Аялал Баасан гариг (ажлын өдөр)-т болно. Үдээс хойш эхлэж, шөнө хагаслан дуусах онцлогтой. Аялагч нар Зургаан буудлын Оргил худалдааны төв дээр цуглан 19.00 цагт аялал эхлэнэ. Намрын шөнө автомашины замаар нэг баг болон аялах тул унадаг дугуйны урд, хойд гэрэл хэрэглэх шаардлагатай. Мөн аяллын турш цуваагаар хамтдаа жийх нь аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой. Замд төмөр замын 361-ын гарам дээр хооллох төлөвлөгөөтэй. Хувцас хэрэглэл гээд бүх бэлтгэлээ няхуур базаахыг зөвлөх байна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өнөөдөр бараг бүтэн сар гарсан нь бүдэг бадаг ч гэлээ зам, замын хажуугийн далангаар тогтохгүй бүр алсхан буусан айлын гэр, суурингийн хашаа хороог ч тодхон гэрэлтүүлж байна. Замаас нүд салган тэнгэр өөдөө харц шидэхэд сар байтугай зарим одод харагдах ажээ. Хэрвээ тэнгэр цэлмэг байсан бол энэхүү шөнийн аялал улам онцгой болох байлаа. Харин ширүүн салхинд боссон шороо юу аль эсвэл сүүлийн хэд хоног сэрэмжлүүлсэн цаг агаарын үзэгдэл - цасан шуурганы замхарсан ул мөр үү гэдгийн аль болох нь үл мэдэгдэгч сарыг бүүдийлгэжээ. Ийм бүүдгэр сар болон ганц нэгээрээ ёлтойж харагдах оддын дор төлөвлөсөн аяллынхаа маршрутыг даган замаа хөөх долоон унадаг дугуйчин хоёрын цуваанд ороход нэг нь сондгойрох тул өөрсдийгөө газар дээрх шанага долоон од харин сондгойрсон би нь өөрийгөө шанага долоогийн бариул хэмээнэ.
Аялалд оролцох гишүүдийн зарим нь бараг хоёр цаг дутуу байхад гараад ирчихсэн улмаар хоорондоо тааралдаад бүр өөр нэгнийхээ ажил дээр очсон ажээ.
Цуглах цэг дээр аялал эхлэх цагаас яг 10 минутын өмнө очиход аялалд бүртгүүлсэн гишүүд бүгд ирчихсэн бүр цаашибал эрт ирсэн УШТА Цолмон, ЯТА Ожго нар түрүүлэн хөдөлсөн байлаа. Ингээд товлосон цагт хөдөлсөн 5 залуу ах/эгч хоёр админтай Жигжидийн уулзвар дээр нэгдээд энэ аяллын ганц даваа - Гүнтийн давааг зорилоо. Ингээд аялал эхэлсэнээс хойш яг 1 цаг 10 минутын дараа гэхэд Гүнтийн давааны хойно, замын баруун талд байх хамгийн эхний дэлгүүрийн гадаа хүрч очицгоов. Хэдхэн мөчийн наана цаанатай байж нэг нэгнээ 30 минут хүлээлээ гэх мэтээр цаашлуулцгаана.
Үүний дараах таталтын цэгийг төмөр замын гармын дараахан Батсүмбэрийн замын уулзвар хэмээн том админ заасан нь салхины чигийн эсрэг болох эргэлтийн цэг гэсэн шалтгаантай. Тус цэгт бид 21:00 цагт хүрч очсон. Энэ аяллын үед хүчтэй салхи зогсолтгүй үлээж бараг шороон шуурга болох дөхсөн ч чиг нь харин манай талд байсан. Мөнөөх таталтын цэгээс цааш Хүй долоон худаг - Наадмын талбайн зам дуустал салхинд туугдсан. Тэгэхээр салхитай байсан ч түүнийг нь хүндээр мэдрээгүй, сэрэмжлүүлж байсан ч цас бороогүй буюу аз, од тохиосон аялал болсон гэж ойлгоход болно. Ер нь энэ жилийн аяллууд цаг агаарын аятайхан цонх үетэй давхцаад буй нь ажиглагдаад л байгаа юм.
