Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УШТГ Д.Цолмон
Зуны эхэн сар гараад хэдийнээ хагас сар өнгөрсөн ч хорин хэм гарч халсан өдрүүд бараг үгүй гэж хэлж болохоор сэрүүн зунтай золгоод хэн хүнгүй зуны халуун өдөр шувуудын жиргээг дотроо хүссэн бас нэгэн сэрүүвтэр, бороо шивэрсэн бямба гаригийн өглөө 2 хүү, охиноо дагуулаад 4 үүлээ дугуйтай гараад жийлээ дээ. (Цолмон, Маралгоо, Найданцэрэн, Түвшинжаргал нар)
Яг орцны үүдээр гарахад бороо нэлээн ширүүн орж байсан тул тэдэндээ би “Буцаж ороод бороо зогссоны дараа өөр чиглэлрүү жийх үү, өнөөдөр тэмцээн үзэхээ болих уу” гэж асуутал анх удаа явах гэж байгаа 16 тай хүү дуугарсангүй. Мэдээж аялалд догдлоод бөөн бэлтгэл, шөнө унтаагүй нь мэдээж. Өнөө хоёр нь унадаг дугуйн аялалд нэгдээд 2 жил болсон болохоор миний саналыг эрс эсэргүүцэв. “Бороо яадаг юм, 11 цаг гэхэд зогсохоор цаг агаарын мэдээнд байналээ. Өнөөдөр тэмцээнрүү явмаар байна” гэж зүтгэв. 3х1 харьцаагаар би ялагдав.
Өнөөдөр Монголын дугуйн холбооны тэмцээний 2021 оны нээлт болж анхны тэмцээн Гачууртын Баяндөхөмийн ам, Гүнжийн хоолойд 11 км замд уралдах уулын дугуйн тэмцээнээр эхэлж байгаа билээ. Энэхүү тэмцээнд оролцож буй гишүүдээ дэмжих зорилгоор группийн өнөөдрийн аялал энэ чиглэлд зарлагдсан тул хүүхдүүдэд тэмцээний эрч хүч мэдрүүлэхийн зэргэцээ, 16 настай хүүд унадаг дугуйн аяллын гайхамшиг хүнд бэрх аль алиныг нь үзүүлэхээр дагуулан өглөөний 08 цагт гарч байгаа минь энэ.
Бүгдээрээ борооны цуваар “зэвсэглэж” аваад группийн аялал эхлэх цэг Дүнжингаравлуу -start- хийлээ дээ. Бороо шивэрсэн өглөө зориглож гараад жийж эхлэх мөчид л оройтож гөлөглөж буй моддын шинэхэн нахианы үнэр чийг аван хамарт сэнгэнэн орж ирэх нь нэн таатай. Унтаж буй хүмүүст сэрээрэй, гадаа гараарай, миний мэдэрч байгааг мэдрээрэй гэж хашгирмаар. Аюулгүйн зөвлөгөө өгөөд өнөө гурваа араас “гөлөг шиг дагаарай” гэж эгдүүг нь хөдөлгөөд жингийн цуваа мэт автомашины замын 1-р эгнээ, явган хүний зам аль алиныг нь хослуулан 1-р хорооллоос Дүнжингаравын талбай хүртэл 9 км зам туулан бидний аялал эхлэсэн юм.
Анх явж байгаа хүү маань харин автомашины замаар сандарч төдийлөн хурдан жийж чадахгүй байгаа нь миний жийлтийн хэмнэлд мэдрэгдэж үе үе зогсосхийн өнөө гурваа хүлээн явсаар 09 цаг 04 минутанд аялал эхлэх цэг дээр иртэл угаасаа цаг барихыг дээд зэргээр баримтладаг групп маань аль хэдийнээ 09:00 цагтаа хөдөлсөн байлаа. Араас нь яваа гэдэг мэдээгээ админдаа өгөөд хүлээх хэрэггүй очих зам, тэмцээний зам бүгдийг мэднэ гэдгээ бичиж үлдээгээд хөдөллөө.
-Унадаг дугуйн холын аялал бодсоноос хамаагүй хэцүү юм байна. Би яг юу ч хийдэггүй, хөдөлдөггүй хүн шиг маш хөшүүн байна. Гэхдээ би чаднаа гэж хариулав. Нэгэнт зорьсондоо ийнхүү зүтгэж байгаа хүүгээ дэмжилгүй яахав дээ.
