Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #131 - УБ ХОТЫН БАРУУН ХОЙД ЧИГЛЭЛ БУЮУ ӨВЛИЙН ХААЛТ 2022 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/256
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Жийлтийн эрчмээр хуваасан олон баг
Замын урт
130 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1162 м
Өндөр алдалт
-1162 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-6.8 %
Оролцогчдын тоо
17
Эхлэх цаг
2022 оны 10 сарын 22 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ жилийн намрын хаалтын аяллын гараа хойд аймгууд руу зорих автомашины төв зам (Дархан, Сэлэнгэ)-аар хийгдэнэ. Баруунтурууны даваа, Хар модотын даваа даваж Сүүж уулын урд талаар салах хүртэл 57 орчим км зайг автомашины замаар туулах тул баг хамт олноор бөөндөө жигд хурдаар явна. Гишүүд тухайн өдрийн цаг агаар, тэнгэрийн байдалд зохицуулан тод өнгийн хувцас хэрэглэл өмсөж, унадаг дугуйны урд хойд гэрлээ авч явахыг зөвлөх байна. Хүнсний сэлбэлтийг Ногоонтолгой суурин дээр хийж болно.

Жийлтийн эрчимээр хоёр багт хуваагдан аялах болно. Тиймээс аяллын А чиглэл (100% буюу 130 км)-ээр аялах баг зарлагдсан маршрутаар жийнэ. В чиглэл (80% буюу 104 км)-ээр аялах баг 361 гарам-аас салж Ногоонтолгой руу шууд засмал замаар аялана. Хоёр баг Ногоонтолгой суурингийн дэлгүүр (солбилцол 48.200949, 106.706077) дээр уулзаж, хамтдаа Мухарын даваа даван УБ хотод ирж аяллаа дуусгана.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

МУХАРЫН ДАВААГ ХАЙХУЙ хэмээх сургамжит ухаарал

Аяллын зам аялагчаас үргэлж суралцахыг, ойр хол гэлтгүй чиглэлээ ахин нягтлахыг, эрсдлийг урьдчилан тооцож зайлж явахыг байнга сануулдаг. Мухарын даваанаас чанх хойшоо 300 м хүрэхгүй зайд, дтд 1630 м өндөртэй хяр дээрхи багшаархан хадан хананы дэргэд сууж байхдаа ийнхүү бодов.

Манай групп Сэлбийн голын эх талаас Мухарын даваагаар давж хоёр удаа уруудан аялаж байсан. Энэ удаагийн аялал Мухарын давааг баруун талаас нь давж үзэх зорилготой байв. Ногоонтолгой суурингаас хөдлөн Хүйн голоо хөл норголгүй гараад Мухарын даваа зорих амын адаг руу маш сайхан замаар орон итгэлтэй өгсөж билээ. Урьд яваа залуусын толгойн хэсэг салаа замын хажууд түр саатан асуухад нь чигээрээ гэж хашгиран явсаар багаа төөрүүлсэн нь энэ боллоо. Аливаа аяллын замаар ахин аялах, ялангуяа эсрэг талаас нь "сөрж" аялана гэдэг ЦОО ШИНЭ ЧИГЛЭЛ байдаг гэдгийг аялагч хүн сайн санаж байх хэрэгтэй.

Энэ жилийн Намрын хаалтын аялал ийнхүү зохиогдож дуусав. Дугуйгаа дулаан газар амрааж, сайхан өвөлжөөрэй. Хаврын эхэн сардаа ахин уулзацгаая. Зүгээр л жий.

ЖИЧ: Манай хоёр админ удахгүй аяллын дэлгэрэнгүй тэмдэглэл, фото зураг бусад холбогдох зүйлсийг нийтлэх болно.