Улмаар замын 50 дахь км-т таарсан дэлгүүр дээр хооллож бас шинэхэн ШТГ Адъяагийн дааснаар кофедоод 22:25 цагт 361 гарам буюу аяллын оргил цэгт хүрч очсон. Хот хоорондын төв зам дагуух тус сууринд онгорхой цайны газар байна хэмээн итгэж очсон ч хаалттай байсан тул хамгийн сүр бараатай нэг дэлгүүрийнх нь гадаа түр амарцгаасан. Энэ үед манайхны анхаарлыг татаж, "маазрах" шалтаг болсон нэг зүйлийн зургийг дээр оруулав.
Аяллын үеэр өрнөсөн ярианы нэг гол сэдэв бол группийн аялагч гишүүний тэмдгийн болзол хангах дөхсөн нэр бүхий гишүүний тухай байсан нь санамсаргүй явдал биш байлаа. Харин тэмдэгтэй холбоотой санамсаргүй зүйл болсон нь ХТГ Адъяа шар тэмдгийн болзол хангасан явдал юм. Аяллын бүртгэл хаагдахын өмнөхөн бүртгүүлсэн түүний тэмдгийн болзол хангах гэж буйг админ мэдээгүйн дээр группийн гишүүд ч анзаараагүй байжээ. Ийнхүү уг аяллын үеэр "тэмдэггүй" шар тэмдэгтэн гэнэт тодорсон юм.
Ийнхүү аяллын маршрутаар заасан замаа хөөж, бүүдгэр сарыг баруун талдаа нэг, зүүн талдаа нэг, өмнөө нэг гарган жийсээр Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор 24:00 цагаас өмнө орж ирсэн буюу шөнийн аялал маань бараг л оройн аялал болчихсоныг тэмдэглэе. Үүнээс цааш шаардлагатай үед таталт хийн явсаар Таван шараас хэсэг бүлгээрээ тарцгааж өөр өөрсдийнхөө эрчмээр жийцгээж, бас хааяадаа уралдах байдал үзүүлсээр эхний гишүүн 01:30 харин сүүлийнх 02:25 цагт гэртээ харьсанаар шөнийн аялал амжилттай дууслаа. Зүгээр л жий!
Аялагч гишүүн Б.Сүхбатын бичсэн Шөнийн аяллын тэмдэглэл
Хамгийн их ажил амждаггүй 5 дахь өдөр байлаа. Орой аялалтай тул эртхэн ажлаа амжуулаад гарах санаа байсан ч байгууллагын журам ёсоор яг цагтаа 18 цагт хуруугаа өнөөх цаг бүртгэлийн янзын сайхан амьтанд (хуруу уншигч төхөөрөмж) долоолгож аваад санд мэнд гарав. Яагаад санд мэнд гэж үү?
Хэдий Амгаланбаатар хотод төрсөн ч одоогийнхоор Сүхбаатар аймгаас удам судар нь эхэлж Монгол түмэнд нэрээ дуурсгасан Их жанжин Сүхбаатарын талбай дээр 18 цаг 20 минутад дугуйчин Жавхлантөгс ахтай уулзаж аялал эхлэх цэг 7 буудлын Оргил худалдааны төврүү цуг явахаар тохирсон байсан юм. Ингээд товлосон цагаасаа хоцролгүй очиход Жавхаа ах аль хэдийн ирчихсэн аялалд хөлөглөх хүлгийнхээ зургийг донжийг нь тааруулан авч байхтай давхцав.
