Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #25 - Хамарын хийд буюу Эвтэй дөрөв

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/228
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
108 км
Давааны тоо
1
Өндөр авалт
609 м
Өндөр алдалт
-610 м
Их өгсөлт
8.5 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2022 оны 6 сарын 24 Баасан гараг, 20:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын төрөл: Хоногийн
Аялах арга: Групп-ээр
Цувааны зохион байгуулалт: Админ удирдана, цоожлогчтой.
Энэ аялал нь нэг чигийн хоногийн аялал бөгөөд оролцогч нар майхан, аяны хөнжил зэрэг ачаагүй аялах боломжтой чиглэл. Галт тэргэнд хоёр шөнийг өнгөрөөнө.

6 сарын 24 өдөр, Баасан гариг: УБ хотоос орой 20:58 цагт хөдлөх Улаанбаатар- Сайншанд чиглэлд аялах 286 дугаар галт тэргэнд сууна. Унадаг дугуйнуудаа тээшний вагонд (урьдчилан болон шууд) өгнө. 
6 сарын 25 өдөр, Бямба гариг: Өглөөний 07:30 цагт Сайншанд хотод бууна. Өглөөний 8.30 цагт дугуйн аялал эхэлж, Хамарын хийд хүрнэ. Өдрийн хоол идэж амраад, ирсэн замаараа буцан Сайншанд хотод хүрч оройн 23:45 цагт Замын үүд- Улаанбаатар хүртэл аялах 275 дугаар галт тэргэнд сууна. Энэ өдөр 93 км аяллын зам туулна.
6 сарын 16 өдөр, Ням гариг: Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууна.

Аялалд оролцох гишүүд галт тэрэг (тасалгаат/купе болон унтлагын/плацкарт)-ний очих, ирэх тасалбараа урьдчилан худалдаж авсан байна. Аялагч гишүүд замд хэрэглэх хоол, хүнс болон бусад зардал, унадаг дугуйны бүрэн бүтэн байдал, шаардлагатай багаж сэлбэг (урд хойд гэрэл) зэрэг бэлтгэлээ дор бүрнээ базааж аялалд оролцоно.

Тасалбарын үнийн талаархи мэдээлэл:
Тасалгаат/купе- 26500₮ нэг талдаа
Унтлагын/плацкарт- 15800₮ нэг талдаа

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шар тэмдэгтэй аялагч гишүүн Жамъяндоржийн аяллын тэмдэглэл

Энэ удаагийн аялал бол аялал эхлэх цэгт галт тэрэг хөлөглөн очих тул аялалд гарах Баасан гарагийн үдээс хойш дугуйгаа тээшинд өгөх гээд очиход аль хэдийн хамт явахаар бүртгүүлсэн дөрвөн гишүүдийн маань хоёрынх нь холыг ойртгуулагч тээшинд сойгоостой байлаа. Хажууд нь өөрийнхийгөө зэрэгцүүлж тавиад ямарч л байсан аялалд нэг шат ойртлоо гэж санаа амрав. Орой нь галт тэргэндээ суухаар очлоо. УДА гийн хэсэг гишүүд биднийг гаргаж өгөхөөр иржээ. Баярлалаа та нартаа.

Бямба гарагийн өглөөний 07 цаг өнгөрч байхад Сайншанд хотод ирлээ. Өөр өөрсдийн дугуйнуудаа тээшний галт тэрэгнээс аван 2 хоногийн аялалд явж байгаа гэхэд инээд хүрмээр бага ачаагаа дугуйндаа бэхлэх нь бэхлэж үүрэх нь үүрцгээлээ. Учир нь энэ удаагийн аялал хэдий 2 шөнө 1 өдрийн аялал болов ч 2 шөнийг нь галт тэргэнд өнгөрөөх ба үлдсэн 1 өдөр нь засмал зам дагуух дэлгүүр худалдаатай газраар жийх болохоор бусад хоногийн аяллын адил аяны хөнжил, майхан, хийн тогоо… гэх зэрэг зүйлс шаардаггүйгээрээ онцлог юм. Биднийг хөдлөх гэж байх үед тээшний ажилтан: “Та хэд хаа хүрэх вэ?”, ”Хамрын хийд", ” Хэзээ буцах вэ?”, ”Өнөө орой”, ” Галт тэргээр буцах бол 6 цагаас өмнө ирж тээшний ачаа хүлээн авах хэсэгт дугуйгаа өгөөрэй. 6 цаг болчихвол хаагаад явчихна шүү” гэх зөвлөгөөг өгөв.

