Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #23 - ГҮНЖИЙН СҮМ 2022

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/216
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
1
Өндөр авалт
618 м
Өндөр алдалт
-616 м
Их өгсөлт
6.1 %
Их уруудалт
-6.4 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2022 оны 4 сарын 30 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тэрэлж амралт
Цуглах цэгийн солбицол
47.9865, 107.463556
47°59'11.4"N, 107°27'48.8"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Ерөнхий зүйл. Энэ жилийн анхны хоногийн аяллыг уламжлалын дагуу Төв амгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн сарьдагийн өвөрт орших Гүнжийн сүмийн туурь чиглэлд хийнэ. Оролцогч гишүүд хоногийн аяллын бүрдэл хэсэг болох хувийн майхан, унтлагын хөнжил, гудас, хоол хүнс, тулга, тогоо, шанагаа бэлдэж явах шаардлагатай. Мөн унадаг дугуйны техникийн шаардлага хангаж, хамгаалалтын хувцас болон засварын багаж хэрэгсэл, гэрэл чийдэнтэй аялалд оролцоно. Энэ жил нэгдсэн журмаар, тогтоосон нэг чиглэлд аялах зорилго тавьсан тул аюулгүй байдлыг хангах үүднээс оролцогч нар УБ хотоос Тэрэлж суурин хүртэл унадаг дугуйгаар очих, аяллын дараа Тэрэлж суурингаас УБ хот руу унадаг дугуйгаар буцах төлөвлөгөө "зохиохгүй" байхыг зөвлөж байна.

Тээврийн хэрэгсэлийн тухай. Гишүүд УБ хотоос автомашинаар буюу нийтийн тээврийн хэрэгсэлд дайгдан Тэрэлж сууринд ирнэ. Нийтийн тээвэр (автобус)-ийн ХО 4 чиглэл нь Офицеруудын ордоноос Тэрэлж суурин хүртэл хүн тээвэрлэдэг. Өглөөний 07.15 цагаас эхний автобус Офицеруудын ордоны буудлаас хөдөлдөг юм байна. UB smart bus апп-аас нэмэлт мэдээлэл авах боломжтой. Аяллын дараа автомашин, нийтийн тээврийн хэрэгсэлээр УБ хот руу буцна.

Аяллын ерөнхий төлөвлөгөө. Тэрэлж суурин дээр цуглаж, 10.00 цагт аяллын замд гарна. Тэрэлж голыг төмөр болон модон хийц бүхий явган хүний гүүрээр унадаг дугуйгаа түрж гарна. Тэрэлж голын хойд татам, дэнж дагасан замаар явсаар толгой ороон, Туул голын баруун талын татам, дэнжийн замаар зүүн хойд зүг жийнэ. Дэнж өгсөн баруун талын уулын хормой ороон Баруун Баян голын хөндий рүү орж хойд зүгийг барина. Энэ голыг хоёр удаа овоохон устай гарамаар гарах тул гишүүд сольж өмсөх шаахай, углааш ачаандаа хавчуулж явахад тустай. Замдаа тохирох газар бэлдэж гарсан хоол, унд идэж амарна. Үндсэн отог дээр үдээс хойш 15.00 цагийн орчим бууна. Отоглож амарч, түүдэг асааж, оройн хоолоо идэж амарч унтана. Отоглох газар нь сарьдгийн цэвдэг бүхий хүйтэн уулын голын дэнж дээр байдаг тул шөнөдөө сэрүүвтэр хонодог онцлогтой.

Маргааш өглөөний "нартай хамт" Гүнжийн сүм рүү 8.00 цагт замдаа гарна. Отог дээр ирж өдрийн хоол идэж амраад, 12.00 цагт ирсэн замаараа Тэрэлж суурин руу буцна.

Жич: Тухайн өдрийн цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлээс шалтгаалж Аяллын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орж болно.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ШТГ Э.Ууганбаяр "Аяллын тэмдэглэл"
УШТГ Д.Мөнхнаст "Гүнжийн сүмийн хоногийн аялал"
ХТГ Г.Махгал "Өдрийн аяллаас, шөнийн аялалд"

Ургахын улаан нарны анхны сацраг дэлхий рүү уулгалан дайрах мөчид амтат нойрыг үргээн сэргүүлэгийн чарлаан анир чимээгүйг эвдэн хос баганын голд чичигнэн хэвтээ гар утсандаа ундууцан год үсрэн босож ирсэн байлаа. Эл өглөө бол хаврын сүүл сарын сүүл өдөр билээ.

