Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #12 - Хонин нуга буюу Ерөө голын эх

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/229
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
161 км
Давааны тоо
4
Өндөр авалт
2097 м
Өндөр алдалт
-2157 м
Их өгсөлт
12.5 %
Их уруудалт
-12.6 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2022 оны 7 сарын 13 Лхагва гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн зуны улиралын ээлжит Олон хоногийн аяллыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хонин нуга буюу Ерөө гол (Шарлан гол, Хонги голын бэлчир)-ын эх чиглэлд хийнэ. Энэ чиглэл нь ой мод бүхий бэсрэг уулсын дундуур даваа даваж аялах ба замын хувьд дээр үеийн мод тээвэрлэх зориулалттай харьцангуй өргөн, шороон замтай. Хойд мөсөн далайн ай савд багтах Ерөө, Ялбаг, Хонги, Шарлан гэсэн томоохон голуудын хөндийгөөр аялана.

7 сар 13 өдөр, Лхагва гариг
Өглөөний 10.30 цагт УБ хотоос өдрийн галт тэргээр гарч Үнэгт өртөө дээр 14.35 цагт бууна. Өртөөнөөс буун төмөр зам даган жийсээр нүхэн гүүрээр гарч Саалинч голын хөндий өгсөн аялсаар 32 км зам туулан Уртын даваа давна. Даваа уруудан Ялбаг голыг гүүрээр гарч Хатангийн давааны 11 км замд өгсөж жийнэ. Тухайн өдрийн байдлаас шалтгаалан даваагаа даван уруудаж нэг бол Хонин нуга хүртэл зүтгэх эс болбоос Хатангийн голын дэнжээр явсаар тохирох газар олж отоглоно. Уг нь Үнэгт өртөөнөөс Хонин нуга хүртэл 76 км орчим зайтай.

7 сарын 14 өдөр, Пүрэв гариг
Хонин нуга хүрч Хонги, Шарлан голын бэлчир дээр отоглоно.

7 сарын 15 өдөр, Баасан гариг
Хонин нуга дээр амарч өнжиж болно. Өдөр хагаслаад ирсэн замаараа Зүүнхараа хот руу дөхсөн ч болно.

7 сарын 16 өдөр, Бямба гариг
Өглөө эртлэн, ирсэн замаараа Хатангийн даваа, Уртын даваа даван Саалинчит голын хөндий уруудан 86 км зам туулан Зүүнхараа хот хүрнэ. Зүүнхараа хотоос шөнийн 01.58 цаг, 04.55 цагаас галт тэрэг УБ хот руу хөдөлдөг.

Майхан, аяны хөнжил гудас, тулга тогоо зэргээс гадна тохирох гутал хувцас, гэрэл чийдэн, эмийн сан, унадаг дугуйн техникийн бүрэн байдлыг хангаж, 3 хоногийн өглөө, өдөр, оройн хоолны нөөцийг бэлдэж, замын болон бусад зардлыг төлөвлөнө.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

7 сарын 13, Лхагва гариг

Манай цомхон баг 3 хүн (нэг бүсгүй)-ий бүрэлдхүүнтэй. Өглөө 8 цагт Нарны зам дагуух Миний дэлгүүрийн урд талбайд уулзан хамтдаа жийсээр төмөр замын буудал оров. Тэнгэр цэлмэг, наран ээсэн зуны тунгалаг өглөө түмэн бужигнасан их хотын хөдөлгөөнд бид уусан орж билээ.

Зураг 1. Манай баг. Төмөр замын буудал дээр

Аяллын ерөнхий төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт орж, аялал эхлэх цэг Үнэгт өртөө бус Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараа суурин байлаа. Учир нь наадам, баярын үеэр төмөр замын ачаалал мэдэгдэхүйц нэмэгдэж, тасалбар олдохгүй байв. Мөн тээшний вагон 7 сарын 18 хүртэл явахгүй болохыг мэдэв. Галт тэрэгний даргатай тааран учир явдлаа хэлж, толгойн ард талын вагоны мухар хонгилд гурван дугуйгаа ачив. Биднийг УТГ Б.Насанбат гарган өгч, дугуй ачилцан, замын хүнс бэлэглээд, сайн яваарай гэсээр үдлээ.

