Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #115 - НУРАМТЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/214
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
78 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1103 м
Өндөр алдалт
-1100 м
Их өгсөлт
14.9 %
Их уруудалт
-23.6 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2022 оны 4 сарын 16 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хадат вилла 1 хотхон
Цуглах цэгийн солбицол
48.055556, 107.029917
48°3'20"N, 107°1'47.7"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Хадатын хамар ороон даваж Улиастай голын хөндий рүү уруудана. Голоо гарч (жийж гарч болдог) зүүн талын дэнж өгсөн жийсээр, Хойд Баян гол (голоо жийгээд гарна)-ын ам руу орж хойд талын дэнж даган бага шиг суурин дундуур өгсөнө. Хойд Баян гол (гутал норголгүй түрээд гарчихдаг)-ыг дахин гарч Нурамтын давааны хойд талаас ой модон дундуур (зам нь бага шиг хэмжээний ургаа чулуутай байдаг) өгсөн, даваа давна. Шар хоолойн ам руу уруудан орж, Гацууртын төв замтай нийлж явсаар Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр ирж аялал дуусна. Аяллын зайн 32 км нь шороон замтай.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал

Улаанбаатар уулын дугуйн аялал группийн энэхүү аялал хэрхэн өрнөсөн талаар өгүүлсүү. Админ Ожгоо ахын товлосон уг аялал цуглах цэгээсээ эхлээд улмаар шавар, шавхай, шарваа, хунгар цас, халтиргаа бас гол усанд гутал хувцсаа норгох гэх мэтчилэн олон олон сюрпризийг аялагч гишүүдэд удаа дараалан барьсанаараа сонирхолтой байлаа.

Зураг 1. Нурамтын даваа буюу аяллын оргил цэгт

Группийн аялагч гишүүд цуглах цэг болох Хадат Вилла 1 хотхон руу гэрийнхээ хол ойр, жийлтийнхээ темпийн их бага зэргийг тооцон янз бүрийн цагт жийж эхэлцгээжээ. Гэрээс гарч Баянбүрд, 32-ын тойрог, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх гэсэн харьцангуй бага өгсүүрт манайхны хэн нь ч таарсангүй. Харин Хадат Вилла хүрэх өгсүүр замд манайхан ёстой хөглөрч байх нь тэр. Аюулгүй байдлын үүднээс 7 буудал хүртэл явган хүний замаар яваад цааш Дамба хүртэл автозамаар хэсэг жийв. За тэгээд Бэлхийн замыг машинд хусуулчихгүй яаж туулах вэ гэж шаналсаар Дамбадаржаагийн уулзвар, түүнээс цаашхи тахир замыг өнгөртөл явган хүний зурайсан сайхан зам тавьсан байв. Бэлх Плаза хүртэл тэр замаар бодох юмгүй жийгээд цааш ахин автозамаар хэсэг жийгээд Сэлхийн зам руу ороход аль дээр тавьсан дугуйн зам угтаж авав. Ингэснээр Хадат Вилла руу салах замын гарцаа л анзаарахаас өөр зүйлгүй болж байгаа юм. Групп энэхүү маршрутаар өнгөрөгч жил жийж байсан тул зам хэрхэн салах нь нүднээ харагдана. Бас уулын тогтоц гэж юм бий. Тийнхүү "За энэ ам руу л орох нь дээ. Хэрэв үүнийг өнгөрвөл Сэлбэ амралт хүрэх буюу бүр хэтрээд явчихна. Хадат Вилла урдаасаа харагддаггүй юм байжээ." гэх мэтчилэн бодолхийлэн явтал өнгөрөгч жил аялах үед нийлж байсан салаа замын гарц, түүний наахна бидний түр таталт хийсэн "карман" улмаар ахиулаад хартал Хадат Вилла гэсэн бичигтэй самбар харагдлаа. Ингээд үлдсэн жаахан ч гэлээ овоо өгсүүр зам руу ороод хэсэг жийтэл манай хэд хоёр нэгээрээ таарч эхлэв. Цаг эрт байсан болохоор ихэнх нь айвуу тайвуу явж харагдана. Ингээд өгсүүр замд тэднийг чадахаараа "идсээр" цуглах цэгт 08:35 цагт хүрэлцэн очиход Золзаяа эгч, Батмөнх ах тэргүүтэй хашрууд бас гандан бууршгүй Октябрь ах аль хэдийн ирчихээд өглөөний наранд ээх гэх мэтчилэн сайхан тухалцгаасан байв.

