Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #118 - Духын даваа буюу цасан дундаас анхилсан зуны ногооны үнэр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/218
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
76 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1024 м
Өндөр алдалт
-1024 м
Их өгсөлт
14.5 %
Их уруудалт
-18.4 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2022 оны 5 сарын 7 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аялалд бүртгүүлсэн гишүүд тухайн өдрийн цаг агаарын байдал болон голын эх буюу ус, шавар ихтэй зэрэг газар орны онцлогт тохируулан гутал, хувцсаа сонгож өмсөх бас борооны цув эсвэл нордоггүй куртка нэмэлтээр авахыг зөвлөж байна. Мөн буудаллах үед ууж, идэх халуун унд, хоол ба зам зуурт эрч хүч сэлбэх илчлэг, шингэц сайтай нэмэлт хүнс авбал зохимжтой.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Жигжидийн уулзварын зүүн хойно байх супермаркетын өмнөөс Хандайтын Хараацайн хүүхдийн зуслан уруу чиглэн жийж аялал эхэлнэ. Шинэ, замаа сайн мэдэхгүй аялагчид байвал Санзай ба Хандгайтын засмал замын уулзвар дээр түр татна. Хүүхдийн зуслан хүрэх үед дугуйчдыг татан бөөгнүүлнэ. Цааш Хандгайтын голоо даган зүүн тийш чиглэн мод уруу орж 1.5 км жийгээд улмаар алсуур даялан хойд зүгт 6 орчим км зам туулан Баруун голын эх хүрч УБ хотын бүсээс гарна. Нэмж 3 км жийн Духын даваа дээр гарсаны дараа ой мод бараадаж отоглоно. Буцахдаа баруун, баруун урагш зүгийг барьж Сэлбэ голын эх, Их Баянгаар орж ирнэ. Цагаан гуяын амд байрлах Бага Баян цэргийн амралт хүртэл шаардлагатай цэгүүдэд татна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Аялалд гарахын өмнөх өдрүүд дэх бидний ярианы хамгийн чухал сэдэв "цаг агаар" байлаа. Гишүүд дор бүрнээ цаг агаарын янз бүрийн урьдчилсан мэдээ харцгааж улмаар хур тунадас харагдахгүй байна гэх нэгэн байхад нойтон цас орно гэх мэтчилэн сэрэмжлүүлэх нь ч байв. Өнгөрөгч хавар манай хэд нойтон цас ба хүчтэй хүйтэн салхинд дайруулж зарим нь осгох дээрээ тулсан хүнд аялал хийж байсан тул ийм явдал давтахгүй байхад урьдаас анхаарах нь бүгдийн зөв юм. Тус аялалд би өөрөө оролцоогүй ч гэлээ гишүүдээс тэр талаар хангалттай сонсож сүүлдээ өөрөө тийнхүү аялсанаас ялгаагүй ойлголттой болсон билээ. Нөгөө талаас Духын даваа чиглэлд групп өмнө нь хоёр аялахдаа төөрч байсан тул энэхүү адармаатай маршрутаар зохиох аялалд маш чамбай хандах шаардлагатай юм.

