Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #112 - БОГД УУЛЫН ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/211
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
100 км
Давааны тоо
2
Өндөр авалт
924 м
Өндөр алдалт
-919 м
Их өгсөлт
10.5 %
Их уруудалт
-7.7 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2022 оны 3 сарын 26 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Төв аймгийн автозамын гол чиглэлтэй давхацдаг тул аялагч нар тод өнгийн хувцас, анивчуулсан гэрэл дохиотой явах хэрэгтэй. Айдасын даваа, Өндөр даваа давж Зуунмод хот орно. Цааш Сэргэлэн сумын цэргийн ангийн хойд талд засмал замаас салан Баянбулагийн ам өгсөж хяр даван уулын хажуу бэлийн замаар явсаар Ширдэгтийн богино ам руу даваа даван өнгийнө. Амаа уруудан "өнхөрсөөр" төмөр замын Бумбат өртөө, Хонхор суурингаар дайран Хөлийн гол (унадаг дугуйн замаар явсан ч болно) даган уруудсаар УБ хот руу орно. Нийт замын 64 км нь засмал зам.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал

Групп тус маршрутаар гурван удаа аялсанаас энэ удаагийн аялал миний хувьд хоёр дахь нь болж байгаа билээ. Өмнө аялахад Зуун мод уруу зүүн талаас нь очиж байсан бол энэ удаад баруун талаас нь буюу өгсөж очсоноороо онцлог байв.

Аяллын өглөө эртлэн босож үзэмний шүүс буцалгаад дараа нь шөлтэй хоол хийж идэв. Үзэмний шүүс уух нь кали зэрэг эрдэс бодис нөхөж, шөрмөс татахаас сэргийлдэг. Гэхдээ ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч гэлээ хэрэв буруу жийвэл шөрмөс татдаг л юм билээ. Хүмүүс зөв буруу жийх талаар элдэв зөвлөгөө өгдөг ч эцсийн эцэст янз бүрийн нөхцөл байдалд олон км зам туулан өөрийн бие махбодын онцлогийг мэдрэн байж хуримтлуулсан туршлагадаа дулдуйдан гаргасан хувийн дүгнэлт л хамгийн зөв юм. Миний санахад зөв жийх тухайд манай группийн админ "Өөрийнхөө темпээр жийгээрэй." гэсэн ганц л өгүүлбэр хэлдэг. Үнэхээр өөр нэгнээс хоцрохгүй гэж өөрийгөө гэнэтхэн элдвээр "шахах" нь өөрийн мэдэлгүй буруу жийхэд хүргэдгийг өөр дээрээ хэдэнтээ мэдэрч байсан. Харин шингэц сайтай, шөл устай хоол идчихээд гарах нь шингэний дутагдалд орохгүй байх, өлдөж ядрахгүй байхад нэн тустай.

Ингээд товлосон цагаас нэлээн өмнө очихоор тооцон эрт гарч явган зорчигчийн болон унадаг дугуйн замаар явсаар бараг дөчөөд минут дутуу байхад Буянт-Ухаад очив. Нэгэнт эрт очсон тул тэр хавиар багахан зугаалчихаад CU сүлжээний нэг салбараас замын хүнсээ базаав. Ингээд товлосон цагаас 20 орчим минутын өмнө цуглах цэгт очиход аялалд бүртгүүлсэн гишүүдийн тал нь аль хэдийн ирчихсэн байлаа. Мэнд мэдэцгээн элдвийг хөөрөлдөж байх зуурт "Зуунмод дээр буудаллаж хоол идэхгүй." гэсэн админы шийдвэр бидний заримыг түргэн авахуулж зам дагуу байх өөр нэг CU уруу давхилдацгаав. Манай группийн ихэнх гишүүд замын хоол хүнсээ өөрсдөө хийгээд ирдэг бол энэ удаад томоохон суурингаар дайрах учраас гуанз орж хооллох нь гарцаагүй гэж над шиг бодоцгоогсод нэлээд хэд байв. Группийн цахим гэрээнд заасан ёсоор админы шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөх тул 6 аялагч гишүүн тийнхүү түрүүлэн хөдлөөд замын хүнсээ нэмж базаагаад байж байтал аяллын үндсэн баг 10:02 минут гэхэд биднийг гүйцэн ирэв. Энэ нь аялал яг товлосон цагтаа эхэлсэн гэсэн үг л дээ. Энэ бол манай группийн чухал онцлогуудын нэг юм.