Урьд орой нь хэлэлцэн тохиролцсон “Офицер” захын зогсоолоос ачаа бараагаа эмхлэн яг цагтаа бидний таван аялагч наран ургах зүгээс халуун илчээ төөнөн буй нарны зүгийг барин хөдөллөө. Зам зуурын Налайх дүүргээс бас нэг аялагчаар бүл нэмснээр зургуулаа зүүн хойт хөтлийг барин хурдалсаар Улаанбаатар зочид буудлын хашаанд арван цагийн үед ирж нэг төмөр хүлгээ хантайрчхаад нөгөө төмөр хүлгээ сойж сайвар алхаа, ергөө, хатираа, жороо оруулсаар хөдөллөө. Энэ завсар өглөө эртлэн жийж ирсэн нэгэн тосож, мөн таван аялагч өөр машинаар ирцгээсэн байлаа.

Зураг 1. Аялалд оролцсон багийн гишүүд
Тэрэлжийн голын төмөр гүүр, түүний салгааг ганц хүний модон гүүрээр гарч цаад салаан дахь гол бараг тасрах дээрээ тулж, түүний цаадтайх салаа хатсан саарь болсон байна. Салхи араас дэмнэсэн 10 км-ийн /суварга хүртэлх/ хөндийг нүд ирмэх зуурт нисэж ирлээ. Зам зуурт зарим аялагчийн ачаа, татлаганд бага сага саад учирсныг эс тооцвол саадгүй эхний таталт ирж түр амсхийлээ.

Зураг 2. Аяллын гараа эхлэх дөхөж байна

Энэ завсарт араас дэмнэсэн салхи зам зүүн эргэж дээш өгсөх үед л шидээ үзүүлж хүчээ нэмж эхэллээ. Өмнөөс үлээх салхины өөдөөс хүч түрэн урагшлах цуваа дээшилсээр Баруун Баянголын эхний гарамд хүрч туулан гарснаар аажимхан өгссөөр дараагийн гармаар туулан гарч бүдүүн модны доор үдийн цайгаа ууж зарим нь хэсэг дугхийж авлаа.

Зураг 3. Баруун Баян голын хөндий рүү ороод ирлээ

Араас хөдөлсөн таван аялагчийн нэг нь хотын зүг буцаж дөрөв нь нэхэж айсуй.

Ийн үзэлцсээр Хөх чулуутын гол зүүн хойдтоох тохойн “отог”-т хүрэлцэн ирснээр /15:30 цаг/ буудаллаж эхэлбэй. Салхи баруун хойноос хүчтэйвтэр үлээсээр. Эртний монголчуудын заншил ёсоор хүрээлэн гэр орноо барьж төвхөнөлөө.

Зураг 4. Манай отог. Баянгийн сарьдагийн зүүн талын амнаас эх авах Гялалзахын голын дэнж

Биднийг буудалласнаас цаг гарангийн дараа арын хэсэг ирснээр, орой араас ирэх багийн нэг гишүүнээ хүлээх л үлдлээ. Нар жаргах дөхөх бүр салхи жиндүү болсоор байвч тэр уулсын цаагуур бөхийх агшинд салхи тогтнон нам гүм ноёрхлоо тогтоохоор нөмөрч авлаа.

Анхааруулга: Газ болон газын зуухтай болгоомжтой харьцах, салхины хаалт хэрэглэж, гадаа ажиллах, Салхи нөмөрлөж майхандаа тогоо тулгаа угсарсанаар хий алдаж гал авалцан нэг майхан хайлж алга болов, аялагч гишүүн харьцангүй гайгүй бие лагшин тунгалаг үлдлээ. Тэр нь л зол.

Араас ирэх гишүүний бараа сураг таг чиг. Бидний хэдэн нөхөд ил гал тойрон сууж дулаацангаа дуулж, хөгжилдсөөр маргаашийн цагийг ургахаас арай өмнөхөн тус тусын агуйдаа шургалаа (Үүнээс хойхно сүүлийн аялагч ирж, бүхнийг амжуулсны дараа). Зарим нь үүр цүүрээр багахан жиндэж, заримынх нь хөлс нь урсаж хоносон байсан ч өглөөний нарны багахан илчинд нам авахтай зэрэгцэн эртлэн сэрсэн шувууд шулганалдаж, зарим нь бувар бувар ярилцаж ахуйд өнөө аялагчийг шөнийн турш жийсээр хүргээд буцсан нөгөө аялагч бахархмаар.