Ийнхүү бид хоёр уулзан аялал эхлэх цэг рүү хүн, машин, сүлжиж болох бүгдийг сүлжин шалавхан жийсээр очтол дугуйчин Ган-Очир ганцаар хүлээж байв. Ганцаар байгаа шалтгаан нь Ожго ах болон Цоко эгч түрүүлээд Жигжидрүү дөхөж байя хэмээн хөдөлсөн байлаа. Цуглах цэг дээр хамт аялах 2 хамтрагчаа хүлээн зогсох зуур дэлгүүрийн автомашины зогсоол дээр нэг машинтай залуу их л овилгогүй үйлдэл гаргаж буйг үзэв. Харахад бие хаа өв тэгш, эрүүл саруул идэр насны залуу хүн атал гэм нь бага зэрэг сархад хүртсэн бололтой. За за залуус минь архинаас л хол байвал ухаан саруул байна шүү гээд тэр залууг орхие.
Удаан хүлээлгэсэнгүй аяллын багийн Адъяа болон Махгал хоёр ирсэнээр бид аяллаа эхэлж маршрутынхаа дагуу замаа хөөсөөр Жигжид дээр хүлээж байсан түрүүлж явсан хоёртойгоо уулзаж аяллын баг 7 хүний бүрэлдэхүүнтэй бүрдэн вэб админы хэлсэнээр багаа “шанага долоо” гэж нэрлэн ар Гүнтийн даваа өөд өгсөхөөр жийв. Энэ аяллын дүрэм багаар жийх хэдий ч жийж эхлэх мөчид ерөнхий админ “өгсүүр замд бөөндөө явна гэж байхгүй учир өөрсдийн хэмнэлээр жийж гараад даваа уруудан хамгийн эхний дэлгүүр дээр татая” гэж хэллээ.
Ингээд өөрсдийн хэмнэлээр урд хойноо орон жийж эхлэхэд аялал дөнгөж эхлээд бяртай байгааг ч хэлэх үү манай хэд бүр газрын өөд хурд хийх нь ээ би ч хэрэндээ хоцрохгүйг хичээж явсан ч сүүлдээ урд яваа Адъяа, Ган-Очир 2-оос бараа тасран үлдэв. Гүнтийн даваа өөд нэлээн жийж, хэсэг түрж явсаар даваагаа давж уруудав. Гэхдээ л шөнө ямар нэг даваа руу өгсөх үед орой нь харагдахгүй учир өндөр байна гэж сэтгэлээр унахгүй тул бас ч гэж сайн жийж өгссөн санагдсан. Өдөр байсан бол өгсүүрийн талд ороод л түрж эхлэх биз.
Гэтэл араас өгсөж гарч ирсэн Ожго ахад даваа нь намдсан уу эсвэл ясны жийгч хүн учир даваанд торсонгүй юу, өгсөх замдаа бүр даваа өөд жийх Цоко эгчийг тойрч жийж байсан сураг дуулдсан. (шууд жийвэл орхиж даваан дээр гарч ирчих гээд байсан байх л даа). Аяллын турш тэгж л хүссэнээрээ жийдэг болчих юмсан.
Давааны цаад эхний таталд дээрээс цааш Батсүмбэрийн зам хүртэл баруун хойноос хүчтэй үлээх салхийг эсэргүүцэн бөөндөө 2-ийн цуваанд орон аяллаа үргэлжлүүлэв. Манай хэдийн гэрэл ч янзын юм аа. Бараг л зарим машин гялбаж зогсож өнгөрөөгөөд байгаамдагуудаа. Гэтэл миний гэрэл хойноо ч бүдэг, урдаа ч бүдэг шөнийн аяллын хамгийн чухал юм бол гэрэл гэдгийг харлаа, мэдэрлээ, ухаарлаа, өөр яах ёстой байдаг юм бол тэр бүгдээр л өөртөө уусгаж авлаа. Одоо интернетээс тод тусгалтай, удаан цэнэг ээ барьдаг гэрэл хайсаар л... За аялалдаа орьё. Нээрээ арай их оршилтой бичээд байна уу даа. Гэхдээ бичээд баймаар л санагдаж байна.
Хамгийн чухал нь шөнийн аялал бол харагдах орчин бага учир сонсох болон үнэрлэх ер нь харахаас бусад мэдрэхгүй илүү ажиллуулдаг юм шиг ээ. Цэвэр агаар, хүйтэн салхи, замын хажууд идээшлэх адууны үнэр, хажуугаар өнгөрөх машины чимээ, шонгийн модны утасны исгэрэх чимээ гэх мэт бүгдийг тод харахгүй тод мэдэрч явлаа.
Зарим тохиолдолд бүрхэг тэнгэр, үүлний цаанаас сүүмийх гадуураа тойрогтой сар, заримдаа үүлэн цоорхойгоор ганц нэг оддыг харж болж байсныг бодоход бас чиг үзэгдэх орчин нүхэн харанхуй биш байсан. Бас харах нь багасаад ирэхээр жийх явцад юманд сатаарахгүй эморох шинж, элдэв зүйл бодох гэх мэт давуу тал бас шөнийн аялалд байсан шүү. Ер нь аялал бол миний хувьд өөрийгөө ялсан мэдрэмж байдаг л даа. Энэ удаагийн шөнийн аялал бол өөрийгөө ялчихаад дараа нь жаргалтай бодолд автах боломжтой гэмээр мэдрэмжээ бичиж дуусахгүй тийм л сайхан байсан.
Аяллыг зохиосон админ болон хамт аялсан гишүүддээ баярлалаа. Шөнийн аялал бол мэдрэмжээ бодолдоо зураглаад зүгээр л жийдэг тийм нэг тансаг аялал байдаг юм билээ.
Улбар шар тэмдэгт гишүүн Д.Цолмонгийн шөнийн аяллын тэмдэглэл
Харанхуй ба Аялал
Долоо хоног бүрийн бямба гаригт зарлагддаг уулын дугуйн аялал маань энэ удаа Баасанд зарлагдсанд ихэд баярлав. Учир нь би хагассайнд нь баярт оролцох байсан юм. Гэвч нэг асуудал нь аялал баасан гаригийн орой 19 цагаас эхэлж шөнийн цагаар 103 км жийх ба бас цаг агаар цасан шуургатай гэсэн нь яах бол гэсэн эргэлзээг төрүүлнэ. Яагаад ч юм хичнээн цаг агаар хүнд гэж байсан ч шөнийн аялалдаа үнэхээр явмаар байсан тул "эргэлт буцалтгүй явна шүү Цоко" гэж өөртөө хэлээд аялалдаа бүртгүүлсэн дээ. Унадаг дугуйтай аялалд дээрээс нь шөнө цаг агаар хамгийн чухал тул цас хэр орох бол шуурах болов уу гэсэн бодол толгойноос салахгүй байсан ч хэдийнээ аялаж сурсан туршлагатай админ аяллын үндсэн төлөвлөгөөнөөс гадна нөхцөл байдлаас шалтгаалан Б, В төлөвлөгөө заавал гаргадагийг мэдэх тул “за тэгээд болохгүй бол дараагийн төлөвлөгөөнд шилжих биз, би өөрөө бүүр чадахгүй бол Жигжидээс эрх биш буцчих биз” гэх мэт олон юмаа боддогоороо бодоод бас хувийн SOS баг (нөхөр маань) тэртээ тэргүй дуудах төдийд л гэрээс ирж авах тул ажлаа хийж байгаад аялалдаа тайван явья гэж өөрийгөө удирдлаа. Ингэж сэтгэлээ цэгцэлж сурсан нь аяллын л ач. Бас шөнө өдрөөс ч илүү цаг агаар тогтвортой байдаг тал бас бий.
Хүлээсэн баасан гариг болж аялал эхлэлээ. Цаг агаарын мэдээ цасгүй болж өөрчлөгдсөн байлаа. Гэхдээ л улирал солигдож хүйтэрч байгаа цаг юм чинь яаж мэдэхэв гээд цув, ноолууран цамц дахин нэг өмд нөөцөнд авч өмсөхийг нь өмсөж цүнхлэхийг цүнхлээд хөдөлсөн. Цас шуурвал норохгүй бол учиртай. Дугуй жийж халууцсан бие гаднаасаа даарч хувцас хөлдвөл хамгийн аюултай.
Манай баг 7 хүнтэй. Уг нь манай группт аялалд тогтмол явдаг нэг багийн эмэгтэйчүүд надаас гадна 3 байдаг ч энэ удаа цаг зав нь таарсан нь би л болж энэ аяллын ганц эмэгтэй нь болов. Энэ бол бас хариуцлага. Хүйсээр дарамталж багийнхнаа зовоож хэт уяж хүлээлгэж болохгүй гэсэн хариуцлага заавал сэтгэлд үүсдэг. Гэхдээ аяллын маршрут Жигжидээс эхэлж Гүнтийн давааг баруун тийш даваад Батсүмбэрийн зам хүрчихвэл ерөнхийдөө уруудаад хотруу эргэх тул учиртайдаа гэж бодогдоно.
Ингээд гэрэл чийдэн бүгдийг асааж аваад аяллын эхний сорилго Гүнтийн давааруу өгсөж эхлэсэн. Аяллын хэмнэл бол угаас даваа өөд бөөндөө явах боломжгүй өөрсдийн хэмнэлээрээ зүрхний ачааллаа тохируулан чадвал жийж болохгүй бол түрж гарах. Гүнтийн давааг зүүнээс баруун тийш бол жийгээд гардаг ч тухайн өдрийн биеийн байдал, цаг агаараас шалтгаалж яаж ч мэдэх тул дотроо “За чи 10 араатай дугуйтай байхдаа жийгээд гарч байсан, одоо 12 араатай байж жийж гарна биздээ Цоко” гэж өөрийнхөө шарыг малтаад хичээсээр байж жийж гарлаа. Энэ мэдрэмж үнэхээр гоё. Хажуугаар машинууд шороогоор булж өнгөрөх хэдий ч нэг сайхан чангаар би жийгээд гарчихлаа гэж даваан дээр хашгирч авлаа. Харанхуйд яадгийн тиймээ.
Даваа өөд намайг үхэл амьдрал мэт хамаг байдгаа хийн жийж явахад админ бүүр намайг хүлээх зуур зогсохгүйн тул өөд өгсөөд буцаж ирж намайг тойроод дахин хамт өгсөх нь бахдалтай ч бас хорлонтой. Цагаахан атаархал юм даа хэ хэ. (Даваа өөд бүх араа нь хөнгөрсөн дугуй угаас тогтвор муутай байдаг болохоор удаан жийж яваа намайг ганцааранг нь үлдээхгүйн тулд тойрсон л доо) Ингээд даваагаа давж цаадруу нь болгоомжтой уруудан түрүүлж даваад хүлээж байсан багийн 5 залуу дээрээ ирээд Батсүмбэрийн замруу автомашинаас болгоомжтой жийхээр биесдээ сануулан 2 эгнээгээр хөдөллөө. Яг энэ мөчид баруун хойноос үлээх салхианд ёстой бялба нүдүүлж эхэлсэн. 10 гаран км явж урагшаа эргэнэ шүү дээ. Зарим үед салхи бүүр дугуйтай авч шидэхнээ. Эрчүүд салхин талд нөмөрлөн жийнэ. Заримдаа үнэхээр миний хүч хүрэхээ болиод хойшоо сугарч эхэлнэ. Тэд хурдаа хасч намайг дундаа оруулна. Сэтгэл зовоод “намайг хэсэг орхичих, би өөрийнхөөрөө жийгээд Батсүмбэрийн зам орчихоноо” гэсэнд дан эрчүүд шөнө нэг эмэгтэйгээ орхих уу, юу гээд байгаан гэж харанхуй дундаас загнуулаад чимээгүй болов.
