Энэ жил цас бага тул чулуу, шороо, элс бүхий дондгоносон зам таарна. Өдрийн хоолыг Дэндий амнаас уруудан Туул голын бургас хүрч иднэ. Аялагч нар цаг агаарын урьдчилсан мэдээ харж, хувцсаа тохируулаарай.
Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр цуглана. Унадаг дугуйн замаар жийж, төмөр замын гарам хүрч Баянзүрхийн товчоо чиглэсэн автомашины замд орж Туул голын гүүр гараад баруун гар тийш салсан туслах замаар уруудан гарсан гүүрээ ороон, доогуур гарч гэр хороололын гудамж руу орно.
Туул голын хөндий өгссөн шороон зам, голын багахан салаа, бургас бут бүхий замаар явсаар Гацуурт сууриний захад хүрч төв замтай нийлнэ. Мөсөн дээгүүр явж голоо гарна. Туул голоо өгсөн хойд татамын замаар жийсээр Дэндий амны адаг хүрч, Налайх дүүргийг чиглэн явна. Дүүргийн захын автомашины замаар Налайхын Оргил төв, улмаар Дүнжингарав хүрч аялал дуусна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг сайхан өглөө болов. Аялал 10 цагт эхлэв. Санаа сэтгэл, зорилго нийлсэн 23 дугуйчин аяллын замдаа гарч, Туул голын шинэ гүүр гарч доогуур нь ороон айлууд руу орон, Туул голын татамын замаар жийсээр, багахан салаа гарч биеийн чилээ гаргах дасгалаа хийлээ.
Голын урд биеэр бургас бут бүхий шороон зам барин явсаар Гацуурт суурингийн чанх урд талын Туул голын мөс цасан замаар өгссөөр Хар хошуунд дөхөж ирэв. Энэ үед 3 дугуйчин хот руу буцлаа. Цааш явтал, шинээр баригдах гэж буй засмал замын овоолсон шорооны үзүүрээс цуваа хоёр хуваагдан, зарим нь урдуур, ихэнх гишүүд хойд талын зам барьлаа. Урдуур явсан бид 4, хоёронтоо мухар гудманд тулан буцаж, хойд талын замд нийлэхээс өөр аргагүй боллоо.
Цувааны үндсэн хэсэг маань яг л бодож байсан шиг Минж үржүүлгийн баруун талын салаа дээр биднийг хүлээж байв. Шууд нийлээд явлаа. Томоохон хэмжээний халиа дээгүүр гарч, Туул голын хойд бие барин, салхи сөрсөөр Дэндийн амын адаг хүрч, Баянзүрх уулын шувтарга зүглэн урагшилсаар Туул голын бургас бараадан нөмөрлөж үдийн хоол, цайгаа идэж уун амрав. Цаг 13.20 болж байв. Өнөөдрийн аяллаар Хөх тэмдгийн болзол хангасан нэг гишүүн, урьд нь болзолоо хангасан ч аялагчийн тэмдгээ хараахан гардаж аваагүй байсан нэг гишүүнд Хөх тэмдэг, гурван гишүүнд Шар тэмдэг гардуулж, хамт олноороо баяр хүргэв. Дурсгалын зургаа татуулан, Налайх дүүргийн Оргил худалдааны төв хүртэл махийна шүү гэж хэлээд хөдөлж билээ.
Зүүн урд зүгээс тасралтгүй салхилах салхи, Туул голын урд дэнжийн өгсүүр, Налайхын хойд талын алсын бараатай гүдэн, Оргил руу өгсөх өгсүүрт зогсолтгүй бүтэн цаг жийсээр товлосон газраа цуглаж амарлаа. Группийн гишүүдийн туршлага, бие бялдарын тэсвэр, санаа сэтгэлийн хатан чанарыг сорьсон энэ хэсгийг бид бахархал дүүрэн туулж чадсан. Хотын зүг жирийтэл жийсээр (салхи зүүн гар талаас үлээж байсан) 16.30 цагт баг бүрэн бүрэлдхүүнээрээ Дүнжингарав дээр ирж, хөөрөлдөн жаал суугаад бүгд гэр гэрийн зүг хөлгийн жолоо залан жирийж тарсан билээ. Энэ өдөр манай багынхан 60 орчим км замд салхи сөрсөн юм. Багийн хамт олонд, халуун талархал илэрхийлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
П.Батмөнх | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2413 км |
Б.Баттөмөр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2396 км |