Автомашины замаар Шарга морьт, Хуурай мухар, Баянбулагийн амны хормой дагуу явсаар Майхан толгойн ам хүрч баруун (зүүн гар тал) зүг сална. Төв шороон замаа барин голын гүүрээр гарч, уулын урд хормой барин гудамж дундуур явсаар хойш эргэн, ойн цагдаагийн хаалт өнгөрөн өгссөөр Дугуйчдын даваа (албан бус нэр) дээр гарна.
Даваа уруудан уртхан ам руу бууна. Ахиж өгсөхгүй, тэгвэл Зүүн Ацын даваа руу явчихна. Энэ зам нь доод хэсэгтэй чулуу бас шавар бүхий зурвас газартай. Энэ амны наран ээвэр энгэр газрыг сонгон, өдрийн хоол ундаа идэж амарч болно. Уруудан явсаар Гүнтийн даваанаас ирэх засмал замтай нийлнэ. Энэ замаар бага зэрэг өгсөөд дэлгүүрийн замаар салж, урд зүг харагдах Толгойтын даваа руу явна. Толгойтын зүүн салаа руу уруудан орж ирж хот руу явдаг.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ХТГ Г.Махгал
Энэ бямба гарагийн хувьд өдрийн аялал ба хоногийн аялал давхацсан тул группийн идэвхтэй аялагч гишүүд хоёр хуваагдаж жийснээрээ онцлогтой байв.
Аялал эхлэх цагийг админ 10:00 хэмээн товлосон тул өглөө босоод хооллож ундлах болон аяны хүнсээ базаах зэрэгт хангалттай цаг хугацаа байв. Гэвч аялалтай өглөө өөрийн мэдэлгүй эрт босдог, бүр хэчнээн орой унтсан ч хар үүрээр сэвхийтэл босоод ирдэг нь энэ удаад ч урьдын хэвээр. Дугуйн аялалд дурласан бусад гишүүд маань ч надтай адил болов уу. Ийнхүү бүх бэлтгэлээ жийн тан болгоод цуглах цэг хүрэх алсын өгсүүр замд гарав. 7 буудал өнгөртөл жирилзтэл жийгээд зуслангийн замд ортол хаврын зонхилох салхи ёс юм шиг л угтан авч өөдөөс үлээж гарах нь тэр. Ингээд нэг их хүчтэй биш гэлээ хурд сааруулсан тэр салхитай үзэлцсээр Салхитын зуслан өнгөрч явтал группийн эмэгтэй гишүүдийн нэг Лазина маань жийж явна. Гүйцээд очтол хамгийн түрүүнд "шипи" нь нүднээ тусаж байна. Шинээр хэрэглэж эхэлж байгаа юм гэнэ.
Цуглах цэгт яг 30 минутын өмнө хүрч очиход дээрх зурагт буй гишүүдээс замд таарсан Лазина бид хоёроос бусад нь аль хэдийн ирцгээсэн байв. Ийнхүү гишүүд товлосон цагаас нэлээн эрт ирж буй нь хаврын улмаар зуны цагийн хуваарьт шилжихэд бэлэн байгааг илтгэнэ. Үүнээс гадна яг товлосон цагтай уралдан, групп яг хөдөлж байх эгшинд давхиад ирдэг гишүүд ч бий. Үүнийг харуулах гэсэн мэт 09:57 минутад манай группийн ахмад, туршлагатай гишүүдийн нэг Наранхүү ах ирэв.
Группийн аялал товлосон ёсоор яг 10:00 цагт эхлэв. Энэ өдөр түрүүлж ирсэн гишүүдийн ярианы гол сэдэв хоногийн аялал байв. Тэрхүү параллел багийн аяллын тэмдэглэл тун удахгүй вебд бичигдэж орох биз ээ. Ийнхүү Жигжидээс хөдөлсөн бид Майхан толгой тийш салах замын уулзвар дээр нэг татаад улмаар биднээс Дугуйчдын даваа гэх албан бус нэр авсан даваа өөд өөр өөрсдийн темпээр жийцгээв. Хаврын улиралд тус давааны зам нэлээн шавар, шавхайтай байдаг байсан бол харин энэ удаад нэлээн хуурай байлаа. Ийм хуурай байдал Улаанбаатар хотын эргэн тойронд хийсэн аяллын үеэр нийтлэг ажиглагдсан нь ерөнхийдөө энэ жилийн цаг агаарын онцлог гэлтэй.
