Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #120 - ХАРГАНА, ХӨТӨЛҮҮР, ХАДЛАНГИЙН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/221
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
92 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1179 м
Өндөр алдалт
-1178 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2022 оны 5 сарын 21 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Хоногийн аяллын багтай хамт Үдлэг суурин хүртэл аялаад, зам салж урд зүг рүү уулын бэл ороон гүвээ толгодын замаар өгсөж уруудан явсаар, Хөтөл даваагаар даван уруудана. Зүүн талын эхний таарах том ам руу оролгүй (орчихвол Мухарын даваа өгсчихнө. Сэлбийн эхийн адагаар ороод ирдэг) хөндлөн гарч, намхан хөтөл даван дараагийн уужим амаар орж төв замаар нь (нэг жижиг гол гарна) өгссөөр Хадлангийн даваа даваж уруудан Санзайн зуслангийн харалдаа засмал замдаа нийлнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энд тэндээс байсхийгээд л "За хөдөлцгөөх үү?" гэх боловч энэхүү үгийг өмнө хэлсэн нь хүртэл хөдлөхгүй байх буюу хоргодоцгоох нь илт анзаарагдана. Энэ бол амьтны эрхэм дээд шинжүүдийн нэг - бие биедээ ээнэгшин дассаны илрэл биз ээ.

Зураг 1. Өдрийн болон хоногийн аяллын багийн аялагч гишүүд замын салаа дээр

Энэхүү өдрийн аяллын онцлог бол замын хагасыг хоногийн аяллын багтай хамт туулах явдал байлаа. Аяллын зар дээр заасан цуглах цэгт 08:16 минутад эхний гишүүн, төд удалгүй хоногийн аяллыг удирдах үүрэг хүлээсэн УШТГ Золзаяа эгч, дараахан нь ХТГ Мөнгөнсүх, улмаар гурван "Бат" нар болон бусад гишүүд хүрэлцэн ирцгээв. Ингээд 2 минут дутуу байхад хөдлөх цаг дөхсөнийг мэдэгдэж улмаар аялал яг товлосон цагтаа эхлэв.

Аяллын багийн толгойд яваа хэд Санзай хүртэлх алсын өгсүүр замд ачаатай ба "шалдан" (ачаагүй дугуй) дугуй унаснаасаа үл хамааран давхицгаасаар Багабаян хүрчээ. Харин арай сүүлдэсхийн яваа хэдийгээ Хадлангийн даваа уруудан ирж нийлэх шороон замын уулзварын дэргэд байх дэлгүүрийн хажууд татаж бөөгнүүлээд цааш хамтдаа жийсээр "толгойн сэргийлэх"-тэй нийлэв.

Манай групп Харгана руу эсвэл Харганаар дайран олон удаа аялж байсан ч сүүлийн үед хавар эрт эсвэл намар оройн цагаар явж байсан тул эндхийн замыг цасгүйгээр харж бас дээгүүр нь жийх сонин байлаа. Мөн энэ жил ус, чийг багатай хуурай байгаа нь энд бас мэдрэгдэж л байна. Ингээд бид 3 сарын 19-нд зохиосон хаврын аяллаар хүрч буудалласан газарт 10:35 цагийн орчимд хэсэг амсхийгээд цааш үргэлжлүүлэн замаа хөөцгөөлөө.

Зураг 2. Тэмдгийн болзол хангасан аялагч гишүүн У.Хосбаяр

Цааш нэг гишүүний маань дугуй хагарсаныг эс тооцвол торох юмгүй жирийлгэсээр Үдлэг сууринд 12:30 цагийн үед хүрсэн.

Энэ аяллаас сонирхол татаж байсан зүйлсийн нэг бол ачаатай дугуйны явдал байсан. Засмал зам дээр ачаатай дугуй ба шалдан дугуйны ялгаа гэхээр юм анзаарагдсангүй. Харин Сэлбийн эх рүү орж дов сондуул дундуурх овон товон замаар жийхэд ачаа харьцангуй багатай урд дугуй өргөгдөх зэрэг хүндрэл учирч байв. Урдаа зөвхөн хөнгөн майхан болон бусад жижиг зүйлс харин хойно гал тогоо болон хоол хүнс зэрэг хүнд зүйлс хийсэн байсан юм. Бас Харганаас уруудахад хүнд жинтэй ачаа юу юугүй авч явчих гээд эвгүй байсан. Ер нь ачаа ачих дугуйнд маш сайн тоормос тавимаар юм байна. Үйлдвэрээсээ ирсэн Shimano MT200 тоормос аргагүй л хүчгүйдэн жулдаж байсан тул долоовор дээрээ нэмж дунд хуруугаараа базаж явлаа.

