Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #24 - МОНОС ЦЭЦЭГЛЭХ ЦАГААР 2022

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/220
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
156 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1835 м
Өндөр алдалт
-1839 м
Их өгсөлт
14.5 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2022 оны 5 сарын 21 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Аялагч нар цуглах цэгээс хөдөлж зуслангийн замаар хамтдаа хойд зүг жийж, Сэлбийн голын эх хүрнэ (замдаа Санзайн дэлгүүр дээр нэг татна). Энд хэсэг зурвас газар шавар ус туулах болно. Цааш Харгана (энд нэг татна)-аар даваж, огцом уруу болгоомжтой буугаад багаа цуглуулан бөөндөө Үдлэг суурин хүрнэ.

Эндээс хойд зүг, уулын бэлээ барьсан замаар (баруун зүгт тариа ногооны талбай харагддаг) явсаар Баянгол суурин хүрнэ. Энд цайлж, амарч болно. Голыг жижиг модон гүүрээр гарч, баруун талаа барин суурингаас гарч, жалга өгсөн гүвээ даван  уруудаж гүүрээр гол гаран Сөгнөгөр суурин хүрнэ. Сөгнөгөрийн голын хойд дэнж, уулын хормойн мод бут бүхий замаар 7 км орчим яваад Цагаан нуга хүүхдийн зуслан хүрч отоглоно.

Отоглож хоноод маргааш өглөө ирсэн замаараа Сөгнөгөр суурин хүрч, өчигдөр ирсэн гүүрээр гараад баруун зүг жийнэ. Замдаа Мандал хайрхан дээр гарч орчныг сонирхож, хойд бэл рүү нь буугаад рашаан ус, булаг дээр (ноднин явсан аялагч нар сайн мэднэ) очино. Эндээс Батсүмбэр сумын төв орж ундалж амараад УБ хотын зүг автомашины замаар бөөндөө жийнэ. Замд Ногоонтолгой гэдэг төмөр замын суурин бас бус жижиг өртөө өнгөрөх болно. Жаргалант суурин хүрэлгүй, төв замаас Ар Гүнтийн зам руу салж явсаар, Толгойтын даваа даваж УБ хот орж аялал дуусна.

Зарим аялагч нар Батсүмбэр сумаас автомашинаар буцаж болно (88 км тооцогдоно).

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ШТГ Баттөмөр

Бас л нэг сайхан зуны өглөө. Энэ өдөр миний хувьд анх удаа хоногийн аяллаар явж байгаа бөгөөд өглөө эртлэн босож цайгаа уугаад цугларах цэг рүү хөдөлж тайван жийсээр 08:20 цагийн үед ирлээ. Анх удаа ачаатай дугуй унаж яваа болохоор эхэндээ дасаж өгөхгүй байсан ч хэсэг яваад гайгүй боллоо. Эхний хүмүүс ирсэн байв. Аяллын өглөө эртлэн ирэх нь түр амарч цэнэг авах нөхөдтэйгээ хууч хөөрөх, дэлгүүрээс ойр зуурын хүнсээ авах тал бүрийн ашигтай.

Зураг 1. Хоногийн аяллын багийн гишүүд Цагаан нугад жийж яваа нь

Яг цагтаа аяллаа эхэлдэг группийн заншил ёсоор 09:00 цагаас хөдөллөө. Энэ удаагийн аяллын бас нэгэн онцлог бол өдрийн аялал болон хоногийн аялал цуг яваа юм. Өдрийн аяллынхан Үдлэг суурин хүртэл хамт яваад буцна. Цуглах цэгээс хөдлөн жийсээр Санзайн ам дахь дэлгүүрийн ойролцоо эхний таталт хийв. Нөхдийн зөвлөснөөр хувцсаа нимгэлэн ачаагаа дахин янзалж аваад цааш Сэлбэ голын эх рүү хөдөллөө. Ойрд бороо ороогүй болохоор газар сайхан хуурай байв. Арваад хоногийн өмнө энүүгээр аялахад бороо орсон шавар шавхай ихтэй байж билээ.