Зуны тэргүүн сарын тэргүүн өдөр
Хүйтнийг нь мэдсээр байж хөнжлөө нимгэдүүлээд, байцай лугаа хувцастайгаа мишокондоо шургаад, өт адил эвхэрсээр, үхрийн хэвтшинд тэрний амьсгалын доор байгаа юм шиг л бага зэрэг дагжигнасаар нар мандуулж халаасан өөх хүлхэнэ гэдэг шиг л юм боллоо. Өглөөг тэгтлээ их хүлээсэн хэрнээ өглөөг ирэнгүүт бас босохгүй санаатай даг шүү. Аяар гадааллаа. Аргагүй л зун цаг гэсэндээ сэтгэл дагаад ч тэр үү, уулсын нөмөр салхийг хаагаад ч тэр үү, ямар ч атугай хацар илбэсэн зөөлөн салхитай, үүлгүй цэлмэг тэнгэр, тунгалаг нар, ургамжлын охи сэнгэнэсэн өглөөний агаараар амьсгалж өглөөн ундаа ууцгаагаад (9.30цаг) хөдөллөө.

Зураг 5. Отогийн өглөө
Отогоо сахиж хоёр аялагч үлдэж бусад нь аажим өгслөө. Энэ жил аргагүй л ус-шавар-намаг багатай байна, байсан шүү. Урьд хэд хэдэн удаа ирсэн туршлагатайгаас гадна анх удаагаа ирж байгаа манай багийнхан эрч хүч, урам зоригоор дүүрэн явцгаана.

Манай баг албан ёсны хоёр зурагчин, албан бус бусад зурагчидтай яваагаараа олзуурхууштай. Яагаад гэхээр олон өнцгийн олон гэрлийн мэдрэмжийг нэг дор цуглуулж хурааж байгаа учраас.

Замд хоёр удаа л торлог дундуур туучлаа, тэдгээр замыг хүчит дөрвөн дугуйтнууд худаг болтол ухаад, ус шавар мэлтэлзүүлсэн болохоор...

Сүм ойртох тусам нам гүмийг мэдрэх шиг сэтгэлд дулаан санагдсан ч, магад хорин жилийн дараа нурсан балгас, овоолсон шороо үлдэх хэмжээнд хүртэл мууджээ.

Хөх эргийн голоос дээш хүн унтдаггүй гэдгийг зарим хүмүүс мэддэггүй бололтой, мэддэг ч ойшоодоггүй юм болов уу сүмийн үүдний хориглох тэмдгийн ард машинуудаа эгнүүлэн байрлуулж урд нь майхан урцаа омбоолгон утаа май болжихуй нь тиймхэн санагдлаа.

Зураг 6. Зорьсон газаа үзэж, түүхийн чимээг анирлах цагаар

Уржнан жил ирээд, өнгөрсөн жил өнжөөд, өнөө жил ирэхэд “сүм”-ийн орчин тойрон бахь байдгаараа юм шиг хэрнээ мөн их элэгдэж, бас нуржээ. Бидний хэдэн аялагч хий халаглахаас өөр юуг хийж чадахав дээ. Ямар ч атугай сэтгэлийн багахан цэнгэл эдлээд буцлаа.

Зураг 7. Манай баг. Гүнжийн сүм

Буцах замд нөхөр “М” өгсөж явахдаа дугуйгаа модонд хүлж орхиод дээш гүйж оччихоод гүйж бууснаа хэтэрч орхиод мань хэдийгээ бас хөөрхөн хөгжилдүүлээд авсан. Ер нь анхааруулахад байран суурин байдаггүй л бол хээр хөдөө эд юмсаа орхиод эргэж буцаж мунгинаж байхын хэрэг байдаггүй гэдгийг ойлгож аваарай.

Зураг 8. Гүнжийн сүмийн торлог дундуурхи шавартай замд
Ийн 12.30 цагт отогт ирснээр нутгийн зүг жолоо залах бэлтгэлдээ орлоо.

