчихаж баймаар юм байна. Сайхан туршлага. Ингээд эрт ирсэн хоёр багийн гишүүнтэйгээ нийлэв. Аяллын вебд 5 хүн бүртгүүлсэн тул ирж амжаагүй нэгэнтэйгээ холбогдож одоо бараг ирж байгааг мэдээд, тээшийн вагон цувааны төгсгөлд байгааг хэлэв.

Багийг аялалд гаргаж өгөхөөр нэгэн аялагч гишүүн маань ирсэн нь бидний аяллыг улам өнгөлж, сэтгэлийн дэм боллоо. Тэрээр биднийг гаргаж өгөхөөр бүтэн өдрийн өмнө вокзал дээр ирж биднийг хайсан байсан. Бараг аялалд явах биднээс илүү аяллыг догдлон хүлээн авч байгаа нь илт. Хоногийн аялалд тэмдэгтэй гишүүд явдаг группийн дүрмийн дагуу хоногийн аяллаас “мултарч” буй нь энэ. Хэдий тэмдгээ авч амжаагүй ч, сүүлийн үеийн аяллуудад маш идэвхитэй оролцсон болохоор бид хэд нь түүнийг аваад явчих санаатай албан бусаар ч гэсэн хамт явчихаач гэхэд “Ном журмаараа болзлоо хангаад явнаа” гэх нь зарчимч, группээ хүндэлдэг гишүүн болох нь харагдана. Нээрээ л “Дүрэм бол дүрэм” юм даа… Нийтийн юманд эмх, цэгц, дэг журам яалт ч үгүй хэрэгтэй л дээ.

Ингээд вагон хөдлөхөөс хэдэн минут дутуу байхад нөгөө нэг аялагч гишүүн маань ирснээр аяллын баг бүрдэж, энэ удаагийн аялал маань албан ёсоор эхэллээ.

Зураг 2. Аяллын зам дээр

Воганд орцгоож амралтын горимдоо шилжиж хоол, унд идэж ууцгаагаад, хоорондоо хол, ойрын аяллын болон амьдралын сонин сайхан ярилцаж явах ба админыхаа аяллын алдарт “У”-аар эхэлсэн сэдвийг уламжлал ёсоор чихээ алт болтол сонсоцгооно, хэхэ. Шөнийн вагонд унтаж амраад очих газраа очдог нь үнэхээр сайхан. Зарим хүмүүс галт тэргэнд унтаж чаддаггүй. Миний хувьд бол худалч хүнд насаараа вагонд явсан тул галт тэргэнд унтах тал дээр асуудал байсангүй. Харин ч бүр бүүвэйлүүлж байна гэж төсөөлөөд л унтаж өгнө. Ингээд сайхан унтаж байтал админы “Шандын бараа харагдаад байна уу даа” гэсэн далд сэрүүлэгний үгээр бослоо.

Зураг 3. Аяллын багийн ахлагч, группийн ерөнхий админ

Манай админы үг ч дандаа ардаа “дагуултай” байдгийг нижгээд аялалд хамт явж байгаагийн хувьд гадарлаастай. Сайхан цайлцгааж аваад 4:20д вагоноосоо бууцгааж, дугуйгаа тээшний вагоноос аваад вокзал дотор орж аялал эхлэх 8 цагаа хүлээн сууцгаана.

Зураг 4. Жийлт эхлэх хүртэлх хийцгүйрэл, Сайншанд өртөө

Тэгэж байтал админыг ирэхийг хүлээж бүтэн өдрийн өмнөөс харуулдсан түүний хамаатан гэх залуу ирж эхнэрийнхээ хийж явуулсан амттай цуйван, сайхан сүүтэй цайгаар биднийг дайлав. Биднийг дайлсан тэдний гэр бүлд нь аз жаргал хүсье. Хоногийн аялалд заавал хүнээр гаргуулж, тосуулах албагүй ч хүнээр үдүүлж, угтуулах цаанаа л нэг гоё байдаг.

Зураг 5. Үүр цайлаа. Мориндоо ...