Зураг 1. Сайншанд хотын төмөр замын буудал дээр

Ингээд дугуйндаа мордон галт тэрэгний буудлаас хөдлөх үед 8 цаг болж байв. Галт тэрэгний буудал нь аймгийн төвийнхөө хойд талын өндөрлөг хэсэгт байдаг юм байна. Бид эхлээд урд зүгрүү хэсэг жийж Сайншанд гэсэн бичигтэй замын дээгүүр хөндлөн гарсан ган байгууламж болон цаахан талд нь байх явган хүний төмөр гүүрний доогуур гаран төв зам нь бололтой замаар салхи татуулан уруудав. Хэсэг яваад гэрлэн дохиогоор зүүн гар талруугаа эргэн Сайншандын төв талбай дээр очлоо. Тэндээсээ хажууханд нь байх замруу гараад эргээд хартал Mөнгөнсүх байдаггүй. Бага зэрэг хүлээгээд Золзаяа эгч: “Төөрсөн юм биш үү? Жамиа очоод ир ээ… “ Би: “Арай үгүй байлгүйдээ“ гэж хэлээд хүлээв. Ирэх янзгүй болохоор нь талбайруу орсон гудамруу ортол зүүн таллуу жийж харагдав. Чангахан дуудтал харсан бололтой нааш эргэв. Ингээд дөрвүүлээ болж аваад замаараа нээлттэй дэлгүүр харангаа Хамрын хийд орохоор аймгийн төвийн зүүн урд зүгийг барин уруудуу замаар довтолгов. Багийн гишүүн Жавхлантөгс: “Багадаа Сайншандад өссөн” гэж хэлэв. Тиймдээ ч тэр үү урд гаран итгэлтэйгээр эргүүлэх нь урамтай ажээ. Ашгүй төвөөс гарахын даваан дээр яг замын баруун гар талд цэлийтэл үүдээ нээсэн дэлгүүр харагдлаа. Ээ гилай минь. Дөрвүүлээ хүнс, усаа базааж аваад л замдаа гарцгаалаа. Замд таарсан арваад дэлгүүр бүгд хаалттай байхад эргэн тойронд нь тийм ч их худалдан авагчгүй гэлтэй дэлгүүр ийм эрт нээлттэй байсан нь магадгүй бид мэтийн өглөөний суудлаар ирсэн дотоод гадаадын аялагч нарт үйлчлэх сэтгэлтэй юмаа гэж санагдсан. Дэлгүүрээс хөдлөөд нэг их удалгүй Сайншандаас гарах шалганаар өнгөрөв. Шалганы хүн бид гурвыг хараад автомат хаалтыг хүндэтгэлтээгээр нээж өгөх нь сэтгэлд таатай.