Өчигдөр Тэрэлжид өөрийн унаагаар ирж отог дээр сүүлдэж ирсэн дөрөв ( нэг гишүүн нь дугуй унаж сурч байгаа цоо шинэ гишүүн тул) түрүүлэн хөдөлж бид араас нь хөдөллөө. Салхи араас, нар баруун урдаас, газрын байршил урсгал дагуу, ачаатай дугуй хөнгөн шингэн, таатай гэж.

Зураг 9. Баруун Баян голоо гарчихлаа. Одоо жийнэ дээ
Ийн уруудсаар баруун Баянголоо хоёр удаа гаталж (энэ голын ус гэж салтаа тулсан их, урсгал гэж ширүүн байдаг байж билээ, харин одоо шагай давахааргүй татарчээ) багахан өгсөөд баруун эргэж сүүлийн суварганы дэргэд сүүлийн таталт (амралт) аваад 10км-ийн хөндийг туулсаар Тэрэлжийн анх явсан газраа иртэл манай багийн хамаг том ах болон бусад эчнээ танил аялагчид кола, боовтой тосон байгаа нь нүдний мэлмийг нээж аньсага чийгтүүллээ (бяцхан давс).

Зураг 10. Гүнжийн сүмийн дэргэд
Ингээд 83 км-ийн сорилт өндөрлөлөө. Мөн Налайхын иргэн аялагч Мөнхнаст, УБ хотын иргэн Золзаяагийн гэр бүлд гүн талархал илэрхийлье. Баярлалаа.

ГҮНЖИЙН СҮМИЙН ХОНОГИЙН АЯЛАЛ 
Цаг наашилж зун цаг ирсэн мэт тэнгэрт бүртийх үүлгүй, гэрэлт наран гийж, хаа нэгтээ шувууд жиргэсэн сайхан өглөө угтав. Урьд шөнө ярьж тохиролцсон ёсоор аяллын багийн гишүүд хотоос цагтаа хөдөлснөө мэдэгдэж, утас цохив. Дугуйн ачаа, тэнгээ тааруулан бэхэлж нөхдөө угтан уулзах газар луугаа зөөлөн жийв. Хамт аялах 5 нөхөд бүхээгтэй машинд дугуйгаа ачаад, хүрээд ирлээ. Удаан уулзаагүй нөхөдтэйгөө мэнд мэдээд дугуйгаа ачаад Тэрэлжийн зүг хөдлөв.

Бид замын турш дурсамж сэргээсэн аяллууд болон цаг үеийн мэдээ мэдээллийн талаар хөөрөлдөн давхисаар болзсон цагтаа, товлосон газраа ирлээ. Манай группийн бас шинэ аялагчдаас бүрдсэн 4 дугуйчин мөн хүрэлцэн ирсэн байлаа. Манай баг аялал эхлэхэд 10 байсан бол дуусахад 11 болсон (Аялагч гишүүн Ш.Мөнгөнсүх гэр бүлийн гишүүн, аялагч Г.Махгалын хамт бидний араас буюу отогт шөнийн 00 цагтай уралдан ирсэн).

Зураг 11. Аяллын замд гарахын өмнө
Хоногийн аяллын онцлогоос шалтгаалаад бэлтгэл хангасаар бидний аялал 10:30 цагт эхэлж, аян замдаа гарлаа. Тэрэлжийн голын татам уруудан тэр л танил замаараа жигдхэн жийцгээв. Арав орчим км зам туулсны дараа Туул голын хөндий рүү нэвтэрлээ. Салхи заримдаа ташиж үлээх ч ихэвчлэн эгц өөдөөс үлээж тамир сорино.

Зураг 12. Тэрэлж голын хөндийгөөр
Жийсээр жирийлгэсээр эхний гарам болох Баян голын баруун салааг зарим нь жийж, хэсэг нь гутлаа тайлан туулж, бүр зарим нь гуталтайгаа туулаад гатлав. Хоёр гарам хоорондын зай 3 км бөгөөд удаах гармыг цөмөөрөө гутлаа тайлж, дугуйгаа түрж гаталлаа. Гарам гаталсны дараагаас салхины хүч бага зэрэг нэмэгдэв. Аялагчдын зарим нь бургасны нөмөр бараадан амсхийж, цайлаад хөдлөх санал гаргаж, дэмжигдэв. Хэдэн зууныг элээсэн саглагар хар модны нөмөрт татаж, цайлав.

