Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #121 - ДӨРВӨН УУЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/224
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
163 км
Давааны тоо
5
Өндөр авалт
2827 м
Өндөр алдалт
-2828 м
Их өгсөлт
24.1 %
Их уруудалт
-29.5 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2022 оны 6 сарын 14 Мягмар гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Чингэлтэй автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
48.000583, 106.873722
48°0'2.1"N, 106°52'25.4"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын төрөл: Өдрийн
Аялах арга: Групп-ээр
Цувааны зохион байгуулалт: Админ удирдана, цоожлогчтой

Энэ аяллын үед баримтлах ерөнхий зөвлөгөө:
1. Аяллыг групп хамт олноороо хийнэ. Үүнд:
- Уулын замд хамтдаа өгсөж уруудах,
- Хотын замд өөрийн хурдаар жийх,
- Таталт хийх товолсон цэг дээр багаа хүлээх, 
- Төв аймгийн засмал замаар хамтдаа жийх,
- Аяллын төгсгөлд хамтдаа жийж хот руу орж ирэх,
2. Уулын оргил дээр гарахгүй байх. Үүнд:
- Чингэлтэй уул: Орой дээрхи элгэн хадны энгэрт байдаг цогцолбор дээр зургаа авахуулах (цааш явахгүй),
- Баянзүрх уул: Автомашины дээд зогсоол хүрч зургаа авахуулах (шатаар өгсөхгүй), 
- Богд уул: Цэцээ гүн оргилын хормойд чиглэл заасан тэмдэг дээр зургаа авахуулах (дээш хадан дундуур өгсөхгүй),
- Сонгино уул: Үндсэн оргилын овоо харагдах дээд хяр хүрч зургаа авахуулах (оргил өөд явахгүй)
3. Аяллын замын таталт хийх үндсэн цэгийн талаар:
- Чингэлтэй уулаас уруудаад хот дундуур явсаар Баянзүрхийн Сансар ХТ-ын талбай,
- Баянзүрх уулнаас уруудаад, унадаг дугуйн зам дээр,
- Цэцээ гүнээс уруудаад Манзуширийн хийд,
- Сонгино уулаас уруудаад Шар хөвийн дөрөлжийн засмал зам дээр,
4. Бусад:
- Оролцогч нар урд, ард гэрэл авч явах, 
- Аяны тогоо, тулгаа ганзаглаж явбал тустай,
- Энэ аялал Чингэлтэй, Баянзүрх уулаас буцах ГАРЦ-тай,
- Аялагч нар Богд ууланд түр отоглон өдрийн халуун цай, хоол унд хийж идвэл зүгээр,
- Зуунмод хотод зөвхөн дэлгүүр орох (хооллох хэрэггүй),

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн залуусын хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон төлөвлөсөн энэ аяллын чиглэлийг анхнаасаа дэмжиж байсан. Харин унадаг дугуйтай зохицох эсэх тал дээр хэлмээр, зөвлөмөөр зүйл байсан боловч "хэлээ хазсан" юм.

Хүний хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй, ялангуяа шинэ аяллын зам гэдэг манай группийн гишүүдийн хувьд амталж үзээгүй амттан мэт байдагсан. Хүсэл гэгч нь аялагч хүний толгойд урьдчилан хийсвэрээр бууж, сэтгэлдээ аялаж, санаагаараа дуусгадаг төсөөллийн бодит бус, салахын аргагүй дуршил юм болов уу. Хүсэл бүхэн өөр амттай байдаг, зарим хүслээс хазаад л эгнэгт татгалздаг бол зарим нь насан туршийн зуршил болох нь бий.

Тиймээс хүслээ биелүүлэхэд нь залууст өөрийн зүгээс хичээн зөвлөсөн аяллын ерөнхий удирдамж боловсруулсан. Аяллын замдаа гарч цог золбоотой жийж, нүдэнд нь жаргал гэрэлтсэн залуусаараа бахархан нэг өдрийг өнгөрөөж хэсэг зуур хань бүл болон аялаж асан өчигдөр гэдэг өдөр юутай сайхан өнгөрсөн билээ дээ. Өдрийн хоолоо идэн багийнхан (14 гишүүн) маань уулын оргил өөд, би Төрхурахын ам уруудан хотын зүг жийж явахдаа, энэ аяллын хамгийн тохиромжгүй зам удахгүй эхлэнэ гэдгийг халширан бодож байсан ч группийн гишүүдийн сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдарын хүчинд бүрнээ итгэн, эд нар маань юуг ч даваж чадна даа гэсэн бодлоор тайвширч байсан юм.