Зураг 1. Багийн гишүүд аяллын оргил цэгт

Цуглах цэг хүрэх замын хагасаас эхлэн цас орж эхэлсэн бөгөөд тэг градус орчимд өнөөх нь дорхноо хайлж хаа сайгүй нил ус болж байв. Ингээд гутлаа сайхан норгоод цуглах цэгт хүрч очиход манай хэдийн цөөнгүй нь аль хэдийн ирцгээсэн байв. Тэр хэд маань цаг агаарын мэдээ ёсоор удахгүй цэлмэж, нар гарна гэлцэж улмаар тэнгэр сайжрахыг түр хүлээе гэсэн санал тавьцгааж байв. Үнэхээр тэгдэг ч юм билүү гэж бодсон авч тэнгэрийн байдлыг, салхины чигийг сонжиход цас мөд зогсож, тэнгэр онгойно гэдэг "гонжийн жоо" юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Ингээд нойтон цас болон дугуйнаас үсрэх ус зэрэгт хувцсаа норохоос сэргийлэх арга хэмжээ авцгаах үүрэг гишүүдэд өгөв. Өөрөө үлгэрлэж борооны хүрэм, өмд өмсөв. Бас гутал оймсныхоо завсарт гялгар уут углаж өмсөв. Зарим гишүүд борооны цувтай ирцгээсэн байв. Зарим нь курткадаа найдаж байна. Зарим нь норохоос сэргийлэх зүйл бүрийн арга хэмжээ нэн даруй авч байна. Зарим нь гайгүй байх гэсэн янзтай хойрго байв. Гэвч норохоос сэргийлж ээлж дараалан есөн шидийг хийхэд үлдсэн хэд маань ч нэгийг бодов бололтой. Ийнхүү аялал эхлэхэд бэлэн болох үед 9:20 цаг болж байв. Уг нь манай групп аяллаа яг цагтаа эхлүүлдэг боловч энэ удаад цаг агаарын таагүй нөхцөлд адармаатай чиглэлд аялах гэж буй тул гишүүдийн бэлтгэл жигдэртэл аялал эхлэх цагийг ийнхүү хэдэн минут сунгав. Гэхдээ үүнийгээ ил гаргаж хэлсэнгүй. Харин ирэх замдаа дугуй нь хагарч саатсан гишүүний талаар мэдээ ирсэнийг далимдуулан түүнийг хүлээх гэсэн шалтаг заан "09:30 цагт аяллаа эхэлье" гэсэн шийдвэр гаргаснаа зарлав. Тэгж байтал 09:25 орчимд хүлээх шаардлагагүй болсон тухай мэдээ ирэв. Гэвч 09:30 цагт хөдөлнө хэмээн зарласан тул цаг болтол хэдэн минут хүлээв. Зарласан цагаа болоогүй байхад хөдлөөд явчих нь гишүүдийн заримд хүндрэл учруулах зохимжгүй явдал болж магадгүй юм.

Зураг 2. Гар доорх материалаар урласан борооны цув

Нойтон цас болон дугуйнаас үсрэх уснаас өвч бүрэн хамгаалсан бид хүйтэн салхи сөрсхийн эрчээ өчүүхэн ч бууруулалгүй жийсээр Хандгайтын ам руу орж өгслөө. Энэ удаагийн маршрутын онцлог бол Хандгайтын голоо дагаж зүүн тийш даяласхийн өгсөх явдал байсан. Үүнээс өмнө Хандгайтаар өгсөхдөө шууд эхний ам руу орж байсан тул тэрхүү аялалд явж байсан гишүүд хадуурах вий хэмээн болгоомжилж замын салаа дээр биечлэн байж зам заалаа. Ингээд ой руу шурган ороход зам нь аль хэдийн цасанд дарагдсан байв. Шинэхэн орсон, нимгэн цас байсан тул манай хэд жийгээд л байна.

Зураг 3. Улбар шар тэмдэгтэй гишүүн Ж.Октябрь

Гэвч цасаар өнгөлөн далдлуулсан том гөлгөр чулуу, модны үндэс зэрэг "газрын мина" тааралдаж бидний дугуй унах чадвар - тэнцвэр болон жийлтийг сорино. Өгсүүр замд ийм "мина"-ыг урд дугуйгаараа дайрвал "амь эрсдэх" магадлалтай. Ийнхүү замын цастай хэсэгт хөл газар хүрэх төдийхнээс эхлээд далаараа цэвэр тавиулж дугуйтайгаа хамт тэнгэр харан унах явдал ч мэр сэр гарсан.

Уулын өгсүүр замд дээрх зургийг дарж байх үед буюу 11:05 цаг орчимд татаад цааш аяллын баг бараг бөөндөө шахуу өгссөөр даваа дээр гарлаа. Даваа дээр гарах дөхөхөд нэг бодол сэтгэл зовоосон нь "Хаана түр буудаллаж цайлах вэ?" гэсэн асуулт байв. Цастай, сэрүүн өдөр байсан тул нөмөртэй, тогтуун бас бөгсөө норгочихгүйхэн шиг суучих газар анзаарч явцгаасаар нэг цэг сонгоод 11:40 цагт сууцгаан үдийн хоолоо идэцгээлээ.

Зураг 4. Үдийн хоолны үеэр

Унанги мод, хожуул сэлтийг сандал ширээ болгон ашиглаж байхад аяллын эвхдэг сандал дээр заларцгаасан нь ч нэжгээд харагдаж байв.

Үдийн цайны үеэр манай аяллын групп, тэмцээний клубын нэртэй холбогдох хөгжилтэй яриа гарсан нь "УДААгийн аяга" гэсэн хэлц үг байв. Төв аймагт нэг удаагийн аягыг удаагийн аяга гэдэг гэнэ. Хоол унд тойрсон ярианд хавчуулсан тэр үгийг сонссон өнөөдрийн аяллын цор ганц эмэгтэй гишүүн Золзаяа "группийн тусгай аяга байдаг юм уу" хэмээн дуу алдсан нь тэр хавьдаа олны анхаарал татаад амжив.

