Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #5 - ДУГУЙЧНЫ ДОЛООН ДАВАА V

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/225
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
130 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2342 м
Өндөр алдалт
-2345 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
-27.5 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2022 оны 6 сарын 18 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүхэнд "Долоон даваа" нэрээр ийм төрлийн аяллыг 4 удаа зохион байгуулж байсан. Цаашид "Дугуйчны Долоон Даваа" хэмээн нэрлэн, тухайн аяллын замын унадаг дугуйтай өгсөх шатлалын хэмжээг метр-ээр (2245м) тусгаж байх болно. Энэ төрлийн V дахь аялал нь энэ билээ.

Аяллын төрөл: Өдрийн
Аялах арга: Ганцаарчилсан

Энэ аяллын замыг гишүүд ганцаараа бие даан туулна. Аяллын замыг сайн судалж, эргэлтийн цэгүүдийг өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Ой мод, уулын энгэр хяр, нуга шавар бүхий жижиг горхи, шороо болон автомашины замаар аялаж, өдрийн хоол цай амрах цаг хугацааг өөрөө өөртөө тохируулан, унадаг дугуйнд гарах техникийн эвдрэл гэмтлийг засах зэргээр биеэ даан аялах чадвар суулгах, туршлага хуримтлуулах зорилготой чиглэл юм. 
Холбоо барих: Аялал хэвийн үргэлжилж буй тохиолдолд нэг удаа холбоо барих үүрэгтэй. Үүнд: Хадлангийн даваа уруудан Санзайн амны адагт байх дэлгүүрийн гадаа ирж, Админы утаснд НЭР, ЦАГАА бичин мессеж илгээнэ. Аялагч нь ГАРЦ-аар гарах тохиолдолд Админд утсаар мессеж илгээн мэдэгдэх үүрэгтэй.

Жич: Мөн хэд гурваараа нийлж аялсан ч болно. Энэ нь аялалд оролцогч бүрийн хувийн эрх билээ.

АЯЛЛЫН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
Аяллын өглөө Тахилтын автобусны эцсийн буудал (СБ-ын талбайгаас 20 км зайтай) дээр цугларч 7.00 цагт гараандаа гарна. Өгөгдсөн чиглэлээр" төөрөлгүй" аялаж, Толгойтын давааны овоо дээр барианд орно. Аяллын нийт зай (эхлэх, дуусах)-г Сүхбаатарын талбайгаас тооцсон болно.

1. Тахилтын даваа: аяллын гараанаас гарч Тахилтын ам өгссөн 9 км алсын өгсүүрт жийгээд даваа давна. Автомашины шороон тод замтай.
Даваан дээрээс эргэж уруудан хот руу буцаж (Гарц 1) болно.

2. Шижирийн даваа: Тахилтын даваа уруудан явсаар бага шиг хошууны үзүүрийн дээгүүр даван Шижирийн амны баруун салаа руу орж, өгсөн Шижирийн даваа дээр гарна. Энэ давааны өгсүүр огцом талдаа байдаг. Даваанаас уруудан засмал замаар хот руу буцаж (Гарц 2) болно.

3. Найрамдалын хойд даваа: Шижирийн даваа руу шууд уруудах бус дээд энгэр барьсан замаар хэжиж явсаар намхан зоо даван тонгойж, огцом уруудан зуслангийн айлууд захлан явсаар засмал замтай нийлнэ. Найрамдал зуслангийн төв замаар явсаар ой мод руу орж, шороон замтай болдог. Ерөнхийдөө гол дагасан замаа барьж явсаар чийглэг, шаварлаг хөрс бүхий нугын бүдэг замаар өгсөнө. Сүүлдээ энэ зам жим болдог. Голын эх болох горхи хөндлөн гарч жимээр явсаар даваан дээр гарах үед эргээд зам болдог. Орой нь холоос харагддаггүй, ой модон дунд байдаг даваа. Энэ даваа руу нэгэнт өгссөн бол буцах хэрэггүй, харин даваагаа давж уруудан урагшаа Толгойтын даваа даваж (Гарц 3) , эсвэл уруудан засмал зам хүрч Гүнтийн даваа даваж хот руу буцах Гарц 4 бий.

Даваанаас  уулын энгэр барин уруудсан замаар явсаар ой мод дуусах үед замгүй болно. Ажигч хүнд бол уруудсан бүдэг зам ой дотор харагддаг. Доош уруудан явсаар удахгүй бүдэг замтай нийлж Толгойтын давааны өргөн уужим ам руу орж ирнэ. Ар Гүнтийн засмал замаар хөндлөн гарч уулын хошууны бага шиг зоогоор даван Зүүн Ацын даваа хүрэх ам руу ордог. Энэ зам нь алсын өгсүүртэй ба зам нь чулуутай, шавартай, устай байдаг. Дээш өгссөөр зам хоёр сална. Зүүн гар талын (ертөнцийн зүгээр баруун зүг) огцом өгссөн замаар салж, нарлаг хошуу дээр гарна. Замаараа цааш аажуу өгссөөр Зүүн Ацын даваа дээр хүрдэг. Энэ зам руу оролгүй зүүн зүг рүү салсан замаар өгсөн давж, (Дугуйчдын даваа) Майхан толгой руу орж хот руу буцах Гарц 5 бий.

4. Зүүн Ацын даваа: Нуугдмал оршдог даваа. Даваа дээр гарсанаа овоогоор нь мэднэ. Тод замаар доош уруудан явсаар Халзангийн ам руу орно.

5. Хадлангийн даваа: Баруун гар талын дагаж уруудсан уулын хошуугаа ороон эргэж дээш өгсөнө. Зам нь нэлээд дор байдаг тул товчлох гэж хэт дээгүүр ороон эргэхгүй байхыг зөвлөж байна. Айлууд зусдаг. Тиймээс нохой дагаж магадгүй. Өгсөж яваа болохоор нохойноос зугтах боломжгүй, өөрсдийн туршлагаараа аргалаарай. Тод замаа даган өгссөөр модон урц хэлбэртэй овоо бүхий хяр дээр гарна. Тэр хяраас хальт уруудан, замаараа өгсөн ой дундуур явсаар Хадлангийн даваа дээр гарна. Бас овоотой. Уруудан явсаар, засмал замын хажуугийн дэлгүүр дээр очиж холбоо барих үүргээ биелүүлнэ. Хот руу засмал замаар явж (Гарц 6) болно

6. Гүнтийн даваа: Засмал замаар явсаар Сэлбэ голын гүүрээр гарч хойш эргэн Гүнтийн даваа руу өгсөнө. Зам нь алсаас харагддаг. Баянбулагийн амны тэндээс засмал замаас гарч айлууд дундуур шууд Гүнтийн даваа руу өгсөх замтай нийлсэн дөт шороон зам бол байдаг. Үүнийг өмнө нь газрын зураг дээр сайн харж авч нүдэлж болно. Хэрэв эргэлзэж байвал төв засмал замаа барихыг зөвлөж байна.

7. Толгойтын даваа: Гүнтийн даваа уруудан явсаар Толгойтын даваа өгсөх ам руу салж даваа дээр гарч бариандаа орно. Баяр хүргье. Зүгээр л жий.

АЯЛЛЫН ЗАМЫН ҮЕ ШАТ, ЗАЙН ЗАДАРГАА
1. СБ талбай- Цуглах цэг 20 км (20 км)
2. Гараа- Тахилтын даваа 9 км (29 км)
3. Тахилтын даваа- Шижирийн даваа 10 км (39 км)
4. Шижирийн даваа- Найрамдалын хойд даваа 7 км (46 км)
5. Найрамдалын хойд даваа- Зүүн Ацын даваа 15.8 км (61.8 км)
6. Зүүн Ацын даваа- Хадлангийн даваа 11.3 км (73.1 км)
7. Хадлангийн даваа- Гүнтийн даваа 18.2 км (91.3 км)
8. Гүнтийн даваа- Толгойтын даваа 12.3 км (103.6 км)
9. Бариа- СБ талбай 25.6 км (129.2 км)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ

УБ хотын баруун зүгт Тахилтын амнаас группийн 10 гишүүн дугуйчин аяллын замдаа 6.57 цагт гарлаа. Зүүн урд зүгийн зөөлөн салхи, үүлэрхэг тэнгэрийн дор энэ аялал эхэллээ.

