Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #1 - ГҮНТ, ТОЛГОЙТЫН ДАВАА БУЮУ ЭХНИЙ АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/2
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
42 км
Давааны тоо
3
Өндөр авалт
755 м
Өндөр алдалт
-878 м
Их өгсөлт
14.5 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2016 оны 6 сарын 4 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аливаа зорилго, зорилтыг яаж эхлэх, яаж төлөвлөх, хэрхэн бусдад ойлгомжтой байдлаар тайлбарлах зэрэг дээр бага боловч ажлын дөр, туршлага надад байсан юм. Цахим орчинд ноёлож асан Facebook ертөнцөд 5 сарын 24 өдөр (манай группийн төрсөн өдөр) шинэхэн шангаа татчихаад, энэ хуудсыг үзэх хүнгүй байсныг мэдлээ.

Эхний аяллын зараа цахим орчинд нийтэллээ. Аяллын зургийг зурж, хэзээ, хаана цуглах, хэдэн км зай туулах, аяллын замын хотгор гүдгэрийг харуулсан мэдээлэл бэлтгэлээ. Хэн оролцох тал дээр надад харин нэг бодол байсан. Нас хүйс хамаагүй, харин унадаг дугуйгаар аялах туйлын хүсэл сонирхолтой хүнийг "хайх" хэрэгтэй байв. Мөн аливаа аяллын сургаар шууд сэтгэлийн хөөрлөөр ханддаг хүмүүсийн түгээмэл сэтгэл зүйн онцлог байдгийг харж байсан. Ингээд аяллын эхлэх цэг УБ хотоос холхон байхаар аяллаа төлөвлөв. Үнэхээр аялая гэсэн хүн энэ цэг дээр ирэх нь анхны шалгуур юм уу даа. Сэтгэлийн хөөрөлд автсан хүн бол энэ цэг рүү жийж явахдаа хөөрөл нь буурч буцаад явах боломжтой байхаар тооцсон.

УБ хот орчмын байгалийн байдал, уулын тогтоц, зам харгуй, гол ус, даваа гүвээний ерөнхийлсөн ойлголттой тул төөрөхгүй аялаж чадах байх гэж өөртөө найдаж байсан. Намайг дагаад байгальд унадаг дугуйгаар аялах хүсэлтэй хүн байвал тэр л биз гэж бодлоо. Эхний аяллын гарааны (сүүлд цуглах цэг гэж нэрлэдэг болсон) цэг Жигжид зуслангийн уулзвар байв.

УУДАГ-ийн ТҮҮХ:
Группийн аяллын анхны аялагч (зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэхүү тэмдэглэлийн анхны эх бүрэн устсан боловч энэ аяллын тухай, өчигдөр болсон мэт л тод санаж байна. Эхний аяллын зарын хуудсан дээр Going гэж ганц танихгүй хүн дарсан байв.

Зураг 1. Энэ аяллын урьдчилсан зар

Бүрхэг өглөө боллоо. Өглөө 32-ын тойрог хүртэл жийгээд, Шарга морьтын автобусанд суугаад Жигжидийн буудал дээр 8.40 цагт буув. Буугаад явган хүний замаар дугуйгаа түрэх үед, нэгэн жижиг дугуйтай залуу өөдөөс жийгээд ирэв. Унадаг дугуйн аяллын хүн мөн үү гээд л, бид хоёр танилцлаа. Нэр нь Рагчаабазар, залуу хүү байв. Дугуйчдын хэлдэгчлэн Кама дугуй унасан байлаа. Цагираг нь 20 инч байдагсан. Группдээ "Уулын дугуйн аялал" гэдэг нэр өгсөн болохоор гайхаад, чи ийм дугуйтай аялалд оролцох юм уу гэв. Зүгээрээ ах, би жийж чадна гэж байна. Хоёулаа цагаа харж байгаад 9.00 цагт Жигжид зуслангаас Гүнтийн даваа руу жийлээ. Төд удалгүй ард хоцроод бүр бараа нь тасрах шинжтэй. Зогсоод хүлээлээ, хүрээд ирэв. Энэ ёстой явдаггүй дугуй гэдгийг сая л мэдлээ, би урьд нь ганцаараа жийхэд маш хурдан яваад байна гэж бодсон чинь буруу байжээ гэж надад хэлэв. Зүгээр хө, тэгэж байгаад дугуйгаа солино биз дээ. Чи ядрахгүй, шантрахгүй бол энэ дугуй чинь чамайг хаана ч хүргэнэ гээд хоёулаа өгсөж билээ.

Тэр үед Гүнтийн даваа дээд хэсэгтээ Сэлбийн гол талаасаа засагдаагүй энгийн шороон замтай байсан. Ар Гүнтээс засмал зам тавих газар шорооны ажил нь эхлээд өгсөж байсан үе. Хоёулаа хашааны эмжээр дагасан шороон замаар түрээд даваа дээр гарав. Цааш уруудлаа, тэнгэр бүрхэг газар чийгтэй боловч зассан зам руу нэг орж гарч явсаар Толгойтын давааны өвөрт ирлээ. Айлууд дундуур явж байгаад нөмөр бараадан өдрийн хоолоо идэв. Энэ даваа руу би анх удаа явж байгаа тул газрын намыг даган тод замаар өгслөө. Нэг хэсэг газар дугуйгаа сольж унаж явав. Шал өөр юмаа, араатай уулын дугуй гэдэг ийм байдаг байжээ, дараагийн аялалд заавал ийм дугуйтай болно гэж залуу маань хэллээ. Хоёулаа ойр зуурын юм ярин хамтдаа дугуйгаа түрсээр Толгойтын даваа дээр гарч билээ. Манантай бас усан хялмаатай байв. Дараачийн Бямба гаригийн аялалд би заавал ирнээ гэж Рагчаабазар надад хэлсэн. Ингээд хоёулаа Толгойтын баруун салаа руу уруудан, Баянхошууны хөтөл даван хот руу орж, эхний аялал маань амжилттай болж дууссан билээ.

Аяллын зайг Жигжидийн зуслангийн уулзвараас эхлэж тооцсон тул одоогийн өнцгөөс харахад бага гарсан байгаа. Тэр аяллын үеэр энэ ганц зургийг дарсан нь түүх болон үлджээ.

Зураг 4. Группийн аяллын анхны аялагч

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
П.Рагчаабазар Э.Ожго
П.Рагчаабазар
  • 228 км дутуу
  • 1031 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!