Аялал эхлэх цаг нь тус аялалд Улаанбаатар хотоос оролцох аялагчдын зорчих явах галт тэрэгний хөдлөх цаг юм.
Галт тэргэнд баасан гарагийн орой 20:30 цагт сууж, 05:30 цагт Сүхбаатарт бууна. Үдээс өмнө Сүхбаатар - Сайхaны хөтөл чиглэлд аялаад Сүхбаатарт ирж үдийн хоол иднэ. Үдээс хойш Сүхбаатар - Ээж мод - Сүхбаатар чиглэлд жийнэ. Орой нь 20:55 цагт галт тэргэнд сууж ням гарагийн өглөө 06:16 цагт Улаанбаатар хотод бууна.
Аялагч нь аяллын бэлтгэлээ 100 хувь өөрөө хариуцна. Үүнд:
1. Баасан гарагийн орой Улаанбаатараас Сүхбаатар хот руу явах, Бямба гарагийн орой Сүхбаатар хотоос Улаанбаатарт ирэх галт тэрэгний билетийг захиалж авсан байна.
2. Галт тэргэнд хүнсний худалдааг хориглосон байх тул замд идэх хүнс уух зүйлсээ бэлтгэж явна.
3. Сүхбаатар хотод үүрээр бууж аялал эхлэх цаг хүртэл амрах байран дах өглөөний цай, үдээс өмнөх аяллаас ирээд Сүхбаатар хотод үдийн хоол идэх зардал, үдээс хойших аяллаас ирээд оройн галт тэргэнд суух хоорондох оройн хоолны зардал зэргийг мөн хувиасаа бэлтгэж явна.
4. Өөрийн хэрэглэдэг хувийн аптек, унадаг дугуйн багаж хэрэгсэлтэй явна.
5. Өвлийн улирал тул дулаан хувцас, хөлөрвөл солих дотуур хувцас, дулаан малгай бээлий, гуталтай явна.
6. Амрах байранд хэрэглэх бага оврын мишоктой явж болно.
7. Аяллын замд согтууруулах ундаа хэрэглэх, бусдад төвөг учруулахыг хориглоно.
Сүхбаатар хот бол Сэлэнгэ аймгийн төв бөгөөд Орхон голын эрэгт, тус голд усаа нийлүүлдэг Бурын голын цутгал тушаа оршдог. Сүхбаатар хотыг 1940 онд байгуулж, жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэсэн. ҮСХ-ны мэдээгээр 2020 оны байдлаар нийт 22470 хүн ам ошин сууж байна.
Сайханы хөтөл
Сайханы хөтөл бол Сүхбаатар хотоос хойш 10 орчим км зайд байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Тэмээн хүзүүтийн хөтөл гэдэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэлцдэг. Сайханы хөтөлд хүрэлцэн очсоноор Орхон, Сэлэнгийн бэлчир, сайн эрс цуглаж байсан хэмээх агуй зэргийг үзэж сонирхох боломжтой. Д.Сүхбаатар жанжин Хиагт уруу явах үедээ гэнэтийн аадар борооноос тэрхүү агуйд хоргодож байсан тухай хууч яриа байдаг. Эх сурвалж Wikipedia
Ээж мод
Ээж мод нь Сүхбаатар хотоос өмнө зүгт 10 орчим км зайд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт, төв замаас холгүй оршдог. Ээж модыг хэдийнээс ямар учир шалтгаанаар шүтэн тахих болсон нь тодорхойгүй. Одоо буй Ээж модыг "Залуу ээж мод" хэмээдэг. Учир нь нэг цагдаа ээж модонд сүслэн залбираад явахдаа, тамхиа унтраалгүй хаяснаас шатаж харин өнөөх цагдаа буцахдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг бөгөөд нутгийн нэгэн алдартай лам хилэгнэсэн ээж модыг аргадаад, хажууд нь ургаж байсан модыг одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Хуучин ээж модонд ардын хувьсгалын анхны долоо Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйхаар явахдаа очиж мөргөсөн гэсэн яриа байдаг. Энэ мэтчилэн Ээж модыг хүсэл биелүүлдэг хэмээн хүмүүс итгэдэг. Ээж модонд хүслээ даатгахдаа сүү, архи зэргийг мод уруу бус ёроолын элсэнд өргөх бас хүслээ шивнэхдээ алгаа хавсран мөргөх бус хоёр алгаа өөд харуулдаг ёс уламжлалтай ажээ. Эх сурвалж sonin.mn