Зураг 1. Аяллын баг. Тахилтын ам

Аяллын зам дардан байхын ерөөл өргөе. Зүгээр л жий.

ШТГ П.Батмөнхийн 7 давааг бүрэн давсан аяллын тэмдэглэл

Группийн нэрийн хуудас болсон олон олон энэ мэт энэ аялалд явна гэдэг УДА группээр овоглосон бидний хувьд нэр төр, км гэхээсээ аяллын гол утга учир нь биеийн болоод сэтгэлийн хүчээ шалгах нэгэн таашаалыг мэдрүүлдэг болсоор удаж..

Тахилт, Шижир Тахилтын даваа өөд бид хэд 07:00 цаг гэхэд увж цуваад жийж эхлэв. Миний хувьд цагтай уралдаж гялалзуулах санаатай чадлаараа зүтгэсээр. Тахилт, Шижирийн даваануудыг зүтгэж гарав. Өмнө нь унаж байсан дугуйтайгаа Шижир өөд дундаас нь түрж гарч байсан бол энэ удаад өөдөөс салхитай байсан ч торох зүйлгүй гарсандаа баярлаж өөртөө "Тиймээ, чи чадлаа" хэмээн хэлчихээд овоогоо тойрчихоод эхний гарсан 3 гишүүнтэйгээ нийлэн Найрамдал руу хурд мэдэн уруудав.

Найрамдал Найрамдал зуслан дундуур өглөө эртийн цэнгэг агаар байгалийн үзэсгэлэнд жийж явахад олон жилийн өмнө энд бужигнуулж явсан хүүхэд насны дурсамж хөврөөд таатай байлаа. Өгсөх тусам байгаль эх үзэсгэлэнгээ улам бүр гайхуулан сайхан тухлаад явахгүй юу даа гэх мэт сэтгэл татаад байх шиг... Зам нарийсаж жимээр өгссөөр орой дээр гарч ирэхэд уулсын оройд өглөө эртийн униар дунд алсад Толгойтын давааны бэл сүндэрлэн харагдана. Багийнхан үзэсгэлэнт байгалийг бахдан ярилцаж тааваараа сууж цайлж аваад аялалаа хамтдаа үргэлжлүүлэхээр тохирон Ар гүнт рүү уруудаж багахан цайны газарт очин арын хэдийг хүлээхээр шийдлээ. Ард яваа 4 гишүүд удалгүй ирж сайхан хооллож аваад дараагийн даваа өөд өгсөхөөр ухасхийцгээлээ.

Зураг 2. Амрах цагаар

Зүүн ац Уужим өгсүүрт халуун наранд жийсээр давааны орой дээр гарч зураг даруулж бас ч үгүй нэлээд хугацааг өнгөрөөгөөд бүгд нэгэн зэрэг хөдлөхтэй зэрэгцэн давааны нэлээдгүй бартаатай уруу зам миний хорхойг хөдөлгөн нэгэн гишүүний хамтаар гэнэт гэнэт гарч ирэх үндэс мөчир, замын ховилд тэнцэж тогтож үсрэхэд нь үсэрч харайхад нь харайж, тоос манаргасаар бөөн кайфтай амьтан бараг л хурд хасалгүй харвасаар үргэлжилсэн ногоон төмөр хашааны дэргэд зогсон арын хэдийг хартал байдаггүй дээ. "Зургаа одоо л ашиглаж үздэг газар даа" хэмээн нээн хартал огцом баруун эргэсэн харагдаж байсан бөгөөд баруун гар талд, энгэрт зам харагдав. Арын хэд арай л удаад байх шиг санагдаад бид 2 модон дундуур зам байсныг харалгүй өнгөрч дээ, ямартай ч баруун энгэр гарахаар шийдэн нөгөөх ногоон хашааг даваад баруун энгэрт гаран хүлээлээ. Нөгөө хэдийг удах тусам урууд хэн нэг нь уначаагүй байгаа гээд л санаа зовнив. Удалгүй арын хэд орж ирж байгааг харахтай зэрэгцэн байдгаараа гараа даллан: "Наад хашаагаа даваад ирээ" гээд л хашгирсан нь аяллын замд адал явдал нэмж байгаагаа яаж мэдэхэв …

Бонус Зургаар бол нэлээн өгсөж байгаад баруун эргээд өгсөхөөр харагдаад байдаг. Нэлээд өгслөө. Сүүлдээ жийх ч боломжгүй зам ч байхгүй болов. Модны зах дөхөөд бараг л эгц өөд сахлаг өвсөнд багийнхантайгаа дугуйгаа түрж эхлэв, түрж байхад бараг л суудал хавьцаа бидний толгой хэсэг таарч байгааг харахад нэлээд өгсүүр байв. Нэг гишүүн нэлээн доор хамаг хувцасаа тайлаад цээж нүцгэн наадамд түрүүлсэн бөх шиг зогсож байгааг харахад нэлээд хүч гаргасан нь илт. Аахилсаар орой дээр гараад зургаа харахад байдал эвгүй болсоныг ойлгов. Эгц модон дундуур доош хатгая, уулаа хярлая гэхээр аль нь ч тэнхэл барах магадлалтай тул нэгэн гишүүний санал ёсоор модон дундуур даялан буухаар шийдлээ. Яг л ийм үед баг дор бүрнээ олон янзаар шийдэл хэлээд үр дүн муу байдаг тул нэг хүн шиг шийд гаргах нь чухал байдаг тул нэгэн гишүүний хэлсэнээр бүгд даялан уруудаж замаа олохоор болов.

Уруудах явцад 2 гишүүн хэт даялж явааг хараад анхааруулан дуудсан боловч тоох шинж алга. Бусад нь мод унанги дундуур бэдэрсээр торлог бүхий намаг туулан энгэрт байгаа зам дээр гарч ирэхэд эхний гишүүн маань наана харагдах тод зам дээр биш цаад энгэр дээр сууж байхыг хараад: энэ зам бишүү гэхэд биш гэж байна. Дөхөж очиход амаа өгссөн бас нэгэн тод замын эхлэл дээр сууж байв. Нөгөө салж явдаг 2 гишүүн сураггүй. Зам будлиулсан миний хувьд өөрийгөө буруутгасаар чадал мэдэн шүгэлдэж эхлэв. Ямар ч чимээ анир үгүй. Ойн цуурай намайг зургаа уншиж сурах чинь яасан юм гэх мэт шүгэлдэх чимээг хөгжим шиг удаан гэгч цуурайтуулан доогтой замхарна. Тэр 2 эхний замаар өгсвөл битүү модон дунд зүтгэж явахаар зураг дээр харагдсан тул багийнхандаа хэлээд хойноос нь шаварт унасан шарын эзэн гэгчээр зам өгсөн дээш жийлээ. Өгсөж явтал нүдний үзүүрт ирж яваа харагдаад буцаж жийтэл, 1 нь алга. Хүлээлээ, байдагүй ээ. Эргээд л жийлээ. 800м орчим жийсээр явтал зам дээр та хэдийг хүлээгээд гэсээр сууж байхтай таарлаа. Шүгэл сонссон уу гэхэд сонсоон гэж байна. Ер нь багийн аялалд эргэлзээтэй нөхцөлд өөрт итгэхээс илүү багаараа байх, аяллын маршрутыг сайн судлах мэдэх гэдэг ямар их цаг хугацаа, мөн аюулгүй байдалд чухал байдаг гэдгийг энэ удаад нэлээд сайн мэдрэх шиг болов. “Хөтөлбөрийн хэд” дотор багтаж чадварлаг админуудын буянаар аяллын замыг санаа зоволгүй туулж явсан миний хувьд том сургамж болсон бөгөөд багийнхандаа буруугаа хүлээж гэмшисэн хүн Хадлангийн даваа өөд өөрийгөө шийтгэн амьсгаадан махийсаар наад овоо хүртэл жийсээр гарав.

Хадлан Хадлангийн давааны оройд гарахад устай бороо гэнэт орохтой зэрэгцэн гялс бууя хэмээн хэлээд Санзай руу хурд мэдэн уруудав. Уруудах хэсэг удах тусам шавар шавхайнд эрсдэл үүсэх тул гялалзсаар дэлгүүр дээр ирэхэд бороо тогтож нар гарсан бөгөөд арын хэд зүсээ хувилгасан мэт л өнгө өнгийн борооны цуваа намируулсаар ирэхийг хараад ямартай ч бороонд бол бэлтгэлтэй гарчээ хэмээн бодов.

