Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #11 - Төвхөн хийд - Улаан цутгалан - Хүйсийн найман нуур

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/234
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
232 км
Давааны тоо
5
Өндөр авалт
3318 м
Өндөр алдалт
-3152 м
Их өгсөлт
24.3 %
Их уруудалт
-22.3 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2022 оны 7 сарын 3 Ням гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Драгон авто-вокзал
Цуглах цэгийн солбицол
47.910611, 106.819639
47°54'38.2"N, 106°49'10.7"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

2022.07.03
Багийн гишүүд хотоос автобусанд дугуйнуудаа ачин Бат-Өлзий суманд орой 20:00 цагт буув. Төлөвлөгөө ёсоор Орхоны гүүр хавьцаа отоглох байсан ч бороо шивэрч, тэнгэрийн байдал муу байсан тул ойрхон буудалд хонохоор шийдэв. Шөнөжин бороо шаагиж шуугисаар л.

2022.07.04
Өглөө ганц нэг дуслах бороон дундуур Бат-Өлзийн төв замаар гарч Төвхөн хийдийн зүгт бүгдээрээ жирийв. Ачаатай дугуй маань бөмбөлзөж, аяллаа эхэлж байгаа бид хэд тогтоол ус, замын дэржигнүүр дундуур урамтай нь аргагүй урагшилж Орхон голын гүүрээр гарч уужим хөндий дундуур чадал заан өгссөөр гарч ирэхэд, давааны (Ганц модотын даваа) уруу хэсэг яваад, Төвхөн хийдийн зүгт алсад нарийхан голын (Агуйтын гол гэсэн) цаахна айлуудын хажуугаар хөтөлсөн зам нь модны зах хүртэл өгссөн харагдана. Бас л тэнхээ шалгах бололтой. Голоо гараад махийсаар гэр буудалд ачаа богцоо үлдээн арай хөнгөн өгсөхөөр шийдлээ. Модны зах хүртэл дан дугуй ч чадал сорьж байлаа. Эндээс аялагч нар мориор явдаг тул уяан дээр морьд багширах аж. Багийнханаараа мориор явж үзэх санал гаргасан ч нутгийнхан 15000-аар л унавал уна гээд гүрийцгээв. Төвхөн ортол 4.5 км шдээ. Үндэс, чулуу, намагтай, та нар явчих байхоо хэмээн хэн нэг нь дуугарахтай зэрэгцээд “аа үхсссн УДА ээлжит нэг аялалаар Цэцээ гүн дугуйтайгаа даваад, уруудаж болсон юм чинь 4.5 км цаашаа л байна” гэж бодон дээш өгсөцгөөлөө. Жим эхлээд л морьдын халтирсан, зоогдсон мөртэй, жижиг үндэс мод унанги дугуй жийх боломжгүй шаварлаг замаар дугуйгаа 3 км орчим түрсээр орой дээр нь гарч ирэв. Харин цааш бас ч сайнгүй замаар 1 км гаруй дугуйгаа унан Төвхөн хийд дээр ирлээ... Ачаагаа доор үлдээсэн нь энэ замыг туулахад илүү хялбар болголоо. Технологийн хөгжил өө гэж. Уулын модон дотроос сүлжээ орчихсон ламхай нар фб ухаж, бид хэд ч ар гэр, клубын хэд рүүгээ аяллынхаа анхны сонин сайхнаас хуваалцаж байлаа.

Зураг 1. Төвхөн хийд дээр

Төвхөн хийдээс бид дугуйгаа унахдаа унаж, түрэхдээ түрсээр өгссөнөөсөө бага цагт хурдан бууж ирлээ. Гэр бүлээрээ машинтай аялж явсан Хэнтий аймгийн дугуйн клубын 2 гишүүн түрүүлж буусан багийн маань нэг гишүүнтэй мэнд мэдэж нутагтаа ирвэл угтаж авч хамтдаа жийх боломжтой шүү хэмээн хэлсэн байлаа. Гэр буудлынханд талархлаа илэрхийлж ачаагаа баглаж аваад Улаан цутгаланг зорихоор уруудлаа.