"Б БАГ"-ИЙН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Дулаахан өдөр группын намрын хаалтын аялал Улаанбаатар хотын баруун захаар зарлагджээ. Аялал тун сонирхолтой. Хавар болтол унадаг дугуйн жийлтээ түр завсарладаг группийн уламжиллаар намрын сүүлийн аялалд гишүүдээ намрын налгар өдөр өөрсдийн хүчээр ханаталаа жийг гээд аяллын маршрутыг хоёр төрлийн сонголттой тавьжээ.

Унадаг дугуй бол спортоос гадна тэсвэр тэвчээрийн шалгуур байдаг хойно өөртөө итгэлтэй хөл булчингийн хүчийг үзмээр гишүүддээ зориулж 3 даваатай 130 км-ын А чиглэл, тэдний жийлтийг хараахан гүйцэхгүй гишүүдэд зориулж 2 даваатай 104 км-ын Б чиглэл гэсэн 2 замаар энэ аялалд бүртгүүлсэн 19 гишүүн 12/7 гоор хуваагдан 2 баг болоод аялал эхлэх хуучин 22-ын товчооны Номин агуулах дэлгүүрийн гаднаас өглөөний наранд 10 цагт хөдөллөө. Салхи багатай намрын тогтнуун өглөө хичнээн сайхан билээ. Админ эхний татах цэг Баруунтурууны даваа гэж хэлсэн болохоор баг пирр хийн хөлийн хурдаар жийж эхлэхэд унадаг дугуй жийхийн жаргалтай мэдрэмжийг үгээр илэрхийлэмгүй. Хөлийн чадлын хэр хэмжээгээр баг цуварсан хэдий ч бараа тасрахгүй үргэлжилсээр давааны хормойгоос бүүр ч их цуварч эхэллээ. Баруун турууны даваа бол онцлогтой даваа. Шууд нэг удаа өгсөөд гарчихдаг даваа биш. Мушгиралдсан тойрог бараг 3 бий. Гэсэн ч энэ өөдөө хэн ч дугуйнаасаа буулгүй бүгд жийж гараад давааны оройд цугларлаа.

Хэсэгхэн амьсгаа дарж дурсгалын зураг татуулангаа эндээс админ заавар өгч 130 км-ыг амлан авсан 12 гишүүдийг толгойлж явах дугуйчныг томилоод болгоомжтой сайн явахыг ерөөн, Ногоон толгой точик галт тэрэгний буудалтай суурингийн замын дэргэдэх дэлгүүрийн гадаа 2 баг уулзна гэдгийг хэлээд тэднийг түрүүлж хөдлөхийг зөвлөв. Б чиглэлийг сонгосон 7 тэднийгээ үдээд араас нь хөдөллөө. А баг 3-61 гарам хүрээд тэндээсээ баруун зүг 52-ын давааг чиглэнэ. Харин Б чиглэлийнхэн буюу манай баг 3-61 гарамаас чигээрээ хойшоо Рашаант, Жаргалант суурин гэж засмал замаар хойд зүг чигээрээ жийсээр бас Ногоон толгой точик дээр очно. Ингээд 2 баг аяллаа үргэлжлүүлэхэд А чиглэлийнхэн аль хэдийнээ 3-61 гарам өнгөрч байлаа. Манай Б чиглэлийнхэн хойд зүг салхины өөдөөс Рашаант суурин хүртэл хойно урдаа орон жийсээр Рашаантын замд хэсэгхэн амраад цааш админ салхи аван нэгэн хэмээр бид араас нь бие биенийхээ салхинд суун жийсээр. Хэдийгээр хүчтэй салхитай биш ч гэлээ дугуйн жийлтээс гарах салхи тухайн өдрийн агаарын салхитай нийлээд бидний өөдөөс байдгаараа түлхэнэ, бид чадлаараа эсэргүүцэн жийнэ. Ингээд нэг ч зогсолтгүй жийсээр бид 12:30д нөгөө багтайгаа уулзах Ногоонтолгой суурингийн замын дэргэдэх дэлгүүрийн гадаа ирлээ. Энд өдрийн цай хоолоо идэж, аяллын тухай хөгжилтэй яриа зөндөө ярилцан байсаар 14 цаг өнгөрөх үед А чиглэлийнхэн маань ирлээ. Тэд баруун зүг хүчтэй салхины чанх өөдөөс амаргүй зам туулан 52-ын даваагаа даваад Нарийны голоо уруудан бидэн дээр ирсэн нь хүн бүрийн байдлаас мэдрэгдэж байлаа. Аргагүй л шилдэгүүд. Тэд 90 км, бид 60 км туулан энд уулзаж байгаа нь энэ.

