Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #39 - БАЯНЗҮРХ УУЛ, СУУЛ ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/204
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
54 км
Давааны тоо
2
Өндөр авалт
750 м
Өндөр алдалт
-749 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-14.5 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2021 оны 11 сарын 7 Ням гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Дугуйчин аялагчид Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд цуглана. Дүнжингаравын дугуйн замаар жийж төмөр замын гармаар гарч улмаар Баянзүрхийн товчоо хүрнэ. Энд байх Сансар худалдааны төвийн хойно татах бөгөөд дугуйчин аялагчид тус дэлгүүрээс замын хүнсээ базаах боломжтой. Цааш Налайхын дугуйн замаар явж Ургах наран хороолол хүрнэ. Эндээс уулын замд орж Баянзүрх хайрхан уруу өгсөж гарна. Эндээс гэдрэг буцаж Ургах наран хороолол орчимд хүрээд зүүн хойш чиглэн уулын амаар орно. Урт үргэлжлэх уулын амаар аажим өгсөж улмаар даваа давна. Даваанаас зүүн урагш бага зэрэг уруудаад багахан ой мод уруу чигээрээ нэвтрэн орно. Бяцхан жим дагасаар уулаа даваад уруудсаар Налайхын дугуйн замд нийлж улмаар аялал эхэлсэн цэгтээ хүрэлцэн очсоноор аялал өндөрлөнө.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал
Товлосон цагт Дүнжингарав худалдааны төвийн өмнө 9 дугуйчин цугласан байв. Ирц бүртгэж байх үед 10 дахь дугуйчин аялагч хүрэлцэн ирсэнээр аялалд оролцохоор бүртгүүлсэн багийн бүрэлдэхүүн бүрэн бүрдэв. Ингээд аялал 10:04 минутад эхлэв.

Дүнжингаравын дугуйн замаар айсуй өвлийн жавар сөрөн, хааяа таарах замын тасархай дээгүүр харайлгасаар, урд хойноо орцгоон бидний аялал урамтай сайхан эхлэв. Намар орой болсон ч нарны илч чамлахааргүй бас салхи тийм ч ихгүй байлаа. Монгол орны нутаг дэвсгэрийг нэлэнхийд нь хамарсан цаг агаарын цочир өөрчлөлтийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээ долоо хоногийн эхээс л гарсан тул цаг агаар тогтворжиг хэмээн анхнаасаа шийдэж энэхүү аяллыг ням гарагт товлосон нь буруудаагүй ажээ. Гэвч өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг мэргэн үг болон аялал дуустал 4-өөс 5 цаг болохыг анхаарууштай.

Аяллын маршрутад тусгасанчлан Баянзүрхийн товчоонд байдаг Сансар худалдааны төвийн ард татаж багийн бүрэлдэхүүнээ шалгав. Зарим аялагчид тус дэлгүүрээр орж замын хүнсээ базааж байв. Мөн группын нэг аялагч гишүүн ажил хэргийн шаардлагаар аяллаа энд дуусгаж буцсан. Сүүлийн үеийн хамгийн идэвхтэй аялагч маань энэ учраа цуглах цэг дээрх бүртгэлийн үеэр урьдчилан мэдэгдсэн тул түүнийг аялалд оролцсон хэмээн цахим бүртгэлд бүртгэсэн.

Цааш хөдлөхдөө Налайхын зам гарц гарам цөөтэй тул Ургах наран хороолол уруу зам салах үед бөөгнөрч зам хөндлөн гаръя хэмээн тохирцгоов. Энэ үед манай идэвхтэй аялагчдын нэг, аялагч гишүүний ногоон тэмдгээ энэ өдөр гардаж авсан залуу урагш сугаран гарч замын гарц гармыг урьдчилан хараад биднийг хэт хол хадуурахаас сэргийлж олны талархал хүртлээ. Ингээд Ургах наран хорооллын хажуугаар өнгөрч Баянзүрх хайрхан өөд чиглэв.