Аяллын анхны үдийн хоолоо Агуйтын голын зүлэг ногоон эрэг дээр пүрхийлгэн тухлан суухдаа, алсад цайрах үүлсийг харан бороо наашлах шинж байна уу, үгүй юу, салхины чиг нь арай өөр байна гэхчилэн багийнхан дор бүрнээ ярилцацгааж байлаа. Хооллож дуусаад Төвхөн талаасаа нөгөө өндөр Ганц модотын даваагаа дахиад давах тул бараг л дөнгөж өгсөөд дугуйгаа түрж эхлэв. Орой харагдахтай зэрэгцээд тэнгэр дуугарч ус ихтэй бороо мөндөр шаагив. Цувны гаднаас хацар нүүрэнд буух мөндөр бас хөөрхөн час час хийтэл өвтгөх маягтай. Тэнгэрийн дуутайд өндөрлөг хэсэг дээр удаад дэмий тул замаар урсах горхи мэт шавар дунд тэнцвэрээ алдаж уначихгүйхэн шиг болгоомжтой уруудав. Нэг хошуу ороон эргэтэл өөдөөс хар өнгийн ланд 200 манай багийнханы бараанаар зам тавьж энгэр лүү зүтгээд хажуулдан зогсохыг хараад баярлалаа хэмээн гараараа дохиод цааш уруудав. Борооны дараах өвс ногооны анхилам үнэр, алсад цайрах бороо, үүлэн цэнхэр тэнгэрийн өнгөн дунд сэрүү татуулан уруудан жийж явахад сэтгэлд нэн таатай. Төд удалгүй Орхоны гүүрэн дээр ирлээ. Орхоны гүүрний хажуу талаас Цутгалан ортол 25 орчим км бололтой. Орхон голын эрэг дагуух замыг сонгон урагшлах тусам голын шахааны хүрмэн чулууд, эрэг дагуух өтгөн модод, ханан хад бүхий сүрлэг байгальд зусаж буй айлуудыг харахад амар амгалан гэж энэ дээ гэх мэт сайхан харагдана. Ургаа хад бүхий ч энэ хэсгийн зам нь унадаг дугуйнд торох зүйлгүй , сүлжиж тойрч жийж болох тул санаснаас ч илүү хурдтай, газар хороох нь амархан байсан бөгөөд цутгалан руу нэлээд дөхөж явтал замын хажуугаас жаахан хүү гараа даллан гүйсээр ирлээ. Нар жаргах дөхөж, алсад бороо цайран байх тул хүүгийн санал болгосон гэр буудалд буун цуйван, айраг, сарлагийн өрмөнд сэтгэл уягдан өглөө Орхоны хүрхрээ орохоор болов. Энэ өдөр 66 км зам туулжээ.

2022-07-05
Өглөө эртлэн босож борцтой цуйвангаараа япон жуулчин хийн идэж, сарлагийн өрөм талхтай машиндаж өгөөд Улаан цутгалан руу гялалзаад очлоо.

Зураг 2. Улаан цутгалан
Зургаа авахуулж хэсэгхэн саатаад бүрий болохоос өмнө Ширээт нуурынхаа урд эрэгт очиж отоглох төлөвлөгөөтэй тул цааш яаравчлан хөдлөв. Нутгийн хүнээс зам лавлаж асуувал гүүрээ гараад зүүн гараа бариад яваарай . Голоо дагаж болохгүй шүү гэж байна. Орхоны хөндий өгсөөд хэсэг явтал нэлээн доор гүүр харагдахтай зэрэгцээд зүүн талд өндөр даваа бүхий голын шахаатай газар харагдана. Багаараа ярилцаад зам товчлох үүднээс гүүр гарахгүйгээр голоор гарахаар шийдэн замын айлаас асуутал: нил хүрмэн чулуу асгатай болохоор гүүрээрээ гарсан нь л дээр хэмээн зөвлөв. ЖПС ээр бол голоор гарчихвал цаг хэмнэмээр, хэсэг ярилцаад гүүрээрээ гарч асга модтой уулыг өгсөн зүүн талаа барин явсаар голоо гарч хэсэг амсхийв.

