Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #10 - НЭМЭХ, ЧУЛУУТЫН ГОЛЫН БЭЛЧИР 2021 БУЮУ С ТӨЛӨВЛӨГӨӨ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/192
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
170 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2832 м
Өндөр алдалт
-2830 м
Их өгсөлт
13.2 %
Их уруудалт
-14.4 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2021 оны 6 сарын 4 Баасан гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Төв аймаг, Батсүмбэр сумын төв
Цуглах цэгийн солбицол
48.366962, 106.739136
48°22'1.1"N, 106°44'20.9"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ОРШИЛ
Тэр жилийн намар буюу 2017 оны 9 сард группийн гишүүн Ч.Мажигсүрэн, Э.Уянга бид гурав унадаг дугуйгаа автомашинд ачаад, эрхэм нэг андынхаа далд нэгэн хүслийг гүйцээх зорилго өвөрлөн өглөө эрт энэ чиглэл рүү гарч билээ.

Зураг 1. Манай судалгааны цомхон баг (1 автомашин, 3 унадаг дугуй, 3 гишүүн) хотоос гараад Гүнтийн давааны өвөрт (2017 он 9 сар 19 өдөр)

Нартай цэлмэг маш сайхан өдөр байлаа. Батсүмбэр сумын төвөөр орж, Шинэ булгын даваа даван, Өлгий голын адаг хүрч, дээш өгсөн Итэм, Нэмэхийн даваа даван саадгүй явсаар Нэмэх, Чулуутын голын бэлчир хүрч, гарамаар голоо гарч хоноод маргааш нь буцаж байлаа. Эвдэрхий хэдэн жижиг модон гүүр гарах гэж л машинаасаа бууж байсан. Байгалийн сайхан, замын нөхцөл тун таатай байсан тул энэ чиглэлд унадаг дугуйгаар аялана гэсэн мөрөөдөл өвөрлөн, ярьж явсан өдрөөс хойш даруй 4 жил гаруй хугацаа өнгөрчээ.

6 сарын 3 өдөр, Пүрэв гариг
Тиймээ, дөрвөн жилийн өмнөх бид гурвын мөрөөдөл биелсэн юм. Гэхдээ... Аяллын бэлтгэл төлөвлөгөө хийхдээ, дээрхи чиглэлээр жийж, бүр цаашаа Естий рашаан хүрч, буцахдаа Хагийн Хар нуураар орж Тэрэлж хүртэл аялана гэсэн үндсэн А төлөвлөгөө боловсруулж, мөн уламжлалт нөөц В, С төлөвлөгөө зохиож, багийн хамт олондоо танилцуулан өглөө эрт Батсүмбэр сумаас аяллын замдаа гарч билээ. Манай багийнхан урьд өдрийн (6 сар 2 өдөр) орой Батсүмбэр суманд цугларч, зочид буудал хоносон билээ. Манай баг 8 хүн (3 бүсгүй)-тэй байв.

Зураг 2. Батсүмбэр сумын төвөөс баруун тийш явсаар, Мандал голын нэгэн салаа гаталж байна

Тэнгэр хангай ёстой л зуны улиралаа бидэнд илгээсэн өдөр байв. Баянбуурал амралтын урд сугаар жалга өгсөн Тэрэгтийн даваа даваж уруудан Шатанг голыг гарч, Өлийн даваа өгсөн давж Өлгий голын хөндий уруудан явсаар голоо хуучин гарамаар гарч үндсэн замтайгаа нийлэв. Итэмийн давааны 30 км сунагар өгсүүрт зогсолтгүй жийсээр, даваа ойртсоор ... Замын байдал муудаж эхлэв. Шавар бүхий мөн том ачааны машины ухсан гүн ховил бүхий нүх их болжээ. Тэр жил өгсөж байсан зам маань мөн боловч их өөрчлөгдсөн байв.

Аяллын ахлагчийн хувьд багаа хаана отоглох тал дээр бодож явлаа. Давааны оройн хэсэг рүү нэгэнт орчихвол хавчигдмал уулын замд отоглох аргагүй. Даваа уруудвал Нэмэхийн даваа хүрэх бутлаг, торлог, гол ус, шавар бүхий хөндийд бас отоглоход төвөгтэй болчихно. Гэнэт л шийдвэр гарлаа, 16.00 цаг гээд Итэмийн даваа хүрэхээс 4 орчим км зайд багаа буулгав.

Зураг 3. Эхний өдрийн, эртхэн буусан манай отог
Батсүмбэрээс өглөө эрт гараад, жалга дагсан зуунги өгсүүртэй Тэрэгтийн даваа, огцомхон өндөр авдаг Өлийн давааг эрчтэйхэн даваад, Өлгий голын дэнжийн замаар өдөржин Итэмийн даваа руу өгссөн билээ. Ер нь хоногийн болон олон хоногийн аяллын баг эхний өдөр их хол зам туулчихдаг "зан гэх юм үү, гэм" бий шүү. Багийнхан маань эрт отоглож байгаад гайхаж буй бололтой, гэвч хэн ч юу ч хэлсэнгүй. Манай группийн онцлог юм даа.