Үдэлсэн цэгээс цааш багахан уруудахад уулын налуу улам нэмэгдэж, улмаар зам бүдгэрч алга болов. Эцэстээ бид зөвхөн явган явах боломжтой уулын араар уруудаж эхэлтэл ногооноороо байхдаа цасанд дарагдсан ургамал, навчны үнэр хамар цоргин яг л зуны ойг санагдуулах нь өнөөдрийн аяллын нэг чимэг байлаа. Ингээд бэл хүрэхэд группийн өмнөх аяллын тэмдэглэлүүдэд дурдсан Духын давааны алдарт торлог, түүн доторх ус биднийг угтаж авав. Манай хэд ч энэ байтугай саад бартааг ажралгүй, алцганалгүй туулаад сурчихсан тул хүүе гэхийн зуурт цаана нь гарч тод зам дээр гарцгаав.

Зураг 5. Жийхдээ жийж түрэхдээ түрнэ

Духын даваа орчмын түймэрт өртсөн ой нь байгалийн сайхныг шүтдэг, эко аялдаг бидний сэтгэлийг шимшрүүлсээр байв. Мөн онгон дагшин хөрс шороог хүчтэй техникээр онги татсан нь, зэлүүд газрыг хаа хамаагүй хашаалсан нь бидэнд таалагддаггүй. Унадаг дугуйн аялал байгальд ул мөр үлдээдэггүй бас манай группийн хувьд хог тарихгүй байх гэсэн бичигдээгүй журмыг эрхэмлэн сахидаг.

Зураг 6. Манай аяллын баг Духын даваа дээр

Цуглах цэгээс 09:30 минутад хөдлөөд хүйтэн салхи, нойтон цас сөрж, чулуутай, цастай, мөстэй, устай өгсүүр уруу янз бүрийн зам болон торлог, жижиг хад чулуу зэрэг саад бартааг давж бас замдаа үдэлчихээд Духын даваа дээр ирж түр зогсох мөчид 13:30 цаг болж байв. Одоо эндээс урд зүгийг барин уруудсаар Санзай улмаар Жигжид хүрсэнээр аялал өндөрлөнө. Манай баг Жигжид буюу цуглах цэг дээр 16:00 цагийн орчимд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирсэн. Хэлэхэд ийм амархан боловч цасанд дарагдсан зам улмаар норж дэвтсэний дээр машины дугуйгаар там болтол онгичсон замаар уруудаж буух гэдэг хялбар биш. Наргиан болгон даваанаас буугаад татах үед "шаварт унасан хүн байна уу" хэмээн хайсан боловч манайхнаас ийм хүн нэг ч гарсангүй. Группийн админы шийдвэрээр шинэ гишүүдийг 7, 8 болон 12, 1 саруудад элсүүлэх болсон тул энэ удаагийн аялалд "цоо шинэ" хүн оролцоогүй. Энэ нь манай баг ийнхүү Духын даваа гэсэн адармаатай чиглэлд амжилттай аялах гол үндэс болсон хэмээн дүгнэж байна. Үүнээс гадна хавар цагийн гэнэтийн цасан шамарга, хүйтэн салхи шуурга гэсэн эрсдлийг урьдчилан тооцож зохих арга хэмжээ авахыг урьдаас анхааруулж улмаар аяллын бэлтгэлээ бүрэн базаасны эцэст аяллаа эхлүүлсэн явдал ч аялал амжилттай болж гишүүд бүгдээрээ сэтгэл ханамжтай үлдэх чухал нөхцөл болсон нь гарцаагүй. Бас техник технологийн дэвшил ч энэхүү аялалд өөрийн тус дэмээ өгсөн. Эцэст нь группийн цахим гэрээг ягштал мөрдөн нэг хүн мэт аялсан гишүүд энэхүү аяллыг бодит үйл явдал болгосныг онцлон тэмдэглэе. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Бадраххүү С.Бат-Эрдэнэ Г.Түмэнсайхан Т.Энхбаяр У.Хосбаяр О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Ц.Наранхүү П.Батмөнх Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Б.Бадраххүү
  • 1067 км дутуу
  • 192 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Мөнхбат Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3558 км
Зүгээр л жий!