Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #27 - Батсүмбэр, Баянчандмань сумын нутгаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/241
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
130 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1596 м
Өндөр алдалт
-1445 м
Их өгсөлт
13.6 %
Их уруудалт
-15.7 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2022 оны 9 сарын 24 Бямба гараг, 9:45 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

9 сарын 24 өдөр, Бямба гариг
Аялалд оролцох гишүүд аяллын өглөө галт тэрэгний буудал дээр цуглан, дугуйгаа тээшний вагонд өгч 10.40 цагт хөдлөх Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 галт тэрэгний нийтийн (нэгдсэн журмаар нэг тасалгаанд урьдчилан авах нь тустай) вагонд сууна. Бургалтай өртөө дээр 12.38 цагт бууж аялал эхлэнэ. Голын хөндий өгсөн жийсээр ой модтой уул өгсөн даваа даваж уруудан Есөнбулаг хүүхдийн зуслан байрлах хөндийд тохиромжтой газар отоглоно. Энэ өдөр 37 орчим км зам туулна.
9 сарын 25 өдөр, Ням гариг
Өглөө хөндийн хойд салаагаар өгсөн ой модтой даваа (хойд даваа) даваж уруудан явсаар Бургалтай голын хөндий рүү орж, улмаар Бургалтай өртөө хүрч засмал замтай нийлнэ. Ногоонтолгой суурин өнгөрч Ар Гүнтийн ам өгсөн явсаар Толгойтын даваа өөд өгсөн даваж УБ хотод ирж аялал дуусна. Энэ өдөр 93 км орчим зам туулна.
Жич: Өглөөний хоол нэг удаа, өдрийн хоол хоёр удаа, оройн хоол хоёр удаа идэхээр гишүүн бүр тооцон хүнсээ бэлдээрэй. Замд бага шиг гол горхи таарах магадлалтай. Цэвэр усаа нөөцлөх шаардлага гарч магадгүй.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ жилийн намрын хоногийн аяллыг товлосон хугацаанд, тооцоолж төлөвлөсөн зам чиглэлээр амжилттай хийлээ. Намрын улирал бидэнд хамаг гоо төрхөө харамгүй харуулж, нар, салхи, од, шөнө гэх мэт байгалийн бүх зүйлээр бэлэг барьсан мэт санагдах дурсамжтай аялал болов.

Бямба гариг: Багийн гишүүд галт тэрэгний буудалд цуглан аян замдаа гарч 12.37 цагт Бургалтай (324 гэж хүмүүс ярьдаг юм билээ) өртөө дээр галт тэрэгнээс бууж, аялал эхлэв. Нэг гишүүн маань хотоос жийж ирээд өртөө дээр биднийг хүлээж байлаа. Манай баг 7 хүнтэй. Багийн 40%-ийг бүсгүйчүүд  бүрдүүлсэн.

Зураг 1. Төмөр замын буйдхан жижиг өртөө, намрын нар, үүл, унадаг дугуй... Аялал эхлэх жирийн мөч
Бургалтайн голын уужим хөндий өгссөн замаар салхи сөрөн жийлээ. Энэ чиглэлд бүгд анх удаа явж байгаа тул уулын олон ам салаа бүхий эргэлтийн цэг дээр зогсож, зорих чиглэлээ газрын зураг дээр нягталж байлаа. Бургалтайн голын цутгал Урд салаа голын уужим амнаас үл ялиг хэтэрсэнийг анзаарч дов сондуул бүхий нуга газраар 300 орчим метр зайд хөндлөн гарч явах замдаа хатгаж оров.

Намрын шар нар ээсэн дулаахан өдөр болов. Явах чиглэл өөрчлөгдсөн тул салхи араас жишүү үлээлээ. Алсын өгсүүрт, зөөлөн хөрс ширэг гололсон замаар явсаар Шарын даваа чиглэх уулын амны эх рүү орж ирэв. Айлууд нь замаас холгүй байдаг болохоор нохойнуудтай хэл амаа олсоор явж билээ. Нутгийнхан хадландаа гарчээ. Хажууханд голын цаана урд зүгт Цагаан давааны өгсүүр зам харагдан өнгөрөв. Энэ даваагаар давбал Нарийний хөндийн эх рүү өөрөөр хэлбэл Сүүж амралтын газрын зүүн талын амаар буучихна гэсэн үг. Ер нь бидний аялсан энэ чиглэл нь ой модоор хучигдсан бэсрэг уулс бүхий өвс ургамал арвинтай, гол горхи булга бүхий хадлангийн гол нутаг бололтой.

Шарын даваа хүрэх алсын аядуу өгсүүрт жийж, байгалийн сайханд сатааран ачаатай дугуйгаа түрж алхсаар даваан дээр 17.00 цагт гарав.