Группийн өнгөрсөн аяллын тэмдэглэлүүдэд дурьдсан туршлага, үр дагаварын талаар давтан дүгнэхийг хүслээ. Үүнд:
1. Аливаа уулын оргил, унадаг дугуй хоёр давхцах нь тун адармаатай байдаг. Хоорондоо нэг л зохицож өгдөггүй.
2. Аливаа уулын замтай даваа нь унадаг дугуйтай эвлэг зохицоно. Уулын оргил руу бус даваа руу унадаг дугуйтай аялах нь зохимжтой гэсэн үг.
3. Морин жим, явган жим нь унадаг дугуйтай явж болмоор төсөөлөгдөж, санагдах нь их том эндүүрэл. Ялангуяа ой модтой уулын жимээр унадаг дугуй "явж" чаддаггүй.
4. Унадаг дугуй нь тээврийн хэрэгсэл тул замтай газраар аялах нь тохиромжтой.

Нэг өдөрт УБ хотыг тойрон орших дөрвөн уулын оргил зорьсон унадаг дугуйтай энэ аяллын замыг гишүүд маань хийморьтой туулан хүслээ биелүүлсэн билээ. Группийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх аялал боллоо.

Улбар шар тэмдэгтэн Э.Ууганбаярын аяллын тэмдэглэл

Чингэлтэй – Баянзүрх – Цэцээ гүн - /Сонгинохайрхан/ Buddha and Huuk BD/гороо/ За за ямар ч атугай Бурхан багшийн төрсөн өдрөө мөн хэмээн сэтгэж Чингэлтэй-Хан Баянзүрх-Цэцээ гүн-Сонгинохайрханы оргилын чиг “Дөрвөн уул” нэрт чээлэнжийг нэг өдрийн дотор туулж барах санаатай өглөөний 5 цагт сэрж 6 цагт гэрээс гарснаар эхлэв. Энэ өдрийн цаг агаар: Салхины хүч урдаас, зүүнээс, баруунаас, хойноос гэсэн нар зөв эргэсэн шинжтэй, үүлэрхэг, агаарын даралт 1076гпа, өдөртөө +26 градус байх төлөвтэй байв. Эдгээр шинжүүдээс хамгийн авууштай, хайрламаар зүйл нь “үүл” байлаа. Хэрэвзээ үүл үгүй бол тэгээд л жинхэнээсээ “эрхий мэргэн” болж урд хайрханы улаан нүдтэй, дэлдэн чихтэй самж салбадай болох байсан байлгүй. Долоон буудлаас Чингэлтэйн эцэс гэдэг эцэс төгсгөлгүй огцомдуу өгсүүр юм, бидний нэрлэсэн цаг 7 байсан ч хожимдоод 7.10 цагт ирснээр биднүүд өгсөж эхэллээ.

Ер бидний аяллын хамтрагчид хөдөөний хүн байсан бол... жаахан төсөөлье. Бидний ерөнхий админ Ожго ер нь шөнө унтдаггүй байх аа зарим нь хар нүд арай хийж ховхлоод зүтгэсээр ирэхэд аль хэдийн ирээд гандашчихсан, бүр уйдцарцан нүүр дүүрэн инээдээрээ булаад зогсож байх жишээний. Ер нэг тийм хээгүй, гүндүүгүй хөдөө асан бол номхон хээр морины сүүдэрт чулуу таалцаад л зун амралтаараа хонины ээлжтэй байгаа хүүхдүүдтэй хууч хөөрөөд л, уул ус ургамал амьтдын талаар ярьж л байж баймаар хүн.

Манай дэд ерөнхийлөгчийн хувьд хэдэн үгээр илэрхийлэхэд шууд л их гэрийн хажуугийн бага гэрт аргалын утаа уугиулж чанга чанга инээж, бас загнаж шууд утгаараа дуутай шуутай-гав шав хийсэн, нэг бол гэрээс үсрэн гарч аргал хормойлоод орж битүүхэн голын харцуудаас өнөө муу нэрмэлийн жоохноо харамладаг ч бас ороод ирээсэй гэсэн дотор мөрөөстэй, эргэнэг тавиурын хөндий ханхай, арвын битоны хойд суганд нууж өдөр бүр тогоо нэрж баймаар эгч Цоко.

Өдөр бүр нар битүү цагаас эхлэн нар жаргатал адуун сүргийн хажууд агсан зээрд морь унаж уурга суналзуулж, исгэрч, голын эрэг дээр морио тушчихаад усны урсгал харан эморч, жоготой нүдээр хавийн охидыг харж явдаг адуучин баймаар эгч Золоо.

Отрын зам, алсын аянд ундаашихгүй урагш хавьцаа хойноос урагш холхиж, наран шингэхэд уулсын хаяа ширтэж галзуу улаан нэрсэн шээг/шиг/ тарваганы боодог хийнгээ дуу аялан гунганах борогшсон анчин мэт Жавхаа.