Зураг 13. Баруун Баян гол гарам дээр
Толгодын энгэр, голын татам дамнан жийсээр жил бүр отоглодог тэр л газраа 15:20 цагт хүрэлцэн ирлээ (4 бэрх баг 17:20 цагт отогт ирэв). Бид энэ өдөр 3 цаг 33 минут тасралтгүй жийж 33.79 км замыг туулав. Отогоо байгуулж, төвхнөх гэж хэсэг бужигнасны дараа цөмөөрөө унд цайгаа чанаж, хооллож, хэсэг амсхийв. Удалгүй наран авхай жаргаж, сэрүү татах нь тэр.

Зураг 14. Өндөр хадны урдуур ороогоод, отог дээрээ хүрээд ирлээ дээ
Нар жаргасны дараа салхины хүч суларч, түүдэг галын дэргэд тойрч суух боломж бидэнд гарав. Энэ удаагийн аяллын нэг онцлог нь аялагч гишүүн Д.Цолмон эгчийн төрсөн өдөр тохиохтой зэрэгцсэн явдал байв. Бид баяр хүргэж, яриа дэлгэв. Олон аялалд хамт явсан, биесээ сайн мэдэх, бэлэг өгөх нэгэн ч цөөнгүй байлаа. Дуу хуур, дурсамж яриа хосолсоор шөнө хагаслаад бид хажуулахаар майхан майхны зүг маажигнав.

Зураг 15. Хоногийн аялагч хүний иж бүрэн

Тэнгэр бага зэрэг бүүдгэр ч салхи тогтуун өглөө биднийг угтлаа. Өнгөрсөн шөнө хэрхэн амарсан, даарсан, зүүдэлсэн эсэхээ ярилцан хөгжилдөх зуур цөмөөрөө цай, хоолоо буцалгаж амжив. Дор бүрнээ бэлтгэл хангасны эцэст 9:10 цагт сүмийн зүг хөдлөв. Дэндүү танил бас шавар балчигтай замаар тонгочуулсаар зорьсон газраа ирлээ.

Зураг 16. Гүнжийн сүмийн хэв маягийн зам
Автомашинтай аялагч клубын хэсэг залуус сүмийн хашаанаа отогложээ. Бид сүм, түүний орчныг яаралгүй сонирхож, үүх түүхийн улбааг хүүрнэлдэн саатав. Уламжлал ёсоор сүүдрээ татуулан, хэсэг саатаад отгийн зүг жирийлгэв. Өгсөх удаа байхад уруудахын жаргал бас байх...

Зураг 17. Манай баг. Гүнжийн сүм
Энэ удаад сүнгэнэтэл жийсээр 12:20 цагт отог дээрээ ирлээ. Бид сүм, отог хооронд талдаа 7.62 км жийв. Бид дахиад л цай, унд бэлтгэн хэсэг сууцгаав. Удалгүй майхнаа хурааж, ачаагаа баглацгаалаа. Бид 14:00 цагт отгоо орхив. Өчигдөр сөрсөн салхины хурд буурсан ч чиглэл хэвээрээ байсан нь манай талд үйлчлэв. Дөрвөн бэрх баг отгоос түрүүлж хөдөлсөн ч замд тааралдана, бид гүйцнэ, тэд хоцорно. Ийм л дүр зураг ээлжилсээр бид 17:30 цагт аялал эхэлсэн газар болох Тэрэлжид хүрэлцэн ирлээ. Аянд явахад хэн нэгнээр үдүүлэх сайхан ч аялж дуусаад бусдаар тосуулах бүүр ч сайхан. Бичигдээгүй хуультай зүйрлэмээр нэг зүйл манай группт байдаг нь хэн ч хэлээгүй, шаардаагүй байхад өөрийн санаачлагаар, сэтгэлээрээ бусдыгаа үддэг, угтдаг үйл дадал болоод нэгэнт уджээ... Үүнийг сайхан зүйлтэй л жишилтэй

Зураг 18. Бид ирлээ
Маш урт машиныг мундаг мушгиж, мань хэдийгээ аюулгүй тээвэрлэсэн П.Золзаяа, аяллын хором бүрийг дүрсжүүлж өгсөн анд Б.Жавхлантөгс, ачаа нь салсан, санжиганасан хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгсөн анд Э.Ууганбаяр болон хамтдаа аялж, дурсамж бүтээлцсэн багийнхандаа ихэд баярлалаа.

