Манай групп энэ чиглэлээр анх удаа аялах гэж байна. Аялал нь Туул голын хөндий, татам, голдрил (ус гатлана, хөлдүү байх болов уу) дагасан замаар явагдана. Голын хөндий тул хайрга, хурдас, элс бүхий зам таарах магадлалтай. Хотгор гүдгэрийн хувьд ерөнхийдөө тэгшивтэр, ганц нэг... даваа давна. Цуглах цэгээс Айдасын даваа даваж уруудан, Өлзийт суурингийн замаар явж Туул голыг гүүрээр гарч хаягдсан төмөр замын далан дагаж ус бүхий карьерын хажуугаар гарч дэнж өгсөн Тавантолгой руу хальт өнгийнө. Туул голын татамыг хөндлөн туулж Төв аймгийн Алтанбулаг сумын баруун урд талын гүүрээр Туул голыг гарна.
Улмаар элс, хайрга бүхий замаар (хоёр гүдэн бий) жийсээр Алтанбулаг сумын төв хүрч, цааш засмал замаар Шувуун фабрик, Сонгино, Морингийн даваа даван Нисэхийн Буянт ухаа хүрч аялал дуусна. Шороон замаар 45 км зам туулна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын улирлын жирийн өдрийн, нартайхан өглөө боллоо. Цуглах цэг рүү жийж явахад салхи баруун өмнө зүгээс зөөлөн үлээнэ. Аялал товлосон цагтаа 9,59 цагт эхлэв. Бараг л Айдасын давааны орой дээр цугласан тул шууд уруудан, Өлзийт суурин руу салсан замаар орж, жирийтэл жийсээр Туул голын гүүрээр гарч хаягдсан төмөр зам хүрээд, шороон зам руу орлоо. Туул голын сав газар олноор орших хайрга, дайрга олборлодог карьер-уудын овоолго шорооноос дайжис хийн баруун өмнө зүг барин явсаар голын хойд дэнжид тулж ирэв. Араас оройтож гарсан манай гурван гишүүн мөр мөшгин ойртож яваа гэсэн мэдээ авлаа. Сүүлд явсан хоёр гишүүн зам хазайн өөр чиглэл авсаныг залруулан "засварлаж" багтайгаа нэгтгэв. Ингээд бид 14-үүлээ боллоо. Дэнж дээр гаран Таван толгой руу өнгийх алсын өгсүүрт жийж байх зуур тэнгэр хоромхоноо хувиран хүчтэй салхины урсгал манай цувааг халз урдаас нь тосон авлаа. Үе үе улаан шороон шуурга биднийг дайрна, урагшилсаар л байв. Даваан дээр гарах агшинаа өөдөөс үлээх салхины урсгалд зогсох шахам саатаснаа бага шиг овоо дээр ирлээ. Ийм эрт "концерт" эхэлдэг байжээ гэж бодохуй, салхины хурд 11-12 м/с хүрч шороон шуурга тавьлаа.
Алсад тэрүүхэн дор Таван толгойн цэргийн сургалтын талбай, бас байшин барилга харагдана. Бага зэрэг амсхийж багаа цуглуулан, төлөвлөсөн чиглэлээс бага зэрэг урдуур хазайн голын хөндий чиглэсэн зам руу оров. Хөтөл даваж уруудаж байхад хориод зээр зам хөндлөн бидний урдуур гараад эргэж толгодын хунх руу орж алга боллоо. Замын эргэлтээс шалтгаалан салхи нэг бол халз урдаас, зарим үед жишүүдүү биднийг цохино. Голын хөндий рүү түрж орсон бараатайхан хар хошууны хадан энгэрт салхинаас нөмөрлөн үдийн хоол идэж амрав.