Наадмын морь барианы газар руу хазаар даран хурдалж сортоо хоёр чих нь солбилзон урагш тэмүүлэх агсамдуу хар үрээний уяа сойлго жигтэй таарч жороолох газар жороолж, хатируулах газар хатируулсаар яваа хүнд хөнгөн жин яг таарсан наранд онгосч борлосон царайтай унаач хүүхэд лугаа. Түүний дотор ер бусын догдлолтой, ямар ч атугай юунд ч байсан яаж ч байсан түрүүлнэ л гэсэн ганцхан зорилго өвөртөлж яваа. Махгал

За за үг олдож үхэр холдлоо.. үлдсэнийг нь дараа нь.

Чингэлтэй хайрханаас буугаад дараагийн таталт Баянзүрхийн Сансар худалдааны төв. /Ийшээ ёстой ангасан хонин сүрэг яаж эрээ эвээгүй дайрдаг билээ дээ гэсэн шиг/ уралдан очицгоолоо. Миний унасан морь ухраа хүрэн гэдэг шиг араас нь хоцорчихгүй, хаягдчихгүйхэн шиг махийсаар ирлээ. Ай яа яа мөн явдаг адууснууд юм даа, ёстой л өнөө гуурст хүлэг гэгчид нь гэмээр мөн л ирцгээчихсэн хөөрөлдөн сууцгаана.

Зураг 1. Чингэлтэй ууланд

Эндээс дараагийн хайрхан “Баянзүрх” ургах наранаар эргэн алсуурын өгсүүр, засмал замаас арай илүү зөөлөн, бас тухтай санагддаад байдаг нь шороон зам. Нөхөд шидсэн чулуу мэт урагш арилж өглөө. Цоко эгчтэй хоёул аажим дээшилсээр хайрханы доод бэлд байх хамгаалалтын хашааны үүдэн дэх улаан хүрэн дааман хаалганы дэргэд амарч ганц ганц патиар татуулаад буцаж уруудлаа. Нөхөд дээш өгсөж одсон билээ. Бид хоёр засмалыг хөндлөн туучиж Хөлийн голоо өгсөн аажим өгсөж ахуйд дугуй хагараатахлаа. Бяцхан саатаж засвар хийгээд хөдөллөө. Тэгж атал төмөр замын шахааны тэнд зам дуусаж зүлгэн дээгүүр түрсээр хонхорын төмөр замын шахааны дэргэд дугуйгаа орхиж нөхөд дээр очиж цайлцгаалаа.

Эндээ “Төр хурах” –аар өгссөөр “Цэцээ гүн”-ий оргилд хүрцгээнэ. Энэхүү тохойд хоёр цаг орчим болсны дараа ерөнхий админ эндээс буцаж бид үхрийн баас адил уван цуван дээшиллээ. Цэцээ гүн хүртэл бараг хоёр цаг шахам түрсээр миарсаар нэг зураг татуулцгаагаад “Манзшир” өөдөө уруудлаа. Манзшир хүртэлх хайкин замын чулууг ээ, болдог асан бол дугуйгаа түрэхгүйгээр хажуудаа дагуулаад явахсан гэж ч бодох шиг, яг чухал шаардлагатай үед дугуй шууд нохой болж хувирдаг болчоосой ирээдүйд хэхэ. Аааааш Төр хурахаар түрж өгссөнөөс илүү бартаатай замаар уруудсан нь өгссөнөөсөө даруй хоёр дахин удаан байсан болов уу? Удаан байсаан байсан.

Ингэсээр оройн 6 цагийн үед Манзширт ирлээ. Одоо бидэнд юу хамгийн хамгийн хэрэгтэй байсан бэ гэвэл таваг дүүрэн цуйван, тос нь гоожсон хуушуур л юу юунаас илүү хэрэгтэй байлаа даа хаха. Төв аймаг хоол муутай шүү гэж байсан ч түмний дундах ганц хоол сайтай газрыг нь “Их монгол зоог” олоод оччихсон юмдаг. Нүднээ нүгэл хуртал хоол бодсон бор ходоодыг тал дундуураас дээш гартал дүүргэж орхилоо. Ийн “Сонгинохайрхан” зүгт нар жаргаж хөрсөн дээрхи халуун агаар дээш хөөрөх үед Төв аймгийг орхицгоолоо. Би нойр ихтэй, нойр ихтэй хүн байдаг л даа тэхдээ над шиг биш байх. Сонгино хүрээд гэрээдээ ирсээр байтал үүр цайж магад хэмээн сэтгэж маргааш амралтын өдөр байсан бол гоёоо гэсээр дугуйчин эгчийн гэрийн хүний унаанд суугаад хотын зүг одож бусад арван дугуйчин энэ өдрийн аяллын сүүлийн уул Сонгино тийш одлоо. Дөчин дөрвийн тэнд унаанаас буугаад гэрээдээ жийсээр иртэл сонгино явсан хэд аль уже гарчихаад гэртээ ирэх агшинд би бас бараг л ирж таарлаа. Тэд одоо машин юм уу, би одоо тэрэг хөллөсөн яст мэлхий л гэлтэй.