Дээш өгсөн нэлээд жийсээр Ар Хятрууны гол, Битүүтийн голын бэлчирт ирэв. Үхэр чулууд бүхий уулын голын нүргэлэх чимээ сонсголонтой бас үзэсгэлэнтэй. Хажууханд хүрхрээний чимээ сонсогдохтой зэрэгцэн бид бүгд гол руу дөхөж бяцхан хирнээ дуу ихтэй урсан байх хүрхрээний дэргэд зургаа авахуулж, тунгалаг уснаас нь хүртэж байгалийн сайханд сатаарав. Дээш өгсөж нутгийн айлд саатан сарлагийн өрөм, халуун цайгаар дайлуулав. БӨӨРӨГ хэмээх газарт иржээ. Цутгалангаас 18 км зайтай. Эндээс 8 нуурын зүгт 2 замаар явж болдог ажээ. Морин жимээр хад асга дамжин 17 км товчилно. Машин замаа дагавал 17 км тойрдог гэв. Хад асга дамжиж цаг алдах, тэнхээ барах тул замаа товчлохгүй байхаар шийдэн, машин замаа бараадан жийж хэсэг яваад асга мод бүхий нам гүм байгальд зам хүндэрхээс өмнө хоол цайгаа хийж идэн хүчээ сэлбэж авлаа. Нүүрс асгасан мэт хав хар асга, баргийн машин тэрэг явдаггүйг гэрчлэх бүдэгхэн өвсөн зам, үзэсгэлэнт уул моддын дундуур жийсээр алсад зурайх өндөр давааны хормойд ирэв. Давааны зүүн доод хэсгээр салсан нэг замыг хараад ачаатай дугуйтайгаа өгсөлгүйгээр зам товчлох боломж байгаа эсэхийг нягтлан жпс ээ уншиж хэсэг саатав. Дороос ланд 200 зүтгэн гарч ирэхээр нь зам лавлан асуутал нутгийн хүнээс асууж лавласнаараа явж байгаа сайн мэдэхгүй байна гээд явж одов. Ямартай ч тод замаа дагая хэмээгээд ачаатай дугуйгаа давааны өөд түрээд зүтгэцгээв. Энэ өгсөж буй давааг ЦАГААН АЗАРГА-ын даваа гэх. Орой дээр нь гарангуут өөдөөс нэлээн том (Цагаан азаргын нуур) нуур үзэсгэлэн төгөлдөр цэлийж байх нь тэр. Ямартай ч зүүн доод замаа сонгож гарч ирээгүйдээ ч баярлах шиг. Давааг давахгүйгээр нэлээд тойрч нуурынхаа зүүн талаас тэр зам үндсэн замтайгаа нийлсэн байлаа. Давааны зам орой дээрээ хярлаж үргэлжилсэн болохоор нэлээд хазгайдуу, хатуу хөрстэй жижиг сул хайрга бүхий дугуй жийхэд халтирах магадлалтай их эвгүй байлаа. Дугуйчид бидний ярьдагаар махийтал өгссөний дараах “бонус“ буюу давааны уруу урт уужимхан хөндий рүү жаргалаа эдлэн мотортой юм шиг л буудлаа. Ер нь унадаг дугуйн нэгэн том давуу тал нь уруудах болон тэгш замд биеийн хувьд амралт, сэргэлт авч газар хурдан хороох байдаг билээ. Хэсэг жирийлгэсээр намгархаг хөрстэй модтой уулын амруу орж модон дундуур зурайх давааны энгэрт ирэв. Өөдөөс гарч ирсэн хүмүүс машин зөрөх боломжгүй энэ замаар 2 пургон уруудаж ирж байгааг хэлэв. Ачаатай дугуйнуудаа замын дээд талд өргөж гарган замаа чөлөөлөх гэж нэлээн хүч гаргаж байгаа нь энэ даваа нэлээд өгсүүр болж таарав. Эхний пургон хүмүүсээ буулгаад хоосон мөртлөө хүндрүүлэгч болон араатайгаа тормоз гишгэхгүйгээр цэнхэр утаа суунаглуулан аажуухан уруудаж орж ирэв. Хоёр дахь пургон буухтай зэрэгцэн дугуйгаа түрсээр хааяа нэг сул хайрганд хий гишгэсээр орой дээр нь гарч ирэн дугуйгаа орхиод багийн гишүүддээ туслахаар доош уруудав. Өөдөөс хятад мотоциклтой нутгийн 15, 16 насны хүүхдүүд ойж бууж дэгэн догон хийсээр энэ өндөр даавааруу зүтгүүлэн гарч ирлээ. Ямар ч хамгаалалтын дуулга хэрэгсэл алга. Тийм амар зам биш байлаа. Энэ Давааг АЛТАН БОГЧ-ийн даваа гэх. Давааны орой хэсэг сул хайрга, том том ухагдаж хий эргэсэн овон товон. Эргэж ирээд дүү нарт каск дуулга өмсвөл гоё харагдахаас гадна аюулгүй байдалд нь хэрэгтэй гэдгийг зөвлөөд давааны уруу бонусаа авах гэтэл