Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #119 - Хадатын даваа буюу дуусдагггүй өгсүүр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/219
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
81 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1399 м
Өндөр алдалт
-1399 м
Их өгсөлт
19.7 %
Их уруудалт
-31.7 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2022 оны 5 сарын 14 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Аялалд оролцсон гурван эмэгтэй гишүүдийн нэг Золзаяа эгчийн "нэхсэн"-ий дагуу "хуучин танил" газруудыг "нэмэлт хачраар амталж" зохиосон, энэ удаагийн аяллын маршрутын онцлог юу байв гэж аялагчид гишүүдээс асуувал олонх нь "эцэс төгсгөл үгүй өгсүүр" гэж л хариулах болов уу.

Зураг 1. УБ уулын дугуйн аялал группийн аялагч гишүүд Хадатын овооны өмнө

Өглөө 08:29 минутад цуглах цэгт хүрэлцэн очиход аялалд бүртгүүлсэн гишүүдийн ихэнх нь ирсэн байв. Ирж буй зуны нар ээсэн үүн шиг сайхан өглөө эрт ирээд унаа нэгт ах дүүстэйгээ нийтлэг хобби болох унадаг дугуй ба дугуйн аяллын талаар хөөрөлдөж зогсох нь сэтгэлийн жаргал эдлүүлсэн явдал болдог билээ. Ийм яриа хөөрөндөө шунаглан өөр юу ч үл анзаарахгүй болсон нь 09:00 цагт өгсөн хөдлөх дохио өгөхөд, хөдөлсөн хойноо эргэн эргэн харахад андашгүй ээ андашгүй.

Төлөвлөсөн маршрутын дагуу Шаргаморьтын ам руу орон жийцгээж явтал өөр хоёр дугуйчин өөдөөс ирсэнээ бидэнтэй нэгдэн давааны өгсүүрт хамт аялсан нь тэр хавийн хөл толгойгүй хаалт, хашаа хайсын учрыг олж нэвтрэн гарахад тун их тус дөхөм болсон. Маршрут төлөвлөж байхад "follow road" горимоор дурайтал зурагдаад гараад ирсэн замыг яг газар дээрээ ямар хашаа, хаалттай байх бол гэж бодохын оронд "Дугуйгаа яалт ч үгүй түрж гардаг гэсэн. Тийм л хэцүү даваа юм байх даа. Жийгээд л гарчих юм сан. Бямба гараг хурдхан болоосой." гэж л догдлоод байсныг одоо бол "туршлагагүйтэл" л гэх байх даа. Ингээд Шаргаморьтын ам дахь айлуудын төгсгөлөөс давааны жинхэнэ өгсүүр эхэлж, хоёр эгнээгээр бөөндөө жийцгээж явсан манайхан "махан амаараа архиралдаад л, төмөр араагаа тачигнуулаад л" бут үсрэх нь отолт руу яваад орчихсон цэргийн цуваа гэмээр л байв. Ухрах араа гэж үгүй унадаг дугуйнд урагшаа өгсүүр, хойшоо уруу, хажуу тийшээ дов бүхий газар таарсан нь яг отолын цэг ээ. Огцом тулсан ийм өгсүүр л дугуйчдыг шигшдэгийг дугуй унадаг хүмүүс мэднэ дээ. Шигшүүрийн завсар зай таарсан азтай нь эрчээрээ урагшилж, таараагүй мань мэт нь замаас гарсан байх аа. Өгсүүр зам дахь бөөн дов бусдыгаа нарийвчлан анзаарах сөхөө өгсөнгүй. Харин архиралдаад л, тачигнуулаад л бутрахыг хөндлөнгөөс харсан мэт төсөөлөхөд одоо ч инээд хүрэхийг барьж үл дийлнэ.