Хоёр баг уулзан баяр хөөрөө, аяллын сониноо хэсэгхэн хуваалцан намар оройн өдөр богино тул үлдсэн 50 км аа туулахаар 19 гишүүн Хүйн голын хөндийгөө гатлан Сэлбийн эхрүү Мухарын даваагаа давахаар хөдөллөө. Уулын амны өгсүүр зам, пөнн хийсэн бүгчим орчим бүгд танил мэдрэмж. Баг цувран өгссөөр чадалтай гишүүд жийсээр өгсөнө, өөрийн хүч хүрэх хүртэлээ жийгээд цааш даваа өөд түрэх гишүүд ч бий. Унадаг дугуйг өгсүүр замд түрэх нь санаа зовох эсвэл ичгэвтэр зүйл огт биш юм. Унадаг дугуй түрэх нь дугуйтай аяллын салшгүй нэг хэсэг. Биеийн байдлаа анзаарахгүй зүрх, өвдөгөө хэт ачаалан өгсүүр замд жийх, эсвэл ур дүй муутайгаар араа хүрдийг хамаагүй солин дугуйгаа эвдэн, гинжээ таслан барин даваа өөд заавал жийх эд бүгд тийм сайн зүйл биш. Мэдээж амь нас эрүүл мэнд хамгийн чухал. Мөн даваа өөд хамаагүй хүчлээд дугуйгаа эвдвэл эзгүй хээрт үлдсэн замыг хэрхэн туулах билээ. Иймээс бүгдийг хүчээр бус эвээр хийх ёстой юм. Энэ байдлын илрэл болж унадаг дугуйг ямар замд яаж жийж техникээ зөв сурсан гишүүд жийсээр даваан дээр гарч байгаа нь харагдаж бүгдийн бахархалыг төрүүлнэ. Энэ аяллын дундуур ажил амьдралын зав болохгүй аялалдаа жийж амжаагүй нэг гишүүн маань мотоцикльтэй ирсэн нь бидэнд багагүй тус болж уулын замд дугуй нь хагарсан, шөрмөс нь татсан 3 хүнийг даваа өөд дугуйтай нь гаргаж өгсөн нь энэ аяллын том нэмэр тус байлаа. Учир нь эрт харанхуй болж байгаа ийм үед цаг бол алт. Аялалд тохиолдох саад бэрхшээлийн хэрээр баг бүтнээрээ гэртээ харих цаг төдийчинээ оройтно. Тиймээс мото-той найзын тусад бүгд баярлаж байгаа нь энэ билээ.

Зураг 1. Аяллын баг Мухарын даваанаас 300метрийн өндөрлөгөөр давсаны дараа

Ингээд баг бүтнээрээ даваан дээр гарч амарч, хагарсан дугуйг нөхөж ядарсан гишүүд булчингаа суллах зуур энэ аяллаар тэмдэгийн болзол хангасан 3 гишүүнд тэмдэгийг нь гардуулсан баярт ажиллагаагаа ч хийж амжив.

