Майхан толгойн зуслан гэж хүүхэд байхдаа сонсож бас очиж байсан. Энэ амны адагт майхан шиг хэлбэртэй жижиг толгой байдаг. Уужим амны баруун хойд талаар давдаг давааны газарзүйн нэршилийг мэдэхгүй юм. Харин байрлалаар нь майхан толгойн баруун хойд талын даваа гэж нэрлэдэг. Олон удаа энэ сайхан чиглэлээр групп аялсан. Харин нэгэн ээлжит аяллын үеэр манай гишүүн Т.Баярсайхан "Дугуйчдын даваа" гэж нэрлэж байя гэж санал гаргасанаас хойш бид, энэ нэрээр албан бусаар нэрлэдэг.
Унадаг дугуй жийдэг хүн, жийсээр байгаад гарчихдаг энэ даруухан даваа, нээрээ л унадаг дугуйчдад зориулсан даваа мэт дотно санагддаг. Майхан толгой гэж бичсэн замын мэдээлэх тэмдгийн дагуу салж, гудамж дундуур явсаар жижиг гол дээгүүр гүүрээр гардаг. Мөн л тод замаа даган уулын бэл ороож дэнж өгсөн, хаалт бүхий ой хамгаалагчийн гэрийн хажуугаар нэвтэрч давааны зам эхлэнэ. Таталтыг энд хийдэг. Дараа нь даваа хүртлээ өгсчихөд "зөөлөн" явсаар гараад ирнэ дээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өвлийн сар гарсан боловч их "дулаан" өдөр болсон. Жигжидээс гарч Майхан толгой руу салж ороод, дасгалаа хийв. Унадаг дугуйчид гол төлөв сунгалтын дасгал хийдэг юм билээ. Автомашины мөрөөр дагтаршсан цасан замаар урагшилсаар даваа дээр гарсан. Энэ аяллаар гишүүн Ч.Мажигсүрэн фото зургийн аппараттай ирж зураг авч аялсан. Аяллын дараа үнэхээр өөр өнцгөөс харж авсан сайхан зурагнуудтай болсон. Майхан толгой дээр үдлээд цааш уруудсан.
Цасан дээр унах зөөлөн байсан. Энэ зам нь дороо чулуутай боловч зузаан дагтаршсан цасанд мэдэгдэхгүй байлаа. "Соёолон"-гууд толгойн сэргийлэхийн үүргээ гүйцэтгэж, замаас гарч цасан дунд бужигнуулан жийж байсанаа эргээд л цувааныхаа урд орон наадаж тоглон жийлээ.
Аяллын үеэр албан ёсоор зургаа даруулж, хүн бүхэнд дурсгалтай нэгэн хөрөг зурагтай болсон. Засмал замдаа орж Гүнтийн даваа руу хамтдаа өгслөө.
Энэ давааны баруун талаас өгсөх өгсүүр алсаас их сүрлэг огцом харагддаг. Автомашины замаар жийсээр хормойн тахир зам өнгөрөөд шороон зам дээр гараад түрлээ дээ.Залуус маань харин дээшээ жийлээ. Араас нь хараад л, гарчихаасай билээ бас л огцом юмаа гэж бодон алхаж явтал, "соёолон"-ууд дунд хавьд очоод бууж байна. Харин нэг залуу буюу манай Мажигаа өгсчихлөө дөө. Даваагаа давсан. Ингэж л эхний удаа групп маань Гүнтийн давааны өгсүүрийг харж, мэдэрч, алхаж, жийж давсан юм.
Даваан дээр гарч дурсгалын зурагаа авахуулсан. Бөөндөө уруудан жийсээр нар хүүшлэх цагаар амжин хотод орж ирсэн юм.