Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Судалгааны аялал #18 - АЛСЛАГДСАН ДҮҮРГИЙН НУТГААР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/195
Аяллын төрөл
Судалгааны аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
321 км
Давааны тоо
1
Өндөр авалт
2154 м
Өндөр алдалт
-2155 м
Их өгсөлт
7.2 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2021 оны 6 сарын 19 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: Энэ жилийн II улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр НТГ Ш.Мөнгөнсүх бүсгүй (зураг 5) жийлээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Группийн зуны хаалт эхэлсэн үед аялахаар "хэт нүсэр аялал" төлөвлөж (Дүүрэг 344 аялал) байсан боловч "цуцлагдсан" билээ. Энэ удаа уг чиглэлд цомхон багаар судалгааны аялал хийхийг зорьлоо. Манай баг 4 хүнтэй байв. Таталт холтой, жийлтийн темп харьцангуй өндөр байх шаардлагатай.

Зураг 1. Цонжин болдог орохуй
Өглөөний 5.30 цагт Дүнжингараваас хөдөлж, 6.50 цагт Налайх дүүрэг өнгөрч, Тэрэлж рүү салдаг уулзвар дээр ирж эхний таталт хийв. Нартай, цэлмэг, бараг салхигүй зуны өглөө боллоо. Дараагийн таталтыг 8.30 цагт Баян даваа дээр хийж, энд өглөөний цайгаа уув.

Зураг 2. Багануур дүүргийн урд цэг дээр хатгасан замын
Эрдэнэ сумаар нэвт гарч уулын багавтар хоёр даваа даван Тогосын голын хөндий уруудан нэг татаад, цааш өгссөөр Багануур дүүргийн захын тэмдэг дээр 11.40 цагт ирлээ. Эндээс буцаж Архуст сумын, цэлгэр уудам ногоон хөндий дундуур зурайх шороон замаар жийлээ. Хөндий чиглэсэн зам нь тариан талбай руу явах тул уулын баруун бэл дагасан гүвээ толгод бүхий замыг дагах нь зөв юм.

Зураг 3. Архуст сумын төв рүү чиглэх хөндийн зам.
Ийнхүү уулын бэл дагасан нугачаатай замаар 35 орчим км зай туулаад Архуст сум дээр 14 цагт ирэв. Энэхэн зуур хоёр ч удаа түр зуурын борооны зах биднийг дайрсан болно. Жийхэд тун таатай цаг агаартай байв. Сумын төвөөс 12 км зайд орших 42-р зөрлөг хүрч дэлгүүр орж хүнсээ базаав. Төмөр замын гарамаар урд талд гаран Уршаантын голын хөндий өгсөн, төмөр замаа даган жийсээр уулын бэл ороон урагшаа эргэлээ.

Энэ үед салхи араас үлээж байв, гүвээ толгод бүхий үелзсэн замаар жирийсээр, төмөр замын гарамаар баруун талд нь гарч, нэг хэсэг замаа даган явсаар шар зэгэс бүхий хөндий рүү өнгийн баруун салсан замаа авч, төмөр замаа "хаяж" явсаар Багахангай дүүрэгт 18.50 цагт ирлээ. Эндээс багийн 2 гишүүн аяллаа цааш үргэлжлүүлж Хоолтын даваа, Налайх дүүрэг чиглэлээр УБ хот руу жийж, 23.20 цагт ирсэн билээ. Ийнхүү энэ удаагийн судалгааны аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 321 км байлаа.

Зураг 4. Судалгааны аяллын баг

Багийн хамт олон УТА С.Бадрал (177), УТГ Н. Төгөлдөр (052), НТГ Mateo Sanchis (214) болон Багахангай дүүргийн замын цагдаагийн а.а Б. Батбаатар болон дэмжиж байсан группийн хамт олон та нарт халуун талархал дэвшүүлье.

Эргэн дурссан тэмдэглэл: Архуст сумын төвөөс гарсан даруй нэг гишүүний "шар гэрэл асаж" явдал нь удааширав. Гэтэл яг энэ үеэр нэг дугуй маань хагарч бид түр зуур саатлаа. Энэ мөчид нөгөө гишүүн маань 10 минут орчим хэвтээд дугхийж билээ. Залуу нас, биеийн махбодийн суурь бэлтгэл гэж сайхан юмаа. Дороо л сэргээд босоод ирлээ. УБ хүртэл жийхэд одоо асуудалгүй гэнэ. Баярласан гэж, ийм аяллын замд аялагч хүн хэд "унаж", хэд "босдог"-ийн яруу жишээ болсон юм.  

Багахангай дүүрэг хүрээд миний хоёр хөлний гуяны дээд тал болон шилбэний булчин зангирч аргагүй л эрийг нас, уулыг цас гэдэг шиг "бензин" дууслаа. Дугуйн дээрээ мордох гэхээр л таг зангирч нэрмээд шөрмөс татан янгинан өвдөнө. Харин ч нэг хоёр минут хатуурч байгаад буцаж тавигдах нь юутай завшаан. Нэг гишүүн маань надтай ханьсан үлдэж замын унаа бараадах болов. Хоёр гишүүн маань цааш Хоолтын даваа даван, Налайх дүүргийн замаар УБ хот руу жийж, аяллын замаа дуусгах итгэл дүүрэн байв. Замдаа болгоомжтой явахыг сануулан, энэ өдөр ийм хол замыг туулах боломж (амьдралд ийм боломж тун ховор тохионо) гарсан тул аяллын зайг 310 км-ээс илүү гаргаарай, хотод очоод унадаг дугуйн замаар хэдэн тойрог хийсэн ч болно шүү гэж хэллээ. Манай хоёр гишүүн энэ өдөр 321 км замыг туулан 23.00 цаг орчимд аяллын замаа дуусган группийн түүхэнд үлдэх бахдам амжилтын эзэд болсон юм. Шороо (90 км), засмал зам холилдсон ийм аяллын зайг нэг өдөрт туулна гэдэг аргагүй ТОМ АМЖИЛТ, РЕКОРД билээ.

"Дүүрэг 344" аяллыг группийн хэмжээнд зуны улиралд хийх зорилго хэвээр үлдсэн шүү.

ДҮГНЭЛТ
1.Энэ чиглэлийн 90 км шороон зам нь эвдрэл багатай, аялахад тохиромжтой. Хэсэг зурвас маягийн дэржигнүүр, хэмхдэс чулуулагтай газар тааралдана. Өндөр даваагүй, гүвээ, толгод бүхий нугачаатай "цагаан" зам. Энэ зайд манай баг нийт 7 цаг 10  минут зарцуулсан.
2. Группийн хэмжээнд энэ чиглэлээр А, В, С шатлалын зам гарган гишүүд сонголтоо хийж аялах боломжтой.
3. Энэ чиглэл нь хувь хүнээс биеийн болон сэтгэл зүйн хат, өндөр бэлтгэл "шаардана".

Зураг 5. Улаан хивс. 2021 он 4-6 сар, II улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Н.Төгөлдөр Э.Ожго S.Mateo С.Бадрал
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Бадрал Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8256 км
Зүгээр л жий!