Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #37 - ХҮРЭЛТОГООТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/202
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
38 км
Давааны тоо
1
Өндөр авалт
507 м
Өндөр алдалт
-543 м
Их өгсөлт
15.7 %
Их уруудалт
-10.9 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2021 оны 10 сарын 24 Ням гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Скай Ресортын хашааны хойд хаалга
Цуглах цэгийн солбицол
47.887611, 107.048889
47°53'15.4"N, 107°2'56"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал
10 дугаар сарын сүүл үе гэсэндээ нэлээн сэрүүн бас багагүй салхитай байв. Санаачилсан аялал маань тул товлосон цагаасаа хэдэн минутын өмнө очлоо. Цаг агаар сайнгүй үед аялалд нэгдэхээр анх удаа ирж буй дугуйчдын хувьд аялал зохион байгуулагч нь цаашлаад хэн ч байхгүй байвал тун эвгүй байдаг билээ. Гэхдээ энэхүү аяллыг хаалттай чат дотор зарласан буюу урьдчилан бүртгүүлсэн аялагч гишүүд л хүрэлцэн ирэх ёстой байсан юм. Энэ удаагийн аяллын гол онцлог бол оролцогчдыг бүртгэхдээ дөнгөж шинээр хөгжүүлж байсан энэхүү веб сайтыг ашигласан явдал байв. Ийнхүү эрт очсон тул Скай ресорт, Хүрэлтогоот дахь одон орны оргил уруу салсан замын уулзвар дээр байх харуулын шовгорын нөмөрт зогстол харуул гуай хөөж тууж байна. Үүгээр дугуйчид их хөлхдөг болохоор дугуйчдад тааламжгүй ханддаг бололтой. Иймд энэ цэгийг группийн аяллын цуглах цэг байтугай татах цэг болгох ч шаардлагагүй юм байна гэж дүгнэв.

Төд удалгүй манай группийн аялагч гишүүд нэг нэгээрээ хүрэлцэн ирэв. Хамгийн түрүүнд админ Ожгоо ах ирлээ. Түүнийг харсан манай нэг аялагч гишүүнд (уг нь манай эхнэр) энэ нь гэнэтийн сюрприз боллоо. Дараахан нь ирсэн өөр хоёр аялагч гишүүнд ч Ожгоо ах аялалд оролцохоор хүрэлцэн ирсэн нь гэнэтийн явдал болсон биз ээ. Энэ бол админ Цоко эгч бид хоёрын бяцхан "нууц" байлаа. Нөгөө талаас энэ үед веб маань хангалттай хөгжөөгүй байсан тул бүртгүүлсэн аялагч гишүүдийг аяллын мэдээлэл бүхий хуудас дээр гаргаж харуулдаггүй байсан нь "нууц"-ыг эхнэртээ ч мэдэгдэлгүй чандлан хадгалахад тус болсон хэрэг л дээ. Тус аялалд Ожгоо ах хүрэлцэн ирсэн явдал тийнхүү сюрприз болсон нь цаанаа учиртай. Учир нь 2021 оны намар зохион байгуулсан, олон км зам туулсан, сорилго - аяллын дараачаас Ожгоо ах УБ уулын дугуйн аялал группээс гарч буй тухай мэдээ чих дэлсэж улмаар түүний дараа зохиогдсон, УБ хотын баруун хойд хэсгээр 150 км аялсан, олон ч аялагч гишүүд оролцсон томоохон аялалд ирээгүйн дээр тус аяллыг зохион явуулсан Бадрал админы хэлсэн үг нь тэрхүү мэдээг баталж орхисон билээ. Тухайн үед Бадрал админы хэлж байсан үгтэй холбоотойгоор миний хийж чадах ажил бол аяллын бүртгэлийг автоматжуулах явдал байсан юм. Тийнхүү хөгжүүлсэн энэхүү веб маань группийн админууд болон бусад аялагч гишүүдийн талархлыг хүлээсээр эцэстээ группийн аяллын зар, бүртгэл, мэдээлэл зэрэг аялалтай холбоотой бүх үйл ажиллагаанд ашиглагдах болсон билээ. Мөн вебийн үйл ажиллагаа, үндсэн функцүүдийг бодит байдал дээр тестлэхээр энэ мэтчилэн зохиосон жийлтүүд маань ч төд удалгүй админ Ожгоо ахын шийвдэрийн дагуу аяллын жинхэнэ статистик мэдээнд тусгагдан орсон юм.

Ингээд хүрэлцэн ирсэн аялагч гишүүдээ бүртгэсний дараа анх төлөвлөсөн маршрутаараа аялал эхлэхүй дор эмэгтэй аялагч гишүүдийн нэг админ Цоко эгчид цааш аялахад бэрхшээлтэй болов. Уг нь ийм тохиолдолд тэрхүү аялагч гишүүн гэдрэг буцаж бусад нь замаа үргэлжлүүлдэг бичигдээгүй хууль байдаг ч энэ удаад аяллын баг харьцангуй цөөн хүний бүрэлдэхүүнтэй байсан тул админ Ожгоо ахын зөвлөгөө ёсоор маршрутаа өөрчилж уулаа бараадаж нөмөрлөхөөр шийдэв. Ийнхүү өөрчилсөн маршрут нь одоо харагдаж буй маршрут билээ. Ингээд бид Цоко эгчтэй хамт нэг цайны газарт орж дулаацсаны дараа Баянзүрхийн товчооноос чанх урагшлан Богд уулын бэл өөд мацаж улмаар багахан даялаад Хүрэлтогоотын ам уруу орж хэсэг яваад отоглоцгоов. Мод уруу багахан ороход л дугуй хий эргэхээр цастай байв. Унадаг дугуй зөвхөн хойноо хөтлөгчтэй буюу машин шиг давхар хөтлөгчтэй тээврийн хэрэгсэл биш тул цас, элс, жижиг хайрга дээгүүр явахад шарвах, хий эргэх зэрэг бэрхшээл гардаг билээ. Ингээд дугуйгаа түрж хэсэг мацацгаагаад нэг хадан цохионы хойно байх аятайхан газар олцгоов.

Төлөвлөсөн маршрутаа өөрчилж, нэлээн эрт амрахаар болцгоосон бас цас ахиу орсон буюу гал алдахааргүй байсан тул бид бөөнөөрөө гишүү түүцгээж, бяцхан түүдэг өрдөцгөөв. Мөн зарим нэг маань хээрийн гал тогоогоо гаргаж хоол, цай пурхийлгэв. Харин бусад нь авч ирсэн бэлэн хүнсээ идэж уугаад дараа нь бүгдээрээ түүдэг гал дээр зайдас шарж идэнгээ элдвийг хуучилна.

Тийнхүү ойн чөлөөнд тухлан саатсаны дараа буцаж, Маршалын гүүр хүрээд улмаар нэгэн нарийн боовны газраар орцгоон хэсэг яриа өрнүүлсэнээр энэхүү аялал өндөрлөсөн юм. Гишүүдийн нэгнийх нь дүгнэж хэлсэнчлэн ухаан жолоогүй жийхийн хажуугаар хааяадаа ганц нэг удаа ийнхүү байгалийн сайханд тухлан халуун яриа өрнүүлэх нь таатай байдаг бололтой.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Адъяасүрэн Ш.Мөнгөнсүх Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!