Наадмыг тохиолдуулан УБТЗ-аас нэмэлтээр гаргасан УБ- Дархан чиглэлийн хурдан галт тэргэнд ийнхүү сууж бараг зогсолтгүй явсаар Зүүнхараа сууринд 11 цаг  өнгөрөөгөөд буулаа. Хараа голын хөндийд орших энэ сууринд жин үдийн наран голлож, ойрын өдрүүдэд орсон борооны чийгтэй агаар, өвсний сөл ханхалсан бүгчим халуун өдөр байлаа. Аяллын багийнхан галт тэрэгний буудлын зоогийн газар хооллож, ундлаад 12.30 цагт суурингаас зүүн зүг гарч ухаа гүвээт замаар өгсөж уруудан жирийтэл жийлээ. Ачаатай уулын дугуй намбалзаж, зассан шороон замтай хослон урамтай урагшилсаар Хөх хошууны даваа өгсөн Шивэрийн голын хөндийн баруун талын татамын замд орлоо.

Зураг 2. Хөх хушууны даваа

Яг л нэг уурын саунд сууж буй мэт салхигүй чийглэг агаарт өндөр сахлаг ургасан өвстэй голын хөндий өгсөн жийхэд хөлс зайгүй урсан, бие шингэн шаардана. Явалтынхааа салхинд биеэ аргадан, зогсох төдий пүнхийсэн халуунд шарагдахаа мэдэх тул зогсолтгүй явсаар Гурван байшин өнгөрч Шивэрийн голын гүүрээр гаран Галсан булагийн хөндий рүү орж ирэв.

Зураг 3. Галсан булгийн хөндийн замд

Замын хажууханд байх Галсан булагаас усаа авч, сэрүүцэн амраад Уртын даваа өөд зүтгэлээ. Замдаа байгаль хамгаалагч Сүрэнхүүгийн гадаа ирж зорилгоо хэлж бүртгүүлээд уулын замд оров. Хоёр залуу маань бяртайхан, бахтайхан жийж өгссөөр давааны замын өгсүүрт ой мод руу шурган орж бараа тасрав. Урт (энэ давааг Ходон даваа гэж бас нэрлэдэг)-ын давааны овоон дээр амсхийх агшинд энэ өдрийн биеийн байдал тун ядруухан байгааг би мэдэрч байлаа. Санаа зовонгуй хүлээж буй хоёр анд дээрээ очин үзэм идэж, ус ууж амарлаа. Нэг гишүүн маань, ахаа таны бие муухан (багынхан маань мэдээж миний гэмтлээсээ эдгэж буй хөлд санаа зовонгуй байсан) байгаа бол буцаж уруудан Галсан булгийн хөндийд отоглоод, маргааш хот руу жийх үү болно шүү дээ гэж хэллээ. Нэг нөхрийнхөө төлөө өөрийн эрх ашиг, хүслээ хоромын төдий хөсөр хаяж чадах ийм л хүн чанартай залуусаараа бахархан суулаа. Тухайн өдөр, аялагчийн биеийн байдлаас шалтгаалан замын уртад хэдэнтээ "унаж босдог" туршлагыг мэдэх тул, ямар ч гэсэн уруудаад Ялбаг гол орьё гэж шийдвэрээ хэлээд жийж билээ.

Зураг 4. Ялбаг голын хойд дэнж, Хатангийн даваа руу өгсөх замд

Ой мод дундуур зурайх өргөн замаар салхи татуулан уруудах ахуйд бие сэргэн, сэтгэл баясал дүүрэн болж, ахин аяллаа үргэлжлүүлэх хүсэл тэмүүлэл асаж хорхойсож, тэрхэн зуур "босоод" ирлээ. Ийм л байдаг даа гэсэн тайван бодолд уусан замаа үргэлжлүүлэв. Ялбагийн голыг гарч Хатангийн давааны 11 км өгсүүр замд оров. Байгаль даанч сайхан, уулын хавчиг хөндий дагуу хоржигнон урсах голын чимээ нэг ойртож нэг холдоно. Ойрын өдрүүдэд бороо хур их орсон тул замыг хонхор хэсэгт их хэмжээний шалбааг цэлэлзэн байн байн таарах нь бидний явалтыг удаашруулж байв. Буугаад мордоно, дахиад л жийнэ, төд удалгүй ахин бууна гэх мэтээр бид "цэмцэгнэн" өгссөөр. Ус дуусаж байлаа. Хангайн ийм замд хатаж үхэхгүй нь ойлгомжтой ч санаан зоргоор гол руу явж яахан чадах билээ. Уулын бэл дагасан өндөр дэнж дээрээс тэр доор харагдах өтгөн ургасан торлог бутан дундуур урсах голын барааг хааяа нэг хараачлан өгссөөр. Замын хойд хэсгийн мухар амнаас урсан гарах горхины чимээг сонсон, зогсож хайсаар ус авч уугаад, нөөцлөв.