За ингээд аймгийн төвөөс нэг мөсөн гарсныг илтгэх мэт төмөр замын гарам өнгөрөв. Яг тэр үед ямар азаар нэг ч гэсэн дэлгүүр таарваа гэж дотроо баярлан жийлээ. Аан тийм өглөө галт тэрэгнээс буухаас аваад л цаг агаар нэг л таатай сэвэлзүүр салхи бид дөрөвт зориулж үлээх мэт зүүн хойноос чиглэж байсан аятайхан мэдрэмжтэй байв. Замын зүүн гар талд цайвар зүсмийн ганц тэмээ идээшлэн бид дөрвийг хмм... өдөр болгон холхидог хэдэн хүмүүсийн нэг байна гэсэн аятай хэвэн зогсох ажээ. Замын нөхцөл хэвийн сайхан боловч үе үе эвдрэл таарах нь элбэг. Гэхдээ огцом ухагдсан хагархай байхгүй байгаа нь сайн. Салхины ачаар өгсүүр үед ч хүч бага зарцуулан төвөггүй жийсээр талын нэгэн жаахан толгой дээр гарч ирэхэд багийн гишүүн Жавхлантөгс хүлээж байлаа. Ингээд хоёр эмэгтэй гишүүнээ ирсэний дараа хамтдаа хөдөлцгөөв. Галт тэргэнд байхын Жавхаа: "Хурдхан дугуйгаа аваад унах юмсан" гэж яараад байсныг хэлэх үү дугуйндаа мордовуу үгүй юу л годолзоод алга болсон юм. Нөгөө хоёрынхоо ард цоож хийн жийж байтал нэг зүйл анзаарав. Багийн гишүүн Мөнгөнсүх маань жийхдээ толгойгоо хоёр тийш хөдөлгөж жийдэг юм байна. Жаахан хурдтай жийх үедээ бүр ч илүү хөдөлгөж байсан шүү.

Ингэж явсаар 9:30 болж байхад урдаа хилэнцэт хорхойн хөшөөтэй салаа замын уулзвар дээр ирэв. Хөшөөн дээр зургаа даруулаад хөдлөх үед багийг ахлаж буй Золзаяа гишүүн одоо салхиа аваад бөөндөө явья гэсэн санал гаргав. Үнэхээр зөв шийдвэр байсныг хөдлөөд мэдэрсэн. Зүүн хойноос чиглэж байсан салхи маань Хамрын хийдрүү эргэсний дараа зүүн урдаас болж өөрчлөгдөв. Жавхлантөгс бид хоёр хоёр эрэгтэйгээрээ ээлжлэн салхиа авсаар төвөггүй мээм хадны харалдаа ирлээ. Мээм хадруу шууд засмалаас гаран жийж очив. Нэг сонин ёс байсан нь мээм хаданд эрэгтэй хүн бараг ойртож, идээ будаа өргөж болохгүй гэсэн ёс байлаа. Цааш хөдлөн Ар шамбала буюу 2006 онд дахин сэргээн шинэчлэн байгуулсэн энергийн төврүү очлоо. Үүдэндээ 2к-ийн тасалбар авдаг юм байна. Өгсөн тасалбар дээрээ дотор нь буй зүйлсийг нарийн тайлбарласан нь их таалагдсан. Энд зураг хөргөө авахуулан бас бус ёс үйлдэн хөл нүцгэн гүйж энергийг хөлийн улаараа авсан нь хөгжилтэй байлаа. Хоёр ихэр хүүхэд хоёр ч удаа тааралдав. Мөнгөнсүх "тэр хоёр ихэрт очиж мөргө, хоёр ихэртэй болох ч юм билүү" гэж хэлэхээр нь амны билигтэй юм гэж бодоод зургийг нь буулгалаа. Мөн Алтан гавал овоон дээр гаран үлэмжийн чанар дууг дуулж л орхилоо. Дараа нь ноён хутагтын нууц тарнийн бясалгал үйлдэж байсан агуйд орон бясалгал хийж буй мэт зураг дарууллаа. Бас эхийн умайд дараалалд зогсон байж орон шинээр мэндлээд авлсан шүү.