Гүнт Шороон дунд машинууд удаан явахгүйн тулд зогсолтгүй махийсаар багийнхан Ар Гүнтийн нөгөөх цайны газраа ирэн хоолоод хөдлөх гэтэл бороо шаагив.

Толгойт Бороо тогтохтой зэрэгцэн дээш өгсөж айлуудын зах хүрэхэд нэгэн гишүүн "Бороо наашилж байна цуваа өмсөцгөөе" гэхтэй зэрэгцэн бороо шаагийж эхлэв .

Зураг 3. Цувандаа

500м орчим явж байтал админ залгаад "Ширүүн бороо хотод орж байна шүү. Модны захад хүрч амжих нь уу? Бөөндөө яваарай" гэж анхааруулан аюулгүйн зөвлөгөө өгөв. Ярьж дуусаад хөдлөх гэтэл амьсгалах аргагүй том ширхэгтэй хүчтэй салхилан бороо шаагив. Бараг хийсэх нь ээ. Зүүн талд зуслангийн хамгийн захын айл харагдаж байгааг хараад багийнхан руугаа чадал мэдэн орилж гарав. Айлын зүг заан орилж өөрөө тэр зүгт дугуйгаа түрэн гүйхийг хараад манай хэд ч мөн буцан ирж айлын байшингийн нөмөрт хорогдон зогсов. Айлын эзэн гарч ирээд илүү байшиндаа тухлахыг санал болгоод бас гал хөс ч түлж болноо хэмээн хэлээд гарах нь сайхан сэтгэгдэл төрүүлж сэтгэлийн гүнээс бид бүгд баярласанаа илэрхийллээ. Гадаа бороо салхи ус оволзож байгаатай зэрэгцэн 1 гишүүн алга байгааг мэдэн гүйн гарлаа. Замаа ч харах, урагшлах ч боломжгүй нөхцөлд нэлээн дээр яваа нь бүдэгхэн харагдахтай зэрэгцэн цагаан өнгийн цувандаа найдан хүчтэй салхинд тогтож ядсаар гараараа даллан, сэнс шиг л хэсэг зогслоо. Бүдгэрсээр бүдгэрсээр жижиг Түц шиг байшинг чиглэж явааг хараад жаахан сэтгэл амрав. Админы хэлдэг бөөндөө гэсэн зааварчилгаа байгалийн тааварлах боломжгүй нөхцөлд ямар чухал болохыг дахин нэг биеэрээ мэдрэв.

... Бороо тогтож чийг үнэртсэн өнгөө зассан үзэсгэлэнт байгальд Толгойтын давааны оройд багаараа гарсанаар аялал өндөрлөв. 7+1 бонустай аялалын түүх ийм бөлгөө.

УШТГ Э.Ууганбаярын 7 даваа давсан аяллын тэмдэглэл

999.8 карат сорьц - Атгандаа атгасан гулдмай алтыг авч ч болохгүй хаяж ч болохгүй аргаа барсан нь буюу уучлаарай Ганаа ахаа

За хоёрхон цагийн нойр авчихаад босъё байз хэмээсээр сэргүүлэгээ үүрийн 04:00 цагт тааруулан шалавхан нүдээ анин хэвтэхтэй зэрэгцэн ёнгиносон чимээ гарахад цагаа харвал 4н цаг болчжээ. За ахиад арван минут гээд аргасан нүдээ анихтай зэрэгцэн юүвлээ юүвлээ гэсээр ухас хийн өндийхөд цаг 06:30 өнгөрөөд талийж байлаа. За ёстой баларсан юм боллоо гэсээр шалавхан дэп тап бэлэн болж групп чатанд "араас чинь нэхэж яваа шүү кк" гэж биччихээд шуугиулж гарлаа. Жич: Цоко эгчийг яваагүйг мэдээгүй би хоцорсон ч түүнийг бол гүйцнэ гэсэн хурган бодолтой яваа бас хаха.

Өглөөний тунгалаг нар, үүл үгүй цэлмэг тэнгэр, өнөөдөр бороотой гэж цаг уурын аппликейшн худ залждээ янз нь гэсэн шүү юм бодсоор тахилтын замаар орон өгсөж явтал Ожго ах, Ганаа ах хоёр зогсож байна. Ганаа ах хоёр даваа даваад найрамдлаар уруудах юм хуна гэсээр, Ожго ах чи "улбар шар тэмдэг"-ээ авах уу гэсээр инээж зогсоно, үгүй ээ дараа болъё гэчихээд 
- Ожго ах: Одоо манайхан "Тахилт"-аа яг өгсөж яваа даа гэж хэллээ. Дотроо бол аль хэдийн цаг гучин минут хоцорсон өвгөн/өвгөн гэж хэлбэл алуулах байх, ах/ бид хоёр аажуу уужуу өгсөж гарлаа. Ах урьд жил яваад найрамдлын давааны хавьцаа замаасаа төөрөөд модон дундуур зам будилан түрсээр Гүнтийн наад сугаар бууж ирсэн тухайгаа ярьсаар, би урьд орой нь газрын зурагныхаа учрын олж хужрын тунгаасныхаа хэргийг одоо л гаргадаг газар даа гэсээр явлаа.

Тахилтын даваа ч хойноосоо л аймар санагдсаныг хэлэх үү урдаасаа гайгүй нэг мэдэхнээ л өгсөн гарч ирсэн байлаа. Монгол хүн байна даа ямар шил юм задлалтай нь биш, тэр нь тэгээд байхгүй тул овоогоо нэг удаа тойрч гороолчихоод бас болоогүй ээ овооны их таньдаа - олзны их маньдаа гэж амандаа үглэсээр ахыг хүлээлээ. Төд удалгүй ах ч ирлээ, салхи өмнө зүгээс араасаа дэмтэй сайхан. Зун цаг нэгэнт ирчихсэн тул хөлс сэврэн даарах биш харин ч таатай мэдрэмж төрүүлсээр хоёул нэг зураг авахуулж ирсэнээ баримтжуулаад уруудлаа. Нисэх мэт уруудлаа, нэгэнт замаа өнгөрөөд талийх дөхөж дунд хошууны араар буцаж эргээд өгсөж эхэллээ.

Шижирийн давааны араар айлууд ирийтэл бууцгааж зарим нь ч гүүгээ уяж айраг исгэж байгаа бололтой адууны үнэр, гүүний саам, үхрийн амьсгалын, аргалын, хомоолын дотно үнэр мөн алсад биш хажууханд байх уулсын дундах моддын үнэртэй холилдсон таатай үнэр хамар самсаанд гүн бат байр сууриа эзлэн ар дагз хүртэл шингэж байгаа мэт санагдаж байлаа. Урдуурхан хоёр нохой ноцолдон хэлээ унжуулалцаж өөдөөс харан инээмсэглэж ахуйд өөдөөс дайрах вий дээ туучийнууд чинь гэж муу санаалж бушуухан бууж харайн чулуу шүүрэх мэт нүдээрээ эрж бэмбийж явлаа. Ганаа ах ард саяхан л явсан алга болчихож, замын хажууд үлдэх үхэр чулууд шиг тэртээ алсад сүүмэлзэн наашаа ч яваа юм шиг цаашаа ч яваа юм шиг нэг бүрэлзэж нэг тодорч харагдана. Өнөө "Энэ хүүхнүүд үү" киноны Дорж гуай шиг нүдний шилээ авч нэг, хийж нэг хараад харааны бяд нэгэнт гүйцэхээ больсон тул энэ үед овоон дээр гарч салхинд хийсэж унах гээд байхаар нь хойд зүгт завилж суугаад хөхрөн буй хөндийг гөлийн амандаа боорцог бувагнуулан хүлээлээ. Ах бас ачаандаа бас бус юм хийчихсэн нэлээд хүндэвтэр дугуйтайн байна лээ, арга ч үгүй биз, настай хүн, уулын өгсүүрт, өөдөөс нь бас ч үгүй салхи ширүүхэн үлээж байгаа байлгүй сүүмэлзэн тодрон бүр дэргэд ирээтэхлээ, энд бас нэг зураг авахуулж аваад уруудлаа. Манай хэд ч олуулаа яваа даа гэсээр "Найрамдал"-ын хаалгачаас энүүгээр дугуйтай олон хүмүүс хэдэн цагийн өмнө явсан бэ гэж асуутал:
- Гүйээ хоёр цагийн өмнө юм уу даа, хоёр дугуйтай залуу л өнгөрсөн өөр юм яваагүй ээ гэсээр үлдлээ. Ямар ч байсан бидний өмнө тодрон ирэлзэн байгаа хоёр дугуйчны дугуйны мөр энүүгээр явсан нь батлагдлаа. Өргөн нарийн хоёр мөр, нэг нь яах аргагүй Галаа ах мөн, нөгөөх нь нарийвтар мөр Адъяа байх гэсээр мөн л бувтналцаж явлаа.