“Спортын төрөл болгонд ажиллах булчин өөр. Сэтгэлээр унах огт хэрэггүй. Анх удаа ийм хол жийж байгаа чинь өөрөө амжилт. Бүгдэд л анхны аялал ийм хэцүү байсан. Даван туулж чадах нь л чухал. Урд яваа нөгөө хоёр “жаравгартай” өөрийгөө битгий харьцуул. Тэр хоёр чам шиг сагсан бөмбөг бас сайн сураагүй. Хүн хүний чаддаг зүйл өөр шүү” ингэж зоригжуулаад хөдлөв. Ертөнц дээр бүгдийг төгс сурсан чаддаг хүн гэж үгүй. Тиймээс нэг зүйлийг сайн чаддаг байлаа гээд бусдад бардамнаж огт болохгүй, өөрийн бахархалаа дотроо хадгал. Чиний сурч амжаагүй зүйл маш их, тэрийг чаддаг хүн ч хорвоогоор дүүрэн. Тиймээс байнга эрэл хайгуулч, суралцагч бай гэж бас нэмж хэлж амжив.
Хүү минь маш удаан ч гэсэн үнэхээр хэлсэндээ хүрч эндээс Гачуурт хүрэх 20 км т нэг ч зогсолтгүй жийсээр Баяндөхөмийн ам хүрсэн юм. Дугуйн замын төгсгөлд хүлээж байсан хоёртойгоо нийлээд Улиастай тойрог хүртэл хамт явав. Эндээс Гачуурт хүрэх нэг л зам эхлэдэг тул өнөө хоёртоо өмнөх аяллаас жишээ татан өнөөдрийн аяллын замыг сэргээн зааж сануулаад “одоо бид хоёрыг хүлээх хэрэггүй аюулгүй байдлаа хангаад группийн араас хөлийн чадлаар жийгээд очиж бай, бид 2 араас чинь очно” гэсэн болохоор год хийн алга болж бараа тасрав.
Ингээд тэмцээнд орж байгаа группийнхээ хориод дугуйчиддаа баяр хүргээд 11:30 д тэмцээн эхлэхэд гаргаж өгөөд гарааны бичлэг хийж баахан орилж баясаж аваад, хурдан морины уралдаан мэт гайхалтай агшины араас нь жийв. Өнөөдрийн зорилго бол энэ гуравтаа тэмцээний байдал үзүүлэх, өөрсдийнх нь үеийнхэн болоод ер нь дугуйчид хичнээн тэсвэр тэвчээртэй улс болохыг харуулах гол зорилго минь биелсээр л байлаа.
Ингээд дөрвүүл буцаж тэмцээний гараанд дээр ирсэний дараа ядарсан нэгнийгээ ганцааранг нь буцааж учиргүй тул Гачууртад уулын эсрэг талын аманд зусландаа байгаа аавын гэрт амраахаар хоёр хүүгээ ханинд нь буцаагаад дандаа дийлж байдгаар нь охиноо дагуулан тэмцээний бариан дээр буцаж очиж санааг нь амрааснаар бидний бороотой өдрийн аяллын үндсэн зорилго биелсэн юм.
Тэмцээнд групп маань 17 оос +50 нас насны ангилалд 7 медаль авсан амжилттай оролцож баяр хөөр болохын зэргэцээ миний хувьд шинэ хүнээ аяллын замтай танилцуулан амжилтай жийлгэснээр энэ өдрийн бороогоор эхлэсэн аялал маань 17 цагт буцаад хотруу охиноо дагуулан жийсээр (охиныхоо араас махийсаар) 19 цагт гэртээ ирж өндөрлөв.
Аялалд "том жижиг" гэсэн хэмжээ байдаггүй. Аялал бүр өөрийн зорилго, туулах зам, биеийн бэлтгэл, сэтгэлийн тэнхээ гэсэн үндсэн агуулгатай. Энэ агуулгыг "хэмжиж болдоггүй".
Тиймээс аялал бүр тухайн хүн бүрийн хувьд шинэ нээлт байдаг...
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Гарамдорж | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1275 км |
Ш.Мөнгөнсүх | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1271 км |