7 хүн хоёр хоёроороо цуваанд орж явахад нэг нь сондгойрно. Яг ард минь аяллыг цоожлон яваа дугуйчин хичнээн нөмөр нөөлөгтэйг өмнө нь мэддэг ч энэ удаа харанхуй шөнө жийж байгаа болохоор тэр үү улам илүү түшигтэй ханьтай санагдаж байсан. Өдөр жийж байсан бол өөрөө эргэж хараад явах байсан ч харанхуйд хүчтэй салхинд эргэж харах нь тэнцвэр алдуулахаар байсан тул би хажууд явах админаас арын хүнээ явж байна уу гэж байна байн лавлаж байлаа. Мэдээж явж л таарна шүү дээ. "Өдийд үхэр бол таарахгүй харин адуу давхиж магадгүй шүү" гэж админ хамгийн урдах дугуйчдад сануулж буй сонсогдоно. Ёстой л тэгж хэлснээс хойш км л жийсэн байх замын хажууд байсан адуун сүрэг цочин бидний урдуур пэжигнэтэл давхиж хомоолны үнэр хамарт ирнэ. Аяллын туршлага гэдэг ийм ажээ.
Ингээд салхины өөдөөс багийн ажиллагааг утгаар нь үзүүлж дугуйчдынхаа салхинд суусаар арайхийн нэг юм Батсүмбэрийн замд ирж аяллын чиглэл урагшаа эргэхэд салхи араас болж шууд манай талын салхи мэт санагдаж пөн хийсэн дулаан биднийг нөмөрч авлаа. За дараагийн таталт 3-61 гарам гэж админ хэлээд хөдлөв. Араас түлхэх салхинд засмалаар уруудан жийх нэн таатай. Замын өгсүүр уруу хэд хэд тохиолдоход багаасаа багахан хоцроод эргээд нийлнэ. Хэдийгээр бөөндөө явж байгаа ч эрчүүдийн тасралтгүй үргэлжлэх өндөр тэмп намайг өөрийн эрхгүй цуцааж байсан ч хамгийн их цуцаалт нь харанхуй шөнийн баригдмал байдал, хөдөлгөөн хорих зузаан өмд байлаа. Цас орсон ч үгүй, тэгтлээ хүйтэн биш шөнө давхарласан хувцас зузаадаад ч байх шиг, шөнийн сэрүүнд таараад ч байх шиг. Бидний гэрэл нэгдээд учир нь олдохгүй олон жижиг гэрэл болж жолооч нарт ойлгомжгүй байгаа бололтой. Зарим машин зогсож өнгөрөөнө. Ухаалаг жолооч нар холын гэрлээ шилжүүлэхэд нь үнэхээр баярлаж үл шилжүүлж нүд гялбуулан тэнцвэр алдуулах шахам хурдтай өнгөрөх нэгэнд бас л гомдмоор.
Бид урагшаа эргэснээс хойш нэг ч зогсолтгүй жийсээр Рашаант өртөө орох үед цуцсан би амармаар байсан ч админ 3-61 ийн гарам дараагийн таталт гэсэн болохоор наад өндөрлөгийг нь давчихвал гарам ч юу байхав дээ, амрья гэвэл Рашаантын цулгуй замд нөмөрлөх зүйлгүй болохоор хаана ч амрах билээ дээ гэж бодоод жийж явтал замын хажууд онгорхой дэлгүүрт админ зогсох команд өгөв. Өөрийн эрхгүй баярласандаа "ашгүй дээ" гэж хашгираад эрчүүдийн сүүлд дэлгүүрийн гадаа буулаа. Дэлгүүрт халуун кофе зарж таараад дугуйчин дүүгийн дайлсан кофенд бүгд сайхан дулаацан, аяллын ганц эмэгтэй гэдэг давуу эрхээрээ хар шоколадтай болж аваад за одоо ёстой 3-61 гарам юу байхав гээд хөдөлцгөөлөө.