ӨДРИЙН АЯЛЛААС, ШӨНИЙН АЯЛАЛД
Огцом уруу бэл бүхий уул ороохын хамт нөгөө талд хэсэг мод анзаарагдаж, буруу замд орсон нь илэрхий болов. Ийнхүү замд таарах учиртай уулын ам руу замдаа хөтлөгдөн, баруун тийш даялаад орчихсон тул моддын завсраар ташуу жийсээр жинхэнэ замдаа оров. Саргүй шөнө нэг харанхуй гэж ертөнцийн гуравт дурдсан нь зүгээр нэг зохиомол хэлц үг биш ажээ. Замаа алган дээрээ тавьсан мэт төсөөлөн харж явахгүй л бол энэ түнэр харанхуйд уусан шингэх нь ээ. Дугуйн жижигхэн гэрлээ унтраах мөчид тэнгэрийн одод болон уулын орой, хяраас өөр юу ч үл үзэгдэх нь яг л оргүй хоосонд орчих мэт. Гагцхүү хөлөө ахиулан гишгэхэд тулах газар буй нь оргүй хоосон биш гэдгийн ганц баталгаа болно. Ийнхүү түнэр харанхуйд гав ганцаараа бэдчин явааг маань уншигч та гайхширна уу?

Нөгөө нэг параллел аялал болох өдрийн аяллаа дуусгаад гэртээ ирэхэд 15:00 цаг болж байв. Энэ нь манай эхнэрийн заасан цагийн хязгаараас яг нэг цагийн өмнө ирсэн гэсэн үг юм. Ахиад бүхэл бүтэн нэг аялал хүлээж буй бас замын талд ачаатай дугуй жийнэ гэдгээ бодон нүүрс-усаар баялаг хоол идэхийн зэрэгцээ өдрийн аяллынхаа мэдээг цаг алдалгүй оруулах, оройн сэрүүнд давхарлаж өмсөх цамц болон ойр зуурын хүнс, унд тэргүүтэн үүргэвчиндээ хийх зэргийг тэрхүү нэг цагийн дотор амжуулав. Харин манай эхнэр дугуй дээр ачих богцдоо хамаг юмаа бэлдээд хийчихсэн байв. Иймд гурван саланги цүнх гэмээр богц бас нэг майхныг ганцхан тэвэрч гараад машины тээшинд хийчихээр болжээ. Манай эхнэр хоногийн аялалд явж үзнэ хэмээн бараг бүтэн жил ярьж майхан, сав суулга, зуух, мешок, хоногийн аялалд унах ачаатай унадаг дугуй гэх мэтчилэн өчнөөн юмс базаасан авч яг цагаа тулахад захиалсан богц нь ирээгүй л байлаа. Гэвч аялалд хамтдаа явахыг хүссэн Цоко админ өөрийнхөө илүү богцыг түр хэрэглүүлэхээр өгсөнөөр эхнэрийн маань хоногийн аялалд явах хүсэл нь биелэхэд тун дөхөж ирэв. Гэвч яг аяллын эхний өдөртэй давхацсан ажил гэнэт гарч ирэн хүслийг нь хясаж орхих нь тэр. Тэрхүү хяслын нөгөө талд Гүнжийн сүм рүү ганцаараа жийж очиж байсан, тэгэхдээ шөнө дөлөөр ч жийж үзсэн туршлагатай би байсан нь хяслыг гэтлэх ганц сэжим боллоо.

Төлөвлөлтгүй их хотын түгжрээ болон авто замын уртыг яах ч аргагүй тул Тэрэлжид бараг л нар жаргахтай зэрэгцэн очив. Бага ч гэсэн гэгээтэй байгаа дээр замаа ахиухан хороож Баруун Баян гол уулын хормой руу шахсан шахаанд дөхөөд оччих юм сан гэж бодно. Хэрэв гэгээ тасарчих юм бол сайн муу, сайхан муухай, дэржигнүүртэй дардан олон салаа замаас арай өөдтэйг нь шилж сонгох боломж хумигдах билээ. Мөн алсын бараа үгүй бол замаа баримжаалахад түвэгтэй болно. Ингээд ачаатай дугуйны суудлыг өөртөө тааруулан хоёронтаа ахиулан өндөрлөсний хойно эхнэрийнхээ урд орон аль эвтэйхэн гэсэн замыг сонгон жийтэл "манай хүн" огт явж өгдөггүй. Дугуйнд хурд хэмжигч тавиагүй тул хэр хурдан явааг бүү мэд. Гэхдээ обод, шатун хоёрыг эс тооцвол бүтэн карбон бас ачаагүй буюу шалдан дугуй унасан хүний хажууд ачаатай дугуй унаад нэг их хурд гаргаагүй л байх. Ийнхүү унжирч байтал болдог юм болдогоороо болов гэгчээр гэгээ тасарч тас харанхуй болов. Ядахад энэ нь саргүй шөнө байжээ. Ингээд алсын бараа байтугай гурван алхмын цаадхыг үзэхэд бэрх болов.

