Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #26 - НАМРЫН НЭЭЛТ 2022 БУЮУ ЗҮҮНХАРАА, ШАРЫН ГОЛЫН НУТГААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/233
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
112 км
Давааны тоо
1
Өндөр авалт
1207 м
Өндөр алдалт
-1387 м
Их өгсөлт
14.2 %
Их уруудалт
-16.3 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2022 оны 8 сарын 5 Баасан гараг, 18:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

8 сарын 5, Баасан гариг
Орой 18.40 цагт хөдлөх, Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд сууж, Зүүнхараа хотод шөнийн 22.40 цагт очино. Хоноглоно (нэг айл ярьсан байгаа). Оролцогч нар өдрийн аяллын журмаар "шалдан" дугуйтай жийнэ. Оролцогч гишүүд, Галт тэрэгний очих, буцах тасалбарыг плацкарт (унтлагын) ангилалаар урьдчилан захиалсан байна. Аяллын үед гарах зардлыг гишүүн бүр өөрөө хариуцна.

8 сарын 6, Бямба гариг
Зүүнхараа суурингаас өглөө 8 цагт аялал эхлэнэ. Замын хоол хүнс, ус бэлдэж оролцоно. Суурингаас чанх хойд зүгт уулын ам өгсөн 19 км жийж Нарангийн даваа давна. 524 метр "өндөр" авна. Даваа уруудан алтны уурхайн замаар явсаар хөндийд орж ирэн Шарын голын уурхай орших суурин руу жийнэ. 55 км орчим зам туулна. Өдрийн хоол идэж амраад, цааш засмал зам (зарим нь шороо байж магадгүй)-аар 55 км зай туулж Дархан хот орно. Энэ өдөр нийт 112 км зам туулна.
Орой 23.20 цагт хөдлөх Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн 264 дүгээр галт тэргэнд сууна.

8 сарын 7, Ням гариг
Ням гаригийн өглөө 06.16 цагт Улаанбаатар хотод ирнэ.
Жич: В төлөвлөгөө: Хэрэв "хоцорвол" 02.55 цагийн Эрдэнэт- Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд сууж, Ням гаригийн өглөө 08.00 цагт Улаанбаатар хотод ирнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

“Гэрлэж амжаагүй явна” кино бүтсэн нутгаар аяласан тэмдэглэл

Амралт, аялал зугаалга зонхилдог зуны сүүл сарын шинийн есний Бямба гарагт группийн намрын нээлтийн аялал зарлагджээ. Гэхдээ энэ удаа дан өдрийн аяллаар бус бэсрэг хоногийн аяллаар зарлагдсаныг хараад үргэлжлүүлэн уншвал миний огтоос очиж үзээгүй Зүүнхараа суурин-Шарын гол суурин-Дархан хот чиглэлээр жийхээр газрын зураг зурагдсаныг хараад үнэхээр догдлов. Бэсрэг хоногийн аялал гэсний учир нь аялалд явах, аяллаас ирэх шөнүүд нь галт тэргэнд таарч аялал бол өөрөө уламжлалт ёсоор Бямба гарагтаа бүтэн жийхээр тавигдсан учраас тэр.

Ингээд л хэдхэн хоногийн өмнө Шаргалжуутын рашаанруу жийж ирсэн хүн дахин аялалдаа бэлтгэж Баасан гарагийн оройн галт тэргэнд Зүүнхараа сууринруу хөдлөхөд бэлэн боллоо. Манай баг 5 гишүүнтэй. Аяллын улирал тул галт тэрэгний билет ховор байлаа. Бүгд нэг дор суух боломжгүй, өөр өөр галт тэргэнд суудал олдсон нь их юм болсон авч, аялалдаа явах “эрх”-тэй болж билеттэй болсон нь бөөн баяр. Харин буцах билетээ урьдчилж захиалж байгаа тул бүгд нэг вагонд таарав. Иймээс аялал төлөвлөсөн бол тасалбараа эрт захиалах нь чухал. Танил дотно үйлдлүүд давтагдана. Галт тэрэгний буудалд цуглана. Аяллын анд, бидний нэгэн хэсэг болсон унадаг дугуйнуудаа тээшинд ачуулна, өөрсдийн суудалдаа тухалж чихэнд таатай галт тэрэгний зөөлөн хөдлөх чимээнээр аялал эхлэв. Хуваарь ёсоор 22:40 цагт Зүүнхараад бид буулаа. Аялал бол нөхөрлөлийн талбар. Манайхны өмнөх аялалд хоол идэхээр орсон цайны газрын эзэн биднийг энэ аяллаараа дахин ирэхийг урьсан тул ярьсан ёсоор уулзалдаж, тэдний бяцхан цайны газарт тавтай амарч хоноод Бямба гарагийн өглөөний 07 цагт Зүүнхараа суурингаас аялал эхэллээ.

Бүгд л мэднэ дээ. Зуны өглөө эртийн агаар, шинэ газар аялах сэтгэлзүй . . . үүнээс илүү төгс тансаг мэдрэмж гэж юу байх билээ яг энэ цаг үед. Бид Зүүнхараа хотоос чанх хойд зүгт Өлөнтийн голын хөндий өгсөн жийсээр зүүн салаа болох Өлөнтийн ам руу салж өгссөөр энэ удаагийн аяллын оньсогуудын нэгийг тайлахаар эхний даваагаа зорьж яваа минь энэ. Оньсого гэдэг нь очиж үзээгүй шинэ газар болохоор тэр юм. Туршлагатай админ маань ийнхүү газрын зургаас харж, түүнийг тайлан уншиж группээ мөн ч олон цоо шинэ газруудаар аяллуулдагийн ээлжит нэгэн шинэ чиглэл бол энэ билээ. Зүүнхараа суурин биднээс бага багаар холдож мал бэлчсэн ногоон талыг орхин оройдоо манан будан татсан бороо шивэрч байгаа болов уу гэмээр үзэгдэх олон давхар уулсруу бид зүтгэсээр байлаа. Уулын зөөлөн, чулуу багатай зам уулын дугуйнд бол засмал л гэсэн үг. Харин уулруу дөхөх тусам өндөр өвс элбэгшиж зам нойтон шавартай болж дугуй халтирах, хий эргэх нь нэмэгдсээр байлаа. Байгалийн үзэсгэлэн бол ярих юмгүй. Улам л сэтгэл зүрхийг баяраар дүүргэн аль сайхнаа үзүүлэх гэж хичээх мэт.

Зураг 1. Аялал эхлэх Зүүн хараа суурин. 2022.08.05. Өглөөний 07:00 цаг

Миний хувьд дугуйны богино шорттой гарсан тул замын хажуугийн өндөр өвс, заримдаа бүүр халгайнд шавхуурдуулах авч энэ бол намайг зовоох зүйл биш байлаа. Харин ч бороо шиврэх үед бүх биеэрээ байгалтай уусах мэт мэдрэмж бүүр ч их аз жаргалыг өгч хөлөнд хүч нэмнэ. Урд манай  3 залуу, харин ард нь энэ аяллын төдийгүй группийн ахмад аялагчдын нэг 66 настай бидэнд үлгэр дуурайлал бахархал болсон ахтайгаа ханиндаа урд хойноо орон жийсээр байлаа. Тээр хойно дүнхийх уулсыг давах нь тодорхой тул даваа хэр өгсүүлэх бол, за багахан ачаатай юм чинь гайгүй түрээд гарах байх, найзуудаа их удаан хүлээлгүй гарчих юмсан. . . аялал бүрд бодогддог бодлоор өөрийгөө цэнэглэсээр, урагшилсаар. Өндөр өвс цэцэг навч улам өтгөрөн аглагруу орж байгаа мэдрэмж ямар сайхан билээ дээ. Уг нь зам байхын их л эртнээс хэрэглэхээ больж дээ гэж бодогдоно.