Хүний амрах хуулийг зөрчин биемахбодыг ачааллаж яваа болохоор амралт, хоолоор тэр алдаж буй энергийг нөхдөг юм байна гэж санагдсан. Учир нь намайг шоколад амттанаар хооллож байхад эрчүүд зогсолт бүр дээр хоол идэж явсан нь миний бодлыг батлах мэт. Угаасаа унадаг дугуй жийж явахад хоол бол машины бензин л гэсэн үг. Жоохон өлсөхөд л жийх ямар ч хүчгүй болж бараг л уйлмаар болдогийг энэ хэдэн жил ойр хол жийхдээ мэдэрсэн билээ.
Ингээд бид шөнийн харанхуйд бөөндөө жийсээр болзоот 3-61 ийн гарамын өмнөх дэлгүүрийн гадаа ирж ээлжит таталт, ээлжит хооллолтоо хийх үед би бон бон чихэр, үзэмтэй үрлээр өөрийгөө цэнэглэлээ. Дэлгүүрийн нөмөрт зогсох биднийг салхи хайж тойрон эргэлдэж байгаа нь чихнээ мэдрэгдэнэ. Уг нь эрчүүдтэй адил заримдаа бараг илүү хоол иддэг би энэ удаа нээх хоол идмээргүй болж (маргааш нь баяр орох тул бас эмэгтэй хүн гэсэндээ хоолоо сойж гуалиг болох гэсэн юм байлгүй чааваас) амттанаар хооллож байгаад багийнхан маань жоохон гайхаж байн байн хоолноосоо өгч идүүлэх гэж ятгах нь бид хэдийнээ нэг гэр бүл, нэг баг болсон дулаахан мэдрэмж. Энд эрчүүд ёстой сайн хооллож аваад бас бус хөгжилтэй зүйл зөндөө ярьж инээлдээд шөнийн 12 цагт Хүй 7 худагийн засмалруу жийхэд баруунаас үлээх салхи аанай л өөдөөс урагшаа эргэхээс нь өмнө унагаад авья гэсэн шиг овоо ширүүн үлээхэд "яанаа гарам өнгөрөөд л урагшаа эргэдэг биздээ яаваа" гэж бодох зуур эхний хүн яг урагш эргэж байлаа. Дахиад л эргэнгүүт салхи нам гүм болж араас түрнэ. Хоржоонтой ч юм шиг хэ хэ. Араасаа салхиар түрүүлэн наадмаар машин хүн битүү байдаг ч энэ удаа нэг ч машингүй Хүй 7 гийн замаар тасралтгүй давхисаар баруун аймгаас ирдэг төв зам дээр гараад иртэл харин байдал огт өөрөө угтлаа. Мэдээж араас түрж байсан манай талын салхи дорхноо л дайсны тал болж хувиран энэ удаа хотруу эргэсэн бидний зүүн гар талаас хайргүй нүдэж эхэллээ. Нөгөө хотод орно гэсэн цас Хангай нуруугаар Архангай, Завханы нутгаар орж байна гэсэн мэдээний биелэл болж бөмбийсөн цагаан цастай хөлдүү мэт машинууд хотруу давхилдана. Замын хурд сааруулах хэсгүүд дээр машинуудаас унасан цас мөс болон тогтсон нь биднийг болгоомжтой явахыг салхинаас дутуугүй сануулж буйг удалгүй ойлгож анхаарлаа нэмсэн дээ.