Баянзүрх хайрхан уруу өгсөх замд салхи бараг үгүй болсон нь жавар салхитай тулна хэмээн тооцож хувцасласан бидэнд чамгүй хүндрэл учруулсан болов уу. Ингээд Баянзүрх хайрхан дээр гарч зургаа авахуулцгаагаад эргэж хэсэг уруудацгаав. Яг энд цувааны тэргүүнд явсан хэд маань зам товчлохоор уул хярласан нь сүүлдээ үерийн гүн жалгаар гарах гэх мэтчилэн багахан адал явдалтай учруулаад орхив.

Суулын давааны өөд өгсөх замд аяллын багаа өөрийн биеэр цоожилж сул давхих ноход зэргээс эмэгтэй аялагчдаа хамгаалах байдалтай явав. Ерөнхийдөө ноход дугуйтай хүмүүсийг элдэн хөөж нэлээн давхидаг л даа. Харин энэ удаад тэдгээр ноход огт хөдөлсөнгүй. Аяллын багаа ийнхүү цоожилсон нь олон шалтгаантай. Үүний нэг нь ойрд хол замд унаагүй хуучин дугуйтайгаа гарсан явдал байв. Туулах чадвар сайтай, олон араатай, ангилалдаа чамлахааргүй хөнгөнд тооцогдох уулын дугуйнаас минь энэхүү дугуй маань аль ч талаараа эрс гологдож байв. Давааны оройд гарахад манай хэд овооны нөмөрт бөөгнөрөн сууцгааж байв. Ингээд даваанаас хэсэг уруудацгаагаад уулын ар нөмөрт байх хэсэгхэн мод уруу ороод эргэн тойрон модтой багахан чөлөө олцгоон буудаллав.

Намрын сэрүү орсон, уулын ард цастай байх болсон ийм үед бяцхан түүдэг өрдөөд тойрч суун элдвийг хүүрнэх нь хэнд ч таатай байдаг бололтой. Группын аялагч гишүүд дор бүрнээ зайдас тэргүүтэн шорлож шараад, зарим нь бүр хоол хийж идээд л. Бас энэ онд бидэнтэй нэгдэн аялах болсон мөн уулын дугуйн улсын аваргын тэмцээний алтан медаль хүртэж амжсан залуу бүсгүй шарж иддэг чихэр авчирсанаа түүдэг гал дээр барьж харагдана билээ. Ийнхүү тухалцгаасаар нар нэлээн гудайлгаж орхив. Хавар эртийн болон намар оройн жийлтийн онцлог сайхан нь чухамхүү энэ юм болохоор яаруулж шавдуулаад ч яах билээ. Ийнхүү аялал маань явсаар 16 цаг нэлээн өнгөрөөж өндөрлөсөн юм.

Буцахдаа буудалласан газраасаа эгц урагш чиглэн уул давж улмаар шороон зам даган тоос босгон хурдалцгаасан. Налайхын дугуйн замд ч бас манай хэд хөлийн бяр тэнхээгээ газрын уруугаар дэмжүүлэн өөдөөс үлээх салхийг юман чинээ тоолгүй давхисаар Баянзүрхийн товчоо хүрцгээв. Үдээс хойш хотоос Налайх уруу салхилаад байгааг энэ замаар олон удаа жийхдээ ажиж байлаа. Энэ удаад ч урьдын адил байгаа нь орон нутгийн бичил цаг уурын онцлог гэлтэй. Ингээд Баянзүрхийн товчооноос 2, 1 болон 6 хэмээн салж тус тусын замаар хот уруу орцгоов.

Мөн энэ аяллын үеэр агаарын температур газар дээрээ чухам хэдэн градус байгааг зориуд хэмжиж явав. Цаг агаарын урьдчилсан мэдээнд -5 градус гэж байсан нь газар дээрээ -1 градус болж байв. Цаг агаарын байдлыг ийнхүү ажиглах нь цаашид намар оройн болон хавар эртийн жийлт төлөвлөж, амжилттай зохион байгуулахад тустай биз ээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Лазина О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Б.Насанбат Э.Ожго
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
Б.Насанбат
  • 12864 км
  • 83
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!