Найрамдлын эргэн тойрны талаарх мэдээллийг Галаа ахын тэмдэглэлээс харж болно. Түүний зүүн хойгуур урсдаг бяцхан горхи энэ жил алга харин зарим газар шавар ялбаг болж гутал авч үлдчих гээд түрээд л, тэгж байтал өөөе энэ чинь одоо юү вээ урц уу даа.., бас хажуу дээвэрт нь үхрийн адсага наачихсан хөөрхөн эд тааралдаатхав. Эндээс ер нь зам бүдгэрээд унанги моддыг тойрч яваад бүдэг жимээсээ салчих гээд байлаа. Урд овоохон өвс налуулан яваад байсан хоёр мөр ч сураггүй боллоо. Энэ давааны дээр яг гарч явтал ах маань унангид гуядуулаад тэрий хадаад явчихлаа. Ээ яав аа ах аа бөлдөг будаа юу гэсээр гүйж очлоо, бөлдөг гайгүй ээ энэ гэдэс хэмээж байна түүний баруун сүвээний хавирга тушаа бага зэрэг шалбарч цус шүүрч байна, заа гайгүй байх аа жаахан өвдөлтөө намдаачихаад хоёул уруудчихъя гэлээ. Энэ завсар газрын зургаа гөлийж зогслоо, учрыг нь олчих санаатай. Ой ухаан муутайдуу болохоороо тасархайтай зураас нь - өгсүүр, цулгай цагаан нь - бараг замгүй шахуу, цулгай улаан нь - уруу буюу тэгш зам юм байна гэдгийг ухаж оллоо. Эврика ээврийкаа гэдэг шиг л ... Бид хоёр уруудсаар айлаас ус гуйж саваа дүүргээд бас уугаад тэдний жаалуудтай жаахан замд уралдсаар цааш явлаа. Ер нь явж үзээгүй замуудаараа л яваад байлаа. Ахын маань толгой бүүр хэдэн ч градус эргэчихсэн юм бүү мэд, жаахан явж байгаад л хаашаа явж байна хүүхээ гээд л нээх хөөрхөн. Би ч бас Найрамдлын давааг уруудаад бас юун хоёр засмал замын урсгал гараад ирчихэв ээ гээд эргээстэй хаха, Гүнтийн зам руу орж байж л эргээ элээ болж толгой тогшсоор замдаа орлоо.

К нээрээ энэ ам руу бас засмал зам тавьж байгаа байх нь гээд хажуугийн түүрэн боссон шороон замаар явж байтал ах хүүхээ энийг анзаарав уу тэр юу вэ гэх нь тэр, урдах замаа л гөлийж явснаас тэрийг хараагүй би ай юу вэ? аль вэ? гэсээр эргэтэл үзүүртэй өндөр төмөр хашаанаас хаагаараа өлгөгдөөд үхсэн согоо байлаа. Ямар сайн байхав дээ адгуус амьтан хашигдаад тойрч гарахаа  мэдэхгүй сүргийнхээ араас шууд үсэрсэн нь ийн золгүй үхлээр төгсчээ. Энэнээс ч өмнө "хашаа"-г үзэн ядаж байдаг байлаа, энэ үйл үнэхээр тэрхүү үзэн ядалтыг бүр илүү дэврээж орхилоо нофш гэж. /шөнө ирээд фэйс шагайтал бас нэгэн золгүй адуу гэдсээ хүүлүүлсэн бичлэг харчихлаа/ Тэр муухай засмал/сайжруулсан шороо/ нь явсаар тэрхүү золгүй үхлээр үхсэн согооны баруухантай баригдаж байгаа шавран хорооллын үүдэнд хүрээд дууссан байлаа. Гунигт үйл өнгөрсөний дараа урдах замаа хөөсөөр нэгэн хошуу ороож дээш өгсөх үед тав зургаан жийп хоёр гурван майхан барьсан хотын хог тариачингууд явж байхдаа тааралдав, замаа дагаад эргэтэл хонхор бүрд нойлын цаас, бас баахан алуулсан баавгай байх нь тэр, муухай байна аа, муухай байна. Шогшрохоос өөр яана гэж, Муусайн архичингуудаас болж явах байсан замаа өнгөрөөд буруу замаар будаа тээж баахан зүдэрсэний эцэст "Зүүн ац"-ын даваагаа даваад уруудаж/эрхий мэргэнүүд хөлийн хурд мэдэн өөрийн нүх рүүгээ уралдацгаана/ өгслөө. Хотоор баллаж өгч байгаа бололтой тэнгэр нүргэлэн модод шуугиж байлаа. Ямар ч атугай бороо холдоод явчихлаа хэмээлцэж тэрүүхэндээ олзуурхаад байна аа бас.

Ийн явсаар Хадлангийн даваанд гарахад үүлс бүрхэж тэнгэрийн дуу хэнгэрэг хагалмаар болоод явчихлаа. Ах маань энүүхэнд манай найзынх байдышт ороод гарах уу гэснээр найзынд нь зочиллоо. Тэнгэр урдаасаа нүүгэлцэн нүргэлж, цавцайн цайрч бороо асгарч байгаа бололтой. Энэ хавиар ганц нэг дусал хаяж дулаахан байлаа. Хоолон дээр буудаг морьтой золигнуудав гэсээр найз нь гарч ирлээ. Тэднийд жаахан азнахуйд бороо тогтноод ирэхлээр гараад жийж байтал юу юугүй салхи ширүүсч замын хажуу руу авч чулуудчих гээд даялзуулж байснаа хувингаар цутгах мэт асгарч өгчлөө, ахыгаа салхиндаа аваад чулуудсаар Жигжид тойроход бороо тогтлоо, замаар нил өтгөн шингэн холилдсон загал ус хоржигнон урсана.

Ийн Гүнтээр өгсөхөд нар жаргаж харанхуй биднийг нөмрөн авлаа. Ахын хойд тормос ажиллахгүй урдахаараа зууруулан ганхан явна, давааны хойд руу нилээн тонгойсоор зам салахад харануй болж Ар гүнт голлосон бараг жижиг суудлын тэрэг далд орохоор их ус шуугин урсаж байлаа. Энэ зуур замаа бас буруу салсанаа мэдэж энэ олон замбараагүй хашаануудын хажуугаар яаж ийгээд гаръя даа гэсээр дугуйгаа түрж явлаа. "Муу лалрын шорон сэтгэлгээ вэ?, яахлаараа хашаагаа ингэж өндөр өндөр үзүүртэй төмрөөр өвч хуягладаг байна аа". Ахын бэнзээн бүр яг дуусаад тасалдаад эхэлсэн бололтой аажуу уужуу л явж байна. Заримдаа явъя аа гээд л шавдуулж заримдаа сууж амрах юм уу хэмээн аргадах аашлахын хооронд явсаар Толгойтын давааг давж уруудлаа. Энэ үед цаг шөнийн арван нэгэн цаг нэг мөсөн өнгөрөөд маргаашийн тоололд хүрэх дөхөж байлаа. Яагаад ч юм бэ засмал зам руу орохтой зэрэгцэн гэрлийн шонгуудын гэрэл нь унтраад, унтраад л.. алсаас нэгэн этгээд харж байгаад хүрэх агшинд унтраалгыг нь дараад байгаа юм шиг санагдаж байлаа. Уруудсаар уруудсаар хотын төвд ирлээ.

Өнөө ах юун Шижирээр даваад айлдаа очих нэг мөсөн цаашаа далийгаад дугуйчдын долоон давааг дор нь туулж барсан байна. Ай даа, аялаж сурах болоогүй байна даа... Ийн зүтгэсээр шөнийн хоёр өнгөрч байхад орон гэртээ ирж ажин түжин амар сайхан жаргав аа.

