Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Бороо шөнөжин шивэрлээ. Өглөө шивэрч л байв. Богд уул, Чингэлтэй уулсын орой будан мананд бүрхэгдсэн байв. Ийм нөхцөлд хүчтэй аадар орох магадлал үгүй бөгөөд харин ч бороо зогсдогсон доо. Байгалийн хэлийг ойлгож чадвал, байгаль хүнийг хуурдаггүй билээ.
Яг л санаснаар боллоо. Товолсон газар Гацууртын Монгол шилтгээнийн талбай дээр ирэхүй дор бороо зогсов. Харин уул даваж уруудах хүйтэн салхи хүчтэй нь аргагүй үлээж байлаа. Манай баг 9.10 цагт аяллаа эхлэв. Шар хоолойн ам өгсөж, салхи сөрөн урагшилсаар гурвын зэрэг таталт хийсээр Бугатын голын хөндий рүү орж ирэв. Ёлтын даваа улаан, шар намрын өнгө хослуулан дүнхийнэ. Ноднин энэ хөндийгөөр аялан Бугатын даваа зорьж явахдаа харсан нэг их том хашааны эргэх булан дээр ахин нэг том хашаа барин байшин барьжээ. Хашааны хооронд зайг хөндөлдүүлэн дүнзээр хөцөө (малын хашаа шиг) хийж, төмөр тор татсан байлаа. Өөрөөр хэлбэл энэ даваа руу өгсөх үндсэн зам хэн нэгний эдлэн газрын төмөр хашаан дотор орж хаагджээ.
Шинэ хашааны дээд хэсгийг даган уулын хэвгий бэлээр өгсөж болох боловч дугуйтай жийх арга (нэг гишүүн нэлээд жийж өгссөн шүү) байсангүй. Давааны үндсэн зам эдгэж, сул хөрсөн далангууд харагдана. Ийнхүү Ёлтын даваа нь унадаг дугуйтай гарах даваа биш болох нь тодорхой болсон тул В төлөвлөгөөнд шилжин Бугатын голын хөндийн хэсэг хар модон төгөл бараадан түүдэг асааж, бид өдрийн хоолоо идэж амрав.
Дүрэлзсэн түүдэг гал, аялалд анх явсан гишүүнд талархах хамт олны алга ташилт мэдээж өнгөрсөн дурсгалт аяллын тухай хэд дахин ярьсан ч уйдамгүй бахархалт түүх, амтат хоол, чанасан шинэ кофе ... норсон гутал хувцсаа түүдгийн галд эврээн тайван амраад ирсэн замаараа Гацууртын төв хүртэл буудацгаав. Манай баг 20 хүн (4 бүсгүй)-тэй байлаа.
Гацуурт дээр хуушуур идэн түр амсхийгээд Дүнжингарав худалдааны төвийн талбайд 16.30 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын нийт зай 86 км. Давааны оноо 1.
Групптэй нэгдэн анхны аяллаа хийсэн Э.Золзаяа, хувийн дугаараа авч аялагч гишүүн болсон Ш.Лазина (240), багийн цувааг цоожлон аялсан Г.Ёндонжамц (219) анд болон багийн нийт гишүүдэд халуун талархал илэрхийлье. Энэ удаагийн аялал группийн албан ёсны 200 дахь аялал байсан билээ. Зүгээр л жий.