Зураг 5. Уулын тунгалаг горхи

Ийнхүү наранд шарагдан зогсолтгүй өгссөөр Хатангийн давааны оройгоос 4 км зайд өндөрхөн дэнж дээр байрлах ойн цагдаагийн гадаа хүрлээ. Нэр нь Улаанхүү. Энэ газар 10 орчим жил ажиллаж байгаа гэнэ. Тэрүүхэн хажууд нь тунгалаг уулын горхи хоржигнон урсана. Байшингийн урд талын тэгш дэнж дээр отоглов. Энэ өдөр манай баг 60 км зам туулжээ. Ялаа, шумуул санасныг бодоход гайгүй байлаа. Майханаа барьж, хоолоо идэж тухлан, аяллын намуухан яриагаар чимэглэгдсэн энэ үдэш тун сайхан байлаа.

7 сарын 14, Пүрэв гариг

Тэнгэр бүрхэгдүү өглөө боллоо. Хооллож ундлан, отогоо хураагаад 9.30 цагт Хатангийн даваа өөд зүтгэлээ. Зам нь жийхэд тун тохиромжтой боловч зарим хэсэгтээ эвдрэлд орсон байлаа. Давааны орой өгсүүр замын дагуу гүзээлзгэнэ бөнжигнөн хорхой хүргэнэ.

Зураг 6. Гүзээлзгэнэ

Ёстой бялуурталаа идэж аваад даваан дээр гарч амсхийгээд уруудав. Давааны оройгоос нэг км хиртэй уруудан бас нэг ой хамгаалагчийн байшин хүрч бүртгүүлээд хөдлөв. Үүл сарнин наран ээгээд эхлэв.

Зураг 7. Манай баг. Хатангийн даваа

Замын хоёр талаар ой мод, доошлох тусам бургас хус гололсон нөгөө л шалбааг бүхий замаар уруудсаар, сүүлдээ цайраад шалбаагаа шууд дайраад гардаг боллоо. Тэртээ дор Хатангийн гол харагдана. Энэ замаар морьтой хүн бүтэн өдөр урууддаг гэж нэг номноос уншсан нь санаанд оров. Үнэхээр уужим уруудлаа, хоёр талаар битүү ургасан мод бургасан замаас бушуухан гарч алсын бараа харагдах уужим хөндий рүү орохыг тун их хүсэж байлаа. Хэд хэдэн уулын хошуу ороон явсаар сүрлэг уулсын бараа тодрон харагдахуйд зам гол руу эргэн Хатангийн гол дээр барьсан жижиг модон гүүр дээр ирж сэрүүцлээ.

Уулын бэл ороосон замаар өгсөн уруудан явсаар Ерөө голын тохой алсаас цэлэлзэн харагдаж сэтгэл татна. Аажим өгсөн ийнхүү хоёр өргөн ам хөндлөн гарч Хонин нугад амьдардаг ганц айлын барааг харлаа. Цаг 14.30 болж байв. Гэрийн эзэнтэй нь уулзан, ачаагаа суллан буулгаад Ерөө голын эх рүү бид гурав жийлээ. Хонги, Шарлан гол нийлж Ерөө голын эх болдог билээ.

Зураг 8. НТГ Ш.Лазина. Ерөө голын эх, Хонин нуга

Түр зуурын устайхан борооны зах биднийг дайран өнгөрөв. Ийхүү зорьсон газраа манай баг ирсэн юм.