Баярлалаа. Төрсөн, төгссөн өдрийн мэнд хүргэе Будда

Хөх тэмдэгтэн О.Адъяагийн аяллын тэмдэглэл

130 сая жил орчмын өмнө үүссэн боржин чулууд, шилмүүс моддын дунд хальтран тэнтэр тунтар алхаж явахадаа энд л лав эртний хүмүүс ирдэггүй байсан байхаа гэж бодож байлаа. Ийн бодох болсон шалтгаан нөхцөлийн эх үндэс учир шалтгааныг тунгаан эрвэл өнгөрсөн хавар хийцгүйрэн утас ширтэн буйдан дээрээ булцайн утас шөрмөсөө маажиж байхад групп чатанд их хотыг минь тойрсон 4н ИХ ХАЙРХАНЫ оргилд нэг өдөр гарах уу? гэсэн санааг яагаав хэзээний танил ХТГ Б.Жавхлантөгс уран ухаан, урьдын туршлагаа тулгуурлан нэг судалж туршиж үзэх үү хэмээсэн билээ. Санаа гаргаад зогссонгүй аль хэдийн газрын зургаа ч зураад бэлдсэн байв. Би ч тэгээд худлаа хошуу нэмэхээс хуруу нэмэх биш дагуулж гуядаж сурсан зангаараа чаддагаа хийж дэмжихээ чин сэтгэлээсээ илэрхийлэв. Түүнээс хойш нэг мэдэхэв хангай дэлхий хурмастын хайрласан хур бороонд дэвтэн ногоорч зуны дэлгэр улирал айлчлан ирлээ.

Группын админ ч нэгэнт аяллуудаа товлон оруулсан байлаа. За тэгээд энэ группыг өдий зэргэд хүргэж ийм сайн соёлтой болгосон Ожго админы үүрэг гавъяаг дурдаад баршгүй ч уг хүн нь даруу төлөв өөрийгөө магтуулж овойж товойлгох дургүй тул ингэсгээд цэг тавья.

Одоо унтчихвал маргааш аялалдаа явна гэж хүчээр нүдээ анин аяллын өмнөх шөнө бодон хэвтэж байтал нам унтаад өгч, ашгүй нөгөө аялал эхлэх өглөө болсон тул хэзээ ч байгүйгээр цовоо цойлгон босч хувцаслаж ундлаад 13км зайг 40минутанд туулна гэж сэтгэж ерөнхийдөө яаран гэрээс гарлаа. Уншигч та гайхаж магад ийм бага зайг тийм удаан туулна гэж үү? Үнэндээ бол тэгсэн цуглах цэг нь их өгсөж очих тул тийм байлаа. Энэ өгсөн очсон газар бол Чингэлтэй хайрханы бэл юм. Харин яг цагтаа бараг л байдгаа хийн жийн очлоо.

Энд аялагчид төд удалгүй бүрэн цуглаж, цаашаа Чингэлтэй оргил дээр лаа шиг урсах хөлстэйгөө цуг гарч тэнд жаахан сахилгагүйтэж, зураг хөргөө авахуулж аваад доош уруудан татаад бас бус танихгүй хүмүүстэй салах ёс хийн дараагийн цуглах цэг рүүгээ юунд хөөгдөж буйгаа үл мэдэн ум хумгүй давхилаа. Ум хум гүй гэж нэгэнт шажин номтой холбоотой үг хэрэглэснийх энэ өдөр "Бурхан багшийн дүйчин өдөр" байсныг дурдах нь зүйтэй байх.

Баянзүрх хайрханг зорих таталтын цэг дээр кофены хүргэлтэнд явж "Сайн ус" гэж францаар бичсэн усаар шагнуулан угаас өлсөж цангах нь их хүн тул баахан чихэр жигнэмэг ходоод гэдэсний мухарлуугаа шидэж аваад төөрч будилж их паянтай хэд хэдэн удаа гарсан давахгүй гэж амласан ч гурав дахиа давж буй Баянзүрх хайрхан луугаа ам хуурайгүй чалчсаар хажуудах хүнээ залхаан гарлаа. Тэнд бас л үндсэн зорилго Шороо мэт үлдэх патиараа татуулан нэг гишүүнээ өнчин ишиг шиг орхин буцан уруудлаа. Тухайн үедээ нэг гэж бодож байсан ч энтропи өсөж байдаг юм болохоор тэр байтугай гишүүд үлдэж олгой хаймар хагаран хоцорч барьсаныг дараагийн цуглах дээр очсон хойноо мэдэж мэл гайхаж цэл хөхөрсөн билээ.