7 даваа + 1 уул буюу ШТГ Ш.Мөнгөнсүхийн аяллын тэмдэглэл

Аяллын өглөөний сэрүүлгээ 4:10т тавиад, "унт, унт" гэж тархиндаа шившээд хэвтлээ, үнэхээр унтчихаж ... Сэрүүлэгний ая явахтай зэрэгцэн утсаа автал 4:00. Өө минийх биш байна гээд 10 минутын нойр авах хэрэгтэй гээд буцаад нүдээ анилаа, нэмэр алга, бослоо, аялалдаа бэлдлээ дээ. Нойрондоо харам байгаа нь хоёр долоо хоногийн өмнөх хол замын аялалд нойр муутай, ачаатай явснаасаа болж аяллын замаа бүрэн дуусгаж чадаагүйтэй минь бас холбоотой. Энэ удаа мөн дээрх аяллаас сургамж авснаас хөнгөн дугуйтайгаа жийхээр болов. Нар, салхинаас хамгаалж нүүрээ будаж аваад, ханийхаа хийсэн гоймонтой шөлийг 1 аягыг идэж, бор ходоодоо бордоод, өмнөх өдөр нь бэлдэж өгсөн замын дессертүүдийг нь цүнхэлж аваад гарлаа даа.

Энэ удаа өмнөх аяллаас сургамж авсанчлан бие болон сэтгэлийн бэлтгэлээ нилээн базаалаа. Өмнөх аяллуудаас ялгаатай энэ аялал аялагчид "ганцаарчилсан" төрлөөр жийх байв. Би группын гишүүдтэйгээ хамт жийхэд ерөнхийдөө сүүл мушгиж явдаг болохоор энэ удаа хол зам туулах тул замдаа аль болох цаг алдахгүй явахгүй бол төөрөх, дугуй хагарвал, харанхуй болбол баларна, мөн "сүргээсээ" хэт хол хаягдчихгүй юмсан гэж бодон болж л өгвөл тасралтгүй урагшлах ёстой гэж өөртэйгөө ярилцан гарааны цэг рүү жийж явлаа. Нэг мэдсэн урдах хүн маань алга, салаа зам гараад ирлээ, би ийм үед эргэлздэггээрээ эргэлзээд (уул нь ч манай хүн ч надад тэгэж ингэж явж очно гэж хэлсэн ч өөрөө биечилж яваагүй болохоор нэг чихээр ороод, нөгөө чихээр гарчихсан.) эхэлмэгцээ google map-аа гаргаж ирээд, эхлэлийн цэг координатаа одоо байгаа байршилтайгаа холботол явах зам маань дурайгаад гараад ирэв. Ингээд start-аа дарж ажиллуулаад "turn right, turn left ..." нтр гэсэн зааварчилгаагаа сонсож явсаар гарааны цэг дээр хүрээд ирлээ. Утсаа гаргаад цагаа хартал 6.12 болж байв. Аялал эхлэхээс бараг цагийн өмнө иржээ. Үүнтэй зэрэгцэн гэрийн ойролцоо байдаг нэгэн аялагч гишүүний маань мессеж нүдэнд тусав. "Гарахдаа залгаарай, хамт явъя" ... Хариу бичиж хэдэн мессеж солилцов.
- Ирсэн байна.
- Хаана?
- Тахилт
- Гэрээс гарч байна.

Аялалд нойр чухал гэж ойлгосноос хойш аялалд явахын өмнөх нойрыг хамгийн их байлгаж, бусад зүйлд бага цаг зарцуулах гэсэн тактиктай болсон. Мөн гэрээс ганцаараа биш, бусдаасаа ерөнхийдөө түрүүлж очоод бүртгэлээ хийж байх албан бус ажилтай залуутайгаа жийж байгаа тул "шавар хааж" цагаас нь хомсолчихгүй оччих санааг давхар бодоостой.

Группийн ерөнхий админ жийж ирээд өнгөрсөн аяллаар болзлоо хангасан болон энэ аяллаар хэдхэн км жийхэд болзлоо хангах гишүүдэд тэмдгийг нь гардуулж өгөөд, гараанаас 7 цаг дөхүүлээд хамт жийж суурин газраас зайдуу очоод биднийг үдэж өглөө. Ингээд эхний даваа руугаа манай хэд өөр өөрийн темпээрээ жийж гарлаа. Би ч тооцоолсон ёсоороо сүүл мушгиад эхэлж байгаа юм. Гэхдээ л аминдаа жийгээстэй даваан дээр нэг гишүүнтэйгээ хамт гарахад, тэр маань овоо тойроод, ардах нэгнийгээ хүлээхээр болов. Би ч түрүүлээд явж байя гэж хэлээд давааны уруу уруудлаа даа. Манай өмнөх хэдийн бараа ч алга. Жийж явахад өгсөх, салхи хоёрт би сайн явж чаддаггүй тул бусад үед цаг аль болох үрэхгүйг хичээн жийсээр ... 2 салаа зам ороод ирлээ. Аяллын маршрутаас харахад нэг хамар ороогоод буцаж эргэхээр байсан тул баруун гар талаа харан жийж хэсэг яваад юмыг яаж мэдэхэв гээд маршрутын зургаа хартал зураг дээр салснаас арай л хэтрээд эргэсэн харагдана. Сонин юмаа салсан зам өөр байгаагүй дээ гээд хэсэг буцаж жийгээд газрын зургаа гаргаад хартал би зураг дээрх салсан цэгт байх авч зам алга. Тоймлоод зурсан байж таарлаа гэж бодоод түрүүний замаараа юутай ороод жийхээр шийдлээ. Хамраа ороогоод хартал маршрутын замдаа орсон харагдана. За ашгүй гээд хэсэг жийнэ, салаа зам гарна, зургаа харна гээд овоо хөөрхөн цаг алдаад Шижирийн даваа руугаа өгсөж явтал нэг гишүүн маань араас зэрэгцээд ороод ирлээ. 7:04 гээд гараан дээр ирсэн чинь та хэд аль хэдийн явчихаж гялс араас чинь жийж явна гээд ойр зуур яриа өрнүүлээд хамт жийв. Энэ аялагч маань сайн жийдэг болохоор өмнөх хэдийгээ энэ эрчээрээ хэсэг жийгээд гүйцчихнэ дээ гэж бодож байтал "хамт жийе өө" гэнэ. Би ч төөрчихгүй , оройтчихгүй явчих юмсан гэж бодож явсан хүн чинь ханьтай болоотгонгуут баярласан гэж ... Ер нь би бүх төрлөөр байгальд аялах дуртай ч, ганцаараа биш ядаж нэг ч гэсэн хүнтэй ханиндаа явахыг хүсдэг. Хамтрагч маань өмнө нь уг замаар явж байсан туршлагатай нэгэн байсан тул би ч байн байн google map гаргаж харахаа болив. Ингэснээр цагаа ч хөөрхөн хэмнээд эхлэв. Ингээд бид 2 Шижирийн даваагаа давж, "Найрамдалын даваа"-гаа давахаар жийв.

Хүүхдийн "Найрамдал" зуслан гэсэн хаягтай гоё хаалгаар ороод, хэсэг явсан ч зурган дээр харагддаг зуслангийн байр биш, хувийн бололтой байшингууд харагдаж байхад нь гайхасхийж л байлаа. Мөн УСУГазрын сувиллын байр гэж байхыг хараад, тэдний ажилчдад цагаахан атаархаж "Гоё юм өө" л гэж бодов. Хэсэг жийтэл нөгөө харцаараа хайж байсан байр харагдаж, хүүхдүүд энд тэнд явж, амарч байгаатай таарлаа. Ямар гоё газар вэ. Дээш өгсөн байтал нэг хүн өгсөж хаалттай хаалган дээр очихтой зэрэгцэн бид 2 очлоо. Тэр хүн тэндэхийн харуул бололтой. "Өглөөний явсан дөрвөн хүн та нартай хамт явж байгаа юу?" гэж асуугаад, бид 2т гарц зааж өгөөд буцаж эргээд явав. Харин бид 2 хоорондоо "Нөгөө хэд өглөө явж өнгөрсөн замыг нь бид 2 өдөр явж өнгөрч байгаа юм байна." гэж ярилцаж, инээлдээд өнгөрөв. Гэхдээ цаг 9:30 буюу бас өглөө байсан л даа. Дээшээ өгсөх зам үнэхээр үзэсгэлэнтэй юмсанж. Нилээн явж байтал зам бүдгэрч эхэллээ, зарим хэсэгт шавартай зам таарч, заримдаа хэсэг зуур замгүй ч болж байв. Би ч ганцаараа явсан бол барьц алдаж балрах байж гэж бодон, дотроо хажууд ханьсаж яваа хүндээ байнга талархаастай. Бас замд нь хоцорч чирэгдэл учруулахгүйг хичээнэ. Ингэж явсаар нэг мэдэхэд ойгоосоо гарч, "Найрамдлын даваагаа даваатахлаа. "Тиймээ 3 даваа, нийт давах давааны бараг л 50 хувь" гэж өөрийнхөө сэтгэлийг тордоостой. Уулаа хярлаад замаа хараад доошоо явж байгаад нэг дээшээ хартал хамтрагч маань нэг бугын эвэр олчихсон толгой дээрээ барьчихаж, зохисон гэж жигтэйхэн, хэхэ.