Шаргаморьтын давааны, яг бидний өгссөн зам бараг эвдрээгүй, хичээвэл жийгээд гарах боломжтой юм гэж хувьдаа дүгнэсэн. Зөвхөн Шаргаморьтын даваа төдийгүй үүний дараа давсан Хадатын даваа нь цаснаас болоод сүүлийн хэдэн аялалд даваа өөд олигтой жийж чадаагүй байсан манай группийн гишүүдэд шавиагаа ханатал өгсөх боломж олгосон болов уу.

Зураг 2. Шаргаморьтын даваа дээр

Шаргаморьтын даваа дээр унадаг дугуйгаар гарсан бид хэд тэнд байх модон цамхаг дээр гарч зургаа авахуулах зуурт нэг нэгнээ цаашлуулан хөгжилдөцгөөж нэлээн саатаад 11:00 цагт цааш хөдлөв. Мөн биднийг даваа дээр байх үед группийн нэг залуу гишүүн хойноос элдэж ирээд нийлсэнээр зураг дээрх аяллын баг бүрэн бүрдэв.

Даваанаас уруудахад бас л уулын ам хааж барьсан хашаанд тулж байна. Уг нь ойн сан бүхий газарт ингэж хамаа намаагүй газар олгох ёсгүй сэн. Миний санаж байгаагаар манай группийн өнгөрсөн хаврын нэг аялал үүн шиг уулын ам хааж босгосон хашаанаас болж зорьсон цэгтээ хүрч очиж чадаагүй хэмээн бичсэн аяллын тэмдэглэл бий. Бороотой, сэрүүн тэрхүү өдрийн аялалд "Ковидын вакцин тариулсан бол гам сахина." гэсэн админы шийдвэрийн дагуу оролцоогүй боловч аяллын тэмдэглэлийг нь санаж л байна.

Ингээд ямар ч зайгүй болтол чигжсэн хашаа, байшингийн дундах шороон замаар уруудан бууж улмаар засмал замтай нийлүүт шахуу байх Сэлхийн автобусны эцсийн буудал дээр түр таталт хийв. Уг нь шороон замаас засмал зам руу орсоны дараа таарах хамгийн эхний "тоймтой" дэлгүүр, талбай дээр татдаг уламжлалтай боловч манайхны түрүүч Хадат руу эргэтэл давхицгаажээ. Тэгэхээр хэдий хуучин гишүүд ч гэлээ дараагийн таталтын цэгийг нь заавал хэлж зарлаж баймаар юм байна. Шороон замаа дуусгаад засмал зам руу орох үед татдаг нь шороон замд шигшигдэж өөр хоорондоо зайтай болсон аяллын багаа нэгтгэн бөөгнүүлэх зорилготой юм. Мөн эндээс манай багийн хоёр гишүүн аяллаа дуусгасан бөгөөд тэдний туулсан замыг зохих ёсоор хувийн хэрэгт нь тэмдэглэнэ. Бас өөр нэг "цоо шинэ хүн" өнөө хоёрыг дагаж хадуураад алга болсон сурагтай. Уг нь цуглах цэг дээр "Маршрутаа сайн судлах хэрэгтэй шүү." хэмээн захиж байсан ч замын эргэлтийн цэг дээр будилсан байх юм. Цахим гэрээ болон ёс уламжлалаа хэлбэрэлтгүй сахидаг манай группийн дэг жаягийг хүндэтгэн веб дээрх аялагчийн хувийн хэрэг нээх функц албан ёсоор нээгдсэн цагт нь манайд элсээд улмаар намрын улирлын нээлтийн аялал дээр хүндтэйгээр хүрэлцэн ирэхийг урья. УБ уулын дугуйн аялал групп нь уулын дугуйгаар байгальд аялах боломжийг хүссэн хүн бүрт олгодог, хувь хүмүүсийн сайн дурын нэгдэл боловч шинэ хүмүүс бүртгэх үйл ажиллагааг жилд зөвхөн хоёр удаа зохион байгуулдаг юм.