нэлээд огцом тул тормозоо базсаар бэлд нь бууж ирэв. Зам дээр нөгөө ланд 200 зогсож байхтай таарвал жолооч залуу болон машинд суусан нөхдүүд “та хэд чинь ёстой машинддаг хүмүүс юмаа, гүйцээд ирдэг юмаа бас” гээд гайхан зогсож байлаа... Хад мод бүхий сүрлэг өндөр уултай ам руу зам хөтлөнө. ХАН БАЯН ХАЙРХАН гэх нутгийнханы нэгэн шүтээн уул ажээ. Үзэсгэлэн төгөлдөр энэ амаар өгсөхөд нэгэн нарийн (Цагаан азаргын гол ч гэх, газрын зураг дээрээс Улиастайн гол ч гэх. Нутгийн хүмүүсээс тодруулж чадаагүй) голыг бараг 15 удаа туулсан байх. Эхэндээ гутлаа тайлж дугуйгаа түрж гарч байснаа дундаас нь жийж гарахыг нь гараад гуталтайгаа туулж гарахыг нь гарсаар нэлээд өгссөөр зүүн талд огцомдуу өгссөн замтай даваа руу дөхөж ирэв. Доохно нэг ойрхон айл байхыг хараад орж цай уунгаа зам асууя хэмээн ярилцахыг сонссон мэт гаднаа зогсож байсан айлын эзэгтэй хаалгаа тас хийтэл хаагаад орчихов. За ямартай ч шууд даваа руугаа зүтгэхээр шийдэн дугуйгаа түрж эхэлтэл нутгийнханы суусан пургон доороос гарч ирж байгааг өнгөрүүлэхээр шийдлээ. Фургон ч аргагүй туулах чадвар сайтай нь мэдэгдэж, дороос моторын дуу нэг л сул хүч муутай гарч ирсэн мөртлөө том чулууд бага зэргийн нойтон хөрстэй өгсүүр замд хэд тонгочоод л дээш өгсөн алга болов. Нэг хэсэг моторын дуу нь чангарч байснаа намуухан болохыг нь сонсоод “өө өгсүүр нь гайгүй бололтой” хэмээн хоорондоо ярилцаад дугуйгаа түрэн өгсөв. Энэ давааг ДӨРӨӨТ-ийн даваа гэх аж. Зогсож байгаа газраа өндөр хэмжиж үзэхэд 2200 орчим зааж байлаа. Өгсүүр нь гайгүй биш байлаа. Уулаа ороон, модон дундуур үндэс чулуу бүхий машин зам дундуур алсуур нэлээн өгсөх тусам тэнхээ шавхаж байлаа. Орой дээр нь гарч ирэн хэмжиж үзэхэд 2325м зааж байв. Бас л яхийтал өгсүүлдэг даваа байлаа. Ер нь л өгсөх тусам хөл суларч, тэнхээ шалгасаар байсан тул нэг амсхийхдээ 4ш Магни байсныгаа багийнхантайгаа хуваагаад цохиж орхисон билээ. Ээлжит бонус харин аятайхан таарч жирийлгэсээр Хүйсийн 8 нуурын эхний нуур болох ДӨРӨӨ нуурын хөвөөгөөр жирийлгэсээр нутгийн айлд түр саатав. Айлын зүүн талд голдоо жижиг аралтай Хүйс нуур цэлийн харагдана. Сарлагийн ааруул, сүүтэй цайгаар дайлуулан, зам асуухад Ширээт нуур орох замын хамгийн сүүлийн хот айлууд гэнэ. Нар жаргах дөхөж, бидний төлөвлөснөөр Ширээт нуурынхаа урд эрэг кэмп бараадаж амжихгүй болсон тул бүрий болохоос өмнө хойд эрэгт хүрэхээр яаран хөдөлцгөөлөө. Дугуйтай явахад тийм тохиромжтой бус ургаа хад, намаг бухий замаар түрэхдээ түрж, гайгүй зам гарч ирлээ хэмээн дугуйгаа унаад 10-20 м яваад л дугуйнаасаа буун түрсээр явтал баруун талд моддын завсраар ШАНАА нуур (Шанага нуур ч гэдэг) цэлийн байлаа. Ирсэн зам дагуу Хүйсийн 8 нуурынхаа 3 нуурыг харжээ. Нар жаргах дөхөж дээш өгсөөр явтал нэгэн өвөлжөөний доогуур зүлгэн дунд сүүдэр хэсгээр урсах уулын горхины цэв хүйтэн уснаас нь хэд сайхан залгилж аваад хоол цайны усаа нөөцөлж авав. Намаг бүхий замаар товчлон жийж жаахан уруудтал өөдөөс ШИРЭЭТ нуур цэлийн харагдахтай зэрэгцэн багаараа баярлан хөөрцгөөв. Санаснаас эрт нуурандаа ирж чаджээ бид. Нуурын хойд эрэг 1 км хүрэхтэй үгүй цэлгэр талбайтай бөгөөд нутгийн пургон, нөгөө ланд 200 отоглож буусан байлаа. Биднийг ирж буудаллахыг харсан ланд 200-тай нөхдүүд “яваад ирдэг юмаа та нар бас л” гээд гайхширч байлаа.