Дахиад л унагаах гэж шуурах салхинд унахгүй дээ гэж зүтгэн жийж Эмээлтийн өгсүүрийг даваад амсхийх зуур бүх бие нэлээн цуцаж гэрт унталгүй дуудахыг минь хүлээж байгаа SOSруу залгах уу яах уу гэсэн бодол толгойд эргэлдэхэд өөр нэг Цоко дотроос "аяллын замын бараг ихэнхийг туулчихаад аяллаа нэр төртэй дуусгачихаач одоо үсрээд л 20 км" гэж шивнэлээ. Өөрийн хоёр салаа бодлын нэгийг дагахын тулд хамт аялагч дүүгээс эгч нь нөхрөө дуудчих уу, хот хүртэл хүчтэй хүйтэн салхинд та хэдийг нэлээн сунжруулж мэдэх нь гэж асуувал “уг нь одоо хот хүртэл юу байхав, та өөрөө л бие чинь хямарч эсвэл их ядраагүй гайгүй бол жийгээд дуусгачихаач” гэхэд нь эргэлзээ тэр дороо л салхитэй хамт алга болж тэгье ээ гээд санаа амарлаа. Эмэгтэй хүн, эсвэл би ийм сонин зантай. Аялал үргэлжилсээр шинэ 22 ын товчоон дээр дорхноо хүрээд ирлээ. Энд хөдөлгөөн зохицуулж байсан цагтаа биднийг амсхийх зуур ирж аяллын тухай асуугаад ёо энэ харанхуй шөнө ямар уйгагүй юм бэ гэж гайхаад болгоомжтой сайн явахыг санууллаа.
Одоо хот бол ёстой шүгэлдээд л ордог газар. Ядрал оргүй алга болж нэг л мэдэхэд шар дэлгүүртэй тойрог өнгөрч хуучин 22 товчооны тэндэх Номин агуулах дээр хүрээд ирлээ. Замын хойно гарч Номингийн гадаа хөлөө амраан жийж хэсэг тухлах зуур цаг шөнийн 01 цаг дөхсөн байлаа. Одоо бол бүүр дотор инээд хүрч байна. Манай гэр хамгийн наана буюу 1р хорооллын Номинд болохоор ганц ухасхийхэд л хамгийн түрүүнд гэртээ орно.
Дэвхрээд бууна гэдэг шиг хуучин 22 ын товчооны тэндээс хөдлөв үү үгүй юу 5 шарын автобусны буудал дээр хүрээд ирлээ. Энд бол аяллын төгсгөл. Аялал дуусч байгаад харамсмаар ч юм шиг болдог үе. Энэ аяллын турш ард цоожлон хамгаалалт болж явсан вэб хөгжүүлэгч админ маань тусгайлан "Цоко эгч та сая маш сайн жийсэн. Бидний дундаж хурд 19 км/ц гэдэг бол 100 км давсан бас салхинд нүдүүлсэн аялалд хангалттай үзүүлэлт шүү" гэж хэлсэн нь надад хөдөлмөрийн баатар цол шиг л гоё байлаа. Урам гэдэг ийм хүчтэй ажээ.
Биедээ баяр хүргэн аяллаа дүгнэн хэлэлцээд эндээс бөөндөө бус биеэ даацгаан гэр гэрлүүгээ явцгаахаар тохирон хөдлөөд шөнийн нам гүмд аяллаа амжилттай дуусгасан гоё мэдрэмжээ дагуулан жийсээр орцны үүдэнд ирэхэд цаг шөнийн 01:30 цаг болж байв. Бичигдээгүй хууль ёсоор группийн чатанд эхний хүн гэртээ орлоо гэдэг мэдээгээ үлдээгээд ороход аанай л унталгүй намайг хүлээх гэрийн SOSын ажилтан (нөхөр) гадаа хэсэг зогсож байгаад орж ирлээ гэчихсэн утсаа чагнан хүлээн сууж байсаан.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
О.Адъяасүрэн | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3559 км |