Налайх дүүргээс хөдөлж, Баян уулын нугачаагаар жийсээр МАК суурин өнгөрч Хоолтын давааны замаар жийнэ. Төмөр замын 6-р зөрлөгийн орчим замаас гарч шороон замаар өгссөөр Хоолт өртөө хүрч, төмөр замын гарамаар гарна. Ангалаг уулын зүүн урд сугаар даваж (энд салхин сэнснүүд харах боломжтой) уруудан, засмал зам хүртэл явсаар Майдар "хот"-ын орших амаар өгсөн Шаварт майхан уулын зүүн талаар даваж Ширдэгтийн богино ам руу уруудан орно. Улмаар Хонхор суурин хүрч, Дүнжингарав Худалдааны төвийн урд талбайд ирж аялал дуусна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Намрын наран мандаж, тэнгэрийн хаяагаар үүлс сунайсан, зүүн урд зүгээс сэр сэр салхилсан хорвоогийн нэг жирийн өглөө боллоо.
Цуглах цэг дээр цугласан 12 гишүүн аяллын замдаа товолсон цагтаа гарлаа. Баян уулын нугачаа, МАК суурингийн гүвээ толгод өнгөрөн Хоолтын давааны баруун хормойд 50 дахь км-ийн шон дээр эхний таталт хийлээ.
Хоолтын давааны урд өвөрт орших нууцлаг төмөр замын жижиг өртөө рүү шууд хатгаад очих шороон зам эдгэсэн байлаа. Хоолтын даваан дээр гарч яльгүй уруудаад шороон замаар салан уулын өвөр барин бүдэг замаар орон ороохуйд хүслэнт өртөө (тасаг) харагдлаа.
Гарамгүй хэсгээр төмөр зам хөндлөн гарах нь ховор тул зарим гишүүд сонирхон фото зураг даржээ.
Төмөр замаа гарч салхин сэнснүүд харагдах гүвээ даван үдэллээ. Инженерийн ийм том хийц бүтээлийг хажуунаас нь харах сүртэй байлаа. Аварга том салхин сэнс нэг үе дүнгэнэн эргэж байснаа гэнэт зогсоод, тэгснээ ахин дүнгэнэн ажиллах нь бидний анхаарлыг өөрийн эрхгүй татна. Гүвээн дээр салхи тогтуун байсан тул энд хооллож, дурсгалын зургаа авахуулан хөдөллөө.
Уруудан явсаар хоёр толгойн дундах хотгорын замаар орж уруудахуйд алсаас Богд уул, Майдар бурхны баригдаж буй хөшөө харагдаж байв. Төмөр замын дагуу тарж байршсан жижиг суурингийн хажуугаар өнгөрч засмал замтай нийлэхүйд, товлосон чиглэлээс баруун зүг хазайж байгааг хоёр гишүүн надад хэлэв. Майдарын амаар өгсөн давна гэж чиглэлээ гаргасан би бээр үүнд санаа зовсонгүй. Майдарын баруун талын засмал замаар өгсөн нэг хамар давлаа. Урд явсан гишүүн чигээ зөв авч бас нэг гүдэн дээр гарав. Энд амсхийлээ. Ахин нэг хондлой давсан чинь эртний танил Баянбулагийн амны эхээр ордог байгаа. Энэ үед л чиглэл гаргахдаа газрын зураг дээр алдаа гаргаснаа мэдлээ. Майдарын зүүн талын аманд томхон амралтын газар баригдсаныг "мэдэлгүй", энэ Майдар байна гэж хараад, зүүн талаар нь нэг даваад Ширдэгтийн богино ам руу орно гэж тооцсон байлаа. Ийнхүү "гэрийнхээ" хажууд "төөрдөг" байна шүү.
Төв засмалаар нэг гишүүн маань Зуунмод хотоор дайран шууд Нисэх рүү жийхээр болж саллаа. Чиглэлээ алдаж нэмэлтээр хоёр гүвээ давах болсныг, аялалд аль юм тохиолдохыг тэр билээ гэж бодсон шиг манайхан огт тоолгүй жавхаатай жийсээр даваагаа давлаа. Энд группийн УТГ Г.Ганбаяр анд мотоциклтой угтаж сайхан уулзалт болов. Маршрутаасаа гажсан биднийг нааш цааш давхиж хайсаар олоод ирсэн байв. Ширдэгтийн богино ам уруудан жирийтэл жийсээр Бумбатын оргихын рашаан хүрч амраад, Хонхор сууринд ирэв. Угтсан анд маань биднийг кола-гаар дайлан сайн явахыг ерөөн уулын замаар буцлаа. Мөн Налайх дүүрэгт амьдардаг нэг гишүүн Хонхороос гэрийн зүг жийлээ.
Ийнхүү манай баг шууд Дүнжингарав ХТ-ын талбай хүртэл салхи сөрөн жийсээр ирж, энэ удаагийн 118 км-ийн аялал 16.00 цагт амжилттай дууссан юм. Аяллын төгсгөлд бүгд хамтдаа шийгуа-дан хөгжилдөж хэсэг суугаад тарлаа. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Ёндонжамц | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2460 км |