Зураг 2. Аяллын замд тэмдэгийн болзол хангаж тэмдэгээ гардан авсан гишүүд

Харин бид аяллынхаа газрын зурагт зурагдсан Мухарын даваанаас арай дээгүүр буюу 300 метрийн өндөр хэсгээр давсанаа энэ зуур мэдэж ярилцаад даваанаас уруудах үед яг үндсэн Мухарын давааны танил орой дээрээ ирлээ. Баг дахин дурсгалын зургаа татуулаад уруудлаа. Мухарын давааг энэ аяллаар энэ талаас давж байгаа нь группын анхных бөгөөд өмнө нь дандаа нөгөө талаас буюу зүүнээс баруун тийш давж байсан билээ.
Ерөнхий админ харин уруудаж явахдаа даваа андуурагдаж аяллын багаа илүү өгсүүрээр давуулсандаа сэтгэл зовсоны илрэл нь ойр яваа гишүүддээ хандан "Аяллын замд нэг газраараа хичнээн олон явсан ч няхуур байдлаа алдаж болохгүй, тэр тусмаа олон явсан замаараа дандаа нар зөв тойрч байсан бол нэг удаа нар буруу зөв тойроход л цоо шинэ зам мэт байдаг юм" гэж хэлж сануулж хэлж яваагаас харагдана.

Зураг 3. Аяллын баг Мухарын даваан дээр

Давааны өвөр тал нь арын өгссөнөө бодвол харьцангуй богино тул юу юугүй Сэлбийн эхрүү буугаад ирэхэд тэр хэсгийг усан сантай, амралт алхалтын бүс болгож байгаа бүтээн байгуулалтын шороо чулуу бидний замыг хөндөлсөнө. Энэ бол аяллын саад биш. Бүгд биедээ туслан дугуйнууд, мото-гоо өргөж гаргаад за энэ аяллын сүүлийн таталт Жигжидийн тойрог гээд админ хэлэхтэй зэргэцэн бүгд хөлийн хурдаар харанхуйгаас өмнө Жигжидийн тойрог хүрэхээр ёстой л нэг хар хурдаараа давхицгаалаа. Уруу засмал замд юу юугүй таталтын цэг дээр ирээд энэ аяллын төгсгөл энд гэдгийг админ зарлан группын намрын хаалтын аялал амжилттай дурсамж дүүрэн өндөрлөлөө. Одоо дулаан өдрүүдэд гэнэтийн жийлт зарлагдаж мэдэх ч албан ёсны бямба гарагийн аялал маань хавар хүртэл ингээд завсарлалаа. Өвлийг өнтэй давцгаагаад ирэх хаврын дулаан өдөр эргээд уулзацгаая найзуудаа.

КМ-ын шуналтнууд буюу А баг Б болсон нь

Группийн гишүүдийн дунд өрнөсөн нэг ярианаас Богд уулын Дугуй цагаан хүрээд буусан өмнөх аяллыг замын уртаар нь “шүлс үсрэх газар” хэмээн нэрийдэхдээ хүрч байсан бол харин энэхүү аяллын маршрутын уртын хэмжээ нь КМ-ын шуналтнуудын санаанд ёстой л хүрсэн шиг хүрэв бололтой.

Аялалдаа яарсан баг цуглах цэгээс хэдэн минутын өмнө хөдөлж улмаар ёстой л хөл мэдэн жийцгээнэ. Толгойн хэсгээс сугарч хоцорсон юм уу, анхнаасаа сүүлдэсхийн хөдөлсөн хэдийг ч гүйцэхэд бэрх байв. Баруун турууны даваа өөд ч мөчөөгөө өгөхгүй хэмээн мэрийцгээх аж. Ёстой л хаалтын аялалдаа жийсэн шиг жийцгээе гэж эрслэн шийдэцгээжээ. Сунагар даваа дээр 10:50 цаг гэхэд аяллын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан байв.