Даваа өөд өгсөж байхад хэсэг хэсэг шавар байсны арай гайгүйг нь аажуухан дайраад гарсан бол харин арай бишийг нь замаас гарч алсуур тойроод өнгөрөөв. Аяллын багийн толгойд явахын ашиг тус ингэж л гардаг билээ. Ингэж шавар шавхай, гүнзгий ус тэргүүтнийг аргалахад эхэндээ их цаг алдах боловч яваандаа үүндээ гаршаад ирэхээр гайгүй болчихдог. Тэгээд унадаг дугуй болон хувцсаа цэвэр цэмцгэр хэвээр нь аяллаа дуусгавал угаалга, цэвэрлэгээний ажил багасах сайн талтай. Харин жаахан сүүлдэж ирсэн хэдээс маань шавар дээр халтирсан явдал мэр сэр ажиглагдаж байв. Энэ мэтчилэн байгалийн саад бартаа давж аялах тусам туршлагажих агаад уг туршлага нь Улаанбаатар хот доторх стандартын бус болон эвдэрч хэмхэрсэн зам талбайгаар түүртэлгүй явахад ихээхэн нэмэр болдог билээ. Бас бидний дунд өрнөх ярианы багагүй хэсгийг саад бартаа туулах чадвар, арга техникийн талаарх сэдвүүд эзэлдэг. Харин улс төр, түүх болон ховын шинжтэй сэдвүүд нэг их яваад байдаггүй. Ярианы сэдэв гэснээс өнөөдөр өрнөсөн нэг яриа бол хуцаж буй нохойг хэрхэн дуугүй болгох явдал байсан. Манай группийн тэмдэгтэй гишүүдийн нэг Адъяагийн хэлсэнийг газар дээр нь шалгаад үнэн болохыг нь баталсан зураг ч дараад амжсан. Түүний хэлсэнээр хуцаад буй нохойны өмнөөс шээчихээр дуугүй болоод яваад өгдөг юм байна.
Энэ удаагийн өдрийн аяллын хувьд аяллын оргил цэг байгаагүй нь онцлог бөгөөд үүнээс болж хаана бууж цайлах нь ойлгомжгүй байлаа. Дугуйчдын даваа дээр цайлна гэхээр хэт эртдээд, Толгойтын даваа дээр аялал өндөрлөх болчихоод байлаа. Ийнхүү явсаар аяллын маршрутын тайлбар дотор дурдсан дэлгүүрийн үүдэнд, дэлгүүрийн сандал дээр тухалцгаан үдийн хоолоо идэцгээсэн бөгөөд энэ нь ч аяллын багийн гишүүдэд тааламжтай байх шиг мэдрэгдсэн.
Үдийн цайгаа ууж, хэсэг хөөрөлдөж амарцгаасны дараа аяллын маршрут дахь сүүлийн даваа болох Толгойтын даваа өөд бөөндөө жийцгээж эхэлсэн авч давааны өгсүүр биднийг шигшсээр байсан тул увж цуван даваа дээр гарцгаав. Давааны оройд салхины хүч их байсан тул эргэж бага зэрэг уруудан модны нөмөрт орж багийн гишүүдээ татан бөөгнүүлээд улмаар өдрийн аяллын баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ Толгойтын даваа дээр гарч дурсгалын зураг татуулцгаав.
Ингээд даваанаас цувж уруудсан гишүүд Бумбат рашааны хажууд нэг бөөгнөрөөд улмаар Толгойтын баруун ба зүүн салааны уулзвар хүрээд тарцгаав. Уг аяллын замын урт нэлээн бага бас бидний төлөвлөсөн маршрутын дагуу байгалийн үзэмж бүхий хоёр даваа байсан тул бид зарим цэгт түр зогсож зураг дарах гэх мэтчилэн ойрд тохиогоогүй айвуу тайвуу аялал болж өнгөрлөө. Ирэх долоо хоногийн аяллаар ахин хамтдаа зүгээр л жийцгээе. Харин энэхүү тэмдэглэлийг бичсэн миний хувьд өнөөдрийн аялал хараахан дуусаагүй байна. Учир нь ажлын нөхцөл шаардлагаас болж хоногийн аяллын багаас үлдэж хоцроод буй эхнэрээ ажлыг нь дуусахаар Тэрэлж хүртэл машинаар, Тэрэлжээс цааш Гүнжийн сүмийн наахна отоглосон хоногийн аяллын багийнханд унадаг дугуйгаар өнөөдөртөө багтан хүргэж өгөх гэсэн зорилт хүлээж байна. Энэхүү адармаатай, шөнийн аяллын талаар хоногийн аяллын тэмдэглэл дотор бичсүү. Энэ дашрамд бичвэл хоёр аяллын замыг хоёуланг нь жийгээд дуусгаж буй боловч вебд суурилсан цахим бүртгэлийн систем нь цаг хугацааны хувьд давхацсан эдгээр аяллуудын зөвхөн нэгд нь л намайг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл уг хоёр жийлтийг хоёуланг нь аялагчийн хувийн хэрэгт тэмдэглэх боломжгүй юм. Энэ мэтчилэнгээр тус веб нь группийн цахим гэрээ болон нэгэнт хэвшиж тогтсон уламжлал бас ёс зүйн хувьд мэдээжийн гэмээр олон хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг.