Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Аялал эхлэх цагаас 20 шахуу минутын өмнө манай багийн хоёр гишүүн заасан цэгт хүрэлцэн ирж улмаар 06:55 цагт замаа хөөж эхлэв. Манай баг ШТГ Б.Жавхлантөгс, группийн аялагч гишүүн Б.Баяржаргал болон миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй. Баяржаргалын хувьд аялагч гишүүний тэмдгийн болзол хараахан хангаагүй тул аяллын бүртгэлд албан ёсоор оруулах боломжгүй боловч уулын унадаг дугуйн улсын чанартай тэмцээнүүдэд шагналт байр эзэлж байсан сайн дугуйчин тул багийн бүрэлдэхүүнд багтаасан.
Бидний зорьж буй зүгт групп хэдэнтээ аялж байсан авч яг Хустайн нурууг давсан албан ёсны аялал хараахан үгүй байсан тул энэхүү чиглэлд судалгааны аялал ийнхүү зохиосон билээ. Аяллын үр дүнд үндэслэн Хустайн нурууны чиглэлд Буянт-Ухаа - Биокомбинат - Хилэм нуур - Өнгөтийн цогцолбор - Хустай бааз - Хилэм нуур - Биокомбинат - Буянт-Ухаа гэсэн маршрутаар хоногийн аялал зохиовол зохимжтой гэсэн дүгнэлт гаргав. Мөн энэхүү аяллынх шиг Хилэм нуурын хойно орших толгойн араар тойрч явахад зам нь аятай боловч Тавантолгой сургалтын талбайн хашааг тойрохын тулд замгүй газраар багагүй өгсөх шаардлага тулгарна. Иймд группийн өмнөх аяллуудынх шиг тус толгод ба Хилэм нуур хоёрын дундуур гарах нь зүйтэй. Зам нь ерөнхийдөө саад бартаагүй ба зарим хэсэгтээ нэн ялангуяа Өнгөтийн цогцолбор орчимд дэржигнүүртэй. Түүнчлэн энэ хавьд Туул гол болон түүний ойр орчмын худгаас ундлахад зохимжгүй тул усаа сайтар нөөцөлж явах нь зүйтэй. Бидний аяллын үеэр 47.729656,105.901055 цэгт ундлахад зохимжтой гүний худаг таарсан. Гэвч энэ нь тусгай хамгаалалттай бүсд оршдог хийгээд ус авахын тулд ажилчдаас нь гуйх учраас усны "нөөц" эх үүсвэр л болно.
Хэрэв энэхүү маршрутаар өдрийн аялал зохионо гэвэл өглөө эрт гарах, бага амрах, гэрэл чийдэн авах зайлшгүй хэрэгтэй. Мөн 20 км/цагаас багагүй дундаж хурдаар жийх шаардлагатай. Бидний хувьд 21 гаруй км/цагийн дундаж хурдаар амралт багатай жийхэд Эмээлт дэх товчоонд нар жаргах үед хүрсэн.
Уг аяллыг анх төлөвлөхдөө зөвхөн Хустай бааз хүрээд ирсэн замаараа буцна гэж байсан боловч УШТГ П.Золзаяагийн санал болгосноор Өнгөтийн цогцолбор хүрэх буюу ахиад хэдэн км илүү жийх болсоны дээр баазад бага үдэд хүрсэн тул буцах замыг өөрчилсөнөөр одоо буй маршрут гарсан. Тийнхүү засмал замаар буцах гэсэн шийдвэр зөв байсан нь төд удалгүй харагдсан бөгөөд энэ нь тус аяллыг "судалгаа болон туршилт" хэмээн нэрийдэх шалтгаан болсон. Үүний нарийн учрыг зөвхөн админууд мэдэж улмаар цаашдаа анхаарч байвал зохилтой юм.