Зураг 4. Аяллын багийн нийт гишүүд Баруун турууны даваа дээр

Үүнээс цааш аяллын удирдамжийн дагуу А болон Б баг болцгоон тус тусын замыг хөөлөө. 30 шахуу км илүү зам туулах тул А баг яаравчлан хөдөлсөн. Урт зам туулахаа ухамсарласан уу, А баг гээд хөөрцөглөсөн үү, ардаа хүлээх хүнгүй гэж сэтгэл амарсан уу гэдгийн аль болохыг бүү мэд ээ, ёстой бараадахын аргагүй давхилдах аж. Бээлийгээ өмсөхийн зуурт л холдчихож байв. Тэр байдал Хар модотын даваа давж шороон замд орох хүртэл үргэлжлэв. Олны хар ярианд 52-ын даваа гэгддэг бололтой тэрхүү даваа дээр татах үед “Одоо тааралдах дэлгүүр, цайны газар юу ч байсан зогсоорой. Ойр хавьд юм байхгүй ч хойш эргээд хэсэг явахад суурин, тэр сууринд дэлгүүр байдаг.” хэмээн цувааны толгойд жийцгээх хэдэн гишүүнд хэлж захилаа. Ингээд 13:20 буюу үдийн цайны цагаа тааруулан Шархад хэмээх суурингийн цор ганц дэлгүүр дээр дөрөө мулталцгаалаа. Тэнд амьхандаа яаруу сандруу хооллож ундалсан ч аль хэдийн 20 гаруй минут даший шог болсон байлаа. Тэгж зогсохгүй бол 55 км жийчихсэн бас улам ширүүсэх салхийг хар эрчээрээ сөрчихсөн гишүүд үлдсэн замаа дуусгахад хэцүү болно. Үнэхээр өнөөдрийн салхи гэж давааны уруу 50, 60 байтугай хурдтай уруудах байсныг жийгээд жийгээд 30 хүрэхгүй болтол сааруулсан ийм л их хүчтэй байлаа. Тэр их хүчтэй салхийг сөрөн хар тэнхээгээрээ жийх хэдийг хараад “Энэ хэд ингэж байж хамаг хүч тамираа юу ч үгүй соруулчих вий дээ. Уг нь жаахан татасхийж жийвэл зүгээр дээ.” хэмээн дөрөө нийлэн жийж явсан нэгдээ тэсгэлгүй хэлж бийлээ. Үнэхээр Б багтай нийлж Мухарын даваа чиглэх замд тус багийн нэг гишүүнийг эс тооцвол нэгдсэн цувааны сүүл мушгигчид нь А багийнхан байх ажгуу. Харин засмал дээр надтай хамт татасхийн жийсэн нөгөө гишүүн маань Мухарын даваа дээр хамгийн түрүүнд гарав. Уулын огцом налуу өөд дугуйгаа түрж яваа тэр хэдийгээр дөрөө мултлалгүй жийсээр байхад л гүйцэгдэхгүй байсанд хүч тамираа нөөцөлсөнийх нь нэмэр бага ч гэлээ байсан л биз ээ.

Мухарын давааг давсан шиг давсан нь

Уг нь бүсэлхийний цүнх дотор маршрутын мэдээлэл ачаалж, GPS-ийг нь асаасан утас байгаа ч Мухарын давааг амсхийх чөлөөгүй жийж давах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дугуйнаасаа буулгүйгээр “Аль зам нь вэ?” гэсэн асуултын хариуг хүлээнэ. Ингээд ерөнхий админы хэлсэн зүг рүү уулын ташлангаар мацаж эхэлцгээв. Эхлэх ч гэж дээ, манайхны нэг аль хэдийн өгсөөд тэртээ дээр гарчихжээ.

Зураг 5. Уулын орой дээрх дугуй засварын газар

Их налуу хийгээд огцом өгсүүр тэр зам уулын энгэрт байх тул ус шавар багатай бас тэр хэрээрээ автомашины дугуйгаар бараг сийчүүлээгүй ажээ. Харин шигүү мод дундуур шургаж орсон нөгөө замын өгсүүр гайгүй байж болох ч автомашины дугуйнд идэгдээд гүнзгий ховилтой болсон байж магадгүй юм. Уг нь маршрут дээр мод руу орсон, арай бага өгсөх замыг нь заасан байжээ. Гэхдээ ийнхүү буруу замаар өгсөж илүү өндөр авлаа гээд хэн ч илүү дутуу юм бодоогүй биз ээ. Учир нь бидний гарсан тэр хэсэгт жаргах дөхсөн нарны гэрэл тусаж ээгээд л, хөл доор хуурай зөөлөн өвсөн ширдэг нэлийгээд л үнэхээр тухтай байсан. Бас тэрүүхэн тэндээ хөөрхөн хадан цохиотой.

