9 сарын 24 өдөр, Бямба гариг
Аялалд оролцох гишүүд аяллын өглөө галт тэрэгний буудал дээр цуглан, дугуйгаа тээшний вагонд өгч 10.40 цагт хөдлөх Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 галт тэрэгний нийтийн (нэгдсэн журмаар нэг тасалгаанд урьдчилан авах нь тустай) вагонд сууна. Бургалтай өртөө дээр 12.38 цагт бууж аялал эхлэнэ. Голын хөндий өгсөн жийсээр ой модтой уул өгсөн даваа даваж уруудан Есөнбулаг хүүхдийн зуслан байрлах хөндийд тохиромжтой газар отоглоно. Энэ өдөр 37 орчим км зам туулна.
9 сарын 25 өдөр, Ням гариг
Өглөө хөндийн хойд салаагаар өгсөн ой модтой даваа (хойд даваа) даваж уруудан явсаар Бургалтай голын хөндий рүү орж, улмаар Бургалтай өртөө хүрч засмал замтай нийлнэ. Ногоонтолгой суурин өнгөрч Ар Гүнтийн ам өгсөн явсаар Толгойтын даваа өөд өгсөн даваж УБ хотод ирж аялал дуусна. Энэ өдөр 93 км орчим зам туулна.
Жич: Өглөөний хоол нэг удаа, өдрийн хоол хоёр удаа, оройн хоол хоёр удаа идэхээр гишүүн бүр тооцон хүнсээ бэлдээрэй. Замд бага шиг гол горхи таарах магадлалтай. Цэвэр усаа нөөцлөх шаардлага гарч магадгүй.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ жилийн намрын хоногийн аяллыг товлосон хугацаанд, тооцоолж төлөвлөсөн зам чиглэлээр амжилттай хийлээ. Намрын улирал бидэнд хамаг гоо төрхөө харамгүй харуулж, нар, салхи, од, шөнө гэх мэт байгалийн бүх зүйлээр бэлэг барьсан мэт санагдах дурсамжтай аялал болов.
Бямба гариг: Багийн гишүүд галт тэрэгний буудалд цуглан аян замдаа гарч 12.37 цагт Бургалтай (324 гэж хүмүүс ярьдаг юм билээ) өртөө дээр галт тэрэгнээс бууж, аялал эхлэв. Нэг гишүүн маань хотоос жийж ирээд өртөө дээр биднийг хүлээж байлаа. Манай баг 7 хүнтэй. Багийн 40%-ийг бүсгүйчүүд бүрдүүлсэн.
Намрын шар нар ээсэн дулаахан өдөр болов. Явах чиглэл өөрчлөгдсөн тул салхи араас жишүү үлээлээ. Алсын өгсүүрт, зөөлөн хөрс ширэг гололсон замаар явсаар Шарын даваа чиглэх уулын амны эх рүү орж ирэв. Айлууд нь замаас холгүй байдаг болохоор нохойнуудтай хэл амаа олсоор явж билээ. Нутгийнхан хадландаа гарчээ. Хажууханд голын цаана урд зүгт Цагаан давааны өгсүүр зам харагдан өнгөрөв. Энэ даваагаар давбал Нарийний хөндийн эх рүү өөрөөр хэлбэл Сүүж амралтын газрын зүүн талын амаар буучихна гэсэн үг. Ер нь бидний аялсан энэ чиглэл нь ой модоор хучигдсан бэсрэг уулс бүхий өвс ургамал арвинтай, гол горхи булга бүхий хадлангийн гол нутаг бололтой.
Шарын даваа хүрэх алсын аядуу өгсүүрт жийж, байгалийн сайханд сатааран ачаатай дугуйгаа түрж алхсаар даваан дээр 17.00 цагт гарав.
Ням гариг: Маш дулаахан шөнө болж, багийнхан тавтай амарлаа. Өглөөний агаар, цэлмэг тэнгэрийн дор шөнө чоно улилдсан бас буга урамдсан, шөнөдөө жаахан салхилсан шүү гэсэн өөдрөг зүйлс ярилцан цай хоолоо ууж идэн, отогоо хураагаад 8.30 цагт аяллын замдаа гарав.
Шарын хоолой өгсөн намрын шар наран дор, салхи намуун орчин (модод алтан шар өнгөөр ижилсэн бүх зүйл шар гэсэн нэг өнгөөр илэрхийлэгдсэн)-д өгсөн жийсээр томхон эдлэн газрын хашаанд туллаа. Уулын амны эхэнд зам хааж баригдсан энэ газрыг явахаас өмнө газрын зураг дээр харж байсан болохоор зөв амаа өгсөж байна гэж баримжаалахаас гадна, удахгүй ам бүхэнд ийм хувийн эдлэн гэмээр зүйлс баригдах нь дээ гэж санаа зовонгуй бодож билээ. Хашааны хаалгыг нь онгойлон сүүлийн хүн буцаж хаагаад явахуй дор нас тогтсон нэгэн эрхэм биднийг угтлаа. Хэрэг зоригоо хэлж ярилцахад энэ газар ирээд 10 орчим жил болж байгаа мөн бидний давах даваа замын тухай товч мэдээлэл хэлээд, сайн явахын ерөөл өргөн үдлээ. Бэсрэг уулын огцом бус өгсүүр замаар өгссөөр даваа дээр гарч татлаа.
"Сая аялалаар чоно улихых нэлээн хэдэн удаа сонссон. Ожго админ маань буцах замд урд явж байсан болохоор 2 чоно харсан гэсэн. Шөнө нам унтсан тул буга... бас бус амьтны чимээ сонссонгүй. Агаарт сайхан унтсан болохоор сэтгэл санаа дагаад ч тэр юм уу бие сайхан амаржээ. Ирэх 7 хоногт эрч хүчтэй ажиллах байхаа. Манай группд байгаа хүмүүс янз бүрийн л сонирхолтой байх шиг байгаа юм. (Хурдлах, Уралдах, Аялах... ). Гэхдээ миний бодлоор хамгийн гоё нь байгальд дугуйгаар хоногоор аялаж явах байдаг. Тийм болохоор та хэдийг ч гэсэн хоногын аялалд урин дуудаж байна. Одооноос аяллын хэрэглэлээ нэг хоёроор нь цуглуулж байгаад ирэх жил хамт аялаарай". ЗҮГЭЭР Л ЖИЙ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Privacy | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8269 км |