6 сарын 4 өдөр, Баасан гариг
Өглөө тэнгэр цэлмэг, халуун өдөр болох төлөвтэй. Олон хоногийн аялалд анх оролцож буй гишүүд маань бага зэрэг наранд түлэгдэж, ханцуйтай хувцаснаас салдаггүй дугуйчдын нууцыг ойлгов. Итэмийн давааны огцом өгсүүр бүхий чулуутай замаар зүтгэн даваж, цааш уруудан Нэмэхийн давааны шавартай замтай ноцолдсоор байгаад давлаа. Замын байдал эрс муудаж дайн тулалдааны талбар дундуур явж буй аятай санагдаж байв.

Зураг 4. Манай баг. Итэмийн даваа дээр

Өнгөрсөн жилийн өнтэй самарын жилийн үр уршиг одоо ч гэсэн тэр аглаг хангайд амь бөхтэй байсаар байгааг нүдээр харав. Зургаан дугуйтай хүчирхэг Зил 131 автомашины мөрүүд замыг ухан гүн ховил үүсгэн, уулнаас буух горхи ус түүгээр урсан нуранги жалга үүсгэсэн байв. Унадаг дугуй жийх өчүүхэн ч зай энэ замд алга байсан. Нэмэхийн даваа уруудах эхний эргэлт дээр хоёр том автомашинтай 20-иод хүн отоглжээ.

Зураг 5. Аяллын замын зарим хэсэг ингэж "эвдэрсэн" байлаа

Давааны огцом, шавар ховил бүхий тун эвгүй замаар уруудан буусаар бид доошилсоор, замын байдал аанай л хүнд хэвээр. Өдрийн хоол идэн амраад, замдаа гарч бууж, мордсоор (хэдхэн метр жийгээд л бууна, дахиад мордоно) түрсээр, шавар шавхай туулсаар, сүүлдээ бүр шаварны мэргэжилтэнгүүд болсон шүү.

Зураг 6. Замын хонхор ховилд тогтсон шалбааг туулахгүй гэвэл нүд сохлом өндөр торлог руу орно. Иймд шууд ингээд "дайраад" гарах нь хамгийн зөв арга

Замын байдал овоо сайжирч уруудахын жаргал эдлье гэсэн боловч аанай л санаснаар үл болох нь гачлантай. Дэнжийн өгсүүр, уруу, татамын бүгчим халуун, чулуу, шавар бүхий замаар дондогнуулсаар 18 цагийн үед Нэмэх, Чулуутын голын бэлчир хүрч отоглов.

Зураг 7. Зүүн талаас урсан цутгаж буй нь Нэмэхийн гол, хойд талаас урагшаа урсаж буй нь Чулуутын гол.

Хамгийн түрүүнд л гарамаа харлаа. Яг л төсөөлж байсан шиг гарах аргагүй их үерлэсэн байв. Майханаа барьж, амтат хоолоо идэн, түүдэг асаан аяллын тухай амттай яриагаа ярьж, голын усанд шавар шавхайгаа угааж, өнөөдрийн туулсан замын байгалийн сайхныг магтан хуучилсаар амарч билээ.
Жич: Энэ бэлчирийн зургийг манай аяллын гишүүн Б.Батболд "дарсан" юм. Бас л онцгой цэгээс авсан зураг шүү. Модон дотор, голын эрэг дээр бидний майхан харагдана

6 сарын 5 өдөр, Бямба гариг
Халуун өдөр болох төлөвтэй. Хар мод, хусан ойд хоноглосон бид өглөө 7.30 цагт замдаа гарав. Естий рашаан хүрэх аргагүй болсон тул С төлөвлөгөө ёсоор бид одоо ирсэн замаараа буцах ёстой. Итэмийн даваа, Нэмэхийн давааны зам нь социализмын үед уулнаас мод олзворлох зорилгоор тавигдсан зам тул өөд, уруу газрын уналтыг тун ч нямбай тооцоолон барьсан инженерийн ухааныг бишрэн жийж явсан юм. Учир нь эдгээр давааны замд уруудаж, өгсөж жийж байгаа нь тэр бүр мэдэгдэхгүй. Харин ч эсрэгээр Нэмэхийн даваа руу өгсөх замыг уруудахаасаа бага цаг зарцуулан жийсэн юм. Мэдээж, давааны орой ойртох зайд огцом өгсүүр гарч ирдэг л дээ. Гэхдээ л маш гайхалтай барьсан зам гэдгийг дахин онцолж дурьдахыг хүснэ.