Цааш явсаар Харгана орохын наана нэг таталт хийн хэсэг амраад хөдөллөө. 11:00 цагийн үед Харгана дээр ирэв. Энд хэсэг амран хоногийн аяллаар явж байгаа нөхдийнхөө цүнх сав энээ тэрээг сонирхон асууж тодруулах зүйлээ асууж байлаа. За тэгээд цааш хөдлөн Үдлэг суурин руу уруудаж явахад нэг аялагч гишүүний дугуй хагарав. Хамтдаа дугуйгаа янзалаа. Бид хоёрыг Үдлэг суурийнгийн наана аялагч гишүүд хүлээж байв. Бөөндөө жийсээр Үдлэг суурин дээр 12:40 цагийн үед ирцгээлээ. Үүлгүй, нар туссан халуун өдөр ам нилээн цангасан тул дэлгүүр орж сайхан хүйтэн ундаа авч уунгаа Үдлэг суурин дээр хэсэг суун цайлав. Энэ сууринд анх удаа ирж байгаа болохоор орчин тойрныг сонирхов. Эндээс манай өдрийн аялалынхан буцах тул ярьж хөөрөн нэг нэгнийгээ сайн яваарай хэмээн гаргаж өгцгөөв. Ингээд хоногийн аяллынхан дангаараа цааш Батсүмбэр сумын 3-р баг буюу Баянгол суурингийн зүг хөдөллөө. Тариан талбайн хажуугаар жийж байхдаа хоорондоо хөгжилтэй зүйл ярилцан урд яваа хоёр гишүүнээ хурдны морьд хэмээн хөгжилдөн дуу аялан явж байхад үнэхээр сайхан. Баянгол суурин дээр 14:00 цагийн үед ирэв. Өдрийн халуунд ам их цангаж дахин дэлгүүр орон хүйтэн ундаа усаа ууж бас нэг нэг зайрмаг идлээ.

За тэгээд цааш хөдлөн 15:00 цагийн үед Сөгнөгөрийн амралтын гүүрэн дээр ирж хэсэг амран гутлаа тайлан гол орон нүүр гараа угаан сайхан сэрүүцэв. Ингээд бид хэд эндээс Цагаан нуга хүртэл 7 км орчим жийн хоноглох газраа очих ёстой. Замд голын эргээр монос цэцэглэсэн нь үнэхээр сайхан. Энэ аяллын нэр бол Цагаан нуга буюу Монос цэцэглэх цагаар билээ. Бид замдаа байгалийн сайхны зураг авч бичлэг хийн явсаар Цагаан нуга зуслан өнгөрөн хоноглоно хэмээн тооцоолж байсан отогт ирэхэд тэр газар хүмүүс ирээд төвхнөсөн байлаа. Аятайхан, аюулгүй хоноглох газар цааш хайсаар бараг 7 км орчим яваад хоноглох газар дээр 18:00 цагийн үед ирсэн.

Зураг 2. Бидний унаа

Манайхан майхнаа барин төвхнөж цай цүйгээ чанаж эхэллээ. Үргэлжлүүлэн хоолоо хийв. Хээрийн хоолны амт үнэхээр сайхан. Нэгнийхээ хийсэн хоолыг амтлав. Бидний хоноглож байгаа газрын байгалийн сайханд магтах үг дутмаар. Ямар сайхан эх оронд амьдарч байна аа хэмээн өөрийн эрхгүй омогшил төрж байлаа. Майхныхаа хажууд жижиг сандлууд дээрээ сууцгаан элдвийг хүүрнэн оройг өнгөрөөв. Өглөө ажилтай байсан хэсэг гишүүд маань бидний араас гарсан гэсэн мэдээ авсан болохоор хэзээ ирэх бол хэмээн хүлээж суулаа. /Үдээс хойш 17:00 цагийн үед наашаа гарсан/ Тэр хэд маань Батсүмбэрээс наашаа оройтож гарсан болохоор бид хэдийн хоноглосон газар хүрэлгүй харанхуй болсон тул тэндээ хоногложээ. Орой бас л биесийнхээ майхан сав, мишок, гудас энээ тэрээг сонирхон туршлага судлаваа. Бид хэд түүдэг гал асаан тойрон сууж элдвийг ярилцан оройг хөгжилдөн өнгөрөөв.

Утасны сэрүүлэг өдөр бүр гэсэн тохиргоон дээр байжээ. Өглөө 06:00 сэрүүлэг дуугаран сэрлээ. Майхнаас гарахад цэвэр агаар хамар цоргих нь үнэхээр сайхан. Ингээд гадаа гаран ямар сайхан байна аа хэмээн уулга алдсаар хамаг хүмүүсийг сэрээсээн. Гишүүд маань бүгд босцгоов. Аажуу уужуу хоол цайгаа хийж идэн майхан саваа янзлан бэлдэж нөгөө хэд дээрээ эртхэн очихоор болов. Явахаасаа өмнө дурсгалын зураг даран ачаа бараагаа цэгцлээд уруудаж жийсээр 10:00 цагийн үед өчигдөр орой ирсэн гишүүд дээрээ ирэв. За ингээд бөөндөө цуглан хууч хөөрөн хэсэг сууцгаан зураг авахуулав. Бид хэд тэнд бараг 2 цаг болсон байх. Эндээс бид түрүүлээд буцах замдаа орлоо.