Зураг 4. Замын олз

Хэсэг явж байтал машин замтай нийлээдэхлээ. Сүнгэнэтэл хэсэг сайхан жийсээр "Ар гүнт" рүү уруудаж ороод "бензинээ" нэмэхээр дэлгүүр хайлаа. Манайхны цугладаг хөх дэлгүүрийн урдханд байх нэг жижигхэн цэнхэр дэлгүүрт ороод ус, ундаагаа авч зогстол урд түрүүлж жийсэн хэсэг нөхөд залгаж хамт хооллоод, цааш хамт жийж явахыг санал болголоо. Бөөн баяр.

Ингээд зургуулаа нэг сайхан баг болж аваад, дараагийн даваагаа зорилоо. Нэг аялагч гишүүн маань хойноос бид хэдийг дуудаад "Одоо хойшоо эргэнэ" гэж дуудаагүй бол замаа дагаад "Дугуйчныхаа даваа" руу яг орох шахсан. Тийм огцом эргэлтийн сайн анзаарч явмаар юм билээ. "Өмнө нь уул нь энэ замаар явж л байсан юмсан, энэ замуудыг хэзээ тогтооноо бүү мэд. За яахав болно доо" гээд л цааш жийж Зүүн ацын давааны наах нь байх өмнө нь аялах үедээ амарч байсан үзэсгэлэнт ойн цоорхойд зургаа даруулцгаагаад цааш жийж, "Зүүн Ацын даваа"-гаа давж овоогоо өнгөрөөд, уруудаад сайхан жийв. Би ч тэр уруу руу жолоогоо сул тавьж арай зүрхлэхгүй, тормосоо сулхан атгаад жийж гарлаа. Удаан уруудах ч бас хүсэх зүйл биш юм байна лээ. Гар өвдөөд, эрхий хуруу минь салаад ороод ирэхвий гэж бодоостой, ккк. Тэгээд нилээн жийж явтал урд хэд маань зогсоод, намайг болгоомжтой байхыг сануулахад хурдаа хасч зогсоод хартал машин замын нэг тал нь огцом хотгор, чулуутай харагдав. Тэр хэдийн маань нэг ийшээ эрчээрээ ороод гарахад хоёр дугуй нь хоёулаа хагарчээ. Өөрийн нэг, хамт жийж яваа нэгнийхээ нэг олгой хаймрыг сольж хийж аваад цааш жийлээ. Бид наймын урд явсан хоёр нь дугуй хагарсныг мэдээгүй болохоор түрүүлж уруудаад, замын хажуугийн нэг ногоон төмөр хашааны цаанадах уулын энгэрт сууж хүлээж суугаа харагдана. Зогсоод хашааны цаана яаж гарахаа ярилцаж, харуул нь бололтой нэг хүнээс хашааг нь давж гарахыг асуухад нөгөө хүн наад хашаагаа дуустал нь явахад тойроод гардаг гэв. Тэгтэл нөгөө 2 маань даваад гараад ирээ ийшээ ирсэн зам байна гэхээр нь хүний олноор түрээ хийн, харуулыг эс тоон хашааг давж гараад, багаа бүрдүүлж аваад тод замаар хэсэг сайхан жийцгээлээ. Зам нь огцом болж, бүгдээрээ аахилан уухилан арай гэж уулынхаа дээр гарав. Зам маань жим болцгоосон өмнө нь явсан туршлагатай гишүүд гайхацгаасан янзтай маршрутын зургаа, google map-аа дор бүрнээ харцгааж, замаасаа гарч өөр газар байгаагаа дуу нэгтээ хүлээн зөвшөөрцгөөв. Одоо цааш яаж явах уу? гэж ярилцаж хэд хэдэн хувилбар гарч, одоо байгаа байрлалаас зүүн тийш чиглээд буувал үндсэн замтайгаа хамгийн ойр байна гэсэн саналыг ерөнхийдөө дэмжиж, дагаад бууцгаалаа. Гэвч өөр нэг хоёр аялагч маань зүүн урагш маягаар чиглээд салаад явчихав. Огцом уруу руу бууж, устай довуудыг чертаа тоглож байгаа аятай давж, бага зэрэг торлогорхуу бут зэргийг бас л хөөрхөн махийж байж гарлаа. Биднийг замчилсан улаан тэмдэгт, туршлагатай гишүүн маань Хадлангийн давааныхаа замыг олчихсон, ялсан баатар шиг биднийг хүлээн жижиг голын цаана хүлээн байна. Бид ч тэр голоос усаа сэлбэж сэргэж аваад, тэр гишүүнтэйгээ нэгдтэл салж явсан нөгөө 2 нөхөр маань таг чиг. Нэг аялагч гишүүн маань илт санаа зовоостой шүгэлдээд л дугуйтайгаа хэд хэд нааш цааш явж байж нөгөө 2ыг чинь нэг нэгээр нь олж ирэв. Ер нь ийм эргэлзээтэй нөхцөлд нэгэнт баг болж яваа бол алдсан оносон ч нэг удирдлагатай, нэгдсэн зохион байгуулалттай явах хэрэгтэй санагдсан. Ингээд 7 даваа аялалдаа манай баг дахин 1 даваа биш бүхэл бүтэн 1 уул нэмэв. Бид ч тэгээд сүүлийн үед сайн дураараа аялалдаа extreme адал явдал нэмээд байдаг болж дээ.

Бүтэн баг бүрдэж аваад, "жинхэнэ" Хадлангийн даваагаа давчихаад, Санзай руу уруудаж байхад бага зэрэг бороо хаялаад өнгөрөв. Өө нөгөө оройны аадар нь энэ үү гээд инээлдээд өнгөрцгөөлөө. Учир нь цаг агаар аадартай гэсэн байсан болохоор бороон сургаар бараг бүгд борооны цуваа өмсөцгөөсөн байв. Харин Санзай дэлгүүр дээр очих үед цуваа өмсөөгүй гишүүдийн хувцас тэр борооноор бага зэрэг норсон ч бараг хатаад бууж иржээ. Тэр дэлгүүр дээр хөнгөн цайлаад, зарим нэг нь гол дээр очиж шороо тоосноосоо салж аваад багтаа нэгдэж, харин өөр нэг маань оройтох, гэрээсээ холдож цутарч магадгүй тул буцав.

Ингээд долуулаа нэг баг болж аваад засмалаа дагаад сайхан уруудах үед нөгөө түрүүн уулын уруу салж буудаггуудын нэг нөхөр өөр нэг гишүүний хамт урд түрүүлээд жийж гарлаа. Хамт жийж явсан гишүүн маань за одоо баруун гар тийшээ салаад эргээрэй, гэнгүүт нөгөө түрүүлж явсан хоёрыгоо бас чигээрээ яваад багаасаа салчих вий гэж, хажуудах хүнээсээ лавлатал ашгүй тэр 2 түрүүлж явахдаа энэ замаар эргэсэн гэнэ, санаа амрав. Нямдорж гишүүний "500хан саяаар боссон амбаар"-ын хажуугаарх замыг тойрч жийж өнгөрөөд, Гүнт рүү өгсөх шороон замдаа нийлэв. Өөр өөрийн темпээрээ цуварцгааж, жийхдээ жийж, түрэхдээ түрнэ. Тэр хавийн машины босгож байгаа тоосонд урд хойноо явж байгаа багийнханыхаа барааг арай ядан харна. Даваан дээрээ гараад уруудав. Сайжруулсан шороон замыг хэсэг хугацааны өмнө засаж янзалсан ч бага зэрэг дэржигнүүртэй, дээр нь тоосноос болоод үзэгдэх орчин хязгаарлагдмал болохоор хаширлаад тормоозоо сулхан дараастай уруудлаа, засмал зам руу ороод явж байхдаа харцаараа нөгөө "хөх дэлгүүр"-ээ хайгаастай. Түүгээр баримжаалж, өдөр хооллосон газраа цуглаж очих болохоор тэр. Хэтрээд явчихаагүй байгаа даа гэсэн бодол эргэлдээстэй байтал бараа нь харагдлаа даа. Овоо уруудаж явж очдог болохыг сая л анзаарлаа.

