Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #19 - Үерлэсэн Тэрэлж гол буюу араа бодсон шийдвэр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/231
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
100 км
Давааны тоо
2
Өндөр авалт
984 м
Өндөр алдалт
-988 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-13.5 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2022 оны 7 сарын 23 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.904778, 106.947583
47°54'17.2"N, 106°56'51.3"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн аяллын түүхнээ Даваатын давааг даван Тэрэлж гол өгсөн аялж байсан тухай бичигдэн үлдсэн нь байдаг боловч Даваатын давааны цаанаас Тэрэлж голыг уруудан аялсан нь үгүй юм. Иймд энэхүү судалгааны аяллаар Даваатын даваа - Тэрэлж голын хөндий - Тэрэлж суурин гэсэн маршрутыг судлах зорилго тавьсан. Аяллын үеэр гаргасан дүгнэлтийг маршрутын тайлбарт бичиж оруулсан бөгөөд мөн үүний дор харагдана.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Нэг талын чиглэл. Даваатын давааг энэ аяллаар хоёр талаас нь давна. Тус маршрут нь Даваатын давааны цаана байх Тэрэлж голын нэг гарамд хүргэнэ. Усархаг үед тэрхүү гармаар унадаг дугуйтай аялагчид гарахад тохиромжгүй. Мөн Даваатын давааны цаад уруу нь эхлээд сул хайрга чулуу дараа нь том чулуу бүхий энхэл донхол бүхий замтай тул болгоомжтой уруудах хэрэгтэй.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өглөө эртлэн гарсан хоёр нөхөр уужим бас урт нь дэндсэн Шар хоолойг сүүлийн хэдэн өдрийн борооноор шалба нүдүүлж балчиг болсон замаар нь жийн жийсээр дуусгах дөхөж байв. Энэ үед хамт яваа дугуйчин анд маань "Энэ хүнээс зам асууя" гэснээр адуу мал, цай унд, унадаг дугуйн тухай яриа болоод явчихсан нь аяллын шигтгээ гэлтэй. Мөнөөх залуугаас голын гарам болон усны түвшин зэрэг мэдээлэл аваад цааш хөдлөв.

Зураг 1. Тэрэлж голын нэг салаа

Нутгийн залуугийн хэлсэнээр дөрвөн удаа гол гатлах ёстой. Гэвч эхний гарам дээр ирэхэд голоор гарахад бэрх болох нь харагдаж байв. Голын салаа боловч ус руу орж хэдхэн алхахад салтаанд тулчих юм. Бас уулын гол гэсэндээ ширүүн урсгалтай ажээ. Очиж явахдаа холоос харахад нэлээн боргиотой байхаар нь "За нэг их гүнзгий биш бололтой" гэсэн бодол маань ширүүн урсгалд хулхидуулсан явдал болсон байна. Биднийг гол дээр очиход өндөрлөсөн Prado унасан залуу гэр бүлээрээ явж таарсан. Тэр залуу аман дээрээ "Гарвал ч гарна л даа" гэж байгаа ч амарч, салхилж яваа тэд гол гаралгүй буцав. Бас өнгөрсөн долоо хоногт Даваатын даваа дээр таарсан жуулчны хөтөч залуу аялалдаа сэлгээ бүхий морьд ашиглаж байсан нь бас нэгийг хэлж буй хэрэг биз ээ. Түүнчлэн гарамнаас гадна голын хөндий бас гол болон уулын шахаа зэргийг ус туулах, шаварт гутлаа сугалах зэргээр орчны байдалтай доруйхан танилцсан. Ингээд багийн гишүүнтэйгээ зөвлөлдөхөд "Үүгээр Тэрэлж гол дагаж уруудан Тэрэлж суурин орох нь унадаг дугуйтай аялагчдад зохимжгүй" гэсэн шийдвэр дээр санал нэг байв.

Бид хоёр дугуйгаа нэг нэгээр нь дамжлах, тэгэхдээ хэн хэндээ түшиг болох байдлаар хав бариад урсгалд туугдчихгүйхэн шиг гарлаа гэхэд улмаар балчиг шавар ихтэй хөндийг зүтгэсээр дуусгалаа гэхэд тэрхүү маршрутаар дараа нь группийн өдрийн аялал зохиохгүй нь нэгэнт тодорхой тул тийнхүү гавъяа байгуулж алдар цол хүртэхээр шунасангүй. Группийн аяллаар бие сэтгэлийн тэнхээ болоод унадаг дугуйн ур чадвар болон дугуйтай аяллын туршлагаар харилцан адилгүй хүмүүс явах тул бас нэг удаа л туулаад гарчих бус харин ахиад гурван удаа голоор гарах тул хэмээн хоёр талаасаа хэлэлцэн ярилцацгаав.

Зураг 2. Даваатын даваа өөд өгсөхдөө эргэж харсан нь

Урд хойно хоёр талаас нь давсан Даваатын давааны зам бол урдаа гайгүй харин хойноо ёстой л уулын дугуйны үлгэр жишээ зам ажээ. Тэрхүү даваагаар Тэрэлж голын эрэгт хүрэн саатаж амраад буцахад 100 км-ын давгүй сайхан аялал болох юм байна. Давааны араас өгсөж явахад багийн гишүүн анд маань "Уулын дугуйны тэмцээнийг яг ийм замаар өгсүүлэх байдлаар зохиовол зүгээр юм" гэж хэлж байв. Том чулуу, модны үндэс, энхэл донхол, ташуу, сул хайрга, горхи, бага сага тогтоол ус, огцом өгсүүр ийм замыг л кросс каунтри ангиллын зам гэхгүй юм бол одоо манайхны тэмцээн явуулаад буй дардан гэмээр шороон замыг юу гэх билээ.

Зураг 3. Багийн гишүүн ШТГ Б.Баттөмөр

Буцах үед Гацууртын замд салхи сөрөөгүй тул замын тэгш хэсэгт ч жирийлгэсээр бүр нэг удаа машинтай уралдаж 47 км/цаг хүртэл хурдалсан нь plus size гадартай full suspension уулын дугуй бид хоёрын хувьд тэгш замын рекорд амжилт боллоо. Тэгсэнээ гэнэт ухаан орж нөхрөө хүлээж улмаар урдаа оруулан хамтдаа жийсээр өнөөх замаа дуусгаад Дүнжингаравын дугуйн зам дээр гарав. Ингээд аялал өндөрлөх цэг Дүнжингарав худалдааны төвд 17 цаг өнгөрч байхад хүрээд Баттөмөр андын хэлсэнээр "группийн аялал дуусахад сууж амардаг уламжлал"-ыг ёсчлон гүйцээв. Суугаад төд удаагүй байтал группийн өөр таван гишүүн гэнэт гараад ирэв. Тэд Тэрэлж суурин хүртэл засмалын дугуйгаар жийгээд тэндээ тухлан саатаж байгаад ирцгээжээ. Мань хоёр ч Тэрэлж гол руу уулын замаар оччихоод ирсэнээ хэлэв. Ийнхүү нэг зүг рүү өөр өөрөөр аялсан хоёр аялал нэг дор дууссан нь содон юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Баттөмөр Г.Махгал
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!