Зураг 2. Дугуй нөхөж буй нь

Тэндээсээ гэнэт өлсссөнөө мэдсэн мэт хөдлөх гэтэл Золзаяа эгчийн дугуйны хий гарчээ, Шоогоос авсан, цавуу хэргэлдэггүй нөхөөс байгаа гэхээр нь Жавхаатай нийлэн гялалзуулж орхилоо. Хоолны газар очтол цуйван, бууз хоёр л хийж өгнө гэж байна. Би цуйван, нөгөө гурав бууз захиалтал цуйван доод тал нь хоёроор гарна гэхээр нь  Жавхаа надтай хамт цуйван авахад амттай сайхан цуйван байсан боловч харин хоёр эмэгтэйн маань авсан буузных нь мах улаан байсанд тэр хоёр жаахан голонгуй идэв. Жавхаа, Золоо эгч хоёр хоолон дээрээ нэмэлтээр хотоос авчирч халуун наранд өдөржин явсан 2 чанасан өндгийг цохиж л орхилоо. Би гайгүй байгаадаа л гэж бодлоо. Яагаачгүй шүү.

Зураг 3. "Энергийн төв"-д

Ингээд буцах замдаа оров. Салхи харин энэ удаа баруун хойноос байсан тул яах ийхийн зуур нөгөө хилэнцийн хөшөөтэй уулзвар оччихлоо. Нөгөө гурвыг хойноос ирэхэд нь жаахан амс хийгээд би түрүүлээд Сайншандруу явдаг замруу чиглэтэл Хан баян зүрх хайрхан буюу Хүслийн хар уул явахаа таг мартаж орхисон байж. Буцаж эргээд эсрэг талруу явсан замруу орцгоов. Золоо эгч "би урд үзчихсэн дээшээ гарахгүй та гурав түрүүлж очоод гараад байж бай" гэж хэлэв. Салхи ерөнхийдөө урдаас хүч их зарцуулан жийж хүрлээ. Мөнгөнөө бид хоёрыг бэлд нь хүрэхэд Жавхаа дээш өгсөөд уулынхаа гуравны нэгийг туулсан харагдана. Үдийн 15н цаг болж байсан ба нар ид шарна. Эргэн тойрны байдал гандуу газрын өнгө зэвхий хуурай халуунаар төөнөнө. Мөстэй кола, ус, бабулай тараг аваарай гэх худалдаачидын дуу чихэнд уянгатай сонсогдож өөрийн эрхгүй хажууд оччихсон байлаа. Нэг сайхан мөстэй кола залгилтал нүд онгойх мэт мэдрэмж төрөөд явчив. Унах гэж байсан хүн чинь Мөнгөнөөтэй ээлжлэн инээд алдан биенийхээ зургийг дарсаар оройн доод талд байрлах амрах цэгт оччихсон байв. Мөнгөнөө дотроо оройд гарчих санаатай надаас дэмжлэг хүсэх мэт яах уу дүүрсэн хэрэг гарчихья гэж асууна. Би ч зүгээр зүгээр дэмий ёс л биз яваад бай гэж хариулав. Бид хоёр ийн ярилцсаар амралтын цэг дээр Үлэмжийн чанар дууг солгойдуу хойлоогоор дуулах 2 хосын хажуугаар зөрөөд өнгөрөв. Тэр хоёр бидний яриаг сонссон бололтой эмэгтэй хүн Хүслийн уулруу гарч болохгүй гэж буй мэт бид хоёрыг дээш өгсөх тусам улам их чанга солгой өнгөөр хашгирч эхлэв. Бид жаахан зовинсон байдалтай дээш өгсөөд л байлаа. Гэнэт өөдөөс Жавхаа гарч ирэв Жавхаа үгийн зөрөөгүй Мөнгөнөө орой дээр гараад хэрэггүй байх нутгийн хүмүүс дургүйцэнэ гэж хэлчхээд доошлов. Мөнгөнөөгийн оройд гарах хүслийг Жавхаа болон тэр хосууд бас дарж арай л чадсангүй бололтой. Цааш өгстөл өөдөөс гурав дөрвөн хижээл насны ах нар бууж ирж харагдав. Үлэмжийн чанар дууны бахираан дунд тэднийг харсан Мөнгөнөө бууж өгөхөөр шийдэв бололтой. Би ер нь буулаа гэж надад хэлэв. Зүгээрээ хамт өгсий гэж хэлээд нэмэр болсонгүй буугаад явчихлаа. Энэ үетэй зэрэгцэн бахираан ч намдав.

Ингээд би ганцаар орой дээр гарч эргэн тойрноо ажиглан овоогоо тойрчоод доошилон бүгд хөдлөхөөр болцгоов. Би ч түрүүлээд салхины дагуу уруу газарлуу өнхөрч эхлэв. Нааш ирэх үеийн мэдрэмжээс тэс өөр байлаа. Бонусаа авч байгаа бололтой. Жаал яваад харсан дугуйчид маань харагдадгүй. Залгахтал Золоо эгчийн дугуй дахиад хий нь гарсан, чамайг дуудаад сонсоогүй, хагархай нь олдохгүй байсаар удчихлаа одоо хийлээд хөдөлж байна гэв. За ойлголоо гэж хэлчхээд уулзвар дээр хүлээж нөгөө 3 тайгаа нийлж аваад баруун урдаас чиглэх салхийг сөрөн эргүүллээ. Жавхаа Золоо эгчийн салхийг, Би Мөнгөнөөгийн салхийг аван урагшилж байтал Жавхаа гэнэт салаад явчихав. Золоо эгчээс асуутал түрүүлж очоод тээшинд дугуйгаа бичүүлж байя гэсэн гэж хэлэв. Ингээд тээшинд санаа зовох зүйлгүй болсон дариуд Мөнгөнөө тэр овгор дээр гараад жаахан юм ууж амръя гэж хэллээ. Бид хоёр ч санал нэг байлаа. Энэ мэт гурав дөрвөн удаа амарч явсаар төвөггүйхэн Сайншандын барааг харав. Оройн 17:50 үед Жавхаа залган дугуйнуудаа бичүүлчлээ гэж хэллээ. Төмөр замын буудал дээр 18:30 болж байхад ирэн хамтдаа дугуйгаа тээшний вагонд өгөхөд бидний тээшинд нь дугуйгаа өгсөн вагон Сайншанд-Улаанбаатрын чиглэлд явах 19:40 галт тэрэг байсан ба оройны бидний явах 23:40 галт тэргэнд тээшний вагон явдаггүй болохыг сүүлд мэдэж авсан юм.

Нэгэнт дугуйгаа өгсөн хүмүүс шууд хоол яриад эхэллээ. Жавхаа энэ вокзалын хоол амттай цэвэрхэн байдаг гэсэн гэхэд нь бүгд дэмжин орж сайхан амттай цэвэрхэн ногоотой шөл авч идэцгээлээ. Хоолонд ороод жаахан амарч байгаад гарахад 19:40 ийн вагон яваагүй л байлаа. Бүх ажлаа амжуулсан тэгээд цатгалан хүмүүс 23:40 ийн вагонд суутал юу ч хийхэв. Хотын өндөрлөг дээр байдаг танкны хөшөөн дээрээс шөнийн Сайншандыг ажиглан хууч хөөрцгөөж явах цагаа дөхүүлэн галт тэрэгний буудалд ирэн оройны вагондоо суувуу үгүй юу унтахаар хэвтэцгээлээ. Эхний шөнө галт тэргээр ирэхдээ сэрвэлзээд унтаж чадахгүй байсан би нүдээ аниад нээхэд л өглөө болчихсон Ням гарагийн өглөө Улаанбаатар хотдоо ирчихсэн байлаа. Унадаг дугуй маань ийм л ид шидтэй унаа даа. Хамт аяласан найзууддаа баярлалаа.

Зураг 4. Аялал өндөрлөх мөч, ням гараг 09:31 цаг

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх Б.Жавхлантөгс П.Золзаяа
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!