Зураг 3. Сөгнөгөр голын хойд эргээр жийж буй нь

Замаараа зураг хөргөө авахуулан тайван явсаар Сөгнөгөр амралтын дэлгүүр орж цэвэр ус сэлбэж аваад маршрутын дагуу Мандал хайрхан дээр гараад хойш уруудан рашаан ороод тэндээс Батсүбэр лүү явна. Мандал хайрхан дээр гарахад 4 талруугаа маш сайхан харууцтай хайрхан байлаа. Бид хэд дугуйтайгаа овоогоо 3 тойрон хойш уруудан рашаан хүрлээ. Маш сайн хашаалан хамгаалжээ. Ороход олон рашаан тус бүр дээр хаяг байршуулсан байв. /Зүрх, ходоод гэх мэт/ Рашаанаас хүртээд үргэлжлүүлэн жийж Батсүмбэр дээр ирээд цайны газар орон хооллож ундлав. Эндээс Гүнт хүртэл засмал замаар 40 км орчим жийнэ.

Хэсэг амран дугуйн гинжээ тослон бэлдээд хөдөллөө. Жаргалант суурин луу хүрэлгүй наана эргэн төмөр замын гарам доогуур гаран жийсээр Ар гүнтийн замаар салж замын урд байрлах Ар гүнт гэсэн нэртэй хөх супермаркетын гадаа ирж амарцгаав. Халуун өдөр байсан болохоор сайхан хүйтэн ус ундаагаар дахин хүч сэлбэж авлаа. Одоо энэ аяллын сүүлчийн дайралт Толгойтын даваа. Энэ даваа руу урд нь 2 удаа гарч байсан. Энэ удаа ачаатай дугуйтай гарна яана даа гэж бодогдож байсан ч боломжтой газар хүртэл жийгээд түрнэдээ... ямар ч байсан зүтгэсээр даваан дээрээ гарсан. Давааны оройд аялагч гишүүн Мөнгөөгйин бэлдсэн АХА тэмцээнд оролцож алжаалаа мартан хөгжилдөв. Зураглаачаар аялагч гишүүн Галаа ажиллав. Галаа маань өдрийн аяллаар явж буцсан хэдий ч өглөө эрт УБ хотоос гарч ганцаар жийсээр бидний уруудаж өнгөрсөн шөнө ирсэн гишүүдтэйгээ уулзсан отог дээр ирснээр ийнхүү бидэнтэй хамт буцаж байгаа нь энэ юм. Толгойтын давааны доодох Бумбатын рашаан дээр биднийг угтсан аялагч гишүүн Адьяа дүүдээ баярлалаа.

Энэ удаа хоногийн аялалаар анх удаа явж байгаа миний аяллын бэлтгэлийн хувьд майхнаа буруу сонгосон, гудас бэлдээгүй, мишок багадсан зэрэг туршлагагүйтсэн зүйл багагүй гарсанд дүгнэлт хийж цаашид аяллын чанартай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, бэлтгэлээ сайн хангаж байж аяллаа тав тухтай байлгах юм байна хэмээн мэдэж авсан.

Энэ удаагийн аялал бас л нэг сайхан дурсамжтай аялал боллоо. Хамт аялж тусалж дэмжсэн гишүүддээ баярлалаа. ЗҮГЭЭР Л ЖИЙ…

ХТГ Г.Махгал

Хоногийн аяллын багийг отог дээр нь тосох төлөвлөгөө буюу салхинд алуулсан өглөө

Хоногийн аяллын багтай хамт аяллаа эхлээд Үдлэг суурингаас салсан өдрийн аяллын багаа аялал дуусах цэгт нь хүргэчихээд харьж амраад өглөө нь эртлэн гарч жийгээд хоногийн аяллын багийг отог дээрээсээ хөдлөөгүй байхад нь очихоор төлөвлөсөн байлаа.