Зураг 2. Манай баг. Шарын даваа
Энэхүү аяллын замууд бидний урьд нь аялаж байсан аяллын замтай хачин их адилхан байгааг бүгд нэгэн дуугаар хэлж, харж явлаа. Хэсэгхэн зурвас газар Гүнжийн сүмийн хэв маягийн зам туулж, Дугуйчдын давааны өгсүүрт жийж тэгсэнээ Зүүн Ацын даваа дээр гарч, хальтхан Шургайтын даваа уруудах шиг болсон шүү.

Зураг 3. Манай отог. Өглөөний наран дор
Есөнбулаг хүүхдийн зуслангийн зүүн урд талын уулын энгэрт ойн зах бараадан отоглов. Тэрүүхэн дор булгийн эхээс ундны усаа авлаа. Майханаа барьж хоол цайгаа хийж идэн, түүдэг гал тойрон аяллын тухай ярилцан хөгжилдсөөр 22 цагийн орчим амарч унтлаа.

Ням гариг: Маш дулаахан шөнө болж, багийнхан тавтай амарлаа. Өглөөний агаар, цэлмэг тэнгэрийн дор шөнө чоно улилдсан бас буга урамдсан, шөнөдөө жаахан салхилсан шүү гэсэн өөдрөг зүйлс ярилцан цай хоолоо ууж идэн, отогоо хураагаад 8.30 цагт аяллын замдаа гарав.

Шарын хоолой өгсөн намрын шар наран дор, салхи намуун орчин (модод алтан шар өнгөөр ижилсэн бүх зүйл шар гэсэн нэг өнгөөр илэрхийлэгдсэн)-д өгсөн жийсээр томхон эдлэн газрын хашаанд туллаа. Уулын амны эхэнд зам хааж баригдсан энэ газрыг явахаас өмнө газрын зураг дээр харж байсан болохоор зөв амаа өгсөж байна гэж баримжаалахаас гадна, удахгүй ам бүхэнд ийм хувийн эдлэн гэмээр зүйлс баригдах нь дээ гэж санаа зовонгуй бодож билээ. Хашааны хаалгыг нь онгойлон сүүлийн хүн буцаж хаагаад явахуй дор нас тогтсон нэгэн эрхэм биднийг угтлаа. Хэрэг зоригоо хэлж ярилцахад энэ газар ирээд 10 орчим жил болж байгаа мөн бидний давах даваа замын тухай товч мэдээлэл хэлээд, сайн явахын ерөөл өргөн үдлээ. Бэсрэг уулын огцом бус өгсүүр замаар өгссөөр даваа дээр гарч татлаа.

Зураг 4. Хадлангийн талбайн нуруулдсан өвсний дэргэд
Одоо ингээд аялал эхэлсэн цэг хүртэлээ уруудах тул замд таарсан хадлангийн талбайд тухлан амарч хөгжилдөөд Бургалтайн голын уужим хөндий дагасан зөөлөн зам (өвс ургамал тун арвин нутаг тул зам тэр чигтээ гандаж унасан өвсөөр хучигдсан байлаа)-аар намбалзтал уруудлаа.

Зураг 5. Алтан намар
Ирсэн замтайгаа огтолцон хөндий уруудсан замаар шороо манарган жийсээр Бургалтай өртөөний хажуухан овоо дээр ирэхэд цаг 13.00 болж байлаа. Өдрийн хоолоо хийж идэж амраад, засмал замаар жирийтэл жийсээр Ногоонтолгой өнгөрч, Ар гүнтийн ам руу эргэн цэнхэр дэлгүүр дээр нэг татаад, Толгойтын даваа руу шууд өгслөө.
Зураг 6. Нар хүүшлэх цагаар Толгойтын даваа дээр ирлээ
Даваан дээр 17.00 цагт гарч нэгэн сонирхолтой аяллыг багийн хамт олон маань амжилттай хийсэн билээ. Энэ аяллын тэмдэглэлээ манай багийн нэгэн гишүүний өгүүлсэн сэтгэлийн үгээр төгсгөе.

"Сая аялалаар чоно улихых нэлээн хэдэн удаа сонссон. Ожго админ маань буцах замд урд явж байсан болохоор 2 чоно харсан гэсэн.  Шөнө нам унтсан тул буга... бас бус амьтны чимээ сонссонгүй. Агаарт сайхан унтсан болохоор сэтгэл санаа дагаад ч тэр юм уу бие сайхан амаржээ. Ирэх 7 хоногт эрч хүчтэй ажиллах байхаа. Манай группд байгаа хүмүүс янз бүрийн л сонирхолтой байх шиг байгаа юм. (Хурдлах, Уралдах, Аялах... ). Гэхдээ миний бодлоор хамгийн гоё нь байгальд дугуйгаар хоногоор аялаж явах байдаг. Тийм болохоор та хэдийг ч гэсэн хоногын аялалд урин дуудаж байна. Одооноос аяллын хэрэглэлээ нэг хоёроор нь цуглуулж байгаад ирэх жил хамт аялаарай". ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх Б.Батжаргал С.Мөнхбат Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Д.Жамъяндорж
  • 5813 км
  • 53
  • 9
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
П.Золзаяа Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8338 км
Зүгээр л жий!