Товлосон газраа очицгоож тухтай сууж хооллож аваад хөдлөх гэтэл бороо ороод, нэг хэсэг бүр ширүүнээр цутгаж байгааг хоолны газрын саравчинд хорогдож норолгүй сайхан өнгөрөөгөөд баг маань Толгойтын даваа өөд өгслөө. Толгойн дээгүүр өнгөрөн цахилгааны шугам дүнгэнэж дуугараад байх нь борооны үед сэтгэлд тухгүй байв. Хэсэгхэн өгсөөд явж байтал салхи эргээд нөгөө өнгөрөөд явсан бороог маань буцаагаад аваад ирсэн үү гэмээр бороо дуслаад эхэллээ. Нөгөө л нэг улаан тэмдэгт, туршлагатай гишүүн маань борооны цуваа өмсөхийг зөвлөснөөр бүгд цуваа өмсөөд дуусав уу үгүй юу бороо хувингаар цутгаж буй мэт шаагилаа. "Уул нэмж аялалд адал явдал нэмэгч" гишүүн маань энэ удаа санаачлан биднийг ардаас дуудаж хажууд харагдах зуслангийн байшин руу явахыг дохилоо бүгд эргэж тэр байшингийн нөмөрт хорогдохоор явцгаахад нөгөө л нэг "салж явдаг" аялагч маань түрүүлээд тээр тэнд жийж харагдана. Айлын нөмөрт зогсож байтал байшингаас хүн гарч ирээд хойно байгаа илүү байранд биднийг орж, борооноос хоргодохыг санал болгож, бараг гал түлж дулаацахыг санал болгосноор бид зургаа тух алдахгүй аадар бороо, хүчтэй мөндөрийг өнгөрөөлөө. Түрүүлж явсан нэг маань буцаж нилээн явсан болохоор буцаж ирэхэд хэцүү байсан болов уу, тэрүүхэн тэнд бас нэг байшингийн нөмөрт бороог өнгөрөөж харагдсан.

Би ч тэгээд сүүл мушгиж явдаг болохоор "таталт" хийхгүй л бол эхний жийж яваа хүмүүстэй бараг таардаггүй юм дөө. Тэр хооронд группийн бусад гишүүд утсаар, чатаар биднийг яаж явааг тодруулж, санаа тавьж байгаа нь бидэнд их эрч хүч, урам зориг өгч байлаа. Ингээд бороогоо амжилттай сайхан өнгөрөөцгөөгөөд Толгойтын давааны зүг жийж очих үед нилээн бүрэнхий болсон байв. Түүнээс гадна шумуул юм уу хөх түрүүч юм уу амьтад шаваад, хазаад ч байх шиг энд тэнд эрвэгнээд даваанаас хурдан буухын түүс. Бүгд гэрлээ гарахаар болтол миний урд гэрэл алга, түрж л таарах нь гэтэл сайн хүн санаагаараа гэж өглөө ханьсаж жийсэн хүний маань гэрэл сайхан тод юмсанж, "нөгөө туршлагатай" гишүүн маань бас гэрэлгүй байсан тул хамт гэрэлд суугаад уруудсаар буув.

Засмал зам руугаа нийлэх үед тэр хавьд бороо орсоноос болсон уу гэрэлнүүд нь бүгд харанхуй тул 3уулаа явган хүний замаараа гэрэлтэй ганцыгаа урдаа гаргаад ард ардаасаа вагондоод үг дамжуулдаг тоглоом таалгаж байгаа аятай урдах бараа саадаа "одоо шороон зам" "одоо шавартай шороон зам" "болгоомжтой гараарай" ... гэх мэтээр ар арагшаа дамжуулж хэлж жийсээр Зүүн салааны уулзвар дээр ирэв. Урагшаа таван шар луу явсан замын гэрлүүд маш тод, маш гоё байсан тул түүгээр тойрч гэртээ харихаар шийдэж нөгөө 2тойгоо хамт цааш жийв. Үүнээс цааш явах зам тод харагдаж байсан тул бид гурав үг дамжуулах шаардлагагүй санаа асар цааш жийв. Гэтэл замд цэлийсэн шавхайтай ус гэнэт гарч ирснийг огцом дайрч өнгөрснөөр өнөөдрийн нүүр нүдгүй бохир ус будагдав. Одоо яая гэхэв өнгөрсөөн, тэр чигээрээ жийж явтал "Дүүрэг"ийн тэнд арын 3 маань гүйцээд ирэв. Урдах нэг маань бүр тасраад гэрлүүгээ явсан сурагтай. Хэдүүлээ аравдугаар хорооллын тэнд байх орой эсвэл өглөө онгорхой байж аминд ордог нөгөө л нэг CU-ээрээ дайрч халуун юм ууж, амттан дамжуулж идэж аяллаа амжилттай дуусгасандаа бие биедээ баяр хүргээд цааш жийж гэр гэрийн зүг гэдэн годон хийцгээв.

Зураг 5. Аяллын үеэр

Хамт аялсан бүх гишүүддээ дахин баярлалаа.

7 давааг 7+1 цагт буюу ШТГ Г.Махгалын аяллын тэмдэглэл

Өөрийн аяллаа ерөнхийд нь дүгнэвэл үлгэрт "Яваад л байж гэнэ. Яваад л байж гэнэ." гэдэг шиг "Жийгээд л байж гэнэ. Жийгээд л байж гэнэ." гэгч л болсон.

Маршрутын харанхуй хэсэг: Найрамдлын даваа

Найрамдал зуслангийн замын хаалтаар нэвтэрч орохоос өмнө "Хүүхдийн орчин"-д нэвтэрч байгааг сануулсан самбар байсан нь эцэстээ хэдхэн амь айлын хашаа мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Хамгийн сүүлийн хоёр гурван айл уулын амыг хааж хашаа барьж, хаалгаа дангинатал түгжсэнийг нь хүмүүс урж тасдаад алхаж гарах боломжтой болгожээ. Үүнээс цааш жийхэд зам бүдгэрсээр сүүлдээ жим болов. Хэрэв хайнгадуу явбал жимээ алдчихаар үе байсхийгээд л тохиолдоно. Бас ус чийг, унанги мод ихтэй нь дугуй жийхэд түвэгтэй байв. Гайгүй харагдсан зарим хэсэгт нь жийгээд л, нэлийсэн балчиг таарахаар нь бууж түрээд л явав. Нэг удаа бууж түрэхээсээ залхуураад шууд зүтгэтэл хойд дугуй хий эргээд бараг л пирдажанд тултал суулаа. Явсаар байтал жим хоёр салж байна. Хойд уулын энгэр тийш зүглэх биз, мод багатай энгэр дагаж буувал амар хэмээн сэтгээд зүүн салаа жимээр оров. Унанги мод таарах үед жим газрын гаваар орохын дээр унанги модод яасан ч олноор тохиолддог юм дээ. Утсаа гаргаж GPS хартал админ Ожгоо ахын зохиосон маршрутаас нэлээн холуур тойрч яваа ажээ. "Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй" гэгчээр замгүй шахам ийм газраар зүглүүлээд л хэдэн цэг хатгаа биз гээд GPS болон маршрутын зургийг үл хэрэгсэв. Энэ үед цаг 09:15 болж байв.

Зураг 6. Харахад сайхан ч хальсанд маруухан буудаг байгалийн нэг зураглал

Ингээд уулын нүцгэн энгэр сул чулуу зэрэг саадтай байдаг тул  моддын хаяа дагаж бууя гээд бараг эгц доошлоод хэсэг явтал явган жим зурайгаад гарав ирэв. Хүн гэгч амьтан амар хялбарыг л эрэлхийлдэгээрээ ав адил ажээ. Ингээд өнөө жимээ хөөж явтал хос болоодохов. Энэ бол түүгээр машин хааяа явдаг гэсэн үг юм.