Харин сүүлд админ “Энэ зам нь дээр үед уулнаас мод бэлтгэх зориулалтай байсан ба модны автомашинууд уулын таг хүрээд буцдаг байсан. Одоо бол хуучны зам нь эвдрэлд орж үүгээр автомашинтай давах боломжгүй болсон” гэж хэлэхэд мэдсэн. Замын хажуугаарх өнгө өнгийн цэцэгсээс гадна, нохойн хошуу, гүзээлзгэнэ, улаалзгана тохиолдож амт нэмнэ. Ингээд Зүүнхараагаас гараад 19 орчим км явахад бид даваан дээрээ гарлаа. Яг даваан дээр гарах мөчид даваа биш нугад ирсэн мэт мэдрэмж гайхалтай. Учир нь тэр орчим уужим тавиу, машин явалгүй удсан тул газар нь эдгэж битүү өвс ногоо цэцэгсээр дүүрсэн, уулын давааны орой дээр манан хүдэн татаж, голын хөндийд буй аятай өндөр ургасан өвс ургамалууд байх нь бас л байгалийн нэг сонихон бүтээл байсан. Мөн зулзаган хус мод байсан болохоор үнэхээр гоё байлаа. Бидний зүтгэж хүрсэн даваа бол Өлөнтийн ам Наят уул (1567 м)-ын баруун талын Хонгорын зоогоор давж байна гэж админ хэлсэн. Өмнө нь явж байгаагүй шинэ газар орноо судлан мэдээд аялагч нартаа ийнхүү нэг бүрчлэн тайлбарлан явна гэдэг үнэхээр л аялагч хүний нандин чанар гэж боддог.

Зураг 2. Зүүнхараа Өлөнтийн ам Наянт уулын Хонгорын зоо дээр багаараа. 09:35 минут

Бороо шивэрсээр, хэсэг зогссоноо дахиад л шивэрнэ. “Манан будан татсан тул уулс чийгээр ханасан гэсэн үг, Тиймээс одоо орж байгаагаасаа ширүүн ихээр орохгүй л болов уу, аажимдаа бороо зогсоноо” гэж админыг хэлэхэд түмэн бодис номын бүтэн хуудсыг уншиж шинийг мэдэхтэй л адил санагдсан. Ингээд даваан дээр дурсгалын зураг татуулаад нойтон замд шагналаа хамаагүй авч болохгүйг (даваа уруудан пижигнэтэл жийхийг бид даваан өгссөний дараагийн шагнал гэж нэрлэдэг) биесдээ сануулан болгоомжтой хөдөллөө. Мэдээж нойтон халтиргаатай шавартай зам санаснаар уруудуулахгүй. Бууж мордсоор Тариатын ус голын эх руу орж хөндийг дагасан алтны уурхайны зассан шороон замаар уруудав. Үүнээс өмнө давааны нөгөө тал буюу бас л үзэсгэлэнтэй нуга модтой хөндийд алтны уурхай байсныг гэрчлэн газрыг баахан онгичоод эргээд булж орхисон үргэлжилсэн их шороо, алт гаргахаар шороо угааж байсан болов уу гэмээр цөөрөм мэт хаягдал ус энд тэндгүй мэлтийж байсан. Энэ аглаг ийм үзэсгэлэнтэй газрын гэдсийг ярьж баахан ухаад эргээд булсан сорви үзэсгэлэнт байгалийн дунд бидний нэрлэгдэгээр хогийн урагмал ургасан нэлийсэн шороо болон барсайх нь эмгэнэлтэй. Зам дээр тогтсон нуур мэт усыг хичнээн олныг туулж дайрч гарсан бүүр тоогоо алдсан.

Бороонд нэвт норсон ч дугуйгаа л жийж байвал дотроос дулаан үйлдвэрлэгдэн даардаггүй болохоор бид эрчээрээ уруудан Овоо толгойн хошууны баруун талаар ороон Банкний хөндий рүү орж ирлээ. Замын 2 талаар нэлээн холуур айлууд харагдаж эхлэхэд айлд орж дулаацах уу гэж би итгэлгүй асуув. Угаасаа групп аяллын замд шаардлагагүй бол тэр бүр айл хунараар орох, хүн хартай уулзаад байдаггүй зарчимтайн дээр сүүлийн үед аяллын замд зам асуух, эсвэл цангаа тайлахаар айлруу эргэхэд шагайж хараад хаалгаа хаадаг айл цөөнгүй таарах болсон тул ийнхүү итгэлгүй асуусан билээ. Бараг миний тааварласнаар “Бусдад найдаад хэрэггүй, удахгүй цайны цаг болно, харин чи маш сайн чийрэгжиж их сайн жийдэг болжээ, сайн байна” гэсэн админы үгээр аяллаа цааш үргэлжлүүлэв.