Үүр гэгээрч байгаа тул бид заавал 8 цагийг хүлээлгүйгээр замдаа гарахаар болов. Ингээд бидний жийлт 11 сарын 5-ны 6:30-д албан ёсоор эхэллээ. Тэнгэр цэв цэлмэг, тэнгэрийн хаяа ягаараад л, өнгөнүүд нь хоорондоо гайхалтай сайхан уусаж харагдана. Миний хувьд нар жаргах үеийн тэнгэрийн хаяаг янз бүрээр л харж гоё гэж боддог байснаас нар мандах үеийн хаяаг ийм гоёор харж байсангүй. Болдогсон бол цаг хугацааг яг тэр чигт нь зогсоогоод тэр л гоё тэнгэрийн хаяаг хараад л байгаад баймаар тийм гоё. Нар мандах хүртэл бараг замаа ч харахгүйгээр, тэр л тэнгэрийн хаяанд нүд унаган жийсээр … Тэр тэнгэрийн хаяаны өнгө хэзээ ч сэтгэлээс мартагдахааргүй, үгээр хэлэхийн аргагүй үнэхээр үзэсгэлэнтэй.

Зураг 6. Үүр хаяарах үзэсгэлэнт мөч

Нар ч мандаж бид дугуйн гэрлүүдээ унтраагаад Дорноговийн сайхан зассан замаар өөр өөрийн темпээр жийсээр байв. Байсхийгээд хажуугаар өнгөрөх том том ачааны машинууд нэг л түгшүүртэй. Хойноос гүйцэж ирэх тэр машинууд сигналдах нь чихээ яах гэж ухаж гарав даа гэж бараг харамсахаар чанга юм. Багийн сүүл хавьд явж байгаад харахад зарим нэг нь урд байгаа хэдийг маань шахаад л, тойрч гарахдаа дугуйнаасаа хар утаа гаргаад л асар хурдттайгаар гүйцэж түрүүлж байгаа харагдана. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гэж тэр жолоочид хэлмээр. Гэхдээ л бид яаж ийгээд тэдэнтэй зохицоод зөрөөд л байлаа. Урдаас ирэх том машин ирэх болгонд нь доошоо тонгойно. Тэгэхгүй бол том машин явж өнгөрөх үеийн салхи маш хүчтэй биднийг цохино. Анх энэ зун Хамарын хийд рүү дугуйтай аялж байхад аяллын арвин туршлагатай багийн эгч маань “Том машин ирж байна, суугаарай” гэж хэлэхэд “Айн” гэж хэлээд, ойлгож амжилгүй тэр машины салхинд цохиулснаар учрыг нь мэдсэн юм. Одоо бол аюулгүй байдлын үүднээс том машин зөрөхөд байнга бөхөлзөж, тонголзоостой жийж явдаг болсон.

Зураг 7. Аяллын баг наран ургах зүгт жийж яваа нь

Биднийг жийж явахад нэг их айхтар салхитай байгаагүй ч ам байсхийгээд цангаж юм уумаар болж байв. Өмнөх Сайншандын аяллаар байсхийж зогсож ус уусаар аяллын багынхаа сүүл мушгиж аяллыг дуусгаж байсан тул хотод ирэнгүүтээ цүнхэндээ хийгээд үүрдэг гуурстай усны савтай болж билээ. Гэхдээ сэрүү орсон тул хүйтэн ус ууж явах нь тохиромжгүй байсан тул энэ удаагийн аялалд түүнийг авч яваагүй. Талын салхинд жийхэд хүний бие энгийнээс их ус шаарддаг бололтой. Ингээд ус уух шалтгаанаар бас л сүүл мушгиастай явлаа. Багийн нэг гишүүн маань гутал, бээлий нь нимгэдээд хөл, гар нь таараад байсан тул хоёулаа ханьсаад сайн дураараа аяллын цоожлогчид болов.