Айдсын даваа давж, хурдны замын гүүр доогуур гарч, автозамын шалган нэвтрүүлэх товчоо өнгөрүүт админы урьдчилан хэлж байсанчлан хүчтэй салхи бидний чанх хойноос тууж эхлэв. Ингээд бид хоёр цагийн дотор Зуунмод орцгоов. Тийнхүү эрчээрээ давхисаар Сэргэлэнгийн цэргийн анги өнгөрөөд засмалаас гарч шороон зам уруу орох үед 12:12 цаг болж байлаа. Зуунмод хотын баруун талын хоёр даваа дээр гарч ирэх үед салхи бүр ширүүн болсон мэт санагдсан. Ямартаа л дан хүрдтэй, өргөн гадартай уулын дугуйгаар 63 км/ц хүртэл хурдлах вэ дээ. За тэгээд уруу замын мастерууд хэд хүргэснийг бүү мэд. Ганц хоёр нь намайг тийнхүү машин шиг давхиж явахад хажуугаар сүнгэнээд л гарч байсан. Энэ мэтчилэн хүчтэй салхины дагуу яг л моторт хүлэг унасан мэт давхисан Чойрын аялал зэрэг аялал группийн түүхэнд байдаг бөгөөд түүнд оролцсон аялагч гишүүд тэр талаар байсхийгээд л дурсан ярилцдаг юм.

Өнөөдрийн аяллын үеэр болсон нэг анхаарууштай явдал бол админы төлөвлөж заасан буудаллах цэгээ хэтрүүлэн хадуурч давхицгаасан явдал байлаа. Уг нь Зуунмод хүртэлх алсын өгсүүр улмаар Зуунмод хотын баруун талд ойр ойрхон шил дараалан угтах хоёр даваа бас хотын төвийн зүүн урд байх огцом өгсүүр зэрэгт чамгүй хүч зарцуулсанаас болж бууж амрахын мөрөөсөл болцгоох ёстой аялагч гишүүд маань дээр дурдсанчлан хүчтэй салхинд дөрөөлөн бараг тэр эрчээрээ УБ орчих юм шиг давхицгаасаар нөмөр нөөлөг буудаллах цэгээ тоолгүй өнгөрөөцгөөчихүй. Уг нь ийм үед админ багийн үлдсэн гишүүдийг зогсоож буудаллахад хадуурч давхицгаасан хэд буцаад л жийж ирдэг ёс буй ч энэ удаад тэгсэнгүй. Үүнийгээ ч мэддэг хадуурсан гурвын маань жийлт саарч эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай байсан нь тэдний урд хойно орсоор явсан надад илхэн байв. Ингээд группийн эмэгтэй аялагч гишүүдийн нэг Д.Цолмонгийн хэлсэн ёсоор засмалаас гаруут "концерт эхлэх" нь тэр. Аяллын замын хүнд хэцүү хэсэг уруу орохыг группийн админ ах ийнхүү хэлдэг нь бидний дунд ийм хэлц үг болон тархсан нь энэ. Богд уул маань орой дээрээ жаахан модтой харин эргэн тойрон нүцгэн тул салхи хааж нөмөрлөх нь огт үгүй тул бидэнд бууж цайлах газар олдохгүй болов. Зүйрлүүлбэл шуурга малчин хоёрын завсарт хавчигдаад дэмий л бужигнацгаах мал лугаа адил болов. Гэвч хашир туршлагатай админ маань хэдэн хонь, адуу тогтсон байхыг анзаарч биднийг тэрхүү газрыг бараадуулсанаар бид хэд арай чүү нэг юм ундалж, хооллох боломжтой болцгоов.

Ингээд ширүүн салхи, түүнийг дагасан жаврыг огоорч элбэг дэлбэгхэн сайхан цайлцгаагаад Богд уулаа давцгаав. Уулын замаар огцом өгсөж, даваа давж аялах нь манай группийн аяллын гол утга учир билээ. Эхний даваа өөд өгсөж явахад уулын энгэрт буй, хараахан хайлж дуусаагүй армаг тармаг цас бидний замыг улам сонирхолтой болгож байв. Бас цастай огцом уруу, зузаан цастай жалга нь аяллын экстрем хэсэг болж үлдсэн. Үүнээс гадна биднийг цайлж суух тэрхэн зуурт хойгуур маань хэсэгхэн цас айхтар ширүүнээр хоёронтаа өнгөрч байх нь туйлын сүртэй байсан бөгөөд хэрэв бид буудаллалгүй тэр чигээрээ жийцгээсэн бол тэрхүү цасан шуургатай яг тулцгааж "концерт"-ын оргил хэсэг болох нь гарцаагүй байлаа.

Мөн биднийг цайлцгаах зуурт группийн өөр 5 гишүүн засмалын дугуйн бэлтгэлээрээ Богд уулыг нар зөв тойрч явах нь харагдав. Биднийг машин шиг л хурдлуулсан тэр салхийг эсрэг чигт нь зүсэн яралзтал жийцгээн нүдэн дээр илт мэдэгдэм урагшлах нь үнэхээр бахдам байсан шүү.