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УШТГ Д.Цолмон
2022 оны 2 сарын 18-20. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өвлийн жийлт
2022 оны өвөл харьцангуй дулаан байснаа хожуу 1 дүгээр сарын сүүлээс эхлэн хүйтэрч агаарын хэм шөнөдөө -30 хэм, өдөртөө -15 хэмээс доош унах нь ихэссэн билээ. Орсон цас хүн машины хөлөөр хайлах нь хайлж хөлдөх нь хөлдсөөр хальтиргаа үүсгэж тогтох тул өвөл унадаг дугуй унана гэдэг эрсдэл багагүй дагуулдагийг мэдэх хойно төдийлөн олон хүн жийдэггүй бөгөөд гэхдээ энэ нь өвөл огт унадаг дугуй жийдэггүй гэсэн үг биш юм. Улаанбаатар уулын дугуйн аялал групп намрын хаалт хийснээс хойш нам гүмхэн нэгдсэн жийлт хийхгүй байсаар (уг нь өвлийн дулаан өдрүүдэд гэнэтийн жийлт зарлан голын мөс, энгэр ээвэр газраар өвлийн улиралд хэд хэд жийж амждаг байсан) 2 дугаар сартай золголоо. Цагаан сар өнгөрч хэдийгээр гадаа хүйтэн ч аясаараа хаврын урь хааяа орж буйг илтгэн заримдаа агаарын хэм -10 хүрч өсч байх үед хуучин гишүүдээс жил бүрийн 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийг зорьдог өвлийн жийлтээ хийхгүй юм уу, удахгүй хаврын нээлт эхлэх нь, хорио цээрээс болж өнгөрсөн жил өнжсөн шүү дээ гэх мэтээр хүсэлт нэг хоёроор ирсээр байлаа. Ингээд л шийдэж ядан байсан Сэлэнгийн аймаг Сүхбаатар хотод жийдэг өвлийн аяллаа 2022 оны 2 сарын 19 нд хийхээр зориглон бусад админ, туршлагатай гишүүдтэйгээ зөвлөлдөн зарлалаа гаргалаа.
Уламжлал ёсоор аяллын эвэнтээ фэйсбүүкийн Улаанбаатар уулын дугуйн аялал группын хуудсаар зарлахаас гадна 2021 оны сүүлээс бидний хэрэглэж эхлэсэн uudag.com вэб сайтаар давхар зарлан аялах гишүүдийн тоогоо аван зөвлөгөө мэдээллээ хүргэсээр энэ аялалд нэгдэхээр бүртгүүлсэн УУДАГ группын 11 гишүүн, үүнээс 3 эмэгтэй, Скай тийм группын 3 эмэгтэй гээд нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй 2 сарын 18 ны оройн 20 цаг 30 минутын галт тэргээр УБ хотоос хөдөллөө. Замд Дархан хотоос 1 эрэгтэй, Эрдэнэт хотоос 1 эмэгтэй аялагч нэгдэх мэдээлэл авав. (Хоногийн болоод олон хоногийн аялалд УУДАГ группын тэмдэгтэй гишүүд оролцоно гэсэн группын дүрэм энэ удаа багахан зөрчигдсөн ба үүнийг дахин давтахгүй) Харин групп, клубээрээ эсвэл бие даан хамтран оролцох нь бол нээлттэй, холилдон явах нь зөв биш гэдгийг аяллын замд ойлгосон юм.
Ингээд бид шөнийн галт тэргэнд бусад группын аялагч нартайгаа танилцан аяллын тухай сонин сайхан ярилцан амран явцгааж 2 сарын 19-ний үүрийн 05 цаг 30 минутанд Сүхбаатар хотод буулаа. Унадаг дугуй бол нөхөрлөлийн талбар. Биднийг очиход Сүхбаатар хотын "Дугуйтай Сэлэнгэ" клубын админ Нямлхагва тосон авч тухлаг байранд амраав. Сүүлийн жилүүдэд зөвхөн нийслэл хот гэлтгүй бусад хот, аймгуудад унадаг дугуйгаар хичээллэгсэдийн тоо өсч хөгжиж байгаагийн нэгэн томоохон жишээ бол Сэлэнгэ аймаг юм. Энд 2 клуб байдаг. Энэ хоёр клуб орон нутгийн ард иргэдээ нийтийн биеийн тамир, унадаг дугуйн хөгжилд хөтлөн байгаа манлайлагчид юм. Жил бүр биднийг энд ирэхэд ингээд л тосч авдаг янзаараа халуун дотно угтдагт бид талархдаг билээ.