Зураг 9. ШТГ Б.Жавхлантөгс, Ерөө голын эх, Хонин нуга

Айлд буцан очин оройтсон өдрийн хоол хийж идэн, Ерөө голын эрэг дагуу алхаж амраад, оройн хоол хийж идэж, гэрийн эзэнтэй хууч хөөрч, жаал тоглож байгаад тэдний байшинд унтлаа. Биднийг ирсэний дараа түр зуурын овоо устайхан бороо хоёр ч удаа ороод амжив. Энэ өдөр 38 км зам туулсан.

7 сарын 15, Баасан гариг

Уулс мананд халхлагджээ. Бүрхэг өдөр болов. Уулын даваа өөд жийхэд тун таатай цаг агаар тохиов.

Зураг 10. Хонин нугийн өглөө

Гэрийн эзнээр үдүүлэн бас шууд төв замаа чиглэх өвлийн улиралд явдаг зам заалгаж аваад бид 9.30 цагт хөдөллөө. Үндсэн замын дагуу шаварт шигдэж суусан эвдэрсэн бульдозер-ын хойд талаар тойроод нэг уулын ам хөндлөн яваад шууд төв зам руу нийлсэн аятайхан зам байв.

Зураг 11. Өвлийн замаар буцаж байна

Мэдээж өвлийн зам учраас шавар ус, өндөр ургасан өвс ургамал тохиолдолгүй яах вэ. Айлын гаднаас дагаж гарсан нохойнууд салах шинжгүй бидэнтэй хамт аялсаар байв.

Сайхан байгальд тавтай амарч чадсан тул манай баг жавхаатай урагшилж байв. Замд нэг гишүүний ундаг дугуйны зүүн хөлний шатунь эвдэрч дунд голоосоо салж унаад байв. Харин ч нэг нам засаж чадсан даа.

Зураг 12. Зорилгоо биелүүлээд буцах сайхан

Хатангийн давааны 25 км өгсүүр замыг хүүе гэхийн завгүй эвхэн даваж, уруудан ой хамгаалагчийн гэрт очин өдрийн хоолоо хийж идэв. Хоёр дугуйны тоормосны накладка дуусаж төмөр нь гарсан байв. Авч явсан нөөц хос хуучин накладка, мөн дугуйны урд накладка-гаас авч хийгээд зөвхөн хойд тоормостой болж даваа уруудах боллоо. Ялбаг гол руу уруудах долоон км замд их усархаг бороонд цохиулав. Бид явсаар л, зогсолтгүй урагшилсаар шууд л Уртын давааны өгсүүрт нэг амьсгаагаар бүгд жийгээд гарчихлаа.

Зураг 13. Хандгай нуур

Урьд өдөр нь энэ замаар уруудаж байхдаа, буцаж явахдаа түрэх л юм байна гэж хэн хүнгүй их сүрдэж байснаа дурсан яриад л бие биедээ баяр хүргээд уруудлаа.

Зураг 14. Хонин нуга хүрэх замын ерөнхий байдал

Ийнхүү Зүүнхараа сууринд 20.30 цагт бид ирж аяллаа амжилттай (төлөвлөж байснаас нэг өдрийн өмнө) дуусгасан билээ. Энэ өдөр 98 км зам туулсан. Зүүнхараа сууринд ирэхэд галт тэрэгний бүх тасалбар нэгэнт дууссан мэдээ угтав. Бас тээшний вагонгүй тул галт тэрэгнд өөрсдөө суухаа урьтал болгон, дугуйгаа саяхан танилцсан цайны газрын эзэгтэйд захиж үлдээлээ. Тээшний газар нь Даваа гаригаас ажиллаж эхлэнэ гэнэ. Ийнхүү аяллаа унадаг дугуйгүй дуусгаж үздэг юм байна.

Энэ аяллаар нэг гишүүн аялагчийн Шар тэмдгийн болзол хангалаа. Багийн гишүүн бүр өөр өөрийн хариуцсан үүргээ тун чамбай биелүүлж, өгсүүр уруу, бартаа, шавартай замд атгасан шагай мэт тун нэгдмэл жийж байсан юм. Та нартаа маш их баярлалаа. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Лазина Б.Жавхлантөгс Э.Ожго
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Жавхлантөгс Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3568 км
Зүгээр л жий!