Намуухан давалгаалах Ширээт нуурынхаа эрэг дээр тус тусын майхан саваа барин төвхнөж аяны плиткан дээрээ хоолоо хийн тухлав. Байгалийн үзэсгэлэн, нуурын мандал, аяны хоол, жаргах нарны туяа энэ бүхэн өөрийн эрхгүй амар амгаланг сэтгэлд урлах нь таатай санагдана. Энэ өдөр 3 том даваа давж чадал сорин жийсээр 64.1 км туулж, 8 цаг орчим зарцуулсан байлаа. Маргааш өглөө урд эрэг орох жим зам бараг байхгүй 2500 м орчим өндрөөр давах аялал хүлээж буй...

2022-07-06
Шөнө дунд салхи сэвэлзээд, нуурын ус цалгих чимээнээр даарах маягтай сэрвэлзэн сэрсэн ч нойроо харамлаад эргэж хөрвөөж хэсэг хэвтэв. Хангай газрын сэрүүн эцэст нь залхуурч хэвтсэн намайг дийлж, цүнхнээсээ салхины нимгэн цамц, дугуйны ретуз хоёроо гялс өмсч аваад мишокондоо эргэж шургав . Нам унтжээ.

Зураг 3. Майхан майхандаа, мишок мишокдоо
7 өнгөрөөгөөд сэртэл салхи ч сэвэлзээд л сэрүүхэн хэвээрээ. Майхны үүдээ нээж орчныг харвал 2 талд буусан машинтай аялагч нарын том майхан салхинд нахилзаж бөмбийгөөд л ганц нэг хүн босчихсон гадас уяатай ноцолдож харагдана. Бид хэдийн майхан жин овор бага тул салхинд байшин шиг л жимбийцгээж байлаа. Ширээт нуурын өглөө дэндүү амгалан. Сэвэлзсэн хүчтэй салхинд нуурын ус эргээ цохин цагаан хөөс хаялан халгих нь, номин ногоон мододтой сүрлэг уулсынхаа дунд дэндүү чимэгтэй. Дөлгөөн цэнхэр нуурынхаа долгилох мандлыг хэсэг ширтэж хэвтэхэд сэтгэлийн гүнд амар амгалангийн ертөнц тэр чигтээ оршин буй мэт…

Багийнханы хэмнэл хэд хоногт нэгэн цул болсон тул өглөөний хоол цайгаа гялс пурхийлгэж аваад майхан сав ачаа сэлтээ жимбийлгэн замд гарахад бэлэн болцгоов. Зам ч гэж, яг зүүн талд хэдхэн алхмын цаана модтой том уул дүнхийнэ. 2 гишүүн маань арай нам хэсгээр нь тойрч гарахаар явж байгаа харагдана. Нэг гишүүнийхээ хамтаар шууд эгц дугуйгаа түрээд модон дундуур зүтгэчихэв. Хэдхэн метрийн цаана нөгөө хоёртойгоо нийлж аваад цааш хэсэгхэн яваад л хаагуур нь яаж явах нь мэдэгдэхгүй хад асга, унанги, саглагар мододтой тулцгаав. Ганцаараа ачаатай дугуйгаа өргөж зүтгэхэд улам хэцүү болов. Багийнхан хамтдаа дугуйнуудаа өргөж, эргэж буцаж, дамжилж зай завсар луу чихээд бага багаар урагшилж байлаа. Дугуйгаа өргөөд хэд алхаад л амьсгал давхцаад урагш ахидгүй дээ. Ганц нэгээрээ түрүүлэн явж зам жим хайцгаан, хад асганы зай завсар олдвол эргэн ирж тэр мөрөөр нь чадал тэнхээгээ сорин дугуйнуудаа зөөн зүтгэсээр л байлаа. 2500 м орчим өндөрт 25-30 кг орчим ачаатай дугуйгаа үүрч дүүрч зүтгэнэ гэдэг ёстой тэнхээ шавхаж байлаа... Дугуйгаа хэдхэн секунд түшин зогсоход сайхан амрах хэдий ч хоёр алхаад л " бензины" зүү нам уначихна.

Замд 3 өндөр даваа руу зүтгэхэд ингэж миараагүй хүн энд л хамаг юмаа гаргаж байх шиг. Өглөө хөнгөхөн юм идээд гарсаныг ч хэлэх үү аль хэзээний шингээд бие сульдах шинжтэй. Доор Ширээт нуурын мандал дээр бассейны шугам татсан юм шиг шулуухан хөөс эгнэн байх нь сонирхолтой харагдана. Дугуйгаа орхичихоод зай завсар олохоор багийнхнаа үлдээн дээш алхав. Хэсэг хад мод сүлжээд хартал модны завсраар тэнгэрийн хаяа харагдах нь тэр. Орой дээр бараг гарч дээ хэмээн дотроо баярлаад дээш гартал тээр дор нуурын урд эрэг, наана нь ганц хоёр майхан дурайтал харагдав. Гараад иржээ бараг гээд л нөгөө хэд рүүгээ хашгирав. 2500 м өндөрт гарчээ. Эргэж очин дугуйнуудаа түрсээр оройд нь хэсэг амарч зураг хөргөө авахуулаад бүдэгхэн жим рүү уруудацгаав. Даваад ирсэн хойно уруудах шиг баяр жаргал үгүй юм даа гэж бодогдохын зэрэгцээ дахиад ганц нэг ийм даваанд зүтгэх сэтгэл зүй нэмэгдсээр байгаагаа мэдрэх нь бас нэгэн таашаал байдаг билээ. Бараг 2 цаг зүтгэжээ. Одоо ганц том даваа үлджээ. Ширээт нуурын урд давааны зам холоос нялайтал харагдаж байлаа... Зүтгэнэ дээ. Энүүхэн дор Ширээтийн урд эрэг, кэмпийн бор байшингуудыг дээрээс хараад, дэлгүүр хоршоо байвал сэнгэнэтэл сайхан коладмаар санагдаж явлаа. Дугуй түрж буухад амаргүй асга бүхий жимээр явж байгаа ч нуур орчмын үзэсгэлэнт байгальд бие сэтгэл сэмбийтэл сэргээд урамтай. Ядаж л Ширээтийн урд даваанд дөхөж очтолоо дугуйгаа жийнэ гэж худлаа бололтой.Том том чулууд, овон товон... Ачаатай дугуйгаа түрсээр явж байтал нуурын эрэг дээрх майхнаас нэг залуу “ахаа байж байгаарай” гээд хурдан алхсаар дөхөж ирэв. “Та манай УДА-гийн ах байна шд, УДА хантаазаар холоос танилаа” гэхийг харвал дээхнэ үе ганц нэг аялалд хамт явж байсан дүү зогсож байв. Бид бүгд биенийгээ таньж мэдэх тул хэсэг яриа хөөрөө хийж хамтдаа зургаа авахуулав.