Хадат Вилла гэх бараг уулын орой дээр шахам байх амины орон сууцны хотхоноос цааш энэ удаагийн өдрийн аяллын замын хамгийн сонирхолтой хэсэг эхэлсэн гэхэд болно. 13 цаг өнгөрөөсхийн Хадатын овоонд хүрч үдлээд 13:50 цагт цааш хөдөлсөн бид олон дараалсан огцом өгсүүр, эгц уруу бэл, торлог, горхи, тогтоол ус, багахан шавар, хэсэгхэн мөс улмаар Еэвэнгийн дэлгүүрийн ойролцоох голын гармаас эхлэн Улиастай хүртэлх дэржигнүүр зам болон үргэлж өөдөөс салхилж байдаг бөгөөд жийгээд байхад дуусдаггүй Дүнжингаравын дугуй зам зэргийг ардаа орхин аялал дуусах цэгт ирэхэд нар нэлээн доошилсон байлаа.

Зураг 3. Уулын эгц уруу бэлд

Манай гишүүдийн нэг нь өнөөдрийн аяллыг тодорхойлохдоо "дуусдаггүй өгсүүр" гэсэн. Үнэхээр бид Хадат Вилла 1 хотхоноос хойш аялахдаа зам зуурт уруудсанаа эс тооцоод зөвхөн өндрийн зөрүүг нь харахад л 280 орчим метр нэмж өгсжээ. Уул хярлаж яваа тул уруудсан ч хэсэгхэн яваад л эргээд өгсөнө. Өндөршил улам нэмэгдэж буй тул уруудсантайгаа харьцуулахад хамаагүй илүү өгсөнө. Бид энд цаг гаруй хугацаа зарцуулжээ. Ийнхүү Хадатын хамар хүртэлх өгсүүр дээр нэмээд доруйхан өгссөн тул буух зам овоо огцом уруу байлаа. Энэ огцом уруу бол өнөөдрийн маршрутын сюрприз байсан гэхэд болно. Угаасаа маршрут төлөвлөн зурж байхад тэр хавьд замгүй гэхээр зүйл мэдэгдэхгүй байсан тул уулын ам руу зүглүүлээд шууд татчихсан юм.

Уулнаас бууж ирэхэд яг төсөөлж байснаар Бурхант хошуу харагдана. Энэ бол манай группийн гишүүдийн хамгийн сайн мэддэг, жил бүрийн хавар нээлтийн аяллаараа зорин ирдэг газар юм. Үүнээс цааш нүдээ аниад жийсэн ч гэрээ олоод харина гэхэд хэтрүүлэг болохгүй дээ.

Буцах замд их бага усаар хэд хэд гарсан бөгөөд энд нэгнээ хатгаж байгаад ус руу оруулж гутлыг нь норгох, голын гарам дээр хоцросхийн ирсэн нэг нь гайхаш тасрахдаа дугуй дээрээ ч мордож жийлгүй, гутлаа ч тайлалгүй шууд ус туулах гэх мэтчилэн хөнгөхөн хөгжилтэй явдал болсон. Ирж яваа зуны уур амьсгал ба таатай, тогтвортой цаг агаар бүхий өдөр тохиосон тул ийнхүү хөл норохыг тоох юун. Дугуй жийсээр халсан бие организм ийм "бүлээхэн" ус байтугай мөстэй ус туулахад яадаг ч үгүйг энэ хавар бид бүгдээрээ үзсэн билээ.

Зураг 4. Сүүлийн үед хүч түрэн орж ирж буй full suspension дугуйнуудын нэг

Хадатын давааны энэхүү маршрутаар бороо цасгүй үед аялбал өгсүүр хэсгийг нь бараг л дугуйнаасаа буулгүй жийгээд гарчихаар ажээ. Мөн орой дээрх хад асга, түүний өмнөх самарчдын отог хүрээд буцаад жийх байдлаар аялахад ч сонирхолтой маршрут болно.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ууганбаяр Д.Цолмон С.Бат-Эрдэнэ Б.Элбэг-Эрдэнэ О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Адъяасүрэн Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2400 км
Зүгээр л жий!