Зураг 8. Тайлбаргүй

Ингэж өөрийн темпээрээ тухтай явах боломж гарсан нь аяллыг төлөвлөгөөт цагаас эрт эхэлсэнтэй бас холбоотой. Яг найман цагт эхэлсэн бол юун ингэж байсхийгээд амарч, өөрийн темпээр явах, цаг нартай уралдсан аялалд бол аль болох хурдхан жийхээ л бодно. Тэгж хүчилж жийхээр гэхдээ дорхноо ядрах гээд байдаг талтай.

Зураг 9. Говийн өгсүүр замд

Өргөн сумруу салдаг уулзвар хүрэхээс өмнөхөн нэгэн байшин руу чиглэн өмнө явсан багийн гишүүд маань баруун гар тийш зам салж харагдав. Нэг маань бид 2-ыг харалгүй өнгөрчих вий гар даллаж байна. Тэр байшин нь хоолны газар байлаа. Өмнө нь аялсан нэг аялагч гишүүний “Замдаа хоол авч идээд хэрэггүй байх” гэсэн зөвлөгөөний дагуу гэрээсээ хоол хүнсээ сайн базаагаад гарсан ч багийнхны санаачлагыг дагаж цуйван идээд, сүүтэй цай уув. Замын унд уснаас жоохон санаа зовж байсан тул санаа дагаад ч тэр юм уу гэдэс нэг сонин болоод байх шиг болохоор нь юмыг яаж мэдэхэв гээд сэтгэлээ засаад нэг нүүрсэн эм ууж орхив. Тэгээд л гэдэс зүв зүгээр. Ус, хоол солигдохоор хүмүүсийн гэдэс хямрах гээд байдаг талтай учраас хол газар аялах үед нүүрсэн эм авч явах их чухал санагддаг.

Зураг 10. Амарч суухдаа ч жийнэ

Зураг 11. Туулсан замаа эргэн харахуй

Зураг 12. Зүгээр л ...

Ингээд л баг хэсэг амарч, хэсэг жийсээр засмалаас гарч, шороон замруу салах заагт хүрч нутгийн хүнээс зам асуугаад 13 цаг 2 минутад Эрдэнэ сумын зүг төмөр хүлгийнхээ жолоог залав. Эндээс тус сум хүртэл 20км гэх. Тав гучийн вагонд амжиж очих нь тодорхой гэж санан эрт гарцгаасныхаа хэргийг гарган говийн дэржигнүүртэй, үе үе таарах элсэрхэг хөрстэй замаар аажуухан сайхан явцгаах байх гэж бодож байсан нь миний л таамаг байсан байв. Учир нь урд хэд маань год год үсэртэл жийгээд алга болцгооно. Эрдэнэ сум тэртээд харагдах тул би ч хоцорлоо гээд төөрөөд хаа холдохов гэж бодох ч багийн өмнөх гишүүд байсхийгээд “татаастай” байсан тул бусдадаа төвөг болохгүйн тулд хурдаа жоохон нэмэв. Гэтэл урдах хэд маань энэ 2-ыг дундаа хийж явахгүй бол явахгүй нь гэж ярилцсан бололтой миний ард админ хэсэг явангаа, намайг хэт болгоомжлоод байна, ингэж явбал зам дуусахгүй гэж шавдуулснаар өөрөөсөө арай илүү хүч гарган жийлээ. Халууцаад байхаар нь хувцсаа нимгэлэв.

Зураг 13. Аялал бол аз жаргал юм

Зогсоход бидний араас салхи таараад дэм өгч байгааг мэдрэв. Админ цаг агаарын мэдээнээс салхины байдлыг харж аяллын чигийг тодорхойлсон гээд байсан нь энэ байж гэж бодогдоно. Ингэж хэсэг амсхийгээд буцаад жийх хооронд эхний хэд бас л холоо явчихаж. Эрдэнэ сумын бараа тэдний цаана нь харагдсаар л... Жийгээд байхад л газар хорогдоод байгаа нь үл мэдэгдэх говь, талаа гэж. Шороон замаар овоо хүчилж жийсээр Эрдэнэ сумын хаяанд байх морины хөшөөн дээр ирэхэд 14:45 болж байв. Аяллын зам ерөнхийдөө дууссан гэсэн шиг хамаг бие хөшөөд, хөдлөхөд хэцүү болж байв. Манайхны зарим нэг нь үүнийг тохуурхан “101 км”-ээр кодлогдсон юм уу, дараа 130 км-ын аялал зарлавал 101 км яваад л зогсох уу гэсэн маягийн юм асууна, хэхэ. Гэхдээ л ойрд жийгээгүй миний хувьд бол аяллын үеэр нуруу болон бусад хэсгээр өвдөөгүй, дугуйнд техникийн асуудал гараагүй ирсэнд баярлана.