Дулаан байранд амарч өглөөний цайгаа уугаад бидний аялал өглөөний 9 цагт эхлэлээ. УБ, Дархан, Эрдэнэт хотоос очсон 16 дугуйчин дээр Дугуйтай Сэлэнгэ клубын 7 дугуйчин нэгдэн бидний аяллын үдээс өмнөх маршрут болох "Сайханы хөтөл" рүү хөдөллөө. Хэдийгээр энд өдөртөө -15 хэм гэж байвч өглөөний агаар -28 хэмийг зааж байсан ч аялалд зоригсодод энэ нь ухрах шалтгаан биш тул бид Сүхбаатар хотоос баруун хойд зүгт 10 км алсын өгсүүрт өгсөж эхлэлээ. Салхи урд зүгээр бололтой, араас багахан түрнэ. Биед ядрал бага мэдрэгдэн дотроос халуун үйлдвэрлэгдэн бид багахан цуварч ерөнхийдөө жигд жийсээр 10 цаг 45 минутад хөтөл дээр хүрээд ирлээ. Өвлийн сэнгэнэсэн цэвэр агаар, цасан бүрхүүл, хөтөл дээрээс хөхрөн униартах хөндий тал үнэхээр үзэсгэлэнтэй. Энд жавар харьцангуй бага байсан тул бидэнд амарч тухлан, дурсгалын зураг авахуулах боломжийг бүтэн нэг цагаар бэлэглэлээ. Тэрнээс жавар тачигнаж байвал тэр өндөрлөг дээр хэрхэн удах билээ. Хаана л бол хаана ямар сайхан юм бэ, ямар сайхан өдөр вэ, наашаа нэг зураг дардаа, найзаа миний утсаар нэг зураг дараад өгөөч хаа сайгүй энэ л үгс сонор мялаах нь тааламжтай.
Ингээд бид ханатлаа хөгжилдөж аваад буцах замдаа орлоо. Зам нэлээд хальтиргаатай байсан тул уруу замд болгоомжтой явахыг биесдээ сануулан буцахад өөдөөс жавар шилбүүрдэн хөл, гарын хуруу хайрагдан өвлийн жийлтийн амтыг мэдрүүлэх нь амаргүй ч ингэж яваа зүрх сэтгэл халуунаас халуун байдгийг аялагчид юу эс андах билээ. Замд биднийг Сэлэнгэ аймгийн дугуйчин Цогтбаатар тосон зураг авч байгаа харагдлаа. Энэ бол аяллын замын нандин агшинг мөнхлөхөөр өвлийн хүйтэнд зам тосон гарч ирсэн халуун сэтгэл билээ.
Бид Сүхбаатар хотод товлосон ёсоор өдрийн хоол идэхээр явах зуур Сэлэнгэ аймгийн унадаг дугуйн нөгөө клуб болох "Мөнгөн хэгээс" холбооны админ Баатарцогт биднийг хүлээн авч аяллын дотно яриа, амтат хоолоор дайлсан нь унадаг дугуйн эрхэм нөхөрлөлийн хэсэг байлаа. Ингээд бид өдрийн хоолны дараа хэсэг амран дулаацаад төлөвлөгөө ёсоор Сүхбаатар хотоос зүүн урд зүгт 11 км т байх Ээж модыг зорилоо. Биднийг Дугуйтай Сэлэнгэ клубын Баярт дугуйчин замчлан аялуулав. Энэ үед жавар хэдийнээ уярч манай дугуйчид хөгжилтэй хөөртэй бөөндөө жийсээр зорьсон газраа очин хүндэтгэл үзүүлээд 17 цагт энэ аяллын унадаг дугуйн жийлт бүрэн өндөрлөв. Харин аялал дуусах болоогүй юм.
Ийнхүү энэ өдрийн 42 км -ын өвлийн жийлтийг бид анд найз нартайгаа дурсамж дүүрэн амжилттай жийж 20 цаг 30 минутанд УБ хотын зүг галт тэргэндээ суун хөдөлж 2022 оны 2 сарын 20-ны үүрийн 06 цаг 16 минутанд УБ хотдоо бууснаар аялал бүрэн дуусав.
Зарим хүмүүс андуурдаг. Унадаг дугуйн жийлт дууссан бол аялал дууссан гэж ойлгодог. Ялангуяа холын болоод хоногийн аялал нь зөвхөн унадаг дугуйн жийлтээр хязгаарлагддаггүй юм. Аялал эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явц аяллын бүрэлдэхүүн хэсэг болдог. Үүнд аяллын бэлтгэл, унадаг дугуйнаас бусад унаа тэргэнд дайгдан явах, унадаг дугуйг ачиж буулгах, биедээ туслах, туслалцаа авах, амралтын цаг бүгд тухайн аяллын эд эс ширхэг юм. Харин зөвхөн өөрийн тав тухыг хангах, аяллын бусад бүрэлдэхүүн хэсэгт оролцохгүй байх зэрэг нь аялагчийн чанар биш. Үүнийг аялагч хүн хэзээ ч мартаж болохгүй.
Аялал бол туршлагатай аялагчдын итгэл дунд, шинэ аялагчийн догдлолоор чимэглэгдэн бие биенээсээ сурахаа сурч, санамж авахаа аван баяжигдан аялалд нэгдсэн зүрх сэтгэл улам дотносон нэг амь болж хэн хэнийхээ зүрх сэтгэлд үүрдийн дурсамж болон үлддэгээрээ гайхалтай.
Удахгүй УУДАГ группын хаврын нээлт болно. Үүгээр бидний аз жаргалтайгаар тасралтгүй жийх улирал ирдэг билээ.