Зураг 3. Үдлэг суурин дахь хүнсний дэлгүүрийн өмнө

Үдлэг суурингаас хоёр баг тус тусын маршрутаа хөөхөөр салах гэж дээр дурдсанчлан хоргодоцгоосоор 13:00 цаг өнгөрөөж хөдөлцгөөсөн. Аажим хөдөлсөн бид хэд хурдаа алгуур нэмсээр Үдлэг суурингийн урд хөтөлийг даваад улмаар буудав. УШТГ Октябрь ахыг эс тооцвол дан 20, 30 настай шижигнэсэн залуус тул бараг тэмцээн дээр жийж буй мэт байлаа. Замын хувьд жижиг горхи ба шавар ус гэсэн үл ялиг саадыг эс тооцвол ёстой л дардан юм. Тэдгээр жижиг сажиг саадыг эвтэйхэн гарах гармыг эхний хэд олж харин бусад нь шууд чиглэж очоод гарчих тул цувааны дундаж хурд нэлээн өндөр байв. Ийнхүү тал хөндийн урт замыг түргэхэн шиг идэж барах нь зуны аагим өдрүүдэд туйлын зөв юм. Эсрэгээрээ аагим халуун аялал саатаж зогсох зэргээр сунжирвал хүмүүс халуун наранд хий дэмий шарагдсаар бас хуурай салхинд хатсаар биеийнхээ шингэнийг ихээр алдах аюултай. Зуны аяллын үеэрх хамгийн аймаар аюул бол ангах явдал юм. Яг ийм эгзэгтэй үед аяллын багийг дагаж явсан нэг хүний "бензин дуусаж" аяллын багийг саатуулах болов. Ер нь сүүлийн хэдэн аялал дараалан үүн шиг шинэ хүнээс болсон "хэрүүл маргаан" удаа дараалан гарч буй нь, нэн ялангуяа үүний шалтгаан нь группийн аялагч гишүүд өөрсдөө гэдэг нь тун таагүй явдал юм. Группийн "хамаг бүдүүн админ"-ы төлөвлөсний дагуу хавар болон намрын нээлтийн үеэр цоо шинэ гишүүдэд тохиромжтой маршрут бүхий аялал, улмаар яван чангарах гишүүдийн бие болоод сэтгэлийн тэсвэр хатуужил шалгасан аялал зохиогдож байгаа билээ. Ийм учраас шинэ гишүүн элсүүлэх функц тодорхой цаг үед хаалттай байгаа юм. Үүний дагуу ойрын хэдэн аялалд цоо шинэ хүн дур мэдэн ирээгүй. Группийн дэг журмыг хүндэтгэж буй тэдгээр хүмүүст удахгүй нээгдэх шинэ гишүүний бүртгэлийг битгий алдаарай гэж захья. Ийм байтал аяллын өмнөх өдөр манай нэг аялагч гишүүн ах хүү "Нэг дүүгээ дагуулаад явчихъя" хэмээн гуйсныг зөвшөөрсөн нь миний маш том алдаа боллоо. Нөгөө дүү нь буцах замд аргагүй суларч буй бололтой. Улам сулрах түүнийг аяллын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, аагим халуунд хүлээн зогсох нь сүүлдээ миний санааг зовоож эхлэв. Угаасаа манай группийн зохиодог уулын дугуйн аяллууд осгож үхэхээс ангаж үхэх, хэмхэрч үхэхээс живж үхэх аюул осол дундуур болж өнгөрдөг билээ. Үүнд нь ч олон хүн татагддаг биз ээ. Иймдээ ч манай группт тодорхой нөхцөл бүхий цахим гэрээ байдаг. "Сайн жийдэггүй хүн яах гэж дагуулж гарсан юм бэ" гэж нөгөө ах хүүд хэлмээр байсан авч хүнд аяллын үеэр зэмлэх нь зохимжгүй гээд хэлээ хазаад өнгөрүүлэв. Ингэж явсаар давааны зам руу хөтлөн оруулах амыг нөгөө ах хүүдээ зааж өгөөд багийн гишүүдээ авч Хадлангийн даваа давав. Давааны зам дэндүү тод, мэдээжийн байсан тул дундах оргил дээр нь ганц л татав. Ойр ойрхон олон удаа татвал гишүүд усаа хурдан барчих тул зогсолтгүй урагшлах нь л зөв дөө. Тэгээд ч энэ удаагийн аяллыг хоногийн ба өдрийн гэж салгахад манай багт дан шижигнэсэн залуус л бүртгүүлсэн байсан юм.

Зураг 4. Унд устай золгосон нь

Давааны зам бүхий уулын аманд хэдэн гэр харагдаж байсан тул үлдсэн "хоёртоо" нэг их санаа зовсонгүй. Зочломтгой малчид маань ядарсан ганц хоёр дугуйчинг ундалж тэнхрүүлээд, хэсэг амраагаад явуулна гэдэгт итгэлтэй байна. Харин бид хэд бүтэн багаараа очвол айлд дараа болох байсан биз. Угаасаа мань ах хүү энд тэнд аяллаас сугарч үлдээд амиа борлуулчихдаг сүйхээтэй л дээ. Заримдаа хэл чимээгүй тэгээд алга болох нь миний ахлаагүй өөр аяллын үеэр ч тохиолдож л байсан. Түүнийг нь мэдээгүй аяллын ахлагч залуу бүсгүй өгсүүр замаар буцаж жийснийг, аяллын баг аагим халуунд хүлээж зогссоныг аялагч гишүүд санана даа.

Ингээд хоногийн аяллын багаас салсанаас хойш 3 цагийн дараа Жигжидийн уулзвар буюу аялал анх эхэлсэн цэгтээ хүрэлцэн ирэв. Ингэснээр группийнхний хувьд хоногийн аяллын багаас ирэх мэдээг чих тавин хүлээх л үлдэв. Харин миний хувьд харьж хоёр хүүхэддээ хоол ундыг нь бэлдэж өгчихөөд хэсэг унтаад үүрээр эртлэн гарч хоногийн аяллын багийг отог дээр нь "тосох" гэсэн өөр нэг адармаатай аялал хүлээж байна. Энэ талаар хоногийн аяллын тэмдэглэлд нэмж бичнэ ээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Бат-Эрдэнэ У.Хосбаяр Ш.Лазина О.Адъяасүрэн Ж.Октябрь Г.Махгал
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ш.Лазина Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1299 км
У.Хосбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1271 км
Зүгээр л жий!