Зураг 2. Богд уул. Цэцээ гүн оргилын урд өвөрт

Дараагийн цэг Төрх хурхын ам Цэцээ гүн оргилруу өгсөх цэг дээр ирэхэд аргагүй аялагч хүний туршлагаар админ маань рашаан ус зүлэг ногоо тэгширсэн найрлан сууж наян өдөр наргимаар нэгэн газар сонгосон байлаа. Тэр газар гутал хувцасаа тайлан алжаал юугаа тайлан цайлж ундлаад аяны тогоотой харшуулах аялагч нөхдийн пур хийлгэсэн борцтой хоолноос ч хороохоо мартсангүй. За ингээд зарим нөхдөө энд мөн үлдээгээд цаашаа дугуйгаараа таяг хийн, зөрүүд зангийн минь илрэл болгосон уулын гуталтайгаа яв гэснийг үл тоон дугуйны тачигнууртайгаа Хан Хэнтийн уул нуруудын хамаг урд цэгийн аугаа их Богд уулын алтан сайхан Цэцээ гүн оргил руу Төр хурахын амаар өгсөж гарваа. Эхэндээ их цэмцэгнэж бэмбэгнэж алхаж байсан ч сүүлдээ тэр их олон арван зуун мянган настай боржин чулуудын дунд хальтраад унахгүй л бол их юм болж ус горхийг үл тоон шалчигнуулан алхалж гарлаа. Ус горхи, самар ихтэй энэ уулыг төр шашин ихэд таалан (уул нь өөрөө мэдсэн үү гүй юу) цол хэргэмээр шагнан өргөл барьц өргөдөг байсан юм бна. За тэгээд мөнхүү оргил цэг дээрээ ахин патиардуулаад. Доошоо уруудан тачигнуулан явахдаа эртний хүний тухай ч бодож амжсаныг дээр өгүүлсэн билээ.

Угаас энэ их хайрхан дээр урт хугацаа орохыг мэдэж байсан тул унд хоол их авч явсан маань ч айвуу тайван бараг л цоожлогч хийн явахад таатай байв. Ийнхүү явсаар доош уруудан Манзушир дээр ирэн хүлээж буй нөхөдтэйгээ тааран зургуулаа болж аваад Төв аймаг орж ихэд сайхан хоолтой газар нөхөдтэйгээ цайлан хөдлөөд зарим нөхдөө замд таарах гүвээн дээр орхин Өлзийтийн уулзвар дээрээс хөдлөхөд яг аравуулаа 4 дэх хайрхан Сонгиноруу явах болсон байв. Угаас тоонд муу надад гарын арван хуруунд багтах хүн үлдсэн нь ард явж тоолоход их амар бсан тул саналаараа цоожлогч хийн явахад хүргэсэн билээ.

Өлзийтөөс цаашаа буудсаар Сэрүүний хөндий Сонгино хайрхан орж өвөр бэлд нь түр амсхийхээд хотын зүг жийн одож 25-р эмийн сангийн уулзвар хүртэл цуваа болон явсаар гэрийн бараа харагдах газраас салан энэ өдрийн аялал өндөрлөсөн.

Нэг өдөрт Дөрвөн хайрхан.

Шар тэмдэгтэн Ж.Батмөнхийн аяллын тэмдэглэл

Аяллын өглөө сэрүүлгээр сэрж байсан удаа бараг байдагүй "нэг сонин" зуршил ёсоор хэд хоног амралтанд тойглуулсан хүн шиг л 05 цагт хөнгөн шингэн гэж жигтэйхэн босч ирээд аяллын цуглах цэгрүү ухасхийн гарав.

Эхний хоёр хайрхан Чингэлтэй, Баянзүрх уулын бэл хүртэл манай хэд нэг их түүртсэн ч үгүй шуугиад л дуусгав.

Төр хурахын аманд баг өдрийн хоол цайгаа идэж хэсэг сайхан амарч аваад хөдлөх болоход миний бие нэг л хүнд хирнээ сулраад л явчихав. Гэсэн ч 240д яваагүй болохоор 4 уулаа машиндчих юмсан даа гэсэн зорилгодоо хүрнээ л гээд цааш зүтгэв.

Модны зах хүртэл өөдөөс мэр сэр машин цувна. Дотроос нь бөх бололтой хэдэн бадриун залуус :

- Ах хаа хүрэх нь вэ?

- Манзушир орноо гээд тэрүүхэндээ л пид хийчихээд зөрлөө.