Ийм тас харанхуйд эхнэрийн маань утас дээрх GPS нэмэр болж байвч заримдаа нэрмээс ч болж байсныг хэлэх л хэрэгтэй. Ерөнхийдөө Гүнжийн сүм рүү явахад уул, даваа давахгүй, гол туулахгүй явж болдогийг мэдэх тул жижиг биш гол ус таарсан үед "Энэ биш боллоо." бас Гүнжийн сүм рүү чиглэдэг уулын амаас наана өөр нэг том ам байдгийг санах тул "Ямар нэг ам руу орохгүй." хэмээн баримжаална. Ядаж явахад эхнэрийн зарим нэг дэмий яриа анхаарал сарниулж, газрын тогтоц, замын байдал зэргийн талаарх бодлыг маань ээдүүлнэ. Ийнхүү явсаар 00:00 цаг болж байхад буюу өдөр солигдохтой зэрэгцэх шахам чүү ай хоногийн аяллын баг отоглосон цэгт хүрч очив.

Гэхдээ өмнө явж байсан зам тул урагшлах тусам бидний туулах ёстой зам тархинд хар аяндаа зурагдана. Ингээд л энэхүү зургаа тархиндаа улам батжуулахын тулд "Одоо замд ийм юм таарна", "Эндээс зураг авбал зохимжтой." гэх мэтчилэн далдыг хардаг юм шиг ярина эсвэл чийдэнгээр зааж харуулна. Отог дээр очихдоо хүртэл "За зогсоорой. Энд л отоглодог юм." хэмээн гар чийдэн тусгахад яг тэр чигтээ олон майхан дээрх гэрэл ойлгогч ярайн харагдана. Ингээд л байж байх ёстой гэдгийг мэдэж байсан тул надад юу ч бодогдсонгүй. Харин манай эхнэрийн дотор юу бодогдож байсан бол?

Отог дээр очиход тэд аль хэдийн гүн нойрондоо дарагдацгаажээ. Ердөө ганц хүн л чимээ өгөх шиг болов. Ер нь бүх дугуйг нь хамаг ачаатай нь аваад явчихад ч мэдэхээр шинжгүй. Уг нь жаахан ширүүхэн явсан бол тэр хэдийг унтахаас нь өмнө очихоор л байсан юм билээ. Отог нэгэнтээ нойронд автсан тул сэмээрхэн майхан, мешок улмаар гал тогоо, хоол болчихоод хөдлөхөд цаг нэлээн явчихсан байв.

Буцахдаа ачаагүй, хөнгөхөн дугуй унасан тул жирилзтэл давхимаар байв ч унадаг дугуйны жижигхэн чийдэнгийн ёлтгор гэрэлд яалт ч үгүй захирагдан тушигдаж байлаа. Гэхдээ дөнгөж саяхан гарсан жижиг горхины гарам, том гол ба уулын шахааг хялбар давах зам зэрэг нь бараг л нүднээ дурайх тул бас ч гэж урагштай явсан. Гэхдээ л түнэр харанхуй бол түнэр харанхуй л юм билээ. Голын шахаа уруу хөтлөх үхэр малын жим ба машины тод шороон зам хоёрын уулзварыг алдчихлаа. Алдчихсанаа ч тэр дор нь л мэдэж байгаа юм л даа. Армаг тармаг ургасан бургас руу яваад орчихож байгаа юм чинь. За тэгээд "Ийшэхнээ л жим байх учиртай." хэмээн бодож хэдэн метр явахад жим яг сайхан зурайгаад байж байна. Одоо ингээд шахааны бүр дээгүүр гарсан болон уулын бэл дагасан жимийг дуустал санаа амар болчихож байгаа юм.