Эхний амралтын цэг: "Ар гүнт" цэнхэр дэлгүүр

Зүүн ацын даваа өөдөө шууд хусвал хусчихмаар байвч "Зарцуулсан энергээ нөхөх хэрэгтэй" гэж туршлага маань зөвлөнө. Уг нь маршрутын дагуу давах ёстой гүвээ эгц урд харагдаад л "Миний хаагуур өгсөж давмаар байна" гэх шиг олон салаа зам нь эрээлжлэн байна. Манай хэд Цэнхэр дэлгүүр хэмээдэг дэлгүүрт халуун ус байдгийг мэдэх тул тэндээс халуун юм ууж, идэхээр маршрутаас хазайж хэдэн метр хойшлов.

Зураг 7. Коконатын хольцтой, өтгөн, амтлаг найруулдаг цайг буцалсан халуун усанд холин ууж суугаа нь

Мөнөөх дэлгүүрийн хүүхнүүд аяга дүүргэх ус гялс пурхийлгээд өгөв. Түүгээр нь тэнд худалдаалж байсан найруулдаг бэлэн цайг найруулж, авч явсан замын хүнсээ даруулан идэж хэсэг зуур амсхийв. Энэ үед цаг 09:51 болж байв.

Төлөвлөөгүй зогсолт: Хөөрхий адгуус

Зүүн ацын даваа чиглэн явах замын дунд сэтгэл сэрдхийлгэм зүйл таарахад дөрөө мултлахгүй байж чадсангүй гэснээс зуувчтай дөрөөнөөс гутлаа үнэхээр мулталж байж дугуйнаасаа буудаг билээ.

Зураг 8. Тайлбаргүй

Дээрх зургийг буулгах үед цаг 10:23 болж байв.

Сүүлийн гурван давааны эхлэл: Хадлангийн даваа

Зүүн ацын давааны хувьд моддын дундуур өгсөж урууддаг хийгээд зам нь дугуйгаар явахад туйлын тохиромжтой нь энэхүү аяллын маршрутын хамгийн сайхан хэсэг нь байлаа. Модноос гарч бас л нэг муухай хашааны хажуугаар уруудсаар Хадлангийн даваа тийш хөтлөх замд орох үест бяцхан горхи, горхи дээр тоглох хоёр жаал тааралдав. Хоёр жаал "Ахаа үүгээр гар" гэснээ улмаар "Ядарч байна уу?" хэмээн асуухад "Гайгүй ээ" гэж товч хариулчихаад замаа хөөн одлоо.

Зураг 9. Хадлангийн давааны огцом өгсүүрийн өмнө таарсан адуун сүрэг буюу ирсэн замаа эргэн харсан нь

Цаг 11:35 болжээ. "Хадлангийн давааг ядах юмгүй дайраад гарна. Цаашаа дан уруудна. Гүнтийн засмал нь жийж байтал дуусна. Үлдсэн жаахан шороо нь юухан байх вэ. Харин Толгойтын давааг хэдэн ч удаа жийж давлаа даа. Сүүлийн даваа юм чинь зүтгээд л дуусгана даа." гэж бодсоор Хадлангаар даваад уруудах гэтэл салхи арай биш ээ. Даваанаас уруудахад жийлгээд байх даа яах вэ дээ. Ингээд аяллын удирдамжид заасан ёсоор админд цагаа мэдээлэх үед 12:08 цаг болж байв. Мэдээгээ өгчихөөд замын хашлага дээр сууж жаахан юм идэж уугаад хөдлөв. Энд цайлахад зохимжгүй гэж санагдсан тул Жигжид орж үдийн цайгаа уухаар шийдсэн.

Санзайгаас Жигжид хүртэл ердийн үед 30 км/ц-аас багагүй хурдаар урууддаг боловч энэ өдрийн салхинаас болж хурд чүү ай 20 км/ц хүрч байв. Уруу зам, салхи хоёр угаасаа миний ганц "дайсан" л даа. Хүчтэй салхи даваа өөд өгсөхөд "радиатор хөргөж" тус болсон ч чиглэл нь маршруттай огт тохирохгүй байв. Ингээд Жигжид хүртэл жийхэд хүчтэй, хуурай салхи нь бие махбодын шингэн болон энергийн тэнцвэрийг алдагдуулж орхив. Замын хамгийн хэцүү хэсэг гэвэл би хувьдаа "Санзайгаас Жигжид хүртэлх хэсэг" гэж хариулна. Ингээд Жигжид дээр гуанзнаас хоёр аяга сүүтэй цай ганц нэг хуушуур авлаа. Хуушуур зажлахад ам дотор шүлс ялгарахгүй байсан нь шингэний тэнцвэр бүрэн алдагдсаныг илтгэнэ. Салхиа гэж.

Жигжидээс Гүнтийн даваа руу хөдлөөд цагаа харахад дундын цэг дээр мэдээ өгсөнөөс хойш аль хэдийн бүтэн нэг цаг өнгөрсөн байв. Ахиад л бас салхиа гэж.

Маршрутын төгсгөл хэсэг: Гүнт болон Толгойтын даваа

Гүнтийн давааг хэрхэн давсан талаар бичээд байх юу байх вэ. Туулах чадварыг нь үл тоон давхиулсан баахан машин, тэдгээрээс тэнгэрт тултал боссон тоос нь алсаас харагдаж байдаг даа. Харин Гүнт давсанаас цааш Толгойтын даваа уруу салах зам хүртэл тийм их явдагийг өмнө нь анзаарч байгаагүйгээ л маш сайн мэдэж авав. Харин энэ үед өнөөх салхи хойноос түлхэх тул тэндхийн уруу замд хурд 60 км/ц-аас илүү гарч байв.

Салахад тохирох гарц дөхөж ирэхэд ашгүй хэдэн үхэр зам хөндлөн гарч өөдөөс ирж буй машинуудыг зогсоож өгөв. Тэдний завсар зайгаар эхний машин булталзан гарч ирээд юу юугүй давхих вий гэж муу санаалаад замын гарцаас наагуурхан замын хажуугийн гууг дайраад замаас гарав.

Одоо ингээд Толгойтын даваа дээр гартал юу бодох вэ дээ. Бодох юмгүй гэснээс хамраас ногоон нус гоожоод байсныг хааяа хааяа нийх гэж лайтай ажил байсан. Янз бүрийн ханиадны нэг хувилбар л юм байлгүй. Нэг өгсөөд эхэлбэл зогсох дургүй тул айлуудын дундуур явж байхдаа нусаа нийж хамраа онгойлгоод "Толгойтын даваа дээр гартлаа огт зогсохгүй. Машин таарсан ч урьдын адил аргалаад зөрнө." гэсэн үүрэг даалгавар өөртөө өгчихөв. Даваа дээр гарах замд хойноос нэг, урдаас хоёр машин ирсэн. Гүнтийн даваанаас ялгаатай нь энд машинууд арай ядан явах тул шороо босох явдал үгүй нь тун сайхан. Бас том том чулуутай тул давааны хойд зам эвдэрнэ гэж үгүй. Ийнхүү хэзээд нэг л янзаараа байх итгэлт танил замаараа жийсээр барианы цэгт очиход цаг 14:36 болж байлаа.

Зураг 10. Барианы цэг буюу Толгойтын даваа дээр алжаалаа тайлж буй нь

Болоогүй л байна даа буюу дүгнэлт

УУДАГ-ийн шар тэмдгийн болзол хангатлаа группийн аялалд оролцсон ч энэ удаагийн 7 давааны гурвыг нь өмнө давж үзээгүй л байжээ. Шижир, Найрамдал, Зүүн Ац гэсэн гурван давааг давж байхад "Улаанбаатар хотын эргэн тойрныг бүрэн нүхэлж дуусах болоогүй л байна даа" гэсэн бодол байсхийгээд орж ирж байлаа.

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
М.Пүрэвдорж Т.Энхбаяр О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр С.Мөнхбат Г.Махгал Б.Насанбат

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Э.Ууганбаяр Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4794 км
П.Батмөнх Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3640 км
Д.Жамъяндорж Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3602 км
Ш.Мөнгөнсүх Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3561 км
Зүгээр л жий!