Зураг 4. Төөрсөөр төрөлдөө
Хүссэн юм хүзүүгээр гэдэг шиг өнөөх гайхал Колагаараа дайлуулж, пис хийтэл онгойлгон гүд хийтэл залгилж эррд хийтэл уух мөч яг л рекламан дээрх шиг нь “Аз жаргалын амт - Кока кооооолааа” гээд сонсогдож ч байх шиг хэ хэ. ... Өглөөнөөс хойш идсэн жаахан юм аль хэдийнээ бараа сураггүй болсон ч сүүлийн том даваа руугаа шууд хусчихаяаа гэх цуг яваа нэг гишүүнийхээ үгийг дэмжиж дээш өгсөв. Халуун нар шарж эхлэв. Ширээтийн давааны эхэнд байх уулын горхиноос савандаа ус хийж, нүүр амаа шалба норгож аваад өгсөх бэлтгэлээ хийв. Нөгөө гишүүн маань тэр хооронд дугуйгаа түрээд түрүүлээд өгссөн нь давааны тахиралдсан замын шороон хашлаганд халхлагдан харагдах юм ер алга. Хойноос гүйцэж ирсэн хоёрыгоо ирэнгүүт л бараг амсхийх завдал өгөлгүй “хусъя аа, одоо ойрхоон” гэж баадуудчихаад даваа өөд улайран зүтгэв. Манай 2 жаахан амсхийгээд араас ирэхээр хоцров. Чулуу, хайрга бүхий замтай болохоор бас ч гайгүй. Ёстой л “Зам байвал явна, Замбуулин байвал тойрно” гээд дугуйгаа түрээд зүтгэлээ дээ. Барагдах юм биш ... Овоо сайхан өгсөж явтал жижгэвтэр чулуун дээр гишгэгдэл алдаж хүч сааруулна. Машины хий эргэсэн хонхорт урд дугуй таарчихвал гаргах гэж бас хөөрхөн чангаана. Давааны орой мөдгүй ээ. Сүүлдээ руль, рамны урд хэсгээс нэг нэг гараараа барьж байгаад тонгойж замаа ширтээд л зүтгэлээ дээ. Орой руу хяламхийгээд байвал газар хордоггүй тул нэг ч өндөлзсөнгүй гүрийв. Амсхийж зогсохдоо ч орой руу харалгүй нуурынхаа зүг рүү хараа бэлчээн байлаа. Замтай замгүй хэдэн даваа давчихсан юм чинь гэж бодоод өгсөж явахдаа нэг их ядарсангүй.

Эхний эргэлт хүрээд цаашаа хамаагүй амархан орой хүртэл зүтгээд гарчихлаа шүү. Өөдөөс эхэлж гардаг гишүүн маань туслахаар ирж явахтай тааран “би бараг гарлаа, нөгөө хоёр луу дөхөж бай даа” гээд зөрөв. Дугуйгаа орхичихоод багийнханы хойноос явах гэтэл ойрхон ирж яваа харагдав. 50-аас 1 цаг 10 орчим минутын зайтайгаар Ширээтийн даваа өөд багаараа зүтгэсээр гарч иржээ. Аяллын хамгийн өндөрлөг хэсэг, сүүлийн өндөр даваа буюу 2700 орчим метр даваагаар давж буй нь энэ. Одоо үүнээс цааш аяллын маршрут тал хээрийн тогтоц бүхий замд үргэлжилнэ гэдэг хэд хэдэн өндөр даваа давчихсан бидний хувьд жаргалын зам болон хувирч байгаа нь таатай. Тээр дор өнөөх кэмпүүд жижигхээн юмнууд л харагдана. Урд даваан дээрээс нуур бас л үзэсгэлэн төгс ... Нуурын мандал, тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн сүрлэг гэж янзтай янзтай. Нэг хэсэг сайхан уруудах тул каскаа өмсөж, дугуйныхаа гол, ачаа цүнхээ шалгаж бэлдэж аваад Шурангын хөндий рүү уруудацгаав.