Шахааг маш амжилттай өнгөрөөгөөд тэр гэх тэмдэггүй шахам автомашины шороон замаар баахан жийв. Яг нь энэ үед дээр оршил болгон бичсэн явдал буюу уулын буруу ам руу хальт хазайсан даа. Жижигхээн чийдэнгийн гэрэлд сүүмэлзэх төдий харагдах замд хамаг анхаарлаа төвлөрүүлж явсанаас л болсон хэрэг дээ. Харанхуйд шороон зам дээр тэгж явахгүй гээд өөр яах ч билээ. Аюулгүй байдлын үүднээс толгой өөд татахгүй, урдах замаа таг ширтэж яваа юм л даа. Ингэж явахдаа өнөөх буруу ам руу хальт орсон байсан. Газрын ерөнхий багцаа байсан тул байдал бишдээд явчихыг дор нь л анзаарч байна. Харин ийм үед "буцаж явах уу" эсвэл "шууд ташуу явах уу" гэдэг асуулт тавигдах юм билээ. Төөрчихөөгүй гэдэгтээ бардам итгэлтэй байсан тул шууд ташуу явж "замаа засахаар" шийдэв. Дов сондуул, том том чулуу бүхий голын хуурай сайр дайран гарах байсан энэ үед бас дугуй унах чадвар, туршлагадаа эрдэж байгаа юм л даа.

Тэрэлж суурин хүрэх үлдсэн зам ч яах вэ тэгээд л тодорхой. Гэхдээ тас харанхуй байсан тул олон салаа замын олигтойг нь сонгож чадахгүй жаахан зүдэрч л явав. Бас уул ороон баруун тийш чиглэхэд хуучин танил салхи маань "Уухайс даа. Чи эргээд ирэв үү." гэсэн янзтай илбэнхэн угтаж авав. Ийнхүү салхи, чулуу хоёртой үзэлцсээр Тэрэлж сууринд ирэхэд голын гарам ба гол дээгүүр тавьсан явган хүний гурван гүүрийг олох гэсэн бэрх ажилтай болов. Голын гармыг ч зам дагаж явсаар учрыг нь олчихов. Харин явган хүнд зориулсан гүүрүүдийг олох л үнэхээр ядаргаатай байсан. GPS харахаар нэг бол хэтэрчихнэ, нэг бол дутаачихна. Ингээд сүүлдээ гар чийдэн барьж явганаар хайж олсон доо. Дугуй хурдан буюу газар хороохдоо сайн бас дугуйны чийдэн зөвхөн урдах зам гэрэлтүүлэх тул хэт далайцтай хөдлөөд гүүрийг анзаарахгүй өнгөрөөд байж л дээ. Явганаар хайтал хэдхэн алхаад л гүүрээ олчихсон. Ийнхүү будилах зуур цаг овоо талийсан байжээ. Дугуйгаа ачаад хот руу хөдлөөд жаахан явахад л үүр цайж эхэлсэн.

Шөнийн жийлтийн хувьд замаа урьдчилж маш сайн судалсан байх, хэрэв шөнийн аялал хийнэ гэж төлөвлөж буй бол урьдчилж тэр замаараа өдрийн цагаар явах, тэгж явахдаа замд таарах жижиг сажиг ч гэлээ онц содон зүйлсийг сайн тогтоож авах хэрэгтэй юм байна. Бас газрын тогтоц, өндөршил зэргийг ч анхааралдаа авах хэрэгтэй. Ийнхүү миний бие урьд нэг удаа засмал замаар, харин энэ удаа шороон замаар жийж шөнийн жийлтийн туршлага өчүүхэн ч атугай хуримтлууллаа. Гэхдээ энэ хоёр жийлт маань хоёулаа саргүй, таг харанхуйтай тохиосон байна. Харин дараагийн удаа тэргэл сартай шөнөөр жийж үзнэ ээ.

Ийнхүү эхнэрийнхээ бараг бүтэн жил ярьж, хүсэн хүлээсэн Гүнжийн сүмийн хоногийн аяллыг нь бодитой болгож өгсөн маань энэ буюу.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Д.Мөнхнаст Ш.Мөнгөнсүх Б.Жавхлантөгс С.Мөнхбат Д.Цолмон П.Золзаяа
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Жамъяндорж
  • 5813 км
  • 53
  • 9
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!