Зураг 6. Мухарын давааны жинхэнэ замд байх ойн цоорхой

Харин үндсэн маршрутын дагуу явсан бол байдаг л нэг ойн цоорхойд очих байснаа уруудах замдаа мэдсэн.

Зураг 7. Мухарын даваа руу хойд талаас нь очих зам буюу бээлий өмсөх зуурт жирэлзэн одох манай багийнхан

Гурвалсан улбар шар тэмдэг буюу хаврын нээлт хүртэл баяртай

Өнөөдрийн аяллаар гурван гишүүн тэмдгийн болзол хангасан нь гурвуулаа улбар шар тэмдэгтэн байснаараа өвөрмөц юм.

Зураг 8. Гурвалсан улбар шар тэмдэг

Тэдгээрийн нэг нь группийн энэ жилийн аяллуудаар хамгийн их буюу 3000 км-т 26 км дутуу зам туулж гурван тэмдгийн болзол ташраар нь биелүүлсэн УШТГ Б.Жавхлантөгс юм. Мөн үүн шиг олон тэмдгийн болзол нэвт биелүүлсэн УШТГ Б.Баттөмөр, ШТГ П.Батмөнх, ШТГ Ш.Мөнгөнсүх, ШТГ О.Адъяа, ШТГ Д.Жамъяндорж зэрэг гишүүд байна. Бас УТГ П.Золзаяа, УШТГ Б.Бадрах, УШТГ Э.Ууганбаяр, ХТГ Г.Ёндонжамц нар тэмдгээ ахиулсан бол харин НТГ Т.Энхбаяр, НТГ Ш.Лазина, НТГ У.Хосбаяр, НТГ Г.Түмэнсайхан, НТГ Б.Элбэг-Эрдэнэ, НТГ Б.Баяржаргал нар шинээр тэмдгийн болзол хангажээ.

Групп энэ жил нийт 38 аялал үүнээс 26 өдрийн аялал амжилттай зохион явуулсан байна. Нийт аяллын тооны зүгээс энэ бол группийн 7 жилийн түүхнээ гурав дугаарт орох явдал юм. Үүн дотор УУДАГ-ийн нэрийн хуудас болсон UB 240 аялал болон Долоон давааны сорилгоо ч амжилттай зохиолоо. Ийнхүү 2022 онд эдгээр болон бусад олон үйл явдал бүхий баялаг түүхийг хамтдаа бүтээлцсэн групийн бүхий л гишүүддээ бүгдийн өмнөөс бүгдэд талархал дэвшүүлье.

Ингээд нэг гишүүний “Хаалт ч боллоо, тэмдгээ ч авлаа, дугуй ч эвдэрлээ.” гэсэн үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Өвлийн амралтаар биеийн бэлтгэлжилтээ битгий алдаарай, унадаг дугуйгаа аялалд сайн бэлдээрэй. Удахгүй хаврын нээлтээр уулзацгаая.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Түмэнсайхан С.Отгонбаатар Д.Жамъяндорж Ц.Наранхүү Б.Баттөмөр Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго Т.Энхбаяр Б.Сүхбат Г.Ёндонжамц Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Жавхлантөгс Г.Махгал У.Одбаяр
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2393 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 5903 км
  • 54
  • 9
  • 1
  • 0
  • 2
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Баттөмөр
  • 9547 км
  • 98
  • 8
  • 0
  • 3
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12537 км
  • 115
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 6955 км
  • 72
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Жавхлантөгс
  • 10456 км
  • 100
  • 10
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11169 км
  • 112
  • 7
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Бадрах Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4793 км
Зүгээр л жий!