Баримжаагаар Улаан цохио нэг их холгүй санагдсан тул тэнд таталт хийн амсхийхээр ярилцаад уруудацгаав. Голоо хоёр ч удаа тууллаа, санасанд хүртлээ хурдлах боломжгүй том чулуу бүхий замаар сүлжисээр нэлээд явсан ч цохионы бараа байдгүй ээ. Сүүлдээ ч багийнхандаа Улаан цохио маань нүүчээгүй байхаа гэж хэлээд түрүүлээд хурд мэдэн жийлээ. Хэдэн жилийн өмнө машинтай энэ хүрэхдээ арын суудалд налайж явсан болохоор их л ойрхон санагдаж байж. Салхи яг араас үлээж, хүч бараг зарцуулалгүй шороо манартал хөндий дундуур жирийтэл уруудасаар 10 гаран км орчим явж байж Шурангын цохионы бараа сая нэг харагдахтай зэрэгцэн багийнхнаа хүлээхээр зогслоо. Гүйцэн ирсэн хэддээ “Шуранганы улаан цохио энэ дээ” гэж хэлээд, дээгүүр нь чулуу давуулж чадвал мянгат малчин болно шүү гэж тоглоом шоглоомын завсар хэлээд хамтдаа цохионы зүг жийцгээв. Цохион дээр ирээд манай хэд ганц нэг чулуу шидэж үзэн, зураг хөргөө даруулж хэсэг амсхийв. Салхины хүч нэмэгдсээр нэлээд сэвэлзэх шинжтэй.

Нутгийн зам нуруутай Нуган үрдээ ханилгаатай гэдэг шиг яг л явах зүгт салхи үлээсээр... Яг энэ салхийг ашиглаад Уянга сумын наана нутаглан байгаа эмээгийнх рүү дөхөж нэг мөр хооллохоор ярилцаад бүгд унадаг дугуйндаа үсрэн мордоцгоов. Оньсын эхээр 2 өндөрдүү даваа давчихвал эмээгийнхээ зуслангийн яг дээрээс нь орчихмоор байвч Ширээтийн араас давснаас хойш хоол идэж хүч тамир сэлбээгүй болохоор хэдүүлээ Цоохор дэнж хүртэл салхи хөлөглөхийг илүүд үзэцгээв. Салхи ч ёстой жаргааж байлаа. Уулын дугуйны, тэр дундаа ачаатай дугуйны хувьд салхины хүчээр 27- 30 орчим км/ц хурд гаргана гэдэг бол бараг л мотортой юм шиг болж байна гэсэн үг. Шурангын хөндий дундуур барагтай жийх шаардлагагүй салхинд туугдан хурд мэдэн уруудсаар Цагаан голын гармаар гарч Цоохор дэнж дээрх Сайн ноён хан Намнансүрэнгийн хүй дарсан чулууны дурсгалыг үзэж сонирхлоо. Эндээс эмээгийнхээ зуслан болох Оньсын амаар алсуур өгслөө. Эмээгийндээ борцтой хоол, өрөм талхаар бор ходоодоо божиилгож аваад, сумын төвийн хашаанд хонохоор болж 9 км орчим жийсээр ирэн хашаанд майхнаа барьж агаарт унтахыг илүүд үзэцгээлээ. Энэ өдөр 57 км жийжээ.2022-07-07
Өглөө эртлэн босож хооллож аваад Арвайхээр хүрэх замдаа гарцгаав. Сумын захиргааны туг урд зүгт хүчтэй намирч байгааг хараад нэг гишүүн маань апп-аар харахад бүтэн өдөр салхи манай тал байна лээ гэв. Аймаг орох замын тал нь нугачаа бүхий толгод бага зэргийн өгсүүртэй байсан ч салхины хүчээр торох зүйлгүй жийсээр Тарагт суманд гялалзаад л ороод ирэв. Эндээс салхиндаа туугдан жийсээр Морины шүтээн цогцолбор дээр түр саатаад Арвайхээрийн төвд 14 цаг гэхэд орж ирсэнээр бидний аялал өндөрлөлөө. 19 цагийн автобусанд дугуйнуудаа ачин Улаанбаатар хотын зүг зорив. Энэ өдөр 68.4 км зам туулжээ.

Өндөр даваа олонтой хүнд замыг хамтдаа туулж тэсвэр тэвчээрээ харуулсан uudag.com группийнхээ хамт аялсан багийн гишүүд болон тэр дундаа хоёр эмэгтэй гишүүнээрээ бахархаж омогшисон дурсамж дүүрэн аялал байлаа.

Аяллын гишүүн Ж.Батмөнхийн шигтгээ тэмдэглэлээс

Зураг 6. Зүтгэсээр мяарсаар гарч ирсний эцэст бид чадсаан гэж...
Ширээтийн араас...
Шөнө дунд салхи сэвэлзээд, нуурын ус цалгих чимээнээр даарах маягтай ч нойроо харамлаад эргэж хөрвөөж хэсэг хэвтэв. Хангай газрын сэрүүн эцэст нь залхуурч хэвтсэн намайг дийлж, цүнхнээсээ салхины нимгэн цамц, дугуйны ретуз хоёроо гялс өмсч аваад мишокондоо эргэж шургав . Нам унтжээ.
Зураг 7. Ширээтийн урд даваа нялайж байна даа