Зураг 2. Цуглах цэг буюу Хадат Вилла 1 хотхоны өмнө

Цуглах цэгт ирээд аялагч гишүүдийн ирц бүртгэхээр веб сайт руу орох гэж байтал админ Ожгоо ах залгаж аяллын багт амжилт хүсээд зарим нэг захиас, зөвлөгөө өгсөн. Ожгоо ах маань эрүүл мэндийн шалтгааны улмаас хэсэг зуур дугуй жийх боломжгүй болсон ч сэтгэл санаагаараа бидэнтэй үргэлж хамт аялах биз ээ. Энэ дашрамд гамаа сайн барьж, хурдан эдгэхийг хүсье. Түүнчлэн аялал толгойлдог нэг админ урт хугацаагаар эзгүй, өөр нэг админ бас л түр хугацаанд аялал өнжих зайлшгүй шалтгаантай болсон тул энэхүү аяллын админы үүрэг хүлээх болов. Групп маань нэгэнт 200 гаруй аялал үүнээс 100 гаруй өдрийн аялал явуулчихсан бас эдгээр олон аяллаар хатуужин туршлагажсан, админ Ожгоо ахын гардан хүмүүжүүлсэн, аялагч гишүүний тэмдэг бүхий үндсэн гишүүд буй болохоор энэхүү аялал удирдлага, зохион байгуулалтын аливаа хүндрэлгүй амжилттай болж өндөрлөлөө. Бас хэн ямар үүрэгтэйг нэгд нэггүй заасан цахим гэрээ, админы ажлын цахим хэсгийг бүрэн автоматжуулсан, цахим гэрээг ягштал хэрэгжүүлдэг веб сайт ба хамгийн гол нь унадаг дугуйгаар байгалийн сайханд аялах дур сонирхолтой, байгаль, цаг агаарын ямар ч бэрхшээлийг сөрөн урагшилдаг гал цогтой аялагч гишүүд буй болохоор группийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр асаалттай танк шиг зарим аялагч гишүүдийнхээ идэвхээр 2021 оны намар тохиосон группийн үйл ажиллагааны тодорхойгүй байдал буюу аяллын тасалдлыг локал орчиндоо ч гэлээ амжилттай даван туулж байсан билээ. Харин одоо аяллаа түр завсарлаад байсан хуучин аялагч гишүүдийн эргэн ирэлт, бидэнтэй хамт аялах болсон шинэ аялагч гишүүд зэрэг нь группийг улам ирээдүйтэй болгож байна.

Аялал яг 10:00 цагт эхлэв. Сүүлийн хоёр минутыг бид бараг минут, секундээр нь тоолцгоосон гэхэд болно доо. Тэгээд л цаг болонгуут дугуйндаа мордоцгоон үлдсэн жаахан өгсүүр өөд жийцгээв. Цуглахдаа л эхний даваагаа үгүй хийчихсэн бид хэдэд үлдсэн ганц даваа юу байх вэ дээ гэцгээн Хадатын хамар даваад уруудтал юу руу орчихсон гэж бодно, та? Сүүлийн үед хоёр ч ахин ойр ойр орсон цас хайлахдаа уулын арыг нил нялцгай шавар болгочихжээ. Түүн дээр нь манай эмэгтэй аялагч гишүүдийн нэг Золзаяа эгчийн хэлсэнээр галбирын халтиргаа хийсээр уулын бэлд хүрэхэд бидний унадаг дугуй, өмд гутал нил шавхай болсон байв. Амартизаторт халгаатай тэрхүү замд амартизатороо түгжиж, тийнхүү явсаар Нурамт давсан хойноо л түгжээг нь тайлсан.

Зураг 3. Хадатаас уруудах зам

Жийж эргүүлэхэд араа ба гинжний хооронд шороо зажлагдаад л. Тийнхүү даваанаас бууж манайхнаас "Еэвэнгийн дэлгүүр" нэр авсан хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрч улмаар Улиастайн голыг гаталцгаав. Одоо ингээд шавар туучсан дугуйгаараа ус туучиж байгаа юм. Ер нь Нурамтаас нэлээн уруудтал тасралтгүй шалчигнуулж явсан.

Зураг 4. Аялалд оролцсон эмэгтэй гишүүд

Манай аяллын багийн гурван эмэгтэй гишүүн шавар шавхай, гол усанд огт ажраагүй шинжтэй харагдана. Цөн түрж буй мөстэй голоор ч дугуйгаа өргөөд гарчихдаг, огцом өгсүүр даваа өөд ч жийгээд гарчихдаг айхтар бүсгүйчүүд дээ.

Зураг 5. Нурамтын даваа руу өгсөхийн өмнө

Зурагт гурав дахь таталтын цэг буюу Хойд баян голоор гарч, Нурамтын даваа өөд өгсөхийн өмнөх байдал буужээ. Голоор гараад л шууд өгсөх бас уул цастай тул энд түр амсхийж байгаа юм. Энэ хүртэл шавар шавхайтай, нойтон замаар шалчигнуулсаар ирсэн багийнханд маань түр зуур ч атугай амсхийх боломж гарсан биз ээ.