Замаа сайн харж, алсын чигээ авахгүй явбал нэг бол маш том тариан талбай тойроод давхиад байдаг, эсвэл төв зам мэт тод замаар өгссөөр уулын таг дээр гарч мухардах нь Сэлэнгэ нутгийн ийм хангайд элбэг үзэгддэг төөрөлтийн хэв маяг билээ. Том хэмжээний тариан талбай эмжсэн замаар өгсөж уруудан жийсээр, хоёр том поле-ийн (тариан талбай) дундуурхи замаар хойд зүг нэвт гараад, Наран бригадын зүүн талаар гарч, алсаас харагдах тод зам руу шууд хатгав... Таван толгойн зүүн талаар өгсөх замд түр зогслоо. Шиврээ бороонд чичрэн байж, нэгнийгээ шоолон цаашлуулахаа ч марталгүй хөгжилтэйгээр өдрийн халуун хоол цай хийж идэв. Бороо шивэрсээр, тэгсэнээ зогслоо. Бүрхэг тэнгэр сиймийж хүслэн болсон наран ээгээд эхлэв.  Огцомхон өгсөөд Баруун нурууны орой дамжсан замаар өгсөн уруудан жийлээ.  Толгодын хяр дээгүүр үелзсэн урт зам дурайж байхад нь гайхан хөөх яагаад уулын оройгоороо зам гаргадаг байнаа гэж бодох зуураа аан аргагүй газар тариалангийн нутаг тул том том талбайгаа уулын энгэрүүдээрээ хийгээд мөн доогуур явбал машин хальтирч гулгаад явахад хэцүү тул ингэж гаргаж дээ гэж бодсон.

Зураг 3. Шарын голд багаараа ирэв. 15:20 минут

Аяллын дараагийн зорилго Шарын гол уурхайн суурин. Яагаав нөгөө “Гэрлэж амжаагүй явна” алдарт гоё кино хийсэн газар. Уул хярласан урт зам дуусаад уруу эхлэх үед алсад Шарын гол суурин үзэмжтэй харагдана. Шарын голын уурхайн баруун талаар гарч Шарын голыг гүүрээр гаран энэ сууринд 15:20 цагт ирлээ. Хүн ам цөөтэй тохижсон суурин цаанаа нэг тохьтой цэвэрхэн нам гүм санагдсан. Энд ёстой цайны газарт тухлан нойтон гутал хувцас бүгдийг сэрвээн цуйван, гуляш, хуушуур нэлээдийг цааш харуулсан. Хамгийн гоё нь дээр үеийн бариултай том бакаланд хийсэн 1 ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй үзэмний шүүс. Ангаж цангаж ирсэн хүмүүст рашаанаас өөрцгүй. Гантөмөр ах бүүр нэг дор 4 аягыг уусан.