Янз бүрийн элдэв чанга өгсүүрт жийхдээ жийж , түрэхдээ түрээд яваад байж болдог доо гэж бодсон ч юун дугуйгаа унах. Манайхны ярьдгаар концерт шууд л эхэлж махийж эхэллээ дээ. Суларсан бие сэргэх шинжгүй . Дээшлэх тусам чулууд томорч, үндэс мөчир замаар нэмэгдсээр л байв. Хонин чинээ чулуу дамжихдаа дугуйгаа өргөөд харайгаад буутал гуяны дотор талын шөрмөс мод шиг л хөшөөд шууд л хэвтчихэв.

Ард явсан багийн гишүүд зүгээр үү гэсээр цувж ирэхэд учир явдалаа хэлтэл нэгэн гишүүн “энэ их сайн” гэж ирээд л хэдэн ширхэг үзэмтэй үрэл гаргаж ирэв. Сайн гэдэг үг сонсоод л гялс ходоодруугаа гулгуулж орхив. Гуяны дотор тал зүрхний цохилт шиг л бөмбөлзөөд л хөдөлж байхыг хараад буцая гэж бодохтой зэрэгцээд нэгэн гишүүн маань бараг талдаа ирчээд буцаад дэмии байхаа гээд бодол унших мэт хэлэв. Хэсэг хэвтээд босч иртэл буцах хүсэл, бөмбөлзсөн шөрмөс хоёр ор мөргүй алга болжээ. Ер нь тэгээд аяллын замд хүнд хэцүү үед цагаа олсон ташуур мэт үгийг олж хэлж чадна гэдэг ямар их хүч тэнхээ өгдгийг нэг бус удаа өөрийн биеээр мэдэрч байсан болохоор сэпп гээл босоод ирэв.

Мододын үнэр сэнгэнэж , яг доор гол урсан байхыг таатайяа харан урагшилах тусам чулууд бүр илүү томорч зам хүндэрсээр л... Шөрмөсөө дахиж татчих вий гэж их л аргадан аргадан явж байлаа . Багийнхны яриагаар Цэцээ гүний оргил нэлээн дөхсөн бололтой. Жим дагуу шавар шавхайтай болж эхлэхтэй зэрэгцэн багийнханы дуу бараг гарахгүй болсон нь нэлээд тэнхээ барсаныг илтгэх ч зөвхөн замдаа анхаарлаа хандуулж итгэлтэй урагшилцгаах нь урамтай.

Зураг 3. Зуунмод хотоос Өндөр даваа даваж, дараагийн уул руу зорих замд

Ямартай ч Цэцээ гүн оргилдоо дугуйтайгаа ирлээ дээ. Машинаар бол бензиний датчик нам унажээ минийх ч... Ойр зуур зүйлсээ хуваан идэж цайлж байтал Зуунмод орж сайхан тос нь гоожсон хуушуур л идэх минь гэх яриа банштай цай, сүүлдээ цуйван болж өрнөөд ирэхтэй зэрэгцэн бензиний датчик үл ялиг дээшлээд ч байх шиг. Одоо уруу юм чинь гялс жийгээд гялс идээд идээд хаячие гэж л бодогдож байлаа. “Яг тэгж жийж харагдаарай” гэх шиг дахиад л үндэс мөчир, унанги, том том чулуу.

Хажууд яваа гишүүнтэйгээ цуйвангийн сэдвээр докторын зэрэг хамгаалах мэт л хоёулаа орц , порц , бурхан эрчүүд бидэнд хайртайн баталгаа нь цуйван гэдэг шүү, нээрээ чиний дугуйны жин хэдэн кг цуйван бэ нтр гээд л инээд наргиан болсоор замын бартааг үл ажран нэлээд явсан байлаа. Уруудах ч өгсөхөөс чанга чангаасаар ямартай Манзушир орж ирэн засмал замаар ёстой нэг бөөн дайсан дунд сэлмээ эргүүлээд орохоор манай энэ бөөрөнхий хөх юм л харагдаад байдаг юм гэж Тунгалаг тамир дээр үлээдэг хүүхэд шиг л бөөрөнхий юм Зуунмодын төврүү сэнсэртэл жийж очоод цайны газарт орж ирэв үү үгүй юу л дайнд ялсан баатар аятай Цуйван гэж ганц сайхан баавартай хэлчихээд ширээнд тухлав .

Зураг 4. Сонгино хайрхан уулын баруун өвөрт ирлээ

Цуйвангийн ард гарсан чинь цаг орой болсон ч Сонгино хайрхан өөд жийчмээр юм шиг бяр оржээ. 1 таваг цуйвангаар 100км бол бараг хусчаад байх шиг байдаг хүн л дээ ер нь бол.  Зуунмодоос хамаг гэрэл гэгээгээ зүүж аваад багаараа оройн сэрүүнд гялалзтал жийсээр Өлзийтийн уулзвараар арвуулаа Сонгино хайрханы зүгт итгэл төгс жийлээ дээ. Шороон замд 10 дугуйны гэрэл од мэт гялалзан эзэд нь мотортой юм шиг л шороо манарган жийх нь урамтай...