Нурамтын даваа өөд жийж эхлэхэд дугуй хий эргэж байсан ч дугуйнаасаа буулгүй явж болоод байв. Таталтын цэгээс хөдлөх дохио өгөхөд манай хэд үүнийг л хүлээж байсан гэлтэй год хийн, дугуйндаа үтэр түргэн мордоцгоон гол туулцгаав. Гол руу уруудах болон туулж гарахдаа нэлээн татасхийсэн би даваа өөд жийхдээ сүүлийн хэдийг дор нь "идэж" орхив. Харин урд яваа бяртай, дугуй дээрх тэнцвэр сайтай хэдийг нэлээн явж байж гүйцэж очсон. Зам ховилтой, мэр сэр том чулуутай бас модны үндэстэйн дээр цасанд битүү дарагдсан тул бид хэд ихэнхдээ замын хажуугаар, модны завсар зайгаар сүлжиж, жижиг бут дундуур дайран гарах байдалтай жийцгээлээ. Хойд дугуй байсхийгээд л хий эргэнэ. Тэгсэн ч гэсэн дугуйгаа муригнуулан, дөрөөгөө жийн, араагаа эргүүлсээр урагш ахина. Ийнхүү жийцгээх багийнхныхаа толгой хэсэгт хүрээд урдах ганц гишүүнээ даган жийж явтал өндөр бутны цаана толгой шоволзоод алга болох шиг болов. "Нэг толгой шоволзов уу даа" хэмээгээд бидэн хоёр Энхбаяр гэгч айхтар бярдаж жийдэг тэрхүү ахыг мөшгөсөөр гүйцэж очив. Улмаар бид гурав тэр эрчээ алдахгүй гэсэндээ замын зүүн гар талаар буюу зузаан цаснаас зайлсхийн бас дээрээс нь хий эргэх үед тэнцвэр алдаж хөл газарт хүргэхгүй гэсэндээ хэт улайран жийсээр замын баруун гар тал руу салдаг салааг анзааралгүй өнгөрүүлсэн байв. Уг нь тэр үед бид гурав замын зураг ба GPS-ээ хянасаар явсан ч нэлээн хадуурсан байлаа. Ард явсан багийнхан маань дуудсан ч өөрсөддөө хэт итгэлтэй мань гурав улмаар хадуурсанаа ойлгож жинхэнэ зам руу эгц уруудан яг хөндлөнгөөс нь очиход манайхан бүгд явцгаасны ул мөр тодхон дурайж байв. Үүнээс дээш жийж явах аргагүй байсан тул тод мөрийг даган дугуйгаа эрчтэй түрсээр өнөө хэдийгээ гүйцэж очиход хадуурсан мань гурваар тохуу хийцгээж байна. Хадуурсан нь үнэн тул яая гэх вэ.

Нурамтын даваа дээр гарахын наана цас маш их байсан тул дугуй түрж урагшлахад үнэхээр хүнд байв. Мөр гараагүй цасан дээгүүр дугуй түрэхэд уулын дугуйны арзгар гадарт цас наалдаж эргэхээ болино. Ухраагаад цасыг нь унагаад ахин урагшлуулахад буцаад л цас наалдаад эргэхээ больчихно. Ямартаа л дугуй биш чарга түрж явна хэмээн хошигнох вэ дээ. Харин хэд хэдэн дугуй явж өнгөрөхөд нойтон цас шалчийтлаа дарагдах тул цувааны сүүлд явагсдад дугуйгаа түрэхэд хялбар болж байв. Ийм учраас уртаас урт дараалал үүсэж байв.

Зураг 6. Нурамтын давааны цастай замд

Ийнхүү зузаан цастай зам цувааны урд яваа хэдийг удаашруулж, сүүлд яваа хэдийг хурдлуулсан тул манай баг даваа дээр бүгд хамтдаа гарцгаав. Харин цасгүй бол давааны зам дугуйчдыг ёстой л шигшдэг билээ. Ингээд ээлж дараалан цас зүсэж зам гаргасаар зорьсон даваа дээрээ гарцгаахад үд нэлээн хэвийсэн байлаа. Газар хаа сайгүй нойтон байсан тул манай хашруудын нэгнийх нь санал ёсоор таван алхамд байх энгэрт сууцгаав. Тэрхүү энгэрийн цас эрт хайлж, чийг нь арилж, өвс нь хатсан байсан тул сайхан хуурай бас дээр нь тэрүүхэн тэндээ нөмөртэй байв.

Зураг 7. Нурамтын давааны замд

Төлөвлөсөн зам маань шавар шавхай, хунгар цас ихтэй байснаас үүдэн бид замдаа их хугацаа зарцуулсан тул хооллож амарч дуусуут шууд хөдөлцгөөв. Харин Нурамтын даваанаас уруудахад эхний хэсэгтээ л жаахан шавартай байсан бол үлдэх ихэнх хэсэг нь сайхан хуурай байв. Үүнийг хүртэл олигтой хурдлан давхиж чадаагүй байсан аялагч гишүүд одоо л шавиагаа ханатал давхицгаах шиг болов. Цувааг цоожлон хамгийн сүүлд явж байтал зам дээр хөсөр унаж гээгдсэн насос байхыг хараад зогсож авав. Ингээд Шар хоолойн ам дахь автомашины шороон замд хүрч татсан багийнхан дээрээ очиход хэзээ язааны байдалтай зогсоцгоож байв. Ер нь их л хурдан давхицгаасан янзтай байв. Үүнийг нь ч батлах мэт шороон замын дугуйтай нэг аялагч гишүүний маань дугуй хагарчээ. Замын чулуунд л цоо цохисон болов уу.

Ингээд Шар хоолойн ам дахь автомашины замаар тасралтгүй цувах автомашинуудын босгосон шороо, тоосны зай завсрыг олж явсаар сүүлд тавьсан засмал замд хүрч эрчээ улам нэмэн давхицгаасаар Гацуурт сууринд хүрцгээв. Ажил төрөлтэй нь тэнд алгуурлалгүй хөдөлсөн бол үлдсэн бусад нь бөөгнөрөн улмаар Улиастайн гүүр хүртэл хамт жийцгээв. Энэ үед салхи баруунаас зүүн тийш чамгүй хүчтэй үлээнэ. Салхи сайн сөрдөгүүд нь цувааны урд гаран жийж араас нь салхинд сайн суугчид даган нэлээн эрчтэй жийцгээнэ. Араас нь хоёр нь элдэн хөөсний нэг нь тэднийг гүйцэн очсон ч темпийг нь хүчирч дийлсэнгүй бололтой сугарч үлдэв. Би сугарч хоцорсон хоёрыг гүйцсэн авч бас л салхинд маруухан тул үндсэн цувааг гүйцсэнгүй. Цуваа ч бас дотроо шигшигдэн хоёр тасарч улмаар бараа тасран алга болов. Ийнхүү салхи сөрөн эрчтэй давхидагийг нь мэддэг ганц хоёр гишүүн "айвуу тайвуухан жийе" хэмээн Гацуурт дахь таталтын цэг дээр үлдсэн бол манайхны араншинг мэдэхгүй дагасан нь энэ хоёр маань байлаа. Гэхдээ л хоёрын хоёр давааг шавар шавхай, хунгар цастай нь хамт давж энэ хүртэл хэнээс ч дутахгүй жийж байсан тэд мундаг шүү. Эхний удаа гэхэд л ийм мундаг жийж байгаа юм чинь тун удалгүй цахиур хагална даа. Түгжрэл зэрэг саад ихсэх болон Улиастайн гүүрэнд ойртоход замын чиглэл салхины чиглэлтэй жишүү болох үест л сая нэг юм нөгөө хэдийн бараа харагдав. Гүүр гараад манай хэд тус тусын мөрийг хөөн, салхитай амжилтай үзэлцэж байсан баг бутарсанаас хойш л тэднийг "идэж" эхлэв. Ийнхүү Дүнжингаравын дугуйн замаар "толгой даан" жийцгээсээр Дүнжингарав худалдааны төв дээр очицгоосноор аялал өндөрлөв. Худалдааны төвийн урд байх сандал дээр суун амарцгаангаа шальтай олон үг сольж амжаагүй байтал цуваанаас сугарсан шинэ аялагч гишүүн, улмаар айвуу тайвуу жийнэ гэсэн гишүүн ч хүрээд ирэв. Манай хэдийн "унадаг дугуй ч хурдан шүү" гэлцэх нь сонсдоно. Зогсолтгүйгээр зүгээр л жий. Тэгвэл хаана ч хүрнэ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Privacy Х.Гантулга А.Одхүү Т.Энхтөр О.Шинэбаяр Э.Хосбаяр Г.Түмэнсайхан Т.Энхбаяр У.Хосбаяр Ш.Лазина О.Адъяасүрэн Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Privacy
  • 922 км дутуу
  • 337 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Гантулга
  • 684 км дутуу
  • 575 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Одхүү
  • 227 км дутуу
  • 1032 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Жавхлантөгс Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2465 км
Г.Түмэнсайхан Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1302 км
Зүгээр л жий!