Шарын голоос 16:50 цагт гарлаа. Засмал замаар 15 орчим км жийгээд, шороон замд оров. Хар бэлчирийн уужим хөндий туулан Шарын голын зүүн биеэр жийсээр жижиг модон гүүрээр гарч баруун зүг эргэлээ. Бурхант уулын урд сугаар гаран, гүвээ толгод дамжин явсаар Бурхантын хөндийгөөр уруудах зуур сүлжээ орсныг илтгэн утас хангиналаа. Аваад яривал өнөө л миний хэлэх дуртай аялал бол нөхөрлөлийн талбаргэдэг үг биеллээ олж миний нүүр номдоо урьдчилан мэдээлсэн мэдээнээс харан Дугуйтай Дархан клубын дугуйчин Алтангэрэл хүү, Мандахгэрэл найз маань ээлжлэн ярилаа. "Манайруу ирж яваа юм уу хаана явна" гэсэн товчхон хэдэн үгээ аяллын замд солилцоод үргэлжлүүлэн жийлээ. Дархан хотын зүүн урд талаас орох 10 км дутуу байхад Алтангэрэл дугуйчин өөдөөс тосоод жийгээд ирлээ. Аялалд бусдаар үдүүлэх угтуулах ямар сайхан гэж санана. Мэнд мэдэн хамт жийхэд цуцсан хөлд хүч орон жийрийлэглээ. Яг Дархан хотруу эргэдэг дээр нэгэн цагаан машин дохио өгөхийг харвал Мандахгэрэл найз маань машинтай тосч байлаа. Ямар хурдан ирэвээ арай хол байгаа гэж болсон юмсан гээд инээд цацруулан зогсох найздаа үнэхээр баярласан. Тэрээр "манай Дугуйтай Дархан клубын байранд амраарай Тогмид багш маань та нарыг хүлээж байгаа" гэсэн нь сонирхол нэгт андуудын маань хамгаас том хүндэтгэл байлаа. Энэ үед цаг 20:40 болж байсан. Аяллын зорилго бүрэн биелж төлөвлөсөн 115 км-ыг бүрэн жийж дуусав.

Зураг 4. Дугуйтай Дархан клубын анд нөхдийн хамт. Аялал бол нөхөрлөлийн талбар.

Ингээд 23:20 цагийн галт тэргээр хотруу буцах бид клубын байранд амарч цайлж, аяллын амтат яриа зөндөө өрнүүлж аваад шөнийн Дархан хоттой танилцан дурсгалын зураг татуулаад вокзалруу эргэлээ. Зуу гаруй мянган хүнтэй Дархан хот үнэхээр цэвэрхэн тохьтой ирж амьдармаар санагдсаныг нуухгүй ээ. Хот дотроо маш сайхан 2 эгнээ дугуйн зам, хажуугаар нь зэргэцэх явган хүний замтай атал явган алхах хүмүүс дугуйн зам дээрээ бэлчихгүй байгаа нь манай Улаанбаатараас хамаагүй дээр санагдсан. Найзууд маань биднийг яван явтал хамт байж галт тэрэгний буудлын зоогийн газарт хамтдаа хооллон галт тэргэнд суулган үдэж өглөө. Баярлалаа Дугуйтай Дархан клубын анд нөхөд минь. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье.