Дугуйндаа мордож чадахаа больсон нь гэх үү, Дархан цаазат уулаар “таавчиг”-тай тэнэсэн нь гэх үү буюу шинэхэн шар тэмдэгт гишүүн Г.Махгалын тэмдэглэл

“Ахиж л ёстой Цэцээ гүн рүү дугуйтай зүглэхгүй юм шүү” гэж халагласан өгүүлбэр цөөнгүй хүний амнаас байсхийгээд унана. Өнгөрсөн зун би вээр бас л “Цэцээ гүн рүү дугуйтай гарах боломжгүй юм байна. Дугуйтай гарлаа гэж хүмүүсийн ярьдаг нь шал худлаа юм байна. Түрж л гарахаас өөр аргагүй юм байна. Дахиж явахгүй.” хэмээн ам гарч байсан билээ. Гэвч жилийн дараа амнаасаа буцчихаад, “Гарын сарвуу яг сарвайх нь ээ” гээд л дугуйгаа хоёр том үхэр чулууны завсраар өргөж гаргаад явж байх юм. Үүний шалтгаан бол УУДАГ-ийн ХТГ Б.Жавхлантөгсийн санаачилсан “4 уулын аялал” гэдэг нэртэй, УБ хотыг тойрсон дөрвөн уулын ноён оргилд нэг дор гарах зорилготой аялал билээ. Группийн түүхийн хуудсуудыг эргэн сөхвөл 2016 болон 2019 онуудад Цэцээ гүн оргил руу аялж байжээ. Сүүлийн аяллыг бүр “Намрын халуурал” хэмээн нэрлэсэн байна. Тэгвэл энэ удаагийн аялал туулах замын урт болон өндөршил зэргээрээ мөнөөх халуурлаас бараг хоёр дахин илүү аж. Группийн зуу зуун аялалд Цэцээ гүн гэсэн аялал ганц хоёрхон байдаг тул энэ удаагийн аяллыг яавч алдаж болохгүй. Группийн бусад гишүүд ч ийн сэтгэсэн нь лавтай. Гэвч УУДАГ-ийн аялал бүр санасан шиг хялбар байдаггүй билээ. Иймдээ ч 240 болон 7 даваа гэсэн хоёр аяллын дунд товлосон энэ аялал “би нөгөө хоёроос дутахгүй шүү” гэдгээ группийн аялагч гишүүдийн амаар дамжуулан хэлж буй нь тэр буюу.

За одоо дугуйндаа мордож чадахаа больсон тухайгаа хүүрнэсүү. Уг нь автомашингүй өдрөөр гангарахаар захиалсан “шипи” маань өчнөөн хоногийн дараа яг энэ аяллын өмнө ирдэг юм даа. Ингээд аяллын өмнөхөн дугуйндаа суурилуулж, ганц хоёр удаа мулталж үзээд л бараг харанхуй шахам жийгээд 4 уулын оргил руу зүтгэчихсэн хэрэг. Тэгээд Чингэлтэй хайрханы гахайн хөшөө рүү очих өгсүүр зам руу бөх зүрх гаргаад өгсөж эхлэв. Овоо огцом боловч жийсээр л байлаа. Гэтэл замын багахан хэсгийг машин хий эргэхдээ хамаг чулууг нь суллаад бас гүн гүн нухчаа гаргасан байхтай таарав. Гарвал ч гаръя, савбал ч савъя гэж өөртөө хэлээд дугуйнаасаа буусангүй. Ер нь дугуй түрэхээс залхуурч байгаа юм л даа. Надад лав даваа давахдаа түрсэнээс жийсэн нь хамаагүй амар байдаг. Ингээд зүтгүүлж байтал хэт их хий эргэж хүч алдсаны улмаас өөрийн эрхгүй буув. Хэр баргийн хий эргэлтийг тэнцвэрээрээ аргалаад гарчихдаг тул энэ удаагийнх одоохондоо аргагүй тохиолдол бололтой. Таван алхмын цаанаас эргээд мордохоор ухасхийх гэтэл шипи эзэмшилтийн туршлага огт үгүй тул дугуй газарт, бөгс дугуй дээр морилчихов. Дөнгөж саяхан л чулуу шороотой холилдон өнхөрчихмөөр өгсүүрт хий эргэх буюу нэлээн таагүй нөхцөлд дугуйнаасаа зүв зүгээр буусан атлаа мордох буюу бараг зогсож байхдаа ийнхүү унасан нь үнэхээр ичгэвтэр. Жилийн өмнө өвдөг үл ялиг шороодсоноос хойш өдийг хүртэл огт унаагүй байсан тул хор шар буцлаад жигтэйхэн. Ингээд заналтай гэгч нь хоёр дахиа оролдоход овоо бүтэлтэй юм болов. Ингээд үлдсэн огцом өгсүүрийг дайраад гартал аль эрт түрүүлээд хөдөлсөн гурван гишүүн явж буй нь харагдав. Бас цаахнаа хашаа, түүн дотор өөр хүмүүс ч харагдана. Зорьсон цэгтээ ирэв бололтой. Шипи-ний хувьд иймэрхүү. Даваа давахдаа шипи-тэй явж болох юм байна гэж дүгнэв.