Энэ удаагийн аяллын "симфонийн" оргил хэсэг Богд уулаа даваад Ширдэгтийн богиноор хэсэг уруудсаны дараа ёстой л өрнөсөн шиг өрнөсөн дөө. Богд уулаа аатай давцгаасан бид хэд Бумбат өртөө орчмоос энэ өдрийн ширүүн салхитай яалт ч үгүй улаан халз тулцгааж чихээ дөжиртөл, нүдээ улайтал, гуяа бадайртал жийцгээсээр Хонхор суурингаар дайрч Баянзүрхийн товчоо дээр ирцгээхэд "үлдсэн бензин банкны ёроол" хавьцаа л байв. Миний хувьд Налайхаас уруудах нь өгсөж очихоос хэцүү санагддаг. Үд болохтой зэрэгцэн УБ-аас Налайх тийш салхилдаг нь орон нутгийн цаг уурын онцлог гэлтэй. Харин энэ удаад салхины хүч ердийнхөөс хамаагүй илүү байв. Ийм нөхцөлд уг нь Хонхороос шууд Дүнжингарав худалдааны төв хүртэл шаах төлөвлөгөөтэй байсан ч багийн толгой хэсэг товчоо дээр татсан нь маш зөв шийдвэр байв. Ингээд манай аялагч гишүүд товчоо дээр ганц хоёроороо увж цуван ирсээр, ирсэн хэд нь цайны газарт орж сүүтэй халуун цайгаар "банкаа дүүргэцгээсээр". Миний өмнө явсан дөрөв болон яг хойно ирсэн хоёр аялагч гишүүн хоёр хоёроороо салхиа аван явцгаасан байв. Бас над мэтийн ганцаараа л "махийсан" гарууд ч байсан байх аа. Үүнээсээ болоод 4 аяга сүүтэй цай газар дээр нь хөнтөрч орхив. Ер нь дугуй жийж яваа үед халуун юм уух л хамгийн зөв юм билээ. Хүйтэн юм уухаар цангаа тайлж, шингэн нөхөхийн оронд хий дэмий гэдэс цэрийлгэчихдэг муу талтай.

Ингээд цагийн байдалтай уялдуулан үлдсэн замдаа "вагондох" шийдвэрийг админ гаргаснаар хүчтэй, салхи сайн сөрдөг залуусаа урдаа гаргаад бусад нь хойноос нь шил даран жагсах байдлаар замын хөдөлгөөний дүрэмд заасан байдагчлан хоёр эгнээ бүхий цуваагаар явсаар Дүнжингарав хүрэхүй дор "за Дүнжингарав хүртэл буудах нь бууд" гэх админы дуу цуурайтав. Цувааны толгойд явсан хоёр нь шууд суга үсрэхэд над мэтийн баруун эгнээнд хашлага уруу шахаж явсан нөхдүүд завсар зай олж гараад хойноос нь элдэн хөөцгөөв. Ганц км ч хүрэхгүй ийм замд ёстой л бяртай нь бяраа гаргаж, жинтэй нь жингээ ашиглаж байв. Тэрхүү бөөн гараат гэнэтийн уралдаанд айргийн тавд ч гэлээ медалийн байраас яг хамраараа таслуулан мултарсанаар миний аялал өндөрлөв.

Уг маршрутаар УУДАГ-тай хамт Богд уулыг хоёронтоо тойрсоны эхнийх нь тус групптэй аялсан хамгийн анхны аялал байсан юм. УУДАГ-тай заавал аялж үзнэ, аялалд нь хамт явдаг болно хэмээн өөртөө зорилго тавьсан байсан би вээр тэрхүү аяллын үеэр дэлбэ хоцорч, сүүл мушгиж явсан бол одоо аяллын багийн толгой хавьцаа л явдаг болчихсон, туулсан замынхаа уртаар тэмдгийн болзол хангачихсан ёстой л УУДАГ-ийн жинхэнэ гишүүн болсон маань миний бахархал билээ.

Тэмдэглэл бичсэн аялагч гишүүн Г.Махгал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Насандэлгэр А.Дөлгөөн Б.Элбэг-Эрдэнэ Э.Дөлгөөн С.Отгонбаатар Т.Энхбаяр Б.Сүхбат О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Т.Баярсайхан Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Г.Насандэлгэр
  • 1159 км дутуу
  • 100 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Дөлгөөн
  • 1159 км дутуу
  • 100 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Жамъяндорж Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2397 км
Зүгээр л жий!