Зураг 14. Эцсийн зогсоол Эрдэнэ сум

Ингээд бид дэлгүүр, хоршоо орж ойр зуурын юм авцгааж, “Улаан уул”-ын төмөр замын өртөөн дээр ирээд вагоноо ирэхийг хүлээн хоол, цай эргэлдүүлцгээн, элдвийг ярилцана. Замд таарах төмөр замын өртөөнүүдэд “боловсон” ариун цэврийн өрөө байдаггүй, байсан ч дангинатал түгжээстэй байх нь XXI зуунд үнэхээр сонин үзэгдэл юм. “Наад захын 00-ын асуудлаа шийдээгүй байж юун 400 сая жуулчин хүлээн авах” гэх нэгэн аяллын гишүүний үг үнэний ортой л сонсогдоно. Дотоод, гадаадын аялал, жуулчлалыг хөгжүүлэхийг хүсвэл наад захын нойлын асуудлаа шийдээсэй.

Зураг 15. Аяллын зарим статистик

Явах вагон маань ирж, бид тээшинд дугуйнуудаа ачуулаад, суух суудлаа чиглэн вагонуудын дотуур дамжин урагшилна. Аз болж тээшний вагоноос хоёрхон вагон дамжаад бидний суух воган байв. Өмнөх өдрийнх шиг тээш нь хойноо, хорин хэдэн вагоны урд бидний суух вагон байсан бол дуус дуус. Вагондоо амжилттай сайхан суусан гэдгээ группийн бусад гишүүддээ мэдэгдэв. Ер нь аяллын эхлэхээс дуусах хүртэл зургаар, бичгээр, видео бичлэг гээд олон хэлбэрээр тэдэнд тайлангаа тавьцгааж явав. Ажил, амьдралын шаардлагаар аялалд биечилж оролцож амжаагүй группийн бусад гишүүд аялал бүр дээр сэтгэлээрээ хамт жийдэг онцлогтой. Ард үлдсэн хэд нь одоо нөгөө хэд яаж яваа бол гэж харуулдаж, аялалд явсан хэд нь нөгөө хэддээ мэдээ дуулганаа гэж догдлонхон жийнэ. Учир нь биечлэн яваагүй ч бараг бүх зүйлийг хамт харж, хамт төсөөлж, хамтдаа ярилцаж явдаг тул группийн хүн бүр тухайн аялалд оролцдог гэж хэлж болмоор.

Зураг 16. Жаргаж буй наран доорх говийн бяцхан өртөө

Энэ өдөр бид 18.7 км/цагийн дундаж хурдтайгаар нийт 102.2 км замыг дугуйгаар туулжээ. Вагондоо тухлан суугаад, хол замд сайхан бүтэн нойр аваад, 11 сарын 6-ны өглөө 7:30д Улаанбаатар өртөөн дээр бууцгаан, дугуйгаа жийгээд гэр гэрийн зүг явцгааснаар бидний энэ удаагийн аялал өндөрлөв.

Хамтдаа биечлэн болон сэтгэл зүрхээрээ нэгдэж аялсан группийн гишүүдийн аяллын зам нь дардан байг.

Зураг 17. Нүд үл гүйцэх харгуй

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх Б.Жавхлантөгс П.Золзаяа Э.Ожго
Д.Жамъяндорж
  • 5903 км
  • 54
  • 9
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7674 км
  • 73
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Жавхлантөгс
  • 10456 км
  • 100
  • 10
  • 1
  • 2
  • 3
П.Золзаяа
  • 12537 км
  • 115
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Жавхлантөгс Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4807 км
Зүгээр л жий!