Чингэлтэй хайрханаас уруудаж явахад группийн гал цогтой гишүүдийн нэг УШТГ Э.Уянга бүсгүй аяллын маршрутын засмал замтай хэсэгт хамт жийхээр ирсэнтэй таарч улмаар Ургах наран бичил хороолол хүртэл хойно урдаа орон жийцгээв. Засмалын дугуйтай түүний хувьд тэр хүрээд буцахаас өөрөөр яах билээ. Мөн тэр маань энэхүү аялалд бүртгүүлчихсэн байсан сан бол жийлтийг нь зохих хувиар тооцож оруулаад энэхүү түүхийн нэг хэсэг болон "Аялалд оролцсон гишүүд" жагсаалтад бичигдэж үлдэх байсныг энэ дашрамд тэмдэглэе.

Зураг 5. Группийн аялагч гишүүд Баянзүрх хайрхан дээр гараад буй нь

Одоо нөгөө гайхал “таавчиг”-ны талаар сонирхуулъя. Богд уул их устай байдгийг мэдэх тул гутал хувцас гэж цэмцэгнэж явахаар шууд л гутлаа тайлж, таавчиг өмсөөд, өмдөө шуучихсан. Ингээд шавар шавхай дундуур бодох юмгүй туучиж өгсөн дөө. Ингэж явааг маань харсан зарим гишүүн “зургийг нь дарчихаач” гэж элдэвлэнэ. Таавчиг оломгүй тул нялцгай шавар туулах үед сугарч үлдээд бас шаварт их хутгалдсан үедээ холбироод байсныг эс тооцвол хэрэг болсоон болсон. Ингээд ШТГ Баттөмөрийн заасан горхины усаар хөлөө угааж цэвэрлээд, шипи-гээ буцааж өмсөн шавар ус огт туучаагүй мэт болоод уулын модноос гарсан даа. Хэрэв шипи-гээ таавчигаар солиогүй байсан бол манайхны нэгний шүүмжилсэнээр "Алхалтын ч гуталгүй энгийн пүүзтэй, шифитэй алхалт хийж өөрсдийгөө тамласан хэрэг боллоо" гэдэгтэй өнгө ижилсэх байсан биз ээ. Харин яг тэр горхи хүрэхийн наана хэсэгхэн газарт дугуй дээрээ мордож уруудахад үнэхээр кайфтай байсныг онцлууштай. Уулын өөдөө огцом эргэснээ буцаад 180 градус эргэх байдлаар унасан моддыг тойрч сүлжээд явахад тун урамтай байсан. Гэвч шавар усгүй, үхэр чулуугүй ийм зам тун хомс байсан. Уг нь энэ замыг үхэр чулуунуудаас нь тойруулж, шавар усанд автахааргүй болгож засвал гэсэн бодол төрж байсан ч сүүлдээ "Нөгөө мото-чид (үүнд Surron зэрэг цахилгаан мотоцикл ч хамаарна) нь туучаад юу ч биш болгоно." гэдгийг ойлгоод "Энэ хэвээрээ л байх нь зөв юм." гэж дүгнэсэн дээ. Замын багахан хэсгийг тэгж туулахад явган яваа хүмүүсээс хол тасарч байв. Үүний хүчинд хөлөө угааж, гутлаа сольж өмсөх цаг гаргасан буюу багийнхнаа хойш нь татаагүй ээ.

Ийнхүү группийн түүхнээ тод бичигдэх ховор содон маршрут бүхий сорилт байдалтай аяллаар УУДАГ-ийн Шар тэмдгийн болзол хангасандаа туйлын баяртай байна. Мөн энэхүү өвөрмөц аяллыг анх санаачилсан ХТГ Б.Жавхлантөгс анд болон аяллын маршрутыг эцэслэн зохиож өгсөн админ Э.Ожго ах нартаа группийн нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Золзаяа Э.Ожго Э.Ууганбаяр Д.Цолмон Б.Насанбат Т.Энхбаяр У.Хосбаяр О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12864 км
  • 83
  • 6
  • 4
  • 1
  • 2
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!