Дөнгөж саяхан л "Батсүмбэр хүртэл дунджаар 30 км/ц хурдаар жийнэ." гээд итгэл төгс явж байсан би "За байз. Яах вэ? Энэ байдлаараа очиж амжих уу? Буцах уу? Буцах ч амархан. Намайг очно гээд харуулдаж байгаа шүү дээ. Яг одоо хэдэн км/ц хурдтай яваа бол? Хурд хэмжигчгүй явах ч балай юм аа." гэх мэтээр элдэв юм бодон чанх өөдөөс үлээх салхи сөрөн 6-н буудал орчмын замаар өгсөнө. Дөнгөж өчигдөрхөн явган хүний зам дээр байсан самбарыг хуу хаман унагаасныг бодвол тун хүчтэй салхилж буй бололтой. Өглөө эртийн цаг тул агаарын хэм доогуур бөгөөд энэ нь хүчтэй салхитай хавсарсан тул их хахир жихүүн байсан ч зөвхөн цаг хугацааг чухалчилж буй надад энэ огт сонин биш байлаа. Ингээд Батсүмбэр сумын төвд хүрэхэд бараг 9 цаг болж байв. Сумын төвд дөхөж очиход хүчтэй салхи хэдэн цагаар сөрсөний улмаас аргагүй өлдөж эхлэв. Цааш шороон замаар нэлээн хэдэн км жийх тул хамгийн эхний онгорхой дэлгүүрээр орж печень, самар аваад үүрч явсан уух зүйлээрээ даруулан идэхэд өл дороо дарагдав. Дэлгүүрийн худалдагч охин "Манай энд нэг бол салхилна. Үгүй бол маш их хална." гэж хэлсэн нь үнэний ортой доо. Үнэхээр Батсүмбэр рүү үүнийг оролцуулан гурван удаа жийхэд гурвууланд нь салхитай байсан. Дэлгүүрийн үүдэнд цайлж суухад нутгийн оршин суугч хоёр эмэгтэй тэндхийн соёлын төвд тоглох жүжгийн талаар ярилцсаар дөхөж ирсэнээ миний унаж явсан дугуйг хараад ярианыхаа сэдвийг сольж "Хотоос яваа юу? Хаана хүрэх вэ?" гэнэ. "Тийм ээ. Цагаан нуга орно." гэтэл "Өө энүүхэнд ойрхон." гээд нэг их тоохгүй байна. Үүгээр дугуйтай хүмүүс их холхидог болохоор дугуйчдыг тоохоо больсон бололтой.

Батсүмбэрийн засмал замыг дуусгаад шороонд замд ороод л өөрийнхөө full suspension дугуйг санагалзсан даа. Өөрийнхөө дугуйтай явсан бол дэржигнүүртэй шороон замыг тасралтгүй эргүүлж дайрсаар дор нь дуусгах байсан юм. Ингээд замын чулуу, энхэл донхолыг сүлжиж бас хааяа нэг зөрөх машины босгосон тоосноос зугтаж жийсээр 10:08 цагт хоногийн аяллынхан дээр хүрч очив.

Зураг 4. Хоногийн аяллын багийн гишүүдийн халуун яриа

Тэдэнтэй хамт хэсэг суугаад улмаар аяллын үндсэн багтай хамт хөдөлж буцах замаа хөөж эхлэв. Эндээс миний ой тойнд хадгалагдан үлдсэн хөгжилтэй зүйлс гэвэл Батмөнх ахын мал хөөж тууж байгаа аятай "аая ааая ая" (эсвэл "хаая хааая хая" байх) гэж хойноос хашгирах, Жамъяндоржийн гийнгоолох, Brooks эмээл шинээр тавьсан Баттөмөрийн цойлон жийх, бас мань хэдийн дугуйгаа морь адил гуядан давхилдах зэргийг тоочиж болох юм. Тэдний ярианаас иймэрхүү зүйлс аль өчигдөр эхэлсэн гэж ойлгов. Ер нь хоногийн аяллын баг айвуу тайвуу бөгөөд тун зугаатай жийцгээжээ. Ингээд аялал "баталсан хөтөлбөр"-ийн дагуу үргэлжилсээр Толгойтын даваанд хүрэв.

Зураг 5. Хоногийн аяллын үндсэн баг Толгойтын даваа дээр

Давааны орой дээр УУДАГ-тай холбогдох асуултууд бүхий АХА тэмцээн зохион явуулахад ХТГ Жамъяндорж түрүүлэв. АХА тэмцээний аудио бичлэг хүчтэй салхины улмаас чанарын шаардлага хангахааргүй болсон тул аяллын тэмдэглэлд шигтгэж оруулах аргагүй байна. Тус тэмцээнийг отог дээр явуулах ёстой байсан ч гишүүд админуудын эзгүйг далимдуулан "улс төржөөд" боломж олгоогүй ажээ. Дараа зохимжтой цаг үед нь энэхүү тэмцээнийг илүү олон гишүүдийн хүрээнд ахин явуулах болно. Ингээд даваанаас уруудаж засмал замд нийлэх үед ХТГ Адъяа биднийг хүлээж байв. Өчигдөр өдрийн аялалд аялсан тэрбээр хоногийн аяллын багийг тосохоор ийнхүү иржээ. Харин засмалын дугуйтай явсан тул давааны орой дээр тосох аргагүй байжээ.

Ийнхүү өдрийн аялал болон хоногийн аяллын маршрутаар ээлж дараалан жийсэн хоёр өдрийн жийлт маань өндөрлөлөө. Отог дээр очиход хөнгөн зууш, цай, хоолоор дайлсан хоногийн аяллын багийн аялагч гишүүддээ баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Б.Батжаргал Д.Цолмон Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр С.Мөнхбат П.Золзаяа
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!