Өглөө 7 цаг өнгөрөөгөөд сэртэл салхи ч сэвэлзээд л сэрүүхэн хэвээрээ. Майхны үүдээ нээж орчныг харвал 2 талд буусан машинтай аялагч нарын том майхан салхинд нахилзаж бөмбийгөөд л ганц нэг хүн босчихсон гадас уяатай ноцолдож харагдана. Бид хэдийн майхан жин овор бага тул салхинд байшин шиг л жимбийцгээж байлаа.
Ширээт нуурын өглөө дэндүү амгалан. Сэвэлзсэн хүчтэй салхинд нуурын ус эргээ цохин цагаан хөөс хаялан халгих нь , номин ногоон мододтой сүрлэг уулсынхаа дунд дэндүү чимэгтэй. Дөлгөөн цэнхэр нуурынхаа долгилох мандлыг хэсэг ширтэж хэвтэхэд сэтгэлийн гүнд амар амгалангийн ертөнц тэр чигтээ оршин буй мэт...
Зураг 8. Уруудаж явна

Багийнханы хэмнэл нэг болсон тул өглөөний хоол цайгаа гялс пурхийлгэж аваад майхан сав ачаа сэлтээ жимбийлгэн замд гарахад бэлэн болцгоов.
Зам ч гэж, яг зүүн талд хэдхэн алхмын цаана модтой том уул дүнхийнэ.
2 гишүүн маань арай нам хэсгээр нь тойрч гарахаар явж байгаа харагдана. Нэг гишүүнийхээ хамтаар шууд эгц дугуйгаа түрээд модон дундуур зүтгэчихэв. Хэдхэн метрийн цаана нөгөө хоёртойгоо нийлж аваад цааш хэсэгхэн яваад л хаагуур нь яаж явах нь мэдэгдэхгүй хад асга, унанги , саглагар мододтой тулцгаав. Ганцаараа ачаатай дугуйгаа өргөж зүтгэхэд улам хэцүү болов.Багийнхан хамтдаа дугуйнуудаа өргөж, эргэж буцаж , дамжилж зай завсар луу чихээд бага багаар урагшилж байлаа. Дугуйгаа өргөөд хэд алхаад л амьсгал давхцаад урагш ахидгүй дээ. Ганц нэгээрээ түрүүлэн явж зам жим хайцгаан, хад асганы зай завсар олдвол эргэн ирж тэр мөрөөр нь чадал тэнхээгээ сорин дугуйнуудаа зөөн зүтгэсээр л байлаа. 2500м орчим өндөрт 25-30кг орчим ачаатай дугуйгаа үүрч дүүрч зүтгэнэ гэдэг ёстой тэнхээ шавхаж байлаа ... Дугуйгаа хэдхэн секунд түшин зогсоход сайхан амрах хэдий ч хоёр алхаад л
" бензины" зүү нам уначихна.
Зураг 9. Яг л усан бассейны шугам шиг л нуурын мандал харагдана

Замд 3 өндөр даваа руу зүтгэхэд ингэж мяараагүй хүн энд л хамаг юмаа гаргаж байх шиг. Өглөө хөнгөхөн юм идээд гарсаныг ч хэлэх үү аль хэзээний шингээд бие сульдах шинжтэй. Доор Ширээт нуурын мандал дээр бассейны шугам татсан юм шиг шулуухан хөөс эгнэн байх нь сонирхолтой харагдана.
Дугуйгаа орхичихоод зай завсар олохоор багийнхнаа үлдээн дээш алхав. Хэсэг хад мод сүлжээд хартал модны завсраар тэнгэрийн хаяа харагдах нь тэр. Орой дээр бараг гарч дээ хэмээн дотроо баярлаад дээш гартал тээр дор нуурын урд эрэг , наана нь ганц хоёр майхан дурайтал харагдав.Гараад иржээ бараг гээд л нөгөө хэдрүүгээ хашгирав.
Зураг 10. Аяллын баг Ширээтийн урагшаа давахын өмнө.Салхитай сэрүүхэн байв
Эргэж очин дугуйнуудаа түрсээр оройд нь хэсэг амарч зураг хөргөө авахуулаад бүдэгхэн жимрүү уруудацгаав. Даваад ирсэн хойно уруудах шиг баяр жаргал үгүй юм даа гэж бодогдохын зэрэгцээ дахиад ганц нэг ийм даваанд зүтгэх сэтгэл зүй нэмэгдсээр байгаагаа мэдрэх нь бас нэгэн таашаал байдаг билээ. Бараг 2 цаг зүтгэжээ.
Одоо ганц том даваа үлдэж. Ширээт нуурын урд давааны зам холоос нялайтал харагдаж байлаа... Зүтгэнэ дээ...Тэгээд Арвайхээр ортол 100 гаран км жийчихвэл аялал дуусах шатандаа орно гэж байгаа...
Зураг 11. Майхан сав, тогоо шанага бүгд тус тусдаа...Ширээтийн эрэг дээр борцтой шөлөө хүлээх зуур...

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх П.Батмөнх П.Золзаяа Б.Насанбат
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Зүгээр л жий!