Өглөө Шархадны автобусны эцсийн буудал дээр цуглан 10.00 цагт аялал эхлэнэ. Энэ аялал нь группийн ХАВРЫН НЭЭЛТ юм. Бурхант хошуу хүрч, өдрийн хоол ундаа идэж амарна. Аялагч нар унадаг дугуйн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөж, өдрийн унд цай бэлдэж аялалд оролцоно.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Одоо л та нар аяллаа эхлэж болно гэж хэлэх шиг цэлмэг тэнгэр, наран хөөрсөн тун сайхан цаг агаартай өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа, тогтсон цагтаа жигдрэн цуглаж 10.00 цагт аялал эхлэв. Манай баг 41 хүнтэй байв. Шинээр нэгдсэн залуус, туршлагатай гишүүдтэй нийлэн аяллын өвөрмөгц цуваа үүсгэн Улиастайн голын уужим хөндий рүү орж ирлээ. Бүгд тойрон зогсож, дасгалаа хийв. Мөн группийн аяллын бүртгэл, мэдээлэлийн сангийн талаар гарсан өөрчлөлт шинэчлэлийн талаар тайлбарлан таниулсаны дараа аялал үргэлжлэв. Энэ жилээс эхлэн группийн гишүүн бүр uudag.com вэб хуудас ашиглан аяллын бүртгэлд хамрагдах, мөн аяллын хувийн хэргийг өөрөө "хөтлөн" хөгжүүлэхээр болсон юм. Цахим орчин хэмээх агуу том задгай ертөнцийн нэг талбар болсон facebook хэмээх "улсаас" буурь сэлгэн, гишүүдэд зориулагдсан өөрийн шинэ орон байраа төвхнүүлэх ажил ийнхүү эхлэж байгаа юм.
Араас дэмнэх салхины аясаар Улиастай голын баруун татам, дэнж дагасан шороон замаар жийж, халиа тошин бүхий багахан алаг цоог зурвасыг туулан Еэвэнгийн дэлгүүр хүрч эхний таталт хийлээ. Улиастайн хөндийг баруун, зүүн салаа болгон хуваадаг хойноос түрж орсон бараатай хошууны энгэр хадан дээр бурханы зургууд байдаг тул энэ газрыг Бурхант хошуу гэж (албан бус нэр) нутгийнхан ба аялагч нар нэрлэдэг. Манай багийн нэгэн гишүүн замд таарах нутгийн настай хүнээс энэ бурханы зургийн талаар лавлан асуусан байна билээ. Энэ бурханыг 1951 онд зурсан гэж хэлсэн гэсэн. Лавлаж "мухарлан" судалбал бас нэгэн сонирхолтой түүхийн хаагдсан хаалга нээгдэх боломжтой санагдсан шүү.
Манай багт 4 бүсгүй жийсэн. Бурхант хошуу дээр ирж үдийн хоол, цай идэн амарч, дурсгалын зураг татуулан ирсэн замаараа буцаж жийсээр 15.00 цагт Шархадны эцсийн буудалд ирж, Хаврын нээлтийн аялал тун амжилттай болж дууслаа. Наран ээвэр тэнгэрийн дор хотын дундуур унадаг дугуйгаа түрэн гэрийн зүг сэтгэл тэнүүн алхаж явахдаа, ирээдүйд биднийг хүлээх олон сайхан аяллын бичигдээгүй мөр, түүхийн цэвэр хуудсыг зөгнөн хүсэн дотроо "уншиж" явсан билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Гантулга | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4759 км |
Ч.Азжаргал | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3577 км |