Зураг 8. Итэмийн даваа даваж уруудан Итэмийн голын дээд хэсгийн хөндлөн гарч Нэмэхийн даваа өөд явдаг. Энэ хоёр даваа нь эмээлийн бүүрэг мэт ойрхон оршдог

Өөдөөс зөрөх, дороос биднийг гүйцэх автомашины тоо нэмэгдсээр бараг 15 хүрсэн. Таарсан болгон рашаан явна гэж хэлэх юм. Гэтэл бидний отоглосон газар эдгээр автомашинууд огт ирээгүй билээ. Сүүлд таарсан замын хүнээс үнэн учрыг нь мэдсэн. Автомашинтай хүмүүс Асралт хайрханы орчмоос самар түүж, тээвэрлэж (нийтдээ 9000 гаруй хүн, 600 автомашин холхисон гэнэ) байгаа гэсэн шүү. Өөрөөр хэлбэл "самарчид" одоо болтол уулнаас буугаагүй байгаа юм билээ.

Зураг 9. Манай баг Нэмэхийн даваа дээр

Өчигдөр Нэмэхийн даваанаас уруудан өдрийн хоол идсэн газраа хүрч отоглолоо. Шалтгаан нь яг л отоглох газар олдохгүй байсанд оршино. Уужим том хангайд отоглох газар олдохгүй байгаад зарим уншигч гайхах л байх, тухайн нөхцөлд яг л ийм байдаг. Хоёр өдөр нар гарсан болохоор замын шавар хатаж, жийж болохоор, үгүй ядахдаа нөгөө "нохойн зам"-ууд алга болжээ. Нэг бүсгүй аялагчийн маань унадаг дугуйны араа солигч эвдэрч, "Украйн" дугуй болсон боловч аяллын замаа амжилттай дуусгасан шүү.

6 сарын 6 өдөр, Ням гариг
Үүрээр шивэрээ бороо майхан зөөлөн тогшино. Тэнгэр бүрхэг байв. Баруун талаас тэнгэрийн хаяа онгойж харагдав. Мөн хөхөө шувуу цовоо донгодох нь бороо зогсохын шинж байдагсан. Ачаалаад хөдөллөө. Таталтгүй явсаар Нэмэхийн даваа, Итэмийн даваагаа нэг амьсгаагаар давчихлаа. Хурц наргүй сэвшээ салхитай аялахад тун тохиромжтой өдөр байв. Өлгий голын айлууд хүртэл жирийтэл уруудсаар, тэр эрчээрээ Өлгий голын адаг хүрч голоо гаран, Хараа гол өгсөн төмөр зам дагасан замаар махийтал зүтгэсээр Хар модон даваагаар даваж, араас түрэх салхины ачаар нисэн нисэн жийсээр Батсүмбэр сумын төв дээр 19.00 цагт ирлээ.

Зураг 10. Өлгий гол гатлан, төмөр замын энэ бяцхан өртөө (289 км)-ний дүүжин гүүрээр Хараа голыг гаталдаг. Дараа нь уулын хормой, төмөр зам, гол даган мурилзсаар  Шатанг өртөө хүрнэ

Аялал чинь дуусав уу гэлтэй хүчтэй салхины араас нь залган овоохон устай бороо яг л тэр мөчид тэнгэрээс асгаран бууж билээ. Аяллын нийт зай 170 км (гишүүдэд 50% нэмэгдэл) боллоо. Олон өдөр хамтдаа нэгэн зорилгын төлөө мятрашгүй зүтгэсэн багийн хамт олон та нартаа халуун баяр хүргье. Аяллын цувааг УТГ Б.Батжаргал (116) цоожилж, гишүүд маань боломжоороо бүгд гэрэл зураг авч, бичлэг хийн аялсан болно. Манай бүсгүйчүүд супер байсан. Бид чадсан шүү. Зүгээр л жий.

ДҮГНЭЛТ

1. Нийгэм түргэн өөрчлөгдөж байна. Ялангуяа аяллын замын байдал сайжирч эсвэл муудаж, мөн урьд явж байсан замууд хаагдах гэх мэт. Иймээс аяллын замыг урьдчилан танадах судалгааны аялал эргэн ирэх шаардлагатай байгааг энэ удаагийн аялал бидэнд харуулав.

Зураг 11. Байгаль өөрийгөө эмчилж чаддаг, бид дахин ирэх болно, баярлалаа баян хангай минь

2. Энэ аяллыг км-ээр хэмжих нь учир дутагдалтай болохыг нэг өдөрт туулсан бидний зам баталж байв. Уулын ийм нөхцөлтэй замд өдөрт 40-50 км аялах нь, бидний жирийн замд өдрийн аяллын 80-120 км зайд аялах дайны энерги зарцуулж, ачаалал авахтай тэнцэж байсан юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Баярмаа Л.Батболд Д.Жамъяндорж Б.Батжаргал С.Мөнхбат Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Э.Баярмаа
  • 363 км дутуу
  • 896 км
  • 4
  • 2
  • 1
  • 0
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5813 км
  • 53
  • 9
  • 1
  • 0
  • 2
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
С.Мөнхбат Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1394 км
Д.Жамъяндорж Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1279 км
Зүгээр л жий!