Өдөржин бороонд бартаат замаар зуу гаран км жийсэн бид галт тэргэнд өөрсдийн байраа эзлэн хуурай хувцасаа сольж аваад давсанд тас яваад хоёр зовхио салган нүдээ нээхэд Эмээлт суурин өнгөрч галт тэрэгний ариун цэврийн өрөө дангинатал түгжээтэй байв. Үйлчлэгчээс асуувал хотруу дөхсөн мэдээж онгойлгохгүй. “Хохино ээ Цоко хэн чамайг нам унт гэсийн эрт босч усаа асгахгүй чиний л хохь” хэ хэ. Үгүй гэхдээ л ямар цаг үед амьдарч байгаа билээ дээ. Манай улс шиг байгалд шууд баалгаж шээлгээд зогсоол дөхөх бүрд цоожилж хаадаг 00 той галт тэрэг хичнээн улсад байгаа бол. Байдаг байлаа ч манайх заавал адилхан байх ёстой юу. Өтгөрүүлж ариутгадаг био 00 оор шийдээд үйлчлүүлэгчийн биологийн хэрэгцээг хааж боохгүй байж болдоггүй л юм байх даа Гомдмоор юмаа . Хавчиж тэссээр хагас цагийн дараа УБ галт тэрэгнийхээ буудалд буулаа. Бусдад саад болохгүйн тулд хэдийгээр 00 асуудал тулгуу байсан ч дугуйгаа бушуухан авахаар тээшийн вагонд очиход харсан зураглал бүүр ч сэтгэлээр унагаав. Амьдралаа залгуулах гэсэн орон нутгийн малчдын цагаан идээ маш ихээр бууж байлаа. Ургамлын тосны шар канистар, барилгын будаг эмүүлсний цагаан том сав дээр саам, айраг, сүү гэсэн бичигтэй. Нөгөө эрүүл ахуй энэ тэр түй май. Би ч ингэж ирэх сүүнээс ууж л байгаа байхдаа. Нэг нэгээр нь вагоноос авч өгч том тэргэн дээр бас нэг нэгээр нь ачна. Хэзээ дуусах юм бүү мэд. Үргэлжлүүлээд тарвас буусаар буусаар. Тэр хүнд шуудайг галт тэрэгний ачигч ганц хоёрхон залуу нуруундаа үүрч буулгана. Арайхийн дуустал Сэлэнгийн хилээр орж ирж байгаа бололтой жижиг савалгаатай цэвэр ус рашаантай хайрцаг бүүр өчнөөн ихийг буулгав. Яагаад энэ бүхнийг ийнхүү нэг бүрчлэн бичиж байна гэхээр энэ Улаанбаатар төмөр зам төдийгүй манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй арайл юмаа. Бүгдийг нэг хоёр хүн улаан гараараа нуруугаараа ачиж буулгана гэж юу байхав дээ. Цаана нь хүний эрүүл мэнд амь нас, тулгуур эрхтэн нурууны өвчлөл хичнээн их байх бол. . . Анхнаасаа ачаагаа авахдаа барет /подон ч гэж нэрлэдэг/ тавцан дээр ачааг нь хураагаад лиф буюу гялгар уутаар битүү ороогоод 2 сэрээтэй ачигчаар ачаад, буух газраа мэдээж тэрүүгээрээ бас нөгөө том дугуйтай тэргэндээ буулгаж ачаад явбал хичнээн амар вэ. Мэдээж галт тэргэн дотроо нааш цааш тавцантай барааг гар кардантай өргөгчөөр эмэгтэй хүн ч зөөчихөнө. Солонгост би мөн ч их ачааг агуулах дотор ингэж зөөгөөд л 2 сэрээт ачигч машинд бэлтгэж өгдөг байсандаг. Өөрсдөө мэддэггүй гэхэд өчнөөн туршлага байгаа даа.

Яарч байгааг маань анзаарсан ажилтанд бие засч амжаагүй үнэхээр хэцүү байна. Дугуйгаа гялс авчихмаар байнаа. Арай дэндүүмаа вагон ариун цэврийн өрөөгөө био болгоод байнгын нээлттэй байлгаж болдоггүй юм байхдаа гэхэд минь нэлээн гайхсан царай гарган “хэн ийм их олон вагонд био 00 хийхийн мөнгө байхгүй ш дээ” гэхийг харвал яг ийм бодолтой түм буман удирдлагын дүр байх гэж бодогдоно. Эсвэл тэр хүн тийм боломж байгааг ч мэддэггүй байх. Энэ бүхний эцэст нэг юм дугуйгаа аваад галт тэрэгний буудлын 00 орлоо. Мэдээж биологийн хэрэгцээгээ хаалгуулсан хүмүүс эр эм ялгаагүй 00 ийн өрөөнд бараг 5 метр очер. Мэдээж эрэгтэй байсан бол ил байдагруу аваад л хаях байсан. Ёо бүтэхгүй нээ. Гадаа байдаг CU орох минь. Ялгаа алга битүү очер. За за больё гүрийгээл гэртээ харья. Дүүрэн давсаг хурдан жийлгэнэ гэж гонж. Сэтгэл яаравч давсгандаа захирагдсаар нэг юм гэртээ ирж лифтэнд гутлын үдээсээ тайлж амжаад бүх уураа чаддагаар нь гэрийхэндээ гаргаад (түлхүүрээ гаргах ч чадалгүй) хаалгаа ширүүн гэгч нүдээд удаан онгойлгодогийг нь гайхсан хүн дугуйгаа шидчихээр хаашаа гүйсэн нь ойлгомжтой ха ха.

Ийнхүү урам зориг, адал явдал, тэсвэр хатуужил, нөхөрлөл, хяслан гээд амьдралд байдаг бүхнээр дүүрэн бидний намрын нээлтийн аялал 100 хувь амжилттай дууслаа. Одоо бямба гараг бүр тогтмол аялал маань өвөл хүртэл зарлагдана гоё. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Төгөлдөр Д.Цолмон Э.Ожго
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!