Туул голын гурван салаа гатлан Алтанбулаг сумын баруун урд орших гүүр рүү явах чигээ авч, намхан уулсын бэл даган голын өргөн хөндий рүү салхи сөрөн зүтгэлээ. Эхний гарам доороо хайрга чулуу бүхий 10 орчим метр өргөн байв. Гутлаа тайлаад, шилбээр татах усаар дугуйгаа түрээд гарав. Дараагийн гарамаа баримжаалан баруун урд зүгээ барин салхитай байлдан явахуй дор алсад тэнгэрийн хаяа улаанаараа шороон шуурган хана босгосон байв. Зүтгэсээр байгаад нэг гарам оллоо. Их өргөн 20 орчим метр юм. Мөн энэ салааны ус нь төрсөн нутгийн үнэрээр нэн арвин, бас ч гүнзгий бололтой, харин урсгал нь аядуу байв. Харгиа орчим нь том том мөс, хөлдүү шавар цухуйж харагдана. Бараг л больё доо, ахин салхиа сөрөөд өөр гарам хайя гэж шийдэх агшинаа нутгийн нэг нөхөр мотоциклтой давхиад ирэв. Энэ бол үндсэн гарам мөн энэ хэсгээр туулаад гарчих, цаад зам нь гүүр рүү шууд чиглэнэ гэнэ. Бүгд өмд, гутлаа тайлан, дугуйгаа үүрээд хүйтэн ус руу ороод явчихлаа, ёроол нь чулуу багатай шаварлаг байсан нь юутай завшаан. Тав алхаад л хөл мэдээ алдан, хүйтэн ус гуяар татаад эхлэв. Ядаж байхад нэг том мөс урсаж ирээд яг гарахын даваан дээр урд хөндөлсөөд зогсчихлоо, тойроод гарахаас өөр аргагүй. Бүгд амжилттай гарлаа. Харин гурав дахь салааг дугуйтайгаа жийгээд амархан гарсан.
Тод замдаа орон салхинд жишүү цохиулсаар гүүрээр гарч, дэнж өгсөн эргэж, Алтанбулаг сум руу явах төв замд орох үед салхи араас үлээлээ. Ийм байдаг даа гэж бүгд баярлалан дов толгод, бага зэрэг өгсүүр замыг жавхаатай туулсаар 16 цагт сумын төвд орж ирэв. Энэ нутгийн зам нь дэржигнүүр ихтэй, элсэн зурвас үе үе хөндөлсдөг, зөөлөн сул шороо бүхий хөрстэй тул эвгүйхэн дарвал зарим газар нь дугуй булгиад "аваад явчих" эрсдэлтэй, ганц хоёр маань бас "унасан" сурагтай байсан.
Дэлгүүр орж хүнсний хангалт хийж, амраад хөдлөхүй дор нөгөө салхи маань баруун хойд, хойд талд эргэж гарчихаад "шүршээд" эхэлдэг байгаа. Шороон шуурга маань ч хэвээр. Энэ өдөр салхины дундаж хурд 7-8 м/с, зарим үед 10-12 м/с хүрч байлаа. Сумаас гарах засмал зам дээр яльгүй төөрөөд, үндсэн замаараа салхиа сөрөн хэд гурваараа хамтран ажиллаж жийлээ. Урьд энэ чиглэлээр аялаж байхад голын дэнж барьсан доод замаар жийдэг байсансан. Шинэ засмал зам нь уул, толгодын хуучин зам дагуу тавигдсан тул 3-4 өгсүүр гүвээ даван голын дэнж дагасан зам руу орох агшинаа пүнхийгээд явчихав. Жирийтэл жийсээр Шувуу дээр 17 цаг өнгөрөөж ирэв. Энд байдаг цайны газар оройн хоол болох халуун цай, хоол идэн амарлаа.
Нөгөө л танил салхитайгаа байлдан урагшилсаар Сонгино суурингаар гарч, Морингийн даваа даваж, Нисэхийн өгсүүрт махийсаар хотод ирэхүй дор 21 цаг дөхөж байлаа. CU орж дахин "шатахуун цэнэглэлт" хийгээд гэр гэрийн зүг жийх ахуй салхи маань яг л хэвээр урдаас үлээж байсан билээ. Групп-ээс зохиож байсан 200 гаруй аялал ийм хүчтэй, хурдтай салхинд явагдаж байсныг санахгүй байна. Харин Чойрын аялал гэх мэт чиглэлд ийм салхинд туугдан жаргаж байсан бол энэ удаа эртний танил салхиа ингэж сөрж аялсан, мартагдашгүй сайхан аялал түүх болон үлдлээ. Багийн хамт олон та нартаа маш их баярлалаа, бид хамтдаа ахин дахин дурсагдах энэ аяллыг амжилттай бас